Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/02334

 

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/02334

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их наран 19 дүгээр гудамж, 31 тоот хаягт оршин суух, Торой бодон овогт Ц-н Ц /РД: ЙР/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, өөрийн байранд байрлах, ГССҮТ /РД: /-д холбогдох,

 

Тус төвийн ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ц.Ц-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Сувилахуйн албаны арга зүйчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд өмгөөлөгч А.М, нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт: Хариуцагч Гэмтэл, согог судлалын үндэсний төв нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б/84 дүгээр тушаалыг гаргахдаа Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн. Тодруулбал, дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно., мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:, 37.1.1-д талууд харилцан тохирсон, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1-д Ерөнхий захирал нь Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжуудад нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана гэж заасан заалтуудыг үндэслэл болгон хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгасан байна. Гэтэл надтай харилцан тохиролцоогүй шууд ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй тушаал гэж үзэж байна. Түүнчлэн хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж заах боловч ямар зөрчил, ямар хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ноцтой зөрчил гаргасан нь тодорхойгүй, тушаалд зааж өгөх ёстой байсан ч үүнийгээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж заасантай нийцээгүй.

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь 2020 оны 3 дугаар сарны 26 өдөр хүртэл сувилахуйн албанд арга зүйчээр ажиллаж байсан. 2018 онд Сувилахуйн албаны дарга солигдсонтой холбоотойгоор н.Б дарга сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн тусгай зөвшөөрлийн хуулбарыг тодруулах шаардлагатай гэж хэлсэн. 2019 онд нэг сувилагчийн сувилах эрхийн гэрчилгээ болон дипломын эрх зөрчилтэй байснаас болж, бүх сувилагч нарын лицензүүдийг шалгаж эхэлсэн. Эрхийн гэрчилгээ эх хувиараа тулж байгаа эсэхийг шалгасан. Бид лицензийн зөвхөн хугацаан дээр хяналт тавьдаг байсан. Өөрөөр хэлбэл хугацаа нь дууссан эсэх, дуусах дөхөж байгаа эсэхийг л нягталдаг. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тавьсан шаардлагын дагуу лицензийн эрхийг шалгаж хяналт тавьсан. Гэтэл н.Т-ы лицензийн сери дугаар нь БЭ буюу бага эмчийн эрхтэй байсан гэдгийг мэдэж, 2019 оны 8 дугаар сард сувилахуйн албаны дарга н.Б А.Т-ы лицензийн талаар тодруулж өгөх шаардлагыг хүний нөөцөд тавьсан байсан. 100 гаруй сувилагч нарын лицензийн хугацаа дуусаж байсан учир 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр бүх сувилагч нарын лицензийг шалгаж үзсэн. А.Т-г лицензээ эх хувиар нь авч ирэх шаардлагыг өөрийн биеэр тавьсан. Гэтэл н.Энхжаргал тэр хоёр ирж уулзаагүй. 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сувилахуйн албаны дарга гадаад явсан байсан. Ахлах сувилагч н.Э-тай уулзаж, лиценз чинь юу болсон талаар асуухад А.Т би хулигдуулсан байна, 500,000 төгрөгөөр худалдаж авсан, эрхийн гэрчилгээ хуурамч гэх мэдээллийг надад өгсөн. Тэгээд н.Б даргыг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гадаадаас ирэхэд энэ талаар хэлж, н.Болорчимэг дарга А.Т-ы эрхийн гэрчилгээ хуурамч байх магадлалтай, шалгаж өгнө үү гэх хүсэлтийг хүний нөөцийн албанд хэлсэн байсан. Тодруулж өгөх шаардлагыг бичгээр биш, амаар тавьсан гэтэл хариу өгөөгүй. 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр н.Б орж ирээд манай тасгийн нэг сувилагчийг сэргээх тасгийн сувилагчтай солих гэж байгаа гэж хэлсэн. Намайг тайлбар бичиж өг гээд би 3 хуудас тайлбар бичиж өгсөн. Мөн А.Т тайлбар бичиж өгсөн. Иймд тушаалыг хүчингүй болгож, Ц.Ц намайг Сувилахуйн албаны арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, М.С нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б/84 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно., мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:, 37.1.1-д талууд харилцан тохирсон;, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1-д Ерөнхий захирал нь Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжуудад нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана гэж заасан заалтуудыг үндэслэл болгон хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Ц.Ц-г Сувилахуйн албаны арга зүйчээс чөлөөлж, амбулаторын тасагт сувилагчаар томилсон. Ц.Цэнд нь тус төвд арга зүйч сувилагчаар ажилладаг байсан бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтод түүний гол үйл ажиллагаа, үндсэн зорилгыг тусгаж өгсөн байдаг. Үүнд, Сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамж стандартыг хэрэгжүүлэх, төлөвлөгөөг батлуулан мөрдөж ажиллах, сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаанд нь хяналт тавьж ажиллах тогтмол үүрэгтэй гэж зааж өгсөн. Гэвч Ц.Ц уг үүргээ ноцтой зөрчиж сувилагч А.Т-г хуурамч лицензтэй байсныг шалгаж мэдэх, мэдсэн хирнээ ажил үүрэгтэй хайнга хандаж олон сар явсан нь өөрөө ажлын байрны тодорхойлолтын үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Эмнэлэгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлэгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж заасан ч А.Т-ы хуурамч лицензээр ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хүний эрүүл мэнд, амь настай холбоотой ноцтой үйлдэл юм. Ц.Ц нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан тайлбартаа миний бие гаргасан алдаагаа ухаарч, дахин ийм алдаа гаргахгүй ажилллана гэж алдаагаа хүлээн зөвшөөрсөн, мөн ерөнхий захирлын тушаалтай танилцаж гарын үсэг зурсан. Мөн сувилагч Д.Э нь Ц.Ц-г А.Т-ы лиценз хуурамч байсныг сайн мэдэж байсан талаар дурдсан. Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан өргөдлөө эхлээд байгууллагын дотоод хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлж, тэндээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах ёстой байсан. Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн. Ц.Ц нь харилцаан доголдолтой ажилтан, мөн корона вирустэй буюу онцгой байдал зарласан байхад ажлын байраа хаяж явсан зэрэг зөрчлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Гэмтэл, согог судлалын үндэсний төвд холбогдуулан тус төвийн ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ц.Ц-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Сувилахуйн албаны арга зүйчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... нэхэмжлэгч Ц.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.9, 10 дугаар зүйлийн 10.4.1, 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсгүүд болон Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар тушаалд тус тус заагдсан ажилдаа хайнга хандсан учраас уг тушаал гарсан. Сувилагч А.Т-г хуурамч лицензтэй байсныг шалгаж мэдэх, мэдсэн хирнээ удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй ажил үүрэгтээ хайнга хандаж олон сар явсан нь ажлын байрны тодорхойлолтод дурдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл болсон. Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан өргөдлөө эхлээд байгууллагын дотоод хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлж, тэндээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах ёстой байсан. Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн. Ц.Ц нь харилцаан доголдолтой ажилтан, мөн корона вирустэй буюу онцгой байдал зарласан байхад ажлын байраа хаяж явсан зэрэг зөрчлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил юм гэж маргажээ.

