Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 21

 

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Хохирогч: Х.Пүрэвдэлгэр,

            Шүүгдэгч: Б.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цорос овгийн Баяраагийн Баттогтоход холбогдох эрүүгийн 201720000064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 08-35 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Увс аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 151 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан, РД:ОД82100116, Цорос овгийн Баяраагийн Баттогтох.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Баттогтох нь  2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х.Пүрэвдэлгэртэй маргалдаж, улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Х.Пүрэвдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 29-ний орой би ажлаа тараад 21 цаг өнгөрч байхад Улаангом сумын 5-р баг 8-35 тоот хашаанд байх өөрийн гэртээ очсон. Намайг гэрт ороход манай нөхөр Б.Баттогтох хүүхдүүдийн хамт мөн Б.Баттогтохын төрсөн дүү Б.Ариунаа нар байсан. Тэгээд би гадуур хувцасаа тайлаад нүүр, гараа угаагаад суутал манай нөхөр Б.Баттогтох “Чи ямар их орой ирдэг юм бэ?. Ийм орой ажилладаг ажил гэж юу байсан юм бэ” гэхээр би “Ажлаа тараад орлогоо аваад ирлээ” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр Б.Баттогтох “Чиний илүү ажилласан цагийн хөлс гэж байдаг билүү, эрт ирж хүүхдүүддээ хоол ундыг нь хийж өгч байхгүй юу” гээд хэрүүл маргаан үүсгээд эхэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж байтал манай нөхөр миний араас хүзүү рүү минь цохисон. Тэгтэл миний толгой манараад хэсэг хугацаанд ухаан балартсан. Тэгтэл Б.Баттогтохын төрсөн дүү Б.Ариунаа цагдаа дуудчихсан байсан. Урьд өмнө нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр намайг орон дээр дараад цээж, нүүр лүү цохиж байсан. Тухайн үед би цагдаа сэргийлэх гэж дуудаагүй. Манай нөхөр Б.Баттогтох намайг болон хүүхдүүдээ айлган сүрдүүлж дарамталж байсан удаа байхгүй. Зүгээр л хэд хэдэн удаа хэрүүл маргаанаас болж надад гар хүрч байсан. Манай нөхөр Б.Баттогтох архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй. Агсам согтуу ч тавиад байдаггүй юм. Харин Б.Баттогтох нь жаахан ширүүн харьцаатай, түргэн ууртай, уурласан үедээ биеэ барих чадвар муутай хүн юм. Надад одоо Б.Баттогтохтой холбоотой гомдол санал,  нэхэмжлэх хохирол байхгүй. Бид хоёр учир зүйгээ олж эвлэрсэн. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Надад шинжээч эмчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний өгсөн байцаалт үнэн зөв, нөхөр бид хоёр ярилцаад хэсэг хугацаанд бие биенээсээ хол байхаар шийдсэн, надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

            2. Хохирогч Х.Пүрэвдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлээд байх зүйл байхгүй. Нөхөр Б.Баттогтох нь надаас уучлалт гуйсан, би уучилсан байгаа. Бид 2 ярилцаад хэсэг хугацаанд тусдаа байхаар шийдвэрлэсэн тул би хүүхдүүдээ аваад гэртээ очсон. Хэдийгээр бид 2 тусдаа байгаа боловч энэ нь бид 2 эвлэрээгүй гэсэн үг биш. Шүүх хуралдааанаас өмнө хэд хэдэн удаа надаас уучлалт гуйж бид хоёр учир зүйгээ ололцож эвлэрцгээсэн. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй гэсэн. Иймд миний нөхөр, хүүхдүүдийн маань аавыг ял шийтгэлгүй салгаж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг,

            3. Гэрч Б.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаангом сумын 5-р баг 8-25 тоотод байх гэртээ нөхөр Хишигтогтох болон хоёр хүүхдийн хамт байсан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад манай ах Б.Баттогтох над руу залгаад “Ах нь хүүхдээ хооллох гэсэн чинь уйлаад байна чи ороод ирээч” гэхээр нь би Б.Баттогтох ахын гэрт ороход Б.Баттогтох ах хоёр хүүхдийн хамт байсан бөгөөд би ахын хоёр хүүхдийг нь хооллочихоод гэртээ орсон. Тэгээд 22 цаг өнгөрч байхад би Б.Баттогтох ахын гэрт ороход бэр эгч Х.Пүрэвдэлгэр ажлаасаа ирчихсэн ах, эгч хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн байдалтай хаалганы жижиг цонх нь хагарчихсан байсан. Намайг ахын гэрт орсоны дараа тэр хоёр хоорондоо маргаалдаад чанга, чанга дуугараад байхаар нь би ямар нэгэн зүйл болохоос урьдчилан сэргийлээд цагдаад мэдэгдсэн. Манай ах Б.Баттогтох өмнө нь эхнэр Х.Пүрэвдэлгэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж, цохиж зодож байсан удаа байхгүй. Бэр эгч Х.Пүрэвдэлгэр нь ажлаа хийгээд ах Б.Баттогтох гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг юм. 2015 оны 12 дугаар сард айл гэр болоод хамт амьдарч байгаа. Одоо нэг нас хүрч байгаа хоёр ихэр хүүхэдтэй. Манай ах Б.Баттогтох нь их тайван тогтуун, дуу цөөтэй даруухан хүн бөгөөд насаараа мал дээр аав ээжийн хажууд байсан. Б.Баттогтох ах архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Би байнга ахын гэрээр орж гардаг. Тэгэхэд ямар нэгэн хэрүүл маргаан үүссэн тохиолдол байхгүй байдаг байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

            4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №75 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Х.Пүрэвдэлгэрийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, толгойн хуйх, нурууны хэсэгт зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь өөрийнх нь тайлбарлаж байгаагаар үүссэн байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 13-р тал/

            5. Шүүгдэгч Б.Баттогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р тал/,    

            6.  Увс аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 151 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 27-29-р тал/,          

            7. Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн засаг дарга Д.Гансүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 178 тоот тодорхойлолт /хх-ийн 33-р тал/,

            8. Шүүгдэгч Б.Баттогтох, хохирогч Х.Пүрэвдэлгэр нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон тэдний охин Б.Баянговь, хүү Б.Мөнхнаран нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 37-39-р тал/,

            9. Шүүгдэгч Б.Баттогтохын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр манай эхнэр Х.Пүрэвдэлгэр 14 цагийн үед ажилдаа явлаа гээд гарсан. Тэгэхээр нь би “Чи эртхэн ирээрэй, хоёр хүүхэд ханиачихсан байна шүү” гэсэн. Тэгээд би хоёр хүүхдээ хараад байж байтал манай эхнэр Х.Пүрэвдэлгэр орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхээр нь би “Яасан их оройтдог юм бэ?. Би чамд гэрээс гарахад чинь хэлсэн биз дээ” гэтэл эхнэр Х.Пүрэвдэлгэр “21 цагт ажлаа хаагаад, орлогоо аваад ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи өглөө очоод авч болоогүй юм уу. Хүүхдүүд уйлаад халуураад байхад хоол ундыг нь ч хийж өгч амжаагүй байна” гэж хэлэхэд эхнэр Х.Пүрэвдэлгэр “Аргалдаад хийгээд өгөхгүй яасан юм бэ” гээд бид хоёр хэрэлдээд эхэлсэн. Тэгээд Х.Пүрэвдэлгэр над руу чанга дуугаар хэрүүл маргаан хийгээд эхлэх үед манай хоёр хүүхэд айгаад уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би “Чи гэрээс гар, хүүхдүүд уйлаад байна” гээд Х.Пүрэвдэлгэрийн шилэн хүзүү тус газар нь гараараа түлхээд гаргах гэж байхдаа нэг удаа цохисон. Тэгээд эхнэр Х.Пүрэвдэлгэрийг гаргаад гэрийнхээ хаалга цоожилсон чинь Х.Пүрэвдэлгэр гэрийн хаалганы цонхыг гараараа цохиж хагалахаар нь би Х.Пүрэвдэлгэрийг гэрт оруулсан бөгөөд удалгүй байж байтал манай дүү Б.Ариунаа манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би болсон явдлыг Б.Ариунаад хэлээд цагдаа дуудсан. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Би эхнэр Х.Пүрэвдэлгэртэй өмнө нь хэрүүл маргаан үүсгэж, зодоод цохион хийсэн зүйл байхгүй. Тэр өдөр л хоорондоо үл ойлголцоод тийм зүйл болсон. Би эхнэрээсээ хэд хэдэн удаа уучлал гуйж, буруугаа хүлээсэн. Эхнэр маань намайг уучиллаа гэсэн. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, асуудал байхгүй. Бид хоёр эвлэрч учраа олсон бөгөөд ярилцаад түр хугацаанд тусдаа байхаар шийдвэрлэсэн. Энэ хооронд би хөдөө явж мал төллүүлэх санаатай байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж харамсаж байна” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Баттогтох нь 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х.Пүрэвдэлгэртэй маргалдаж, улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Пүрэвдэлгэрийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ариунаагийн хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Баттогтохын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №75 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Б.Баттогтохын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Пүрэвдэлгэрийн  бие махбодид  тархины доргилт, толгойн хуйх, нурууны хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                   Хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттогтох нь гэм буруугаа ойлгож ухамсарлан хохирогч болох эхнэр Х.Пүрэвдэлгэрээс уучлалт гуйж эвлэрсэн, хохирогч болон шүүгдэгч нар /гэр бүлийн гишүүд/-ын харилцаа хэвийн байгаа, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс энэ хэрэгтэй холбогдуулж хохирогчид дарамт үзүүлсэн, эвлэрэхийг тулган шаардсан, зохисгүй харьцсан зэрэг үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

                  Хохирогч Х.Пүрэвдэлгэр нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Баттогтохоос нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

                   Шүүгдэгч Б.Баттогтох анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч Х.Пүрэвдэлгэр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Баттогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

                  Шүүгдэгч Б.Баттогтох энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

                   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Цорос овгийн Баяраагийн Баттогтохыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Баттогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Баттогтохыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Баттогтохоос гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Баттогтоход өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА