Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/24

 

     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0048/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, *** нарт холбогдох 201609000608 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт ***тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2001 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн  83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял, 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, *** /РД: ***/, 

2. Монгол Улсын иргэн, ***-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, *** тоотод оршин суух, одоо оршин суух тодорхой хаяггүй, ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2006 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймаг Сум дундын 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, *** /РД:***/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Буудай” зочид буудлын үүднээс автомат гутал арчигчийг хулгайлж байгууллагад 350,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч *** ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр ***тэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байрны гадна байсан ***ХХК-ийн эзэмшлийн ***улсын дугаартай “Хьюнда Маяти” маркийн тээврийн хэрэгслээс “Атлас” нэртэй 2 ширхэг 90 ампертай аккумуляторыг хулгайлж бусдад 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...***тэй таарахад “машины 2 ширхэг аккумлятор хулгайлчихлаа, ба даахгүй байна, хамт өргөөд яваад өгөөч миний  хөл өвдөөд байна” гэж хэлэхээр нь би аккумляторыг нь өргөөд байшингийн булан тойроод тавьсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, “... 2016 оны 10 дугаар сарын 9-ны өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө буудлын хог ухаад сав, шил цуглуулж явж байгаад “Буудай” зочид буудлын урд 2 цагийн орчим хүний татсан тамхины иш түүж татах гээд ганцаараа очих үед буудлын өмнө хэрэглэж байсан автомат гутал арчигч 2 ширхэг байхаар нь авч зараад хоол идье гэсэн бодолтой авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Буудай зочид буудал руу очиж гутал арчигчийг авчхаад хүнээс цаг асуухад 4 цаг өнгөрч байсан. Би өглөө гутал арчигчийг зарж хоол идье гэж бодоод уутанд хийгээд хогийн саванд хийсэн. Өглөө сэрээд үүрээр гадаа гарахад хүмүүс ажилдаа явж байсан. Хүнээс цаг асуухад 7 цаг болж байсан. Хогийн сав руу хийсэн зүйлээ авах гэтэл алга болсон байсан, ...*** намайг дуудаад 9 дүгээр байшингийн ар талд байсан Маяти машинаас аккумляторыг нь авчихъя гэж хэлсэн. Бид хоёр аккумляторыг нь аваад явах гэж байгаад би “болъё хоёулаа хулгайн хэрэгт орох нь” гээд би аккумляторыг машины хажууд тавьсан. *** аккумляторыг цааш нь шидсэн.” гэх мэдүүлэг, 

Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..2016 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр 17 цагийн орчим гараад явж байгаад 9 дүгээр байрны хажууд тавьсан байсан машины аккумляторыг нь салгаад өргөх гэхэд дийлэхгүй байхад *** ирээд өргүүлэх гэтэл дийлэхгүй байсан тул бид хоёр тэр хавьд нөгөө аккумлятороо тавьчихаад машин дуудаж ирж үзүүлээд заръя гэж хоорондоо ярьчихаад үйлчилгээний төв орж ирээд цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Аккумляторыг нь авах гэж байхад *** ирсэн учраас бид хоёр аккумляторыг авсан ч *** аккумляторыг машины хажууд нь тавьж, би машины цаад талд аккумляторыг тавьчхаад явсан.” гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай байгууллагын эзэмшлийн *** улсын дугаартай Хюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийг Хараа зочид буудлын хойно нь байрлах 9 дүгээр байр 6 дугаар байрны голд байрлуулж тавьчхаад уг машины жолооч *** нь 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр машиныхаа моторыг янзлуулах гээд явсан юм. Уг машинтай 2 машин зэрэгцэн байрлаж байсан. Би өчигдөр 23 цагийн орчим машинуудыг шалгахад аккумулятор нь байсан. Харин өглөө нь үзэхэд 2 аккумулятор нь байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр буудай зочид буудалд 24 цагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан юм...2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө ажил тарахын үед 9 цагийн орчим гутал арчигч алга болсныг мэдчихээд би буудлын гадна камерын бичлэг шүүхэд дунд зэргийн нуруутай нэг хүн гадна ирээд тамхины иш түүж байгаа бололтой хогийн саван дээр ирээд буцахдаа буудлын үүдээр орж үүдэнд байсан нэг ширхэг гутал арчигчийг 9 цаг 37 минутын орчим энгэртээ хийгээд явж байсан. Тухайн гутал арчигч алга болох үед би зоорин давхарт гражийн гэрэл унтраагаад явж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Буудай зочид буудалд ресепшинээр ажиллаж байх хугацаанд манай буудлын үүдэнд байсан саарал өнгийн автомат гутал арчигч алдагдсан. Тухайн үед надтай хамт хамгаалагчаар *** гэдэг ах ажиллаж байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө босоод гутал арчигч алдагдсаныг мэдээд камерын бичлэгийг ***тай хамт үзэхэд манай буудлын өмнөөс нэг хүн гутал арчигч аваад явж байгаа нь харагдсан. Тэр хүн нь манай буудлын хашаанд дотор орж ирээд хог түүж байгаад буудлын хаалган дээр ирээд аваад явчихсан байсан. Манай байгууллагаас тэр автомат гутал арчигчийн ижил нь олдохгүй бол хосоор нь 1 сая төгрөгөөр төл гэсэн шаардлага тавьж байсан. Түүнээс хойш би гутал арчигч хулгайлж байгаад камерт бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би яг одоо хэдэн сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна ямар ч байсан 10 дугаар сарын эхээр шуудай үүрээд хуучин хороололд үүрээр 03-04 цагийн орчим хогны бункер ухаад явж байгаад 1а байрны өмнө байрладаг хогны бункер ухаж байтал дотор нь шуудайд хийсэн гутал арчих зориулалттай саарал өнгийн бичигтэй дөрвөлжин юм байхаар нь би юуг нь мэдэхгүй гэрлүүгээ авч явчхаад маргааш нь СӨХ-н дарга ***д үзүүлээд “та үүнийг авах уу би таньд зүгээр өгнө” гэхэд *** нь “надаас чи хулгай хийчихсэн юм биш биз дээ” гэхээр нь би “үгүй би хогны саваас олсон юм” гэж хэлсэн тэгээд СӨХ-н дарга надаас аваад подвалд тавьсан. Энэ гутал арчигч олсныг ***, *** нар мэдэж байгаа. Гутал арчигч олсноос хэд хоногийн дараа *** манайд байж байхад *** орж ирээд 1а-н хогны бункерээс гутал арчигч олсон уу ? гэж асуухад би олсон тухай хэлж байсан. Би тэр бункерт байсан гутал арчигчийг хулгайн эд зүйл гэж огт мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би яг одоо хэдэн сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна ямар ч байсан 10 дугаар сард манай 27 дугаар байрны орцны цэвэрлэгч *** нь манай ажил дээр нэг ширхэг хар саарал өнгийн гутал арчигч авч орж ирээд танд энэ хэрэгтэй бол аваарай би олсон юм гэхээр нь би тухайн үедээ Мөнх***с аваад өрөөндөө тавьчихсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Од цогцолбор” сургууль талд зогсож байтал тэнд өндөр туранхай, нэг нь шар махлаг 2 хүн 16 цаг 30 минутын орчинд нэг нь аккумулятор барьчихсан тэр хавьд байсан машины жолооч болон тэнд сараанд сууж байсан хүнээс юм асуугаад яваад байхаар нь би тэр сараанд сууж байсан хүн дээр очоод саяны 2 хүн “юу хийгээд яваад байгаа юм болоо” гээд асуухад надаас тэр хүн “хямдхан 2 ширхэг аккуммулятор зармаар” байна гэж асуусан гэхээр нь би араас нь дагахад тэр 2 барьж байсан аккумулятораа 9 дүгээр байрны үсчингийн хажуу талын зэрлэгэнд нэгийг нь нуучхаад нөгөөхийг нь зүүн тал руу авч явсан, би хаана нуусныг нь хараагүй, тэгээд үсчин рүү орохоор нь би араас нь орсон чинь Бүдүүн шар нөхөр нь үсээ угаалгачхаад сууж байсан, харин өндөр туранхай нь зогсож байсан, би буцаж гараад жижүүрийн 102 дугаар луу 17 цагийн орчим залгахад ахлах ахлагч *** утсаа авахаар нь би энд 2 нөхөр аккумулятор хулгайлсан байж магадгүй юм байна. Шалгуулах гэсэн юм жижүүрийн машинаа явуулчих гэсэн чинь надад *** өдрийн эргүүлд явж байгаа, та өдрийн эргүүлээр 102 дээр авчруулчих гэхээр нь би *** луу залгаад дуудахад 20 минутын дараа ирнэ гэсэн. Тэр 2-г ирэх үед би нөгөө хулгай хийсэн нөхөр гарч ирэхээр нь би юм асууя гээд саатуулаад зогсоож байсан юм. Тэгээд өдрийн эргүүлд нөгөө аккумлятор хулгай хийсэн 2 нөхрийн аккумулятор нуусан газрыг зааж өгч байгаад аккумуляторын хамт өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн “...АТЛАС маркийн 90 ампер аккумляторийн зах зээлийн өнөөгийн үнэ 280,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн “...Турк улсад үйлдвэрлэгдсэн автомат гутал арчигчийн зах зээлийн өнөөгийн үнэ 335,107 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/

***, *** нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 81-105 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт орших "Буудай” зочид буудлын үүднээс 335,107 төгрөгийн үнэ бүхий автомат гутал арчигч хулгайлж 350,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч ***, *** нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байрны гадна байсан “***” ХХК-ийн эзэмшлийн ***улсын дугаартай “Хьюндай Маяти” маркийн тээврийн хэрэгслээс “Атлас” нэртэй 2 ширхэг 90 ампертай аккумуляторыг хулгайлж 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ***, *** нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна.
Аймгийн прокурорын газраас ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ***ийг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч ***г бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь хохирогч байгууллага “***” ХХК-д 335,107 төгрөгний хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд эд зүйлийг буцаан олгож өгсөн /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/, шүүгдэгч ***, *** нар нь хохирогч байгууллага “***” ХХК-д 280,000 төгрөгний хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хүлээлгэн өгөх ажиллагаа хийж хулгайд алдагдсан эд зүйлийг буцаан өгсөн байна.

Шүүгдэгч *** нь урьд шүүхээр таван удаа ял шийтгүүлж байсан байх ба хамгийн сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхад, 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг илрүүлэхэд идэвхитэй дэмжлэг үзүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.9 дүгээр зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх, шүүгдэгч ***д анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч ***т хорих ялын доод хэмжээгээр, шүүгдэгч ***д баривчлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 “***” ХХК, “***” ХХК нь хулгайд алдагдсан эд зүйлсээ мөрдөн байцаалтын шатанд буцаан авсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт оногдох хөрөнгө байхгүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ***, *** нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 67 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцож, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, ***ийн ХААН банкны *** тоот дансанд байгаа 81,000 төгрөгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    
 ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч *** ***ийг ялтай байх хугацаандаа давтан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *** ***г бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** ***т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *** ***д эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1, 52 дугаар зүйлийн 52.5-т тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, ***д оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар ***, *** нарын цагдан хоригдсон 1 хоногийг хорих, баривчлах ялын 1 хоногтой тус тус тэнцүүлж  2016 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2017 оны 1-р сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, ***ийн ХААН банкны *** тоот дансанд байгаа 81,000 төгрөгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД