| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/18 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б. Цэрэнбат
Улсын яллагч Б.Батцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхцэцэг
Шүүгдэгч П.Даваадорж нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Даваадоржид холбогдох эрүүгийн 2022002640158 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8-р хороо, Баянзүрх хотхоны 7-р байр 55 тоотод оршин суух /одоо Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 6-р хороо Гарден вилла хотхоны 186 дугаар байрны 93 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Хатигин овгийн Пүрэвдоржийн Даваадорж /РД: ЦД70010576/
Шүүгдэгч П.Даваадорж нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Өмнөговь аймгаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай асфальтан замаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зорчин явахдаа Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байх Олдох гэх газраар дамжин өнгөрч замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас зорчигч Д.Анужингийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч П.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 09 сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газраас УБ хот явж байсан. 2020.09.20-ны орой 20 цагийн үед Цагаан хаднаас гарсан. Тэгээд наашаа Цогтцэций сум руу орж ирээд шороон зам руу орсон. Би хөдөө нэг их явдаггүй, хөдөө явдаг туршлага байхгүй, зам мэдэхгүй учраас шөнө төөрсөн. Өглөө 7-8 цагийн үед засмал замд нийлээд хот руу явж байсан чинь гэнэт зүүрмэглээд, нүд анилдаад 2-3 секунд болсон. Нүдээ нээтэл эсрэг урсгал руу орж байхаар нь өөрийнхөө явж байгаа урсгал руу дарж, зогсоох арга хэмжээ авахын тулд торомзоо гишгэсэн. Торомз гишгээд замын хөвөөгөөр нэлээд явсан. Тэгтэл гэнэт машин хажуу тийшээ өнхрөөд явчихсан. Тэгээд миний охин гэмтсэн. Давсаг нь хагарсан байсан. Эхнэр, хадам ээж, хоёр маань зүгээр байсан. Маш сайн хүмүүс таарч яаралтай тусламж үзүүлсэн. Одоо миний охин эрүүл саруул болсон. Би энэ зүйлээс ядарсан, нойргүй үедээ холын замд явж болохгүй гэсэн хатуу сургамжийг авсан. Дахин ийм зүйлд холбогдохгүй гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: Гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар ярьсан. Нэмж хэлэх зүйл байхгүй. Ослын улмаас Анужингийн давсаг нь хагарч хагалгаанд орсон. Өөр гэмтэлгүй, эрүүнд нь нэг оёдол тавьсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ.
- Гэрч М.Мөнхцэцэгийн “2020 оны 09 сарын 20-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Цагаан хаднаас Улаанбаатар хот орох гээд нөхөр Даваадорж, ээж А.Гандулам, охин Д.Анужин нарын хамт приус маркийн машинтай гарч явсан. Тэгээд засмал замд нийлээд охин бид хоёр арын суудал дээр унтсан. Нэг мэдэхэд машины гадаа газар хэвтэж байсан. Миний охин хажууханд газар хэвтэж байхаар нь мөлхөж очоод охиноо хараад ухаан алдсан. Тэгээд замын хүмүүс охин, нөхөр бид гурвыг машиндаа суулгаж авч яваад Цогт-Овоо суманд хүргэж өгсөн. Тэндээ анхны тусламж аваад эмнэлгийн машинаар Өмнөговь аймгийн эмнэлэгт хүргүүлсэн. Яаралтайгаар хагалгаанд ороод эмч нар нь гарч ирээд охины давсаг нь хагарсан байсныг оёсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/
- Гэрч А.Гандуламын “...Цагаан хаднаас Улаанбаатар хот орох гээд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр охин М.Мөнхцэцэг, хүргэн П.Даваадорж, зээ охин Д.Анужин нарын хамт явсан. Тэгээд засмал зам дээр унтаж явсан. Нэг мэдэхэд осол болсон байсан. Машинаас буугаад хартал хажуу талаараа харсан байсныг замын хүмүүстэй нийлээд босгосон. Замын машинаар Өмнөговь аймгийн эмнэлэгт хүргүүлсэн. Осол болох үед би унтаж явсан болохоор хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Ослын улмаас миний биед ямар нэг шарх, гэмтэл учраагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-рт/
- Иргэний нэхэмжлэгч Д.Нямдаваагийн “Энх-Үүд инвест банк бус санхүүгийн байгууллагыг би 2016 оноос хойш ажиллуулж байгаа. 2020 оны 02 сарын 12-ны өдөр М.Мөнхцэцэг, П.Даваадорж гэсэн хүмүүс манай байгууллагаас 2007 онд үйлдвэрлэсэн 2020 онд орж ирсэн сувдан цагаан, бүтэн жи Toyota Prius-20 маркийн автомашиныг барьцаалж 13.500.000 төгрөгийн зээл 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч байсан. Сард 890.000 төгрөг төлөх ёстой байснаас төлөлтийг сар бүр бүрэн төлж байгаагүй. Өнөөдөр зээлийн үлдэгдэл нь 12.347.000 төгрөг байгаа. П.Даваадорж болон М.Мөнхцэцэг нар нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр осолд орсон гэж надад сүүлд хэлж байсан. 2020 оны 12 сарын 11-ний өдөр П.Даваадорж, М.Мөнхцэцэг нар нь манай ажил дээр ирж надтай уулзаад онхолдсон машиныг засварын зардлыг нь төлөөд буцаагаад өгье гэж хэлж байсан. Тухайн машин нь засвараас гараагүй байсан учир манай байгууллагаас хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Манай байгууллагаас бол П.Даваадорж, М.Мөнхцэцэг нарын тавьсан саналыг бол хүлээн авсан байгаа. Одоо манай байгууллагаас үнэлгээний байгууллагаас гаргасан хохирлын мөнгийг өгөх юм бол гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 133-рт
