Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн суманд ... оны ... сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сум, Сүмбэр багт оршин суух, хувиараа мал аж ахуй эрхлэх, Б овогт У.А-н хүсэлтээр

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1987 оны 06 сарын 25-наас 1991 оны 02-р сарын 15-ныг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байгаад 1991 оны 02-р сарын 15-наас Шинэ-Өрнөх Амьдрал ХК-д 1994 оны 10 сарын 15-ныг хүртэл ажиллаж байсан. Миний тушаал шийдвэрүүд бүрэн байгаа боловч ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримт архиваас бүрэн гарч ирэхгүй байгаа учраас нийгмийн даатгалаас тэтгэвэр тогтоох боломжгүй шүүхээр тогтоолго гэсэн хариу өгсөн.  Иймд хэрэгт өгсөн баримтуудыг үндэслэж дээрх хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.А нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 02 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд нэгдлийн туслах ажилтнаар, Шинэ-Өрнөх Амьдрал ХК-нд 1991 оны 02 сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч У.А нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 02 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд нэгдлийн туслах ажилтнаар, Шинэ-Өрнөх Амьдрал ХК-нд 1991 оны 02 сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч У.А-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох

Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал  нэгдлийн даргын 1987 оны 06 сарын 19-ний өдрийн “У.А-г нэгдлийн туслах үйлдвэрлэлд  1987 оны 06 сарын 25-ны өдрөөс томилон ажиллуулсугай” гэсэн 26 тоот тушаалын хуулбар

Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал  нэгдлийн даргын 1987 оны 08 сарын 14-ний өдрийн “ У.А-г 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс туслах үйлдвэрийн ажилчнаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн зочид буудлын гуанзанд бэлтгэгч нярваар томилон ажиллуулсугай” гэсэн  40 тоот тушаалын  хуулбар

Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал  нэгдлийн даргын 1988 оны 06 сарын 08-ны өдрийн  “Залуу ажилчид малчдыг үйлдвэрлэл дээр тогтвор суурьшилтай ажиллуулах тухай МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1982 оны 27 дугаар тогтоолыг үндэслэн анхны хувиарын дагуу  ХАА-н үйлдвэрлэлд  ажиллаж  байгаа ажилчид, малчдад нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 20-т У.А”  гэж тэмдэглэсэн 26 тоот тушаалын хуулбар,

Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал  нэгдлийн даргын 1989 оны 05 сарын 10-ны өдрийн  “Залуу ажилчид малчдыг үйлдвэрлэл дээр тогтвор суурьшилтай ажиллуулах тухай МАХН-ын Төв Хороон, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1982 оны 27 дугаар тогтоолыг үндэслэн анхны хувиарын дагуу  ХАА-н үйлдвэрлэлд  ажиллаж  байгаа ажилчид, малчдад нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 15-т У.А” гэж тэмдэглэсэн 24 тоот тушаалын хуулбар,

Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал  нэгдлийн даргын 1990 оны 10 сарын 08-ны өдрийн  “Нэмэгдэл ба тэтгэмж олгох тухай тушаалын хавсралтын 7-д У.А гэж тэмдэглэсэн 39 тоот тушаалын хуулбар

Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал  нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 04 сарын 01-ний өдрийн “Ажилд тухай тушаалын хавсралтын 17-д У.А” гэж тэмдэглэсэн 18 тоот тушаалын хуулбар

Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал бүрэн бус хувьцаат  компанийн захирлын  1994 оны 10 сарын 28-ны өдрийн “ .. У.А нь өөр газар шилжин ажиллах болсон тул 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс  эхлэн компанийн  малчнаас чөлөөлсүгэй” гэсэн  48 тоот тушаалын хуулбар

У.А-н 1987 оны 06 сарын 18-ны өдөр нээсэн  хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 06 сарын 19-ны  26 тоот тушаалаар туслах үйлдвэрлэлд ажиллуулав,

 нэгдлийн даргын 1987 оны 8 сарын 14-ны өдрийн 40 тоот тушаалаар туслах үйлдвэрийн  ажилчнаас чөлөөлж, зочид буудлын гуанзанд бэлтгэгчээр ажиллуулав,

 Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 09 сарын 20-ны өдрийн 48 тоот тушаалаар Зочид буудлын бэлтгэгчийн ажилчнаас чөлөөлж, туслах үйлдвэрлэлд  ажиллуулав,

 Нэгдлийн даргын 1991 оны 04 сарын 01-ны өдрийн 18 тоот тушаалаар туслах ажилчнаас чөлөөлж, компанийн малчнаар ажиллуулав.

Компанийн захирлын 1994 оны 10 сарын 15-ны өдрийн 48 дугаар тушаалаар өөр газар шилжиж ажиллах болсон тул компанийн малчнаас чөлөөлөв

1994 оны 10 сарын 25-ны өдрийн 9 тоот тушаалаар цэцэрлэгт  цагаан хэрэглэл  угаагчаар  авч ажиллуулав гэж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн “Тус аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд туслах ажилтан, малчнаар ажиллаж байсан У.А-н 1986, 1989-1992 онуудын цалингийн тодорхойлолтыг олгов” гэсэн 561 тоот лавлагаа,

гэрч О.Д шүүхэд өгсөн “  Би Шинэ Амьдрал нэгдэлд 1984 оноос нэгдлийн туслах ажилтнаар ажилд 1987 оноос нэгдлийн нярвын ажлыг 1990 он хүртэл хийж байгаад хувьчлал болоод түрээсийн мал аваад малчин болсон юм. Намайг энэ хугацаанд ажиллаж байхад У.А нь 8 дугаар ангиа төгсөөд зун 6 сард нэгдлийн туслах ажилтнаар  ажилд орж байсан юм. Туслах ажилтан гэдэг маань голдуу барилгын бригадад  ажилладаг байсан ба А нь 1991 оны 2 сар хүртэл ажилласан. Барилгын бригадынхан айлын хашаа хороо барих, өвс тэжээл бэлдэх ер нь бол нэгдэлд хийх юу л байна бүгдийг хийдэг байсан. Тэгээд их бага хувьчлал болоод 1991 оны эхээр нэгдэл татан буугдаж Шинэ-Өрнөх Амьдрал ХК болоход А нь мөн л туслах ажилтнаар 1994 оны 10 сар хүртэл ажилласан” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Ц шүүхэд өгсөн “У.А нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд Шинэ Амьдрал нэгдэлд туслах ажилтнаар орж байсан юм. Тэгээд А нь Шинэ Амьдрал нэгдлийг татан бууж Шинэ Өрнөх Амьдрал ХК болж өөрчлөгдтөл  буюу 1994 оны 10 сар хүртэл туслах ажилтнаар ажилласан юм. Нэгдэл нь 1990 онд хувьчлал болоод мал хөрөнгөө нэгдлийн гишүүддээ тарааж 1991 оны 2 сард Шинэ Өрнөх Амьдрал ХК болж өөрчлөгдсөн юм. Нэгдлийн туслах ажилчид айлын хашаа хороо барих өвс тэжээл бэлдэх, барилга орон сууц барих ажлыг хийдэг. Нэгдлийн туслах ажилчид нь дандаа залуучууд байдаг байсан. Би У.А-тай 1987 оны 06 сараас 1994 оны 10 сар тасралтгүй хамт ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө давхар нотолсон баримтууд байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч У.А-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 02 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд нэгдлийн туслах ажилтнаар, Шинэ-Өрнөх Амьдрал ХК-нд 1991 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн 1994 оны 10 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б овогт У.А-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 02 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд нэгдлийн туслах ажилтнаар, Шинэ-Өрнөх Амьдрал ХК-нд  1991 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн 1994 оны 10 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                А.Ц