Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2013/ШЦТ/108

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хэргийн индекс: 171/2013/0121/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Т  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000313 дугаартай хэргийг 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т  овогт *******  /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварын токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Жавхлант сум . .. дүгээр баг . гэх газар оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

           

Шүүгдэгч *******  нь 2013 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 30 минутын үед Дархан сумын 6 дугаар баг Цэргийн 30 айлын баруун талын засмал замд "Сүзүки скүда" маркийн ....СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн Н.С огийн жолоодож явсан "Киа Лотиц" маркийн .... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2013 оны 05 сарын 22-ны өглөө охин, эгч, дүү нарыгаа хүргэж өгөх гээд аавынхаа машиныг бариад  30 айлын тэнд замын 1 дүгээр эгнээгээр явж байгаад дүүгээ буулгах гээд машиныхаа баруун талын толь руу харчихаад, урд талын суудал дээр давхралдаад суусан байсан байсан болохоор зүүн талын толь харагдахгүй байхаар нь эргэх дохио өгөөд эргэхэд хойноос 2 дугаар эгнээгээр явж байсан машин ирээд мөргөсөн. Тухайн үедээ айж сандраад зугтсан.” гэв.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 30 минутын үед Дархан сумын 6 дугаар баг Цэргийн 30 айлын баруун талын засмал замд "Сүзүки скүда" маркийн ....СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн Н.С огийн жолоодож явсан "Киа Лотиц" маркийн .... УНЯ улсын

 

 

Шийтгэх тогтоол 2013\*******  216.2-108.doc

дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Солонгын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 05 сарын 22-ны өглөө зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад урд талд 1 дүгээр эгнээгээр явж байсан хар ногоон өнгийн бага оврын жийп маркийн машин гэнэт зүүн гар тийшээ эргэхэд би тормос гишгэхэд машин зогсолгүй баруун урд хэсгээрээ нөгөө машиныг мөргөсөн. Би машинаасаа гарахад нөгөө машины жолооч машинаа ухраагаад эргүүлээд хойд зүг рүү чигээрээ Брак байшингийн хойд талаар хойшоо эргээд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,

Гэрч О.Д мөрдөн байцаалтанд өгсөн: ...” 2013 оны 05 сарын 22-ны өглөө Цэргийн 30 айлын тэнд цагаан өнгийн суудлын тэрэг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнд чигээрээ явж байсан цагаан өнгийн машин мөргөсөн. Тэр үед би зам тээврийн осол гарсан газар луу гүйгээд очиж байхад нөгөө буцаж эргэсэн машин ертөнцийн зүгээр хойд зүг рүү яваад Брак байрны хойд талаар хойшоо эргээд явчихсан” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,

Гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн: ...” 2013 оны 05 сарын 22-ны өглөө Цэргийн 30 айлын тэнд байрлах “Тэс петролиум” бензин колонкийн харалдаа ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглэлтэй явж байгаад хойноос ирж явсан машиныг харалгүй машинаа буцааж эргүүлэхэд хойноос ирж байсан цагаан өнгийн суудлын машинтай мөргөлдөөд зогссон. Тэр үед ах С  сандарсандаа машинаа эргүүлээд хойд зүг рүү чиглэлтэй замаар зугтаад Таван нуур гурилын дэлгүүрийн урд замаар эргэж гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэхь тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5 дахь тал/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 6-7 дахь тал/,

Ослын улмаа учирсан хохиролын үнэлгээний тайлан /хэргийн 11-12 дахь тал/,

2013 оны 05 сарын 28-ны өдөр хохирогч Н.С д хохиролын мөнгө 1.575.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 21 дэхь тал/,

2013 оны 05 сарын 28-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /хэргийн 33 дахь тал/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2013 оны 05 сарын 28-ны өдрийн №10/07/025/021 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-42 дахь тал/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2013 оны 05 сарын 28-ны өдрийн №10/07/025/022 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хэргийн 46-52 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 506 тоот дүгнэлт

  1. Н.С  биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. /хэргийн 56 дахь тал/,

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч ******* г 2013 оны 05 дугаар сарын 22-ны өглөө Дархан сумын 6 дугаар баг Цэргийн 30 айлын баруун талын засмал замд "Сүзүки скүда" маркийн ....СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн Н.С огийн жолоодож явсан "Киа Лотиц" маркийн .... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.

 

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Т  овогт ******* г зам тээврийн осол гарсан газрыг  санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тооцсугай.

 

2.   ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д  мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* д  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                    ДАРГАЛАГЧ

                              ШҮҮГЧ                                             Ё.РИНЗААН