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай “ М.Мөнхцэцэгийн биед тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2020.09.21-ний зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 27 дугаартай “Д.Анужингийн биед давсгийн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2020.09.21-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 45-16-рт/
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4238 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20” маркийн NHW20-330742 тоот арлын дугаартай 40-82 УБР улсын дугаартай автомашин оношилгоонд орсон эсэх асуулт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол ” гэсэн заалтыг үндэслэн хариулах боломжгүй. 2. 40-82 УБР улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орж эвдрэл гэмтэл үүссэн тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 3.Осолд орсны улмаас 40-82 УБР улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашинд баруун, зүүн, хойд далбаа, арын шил тээшний хаалганы шил, баруун зүүн талын гурвалжин шил, дээвэр, баруун урд, зүүн хойд хаалганы буудаг шил, баруун гадна толь, салхины шил, урд бамбай, баруун урд амортизатор, жолооны баруун хөндлөн тяг зэрэг эд ангид эвдрэл гэмтэл үүссэн байна. 4. 40-82 УБР улсын дугаартай, Toyota Prius-20 маркийн автомашины тоормос, жолооны механизм ажиллаж байна. Ослоос өмнө үүссэн гэх эвдрэл гэмтэл тогтоогдохгүй” гэх дүгнэлт /хх-ийн 76-101/
- Дундговь аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай албан бичигт “40-82 УБР улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын БЗД-ийн Техникийн хяналтын үзлэгийн төвд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн болно” гэжээ. /хх-ийн 106-рт/
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 5-12-рт/
- Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд “Хатигин овгийн Пүрэвдоржийн Даваадорж нь В, С, СЕ, D ангиллын 295479 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй” гэжээ. /хх-ийн 131-рт/
- Мөрдөгчийн 2020 оны 12 сарын 02-ны өдрийн магадалгаа /хх-ийн 115/
- Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч П.Даваадорж нь 2020 оны 09 сарын 21-ний өдөр Toyota Prius-20 маркийн 40-82 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн асфальтан замаар зорчиж явахдаа Дундговь аймгийн Хулд сумын нутаг “Олдох” гэх газарт зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Д.Анужингийн эрүүл мэндэд “давсгийн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдож байна.
Дээрх зам тээврийн осол нь Toyota Prius-20 маркийн 40-82 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч П.Даваадоржийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 12.3-д “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Даваадоржийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.Даваадоржийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу прокурорын хяналтын шатанд шүүгдэгч П.Даваадорж нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор ханган шийдвэрлэжээ.
Прокуророос шүүгдэгч П.Даваадоржид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” санал гарган П.Даваадоржид холбогдох эрүүгийн 2022002640158 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн, зүйлгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч П.Даваадоржийн унаж явсан Toyota Prius-20 маркийн 40-82 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Энх-Үүд инвест банк бус санхүүгийн байгууллагыг эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Нямдаваа хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа талаар мэдүүлжээ.
Шүүгдэгч П.Даваадорж нь Toyota Prius-20 маркийн 40-82 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн засварын зардлыг төлж, эзэмшигчид нь буцаан өгөх санал гаргасныг иргэний нэхэмжлэгч тал зөвшөөрсөн, шүүгдэгч засварын зардлыг төлсөн, уг тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ дуусаагүй, талууд уг тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр үнэлж өгч авалцах нь тодорхойгүй байгаа болох нь шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хатигин овгийн Пүрэвдоржийн Даваадоржийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Хатигин овгийн Пүрэвдоржийн Даваадоржид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Даваадоржид шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь П.Даваадорж нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Нямдаваагийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