 

Хариуцагч Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, Төсвийн тухай хуулийн 16.5.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1-д зааснаар Сувилахуйн албаны арга зүйч Ц.Ц нь хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Амбулаторийн тасагт сувилагчаар томилсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Ц.Ц-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл ийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно., 37.1-д Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:, мөн 37.1.1-д талууд харилцан тохирсон; гэж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1-д Ерөнхий захирал нь Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана. гэжээ.

 

Хариуцагч Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ц.Ц-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/84 тоот тушаалаа ажилтантай харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хуулийн зохицуулалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэсэн байх боловч ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцоогүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно;, 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж тайлбарлаж байгаа нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэх хууль зүйн харилцан ялгаатай байдлаар тушаалын үндэслэлийг тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Ц.Ц-г Сувилахуйн албаны арга зүйчийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Амбулаторийн тасгийн сувилагчийн ажил, албан тушаалд томилсноос үзэхэд ажлаас чөлөөгүй, өөр ажилд шилжүүлэн томилсон гэх үзэхээр байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх боловч тушаалд Ц.Ц хүлээсэн ямар үүргээ хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээг хэрхэн ноцтой зөрчсөн талаар огт дурдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ц.Ц-г ... Сувилахуйн албаны арга зүйч Ц.Ц нь ажлын байрны тодорхойлолтод дурдсан сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамж стандартыг хэрэгжүүлэх, төлөвлөгөөг батлуулан мөрдөж ажиллах, сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаанд нь хяналт тавьж ажиллах тогтмол үүргээ биелүүлэлгүй, ноцтой зөрчиж сувилагч А.Т-г хуурамч лицензтэй байсныг шалгаж мэдэх, мэдсэн хирнээ удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, ажил үүрэгтээ хайнга хандаж олон сар явсан. А.Т-ы хуурамч лицензээр ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хүний эрүүл мэнд, амь настай холбоотой ноцтой үйлдэл юм. Мөн Ц.Ц нь ёс зүйн зөрчилтэй ажилтан, нэгт харилцаа хандлагын хувьд ёс зүйн зөрчилтэй, хоёрдугаарт коронавирустэй буюу онцгой байдал зарлагдсан үед ажлаа хаяж явсан нь өөрөө ёс зүйн хувьд том зөрчил юм. Зөрчлүүдийн хувьд нэг нь 2018 онд, нөгөөх нь 2020 оны 01 дүгээр сард гарсан байдаг. гэж буруутгажээ. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШЗ2020/11218 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, А.Т-ы хуурамч гэх тусгай зөвшөөрлийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхэд ... хуурамч лицензийн эх хувь нь манай байгуллагад байхгүй гэх шалтгаанаар нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр тусгай зөвшөөрлийг шүүхэд гаргаж өгсөн. А.Т-г хуурамч зөвшөөрлөөр ажиллаж байсныг тус байгууллага дотоод шалгалтаараа, эсхүл эрх бүхий байгууллагаар шалгуулж бүрэн тогтоогоогүй. Мөн Сувилахуйн албаны арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтод Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрлийн хугацаанд хяналт тавьж ажиллах чиг үүргийг тусгасан ба тусгай зөвшөөрөл хуурамч эсэхийг илэрүүлэх үүргийг хүлээгээгүй байхад дээрх үндэслэлээр Ц.Ц-г буруутгаж үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэн томилжээ.

 

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 90/А дугаар тушаалаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулжээ. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ., мөн хуулийн 128.1-д Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.2-д ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол; гэж зааснаар дээрх хөдөлмөрийн маргаан нь шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч Ц.Ц-г харилцааны доголдолтой ажилтан, корона вирустэй буюу онц байдлын үед ажлаа орхиж явсан гэж буруутгасан боловч татгалзлын дээрх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Гэмтэл, согог судлалын үндэсний төвд холбогдуулан тус төвийн ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ц.Цэндийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нэхэмжлэлийн үндэслэл тул тухайлан шийдвэрлэх шаардлагагүй. Харин дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Ц-г үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Сувилахуйн албаны арга зүйчийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэндийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн албаны арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР