Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Б.Батцэцэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот  хэргийг 2021 оны  5 дугаар сарын 3-ны  өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний  өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын  ******* баг /Өехий баг/ Бага бууц гэх газар нутаглах улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овгийн  /РД:КЕ96**************99/ гэв.

 

          Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  Дундговь аймгийн  Өлзийт сумын ******* багийн нутаг “Загийн усны хөндий” улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр түлшний зориулалтаар 1.6 шоо метр заг модыг 5100 ӨМӨ улсын дугаартай Бонго пронтер маркийн бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр ******* аймгийн  ******* сумын Бага бууц гэх газарт тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          1.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ  “...2020 оны 10 сарын 10-ны орчим Дундговь аймгийн Өлзийт сумын загийн ус гэдэг газраас түлшний зориулалтаар илжирч унасан нас гүйцсэн заг модыг бэлтгэсэн байсан...” гэв.

          2.Хохирогч “...Би сүүлийн 3 жил Өлзийт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна... Улсын тусгай хамгаалалттай Загийн усны хөндийгөөс ******* аймгийн  ******* сумын иргэд хууль бусаар заг мод түүж бэлтгэснийг мэдээгүй. 2020 оны 03 сард хяналт шалгалт зохион байгуулсан. Тэрнээс хойш хяналт шалгалт зохион байгуулж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

3. Гэрч “...2020 оны 12 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 1, 2 дугаар багийн нутаг “Загийн усны хөндий” улсын тусгай хамгаалалттай газарт Загийн усны хөндийн тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч , Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, ойн ангийн мэргэжилтэн нарын хамтаар 2020 онд төлөвлөгдсөн байсан төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтын үеэр Загийн усны хөндийд хяналт шалгалт зохион байгуулж ажиллахад ******* аймгийн ******* сумын иргэн Энхтөр гэдэг хүн Заг модыг түүж байшингийнхаа зүүн талд байсан улаан өнгийн контейнерийн зүүн талд нэлээд хэмжээгээр түүсэн байдалтай овоолоод дээгүүр нь ногоон брезентээр хучсан байсан. Мөн гэрийнхээ үүдний тамбарт түлэхэд бэлтгэж хувинд хийсэн байсныг илрүүлсэн. Тухайн үедээ хамт явсан шалгалтын хүмүүс тэр үедээ гэрэл зураг дүрс бичлэг хийж байсан. Бид нар эхний энэ зөрчлийг илрүүлээд шалгалтаа үргэлжлүүлэн Загийн усны хөндийн Буттай, Морин толгойн цав гэх газруудаар хяналт шалгалт хийгээд шалгалтын ажиллагааг дуусгаад буцах замд нэгэн цав дотор нэг айлд очиход гэрийнхээ зүүн талд амбаарын зүүн талд мөн адил заг модыг түүгээд овоолсон байсныг мөн илрүүлээд хамт явсан шалгалтын хүмүүс гэрэл зураг аваад дүрс бичлэг хийж байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор автомашины гэрэл тусгаж байгаад гэрэл зураг авсан. Ингээд бид нар шалгалтаа дуусгаад Дундговь аймгийн төв рүү буцсан. Тэрнээс хойш Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг аймгийн тусгай хамгаалалттай Хэцүү тээг, Дэл Уул, Шар хошуу, Улсын тусгай хамгаалалттай Хавтгай уул, Загийн усны хөндий, Морин толгойн цав гэх газруудад 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд хяналт шалгалт зохион байгуулж ажилласан юм. Сүүлийн шалгалтаар нэн ховор амьтан хар сүүлт, ховор амьтад болох аргал, янгир үхэж хорогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор амьтдын хэвтэр, бэлчээр газруудад өвс тараах био техникийн арга хэмжээг тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Н., , байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн , ойн ангийн мэргэжилтэн , экологийн мөрдөгч нарын хамтаар зохион байгуулсан. Тэр үеэр өмнө нь заг түүсэн гэх айлуудад дахин шалгалт хийхээр болоод эхэнд нь гэдэг айлд очиход өмнө нь байсан заг мод багассан байсныг автомашин дээр ачуулж хэмжсэн, дараа нь Энхтөр гэдэг айлд очиход өмнө нь овоолсон байсан заг мод байхгүй болсон, заг хураасан байсан газарт бага оврын жижиг ачааны автомашиныг байрлуулсан байсан. Миний үзэж харсан зүйл энэ...” гэх мэдүүлэг /хх-н 40-41 дэх тал/

4. Сум дундын ойн ангийн мэргэжилтэн гийн 2021 оны 02 сарын 22-ны өдөр гаргасан “...Шинжилгээнд ирүүлсэн модлог ургамал нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн модлог ургамлыг “Заг” мод мөн болохыг тогтоов.  Шинжилгээнд ирүүлсэн заг мод нь үхсэн, хатаж унасан мод байна. Насжилтыг гар аргаар тодорхойлох боломжгүй. /насжилт тодорхойлоход багаж тоног төхөөрөмж дутмаг байна/. ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг Бага бууц гэх газарт овоолсон байсан Заг модны хэмжээг ачиж ирсэн Бонго портер маркийн машины тэвшний хэмжээгээр хэмжиж гаргав. Машины хэмжээг экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч ахмад цолтой Б.Амарбаярын 2021 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн хэргийн газрыг бүртгэлжүүлж хийсэн бичлэгээс баримтжуулан 1.6 шоо метр болохыг тогтоов. Хүрээлэн буй орчинд нөлөөлсөн байдлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооход 352876.8 төгрөг  болж байна. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх заалт БОАЖСайдын А/176 тушаалын ******* хавсралтыг үндэслэн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоов. Өлзийт сумын заган ой нь улсын тусгай хамгаалалттай ******* мужийн ой тул 1 шоо метр нь 220548 төгрөгөөр тооцогдоно...”  гэх дүгнэлт /хх-ийн 57-58/

5. Хэрэгт авагдсан бусад баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

6. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5/

7. Үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 7-8/

8. Хэрэгт цугларсан бусад баримтууд болон эд мөрийн баримтыг /хэрэгт авагдсан бичгэн хэлбэрээр/  шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2020 оны 12 сарын 20-ны өдөр ******* аймгийн  ******* сумын ******* баг Бага бууц гэх газарт заг модыг түлшний зориулалтаар түүж бэлтгэн, гэрийнхээ гадаа хураасан байсан  үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч ******* нь түлшний зориулалтаар бэлтгэсэн заг модыг Өлзийт сумын нутаг Загийн усны хөндий гэх газраас түүж бэлтгэсэн гэж мэдүүлсэн ба Өлзийт сумын нутаг Загийн усны хөндийг Улсын Их Хурлын ******* оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан байна.

          Шүүгдэгч ******* нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Дундговь аймгийн  Өлзийт сумын Загийн усны хөндийгөөс /заган ойгоос/ зохих зөвшөөрөлгүйгээр заг мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.3-т заасан гэмт  хэргийн  шинжийг бүрэн хангасан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч *******ийг  улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн заган ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр заг мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хүрээлэн буй орчинд нөлөөлсөн байдлын экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол 352880 төгрөгийг төлсөн нь хэргийн 102-рт авагдсан баримтаар  тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн  хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

          Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгч *******д Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн  1.2-т заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хүрээлэн буй орчинд нөлөөлсөн байдлын экологи эдийн засгийн үнэлгээний хохиролд 352880 төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ийн түүж бэлтгэсэн заг модыг хурааж ирүүлсэн ба  уг мод нь  шинжээчийн дүгнэлтээр  “үхсэн, хатаж унасан” мод болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн  тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй гэж  үзэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч овгийн ийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасныг журамлан шүүгдэгч овгийн д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн  хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2, 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.5-т зааснаар  шүүгдэгч *******д шүүхээс тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хүрээлэн буй орчинд нөлөөлсөн байдлын экологи эдийн засгийн үнэлгээний хохиролд 352880 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.         

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  заг модыг устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                   Г.МӨНХБАТ