Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/02455

 

2020 оны 09 сарын 03 өдөр                       Дугаар 102/ШШ2020/02455                  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамж, 595 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ж-ийн Г /РД: ТИ/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, Богд-Ар хороолол, 9а байр, 6 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б-ын Н /РД: УШ/-д холбогдох,

 

 

 

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Г нь 2015 оны 3 дугаар сард танилцан үерхэж байгаад тухайн оныхоо 7 дугаар сард хамт амьдарч эхэлсэн. Удалгүй тэдний дундаас 2016 оны 6 дугаар сарын 27-нд том хүү Г.Г, 2019 оны 5 дугаар сарын 3-нд бага хүү Г.Г нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд тэдний дунд үл ойлголцол удаа дараа үүсч байсан тул тэд ярилцаад цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдүүдийг эцэг Ж.Г-ийн асрамжинд үлдээхээр болсон. Иймд хүү Г.Г, Г.Г нарыг эцэг Ж.Ганцоожийн асрамжид үлдээж, эх Б.Н-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан. Манай зүгээс хүү Г.Г, Г.Г нар олгогдож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамтран эзэмшигчийг өөрчилж, асран хамгаалагч буюу аав Ж.Г-ийн нэр дээр шилжүүлэхийг Б.Н-д даалгах, хүү Г.Г, Г.Г нарыг орон байраар хангуулах нэхэмжлэлийн тухайд орон сууц захиалан бариулах гэрээгээр байр, орон сууц худалдаж авч байгаа. Үүнтэй холбоотой орон байраар хангуулах үүргээ хэрэгжүүлэх ёстой гэдэг утгаар орон сууц худалдаж авсан үнийн дүнгийн 50 хувийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэх шаардлагыг гаргасан боловч орон сууц худалдаж авсан үнийн 5 хувийг хариуцагчаас гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Мөн хариуцагч Б.Н-ийн хувийн байдал буюу орон гэргүй байгаа байдлыг харгалзан хүүхдүүдтэйгээ уулзахдаа тэднийг хоногоор авч явахгүй байхаар зохигчид тохиролцсон тул үүнийг шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Б.Н-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Г-той 2015 оны 3 дугаар сард танилцан үерхэж байгаад тухайн оныхоо 7 дугаар сард хамт амьдарч эхэлсэн. Удалгүй бидний дундаас 2016 оны 6 дугаар сарын 27-нд том хүү Г.Г, 2019 оны 5 дугаар сарын 3-нд бага хүү Г.Г нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд бидний дунд үл ойлголцол удаа дараа үүсч байсан тул тэд ярилцаад цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдүүдийг эцэг Ж.Г-ийн асрамжинд үлдээхээр болсон. Иймд хүү Г.Г, Г.Г нарыг эцэг Ж.Г-ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх, хүү хүү Г.Г, Г.Г нар олгогдож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дэвтэрийн нэрийг эцэг Ж.Г-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. Мөн бид ярилцаад би хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзана, уулзахдаа хүүхдүүдээ хоногоор авч явахгүй гэж тохиролцсон болно гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Б.Н-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хүүхдийн мөнгөний дэвтэрийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

 

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч Б.Н нар нь 2015 онд танилцаж, хамтран амьдарч эхлэсэн бөгөөд тэдний хамт амьдрах хугацаанд 2016 оны 6 дугаар сарын 27-нд том хүү Г.Г, 2019 оны 5 дугаар сарын 3-нд бага хүү Г.Г нар төрсөн. Тэд 2019 оноос хойш зан харилцааны тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, 0000529517, 0000275473 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

 

Гэр бүлийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг ба эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хуульчилжээ. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 27-нд том хүү Г.Г, 2019 оны 5 дугаар сарын 3-нд бага хүү Г.Г нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжилгааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх Б.Н-оос тэтгэлгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох орон сууц худалдаж авсан үнийн 50 хувийг хариуцагчаас гаргуулах шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцэж байна. Мөн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгөний дэвтэрийн нэрийг Ж.Г руу шилжүүлэхийг шаардлагын талаар хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон,

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 27-нд том хүү Г.Г, 2019 оны 5 дугаар сарын 3-нд бага хүү Г.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эх Б.Н-оос гаргуулан олгосугай.

 

 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Г.Г, Г.Г нарын тэтгэмжийн мөнгөний дэвтрийн эзэмшигчийг Ж.Г-д шилжүүлэхийг хариуцагч Б.Н-д даалгасугай.

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР