Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0451

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай       

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга    

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа    

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Д.Н    

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч Д.Н   

          Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б

          Гомдлын шаардлага: “Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-ийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай     

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0558  

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагч Д.Н  

        Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.З

        Хариуцагч Д.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

          Хэргийн индекс: 128/2026/0517/3         

ТОДОРХОЙЛОХ нь:  

          1. Гомдол гаргагч Д.Н  нь Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-т холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-ийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.              

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0558 дугаар шийдвэрээр: Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Д.Н-гаас гаргасан "Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-ийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.        

              3. Давж заалдах гомдлын агуулга:   

              Гомдол гаргагч Д.Н  давж заалдах гомдолдоо:        

“...Миний бие хуулийн дагуу, эзэмшлийн газраа ашиглах бүх боломж, зөвшөөрлийг авсан гэж үзэж зуслангийн бага хэмжээтэй байшин барих зорилгоор газар тэгшлэх ажлыг хийснээр ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж зөрчлийн хэрэг үүсгэн торгууль оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн...Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг газар эзэмших зөвшөөрөлгүй этгээдэд хамаатай заалт гэж үзэж байна. Өөрийн эзэмшил газартаа ашиг олох зорилгоор газар тэгшлэх ажил хийгээгүй бөгөөд хууль бусаар олсон хөрөнгө, орлого байхгүй, мөн ашигласан эд зүйлс, хэрэгсэл хураалгаагүй болно. Гэрээний дагуу эзэмшүүлсэн ойдоо гал түймэр гаргасан, хөнөөлт шавж устгаагүй, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол хүн, хуулийн этгээдийг торгох, мөн хохирол нөхөн төлүүлэхээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2-т заасан байна. Миний бие нь эзэмших эрхтэй газартаа Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2-т заасан зөрчил гаргаагүй тул Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар торгууль оногдуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно.” гэснийг үндэслэн газар тэгшлэх, зам засах, тохижилт хийх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн тамгын газрын дүүргийн менежер Э.Ч-ийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1212 тоот албан бичгээр надад олгосон... Өнөөдрийн байдлаар өөрийн эзэмшлийн газартаа Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасан "ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах" гэсний дагуу ямар нэгэн байшин барилга бариагүй, аливаа объект байрлуулаагүй болно. Гэтэл эрхэм шүүгч шүүх хуралдааны явцад Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-29.1.11 дэх заалтын аль заалтыг зөрчсөнийг тодорхой болгоогүй байж Ойн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзсэн Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн ахлах байцаагч Д.Б-ийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн байна гэж дүгнэснийг хууль бус гэж үзэж байна. Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын ойн хэлтсийн мэргэжилтэн Г.Н-ийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2026/Х-03 дугаартай модны гэх гарчигтай газар ухсан гэх агуулгатай, хууль эрх зүйн актын ишлэлгүй, модны талаар гарсан эрх зүйн актыг үндэслэсэн, экологи-эдийн засгийн үнэлгээг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт болгон үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ", мөн Иргэний хуулийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д "шударга эзэмшигч эд хөрөнгөө эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй" гэснийг үндэслэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0558 дугаартай шийдвэр нь миний шударгаар газар эзэмших эрхэд хортой үр дагаврыг үүсгэж байгаа болно. Учир нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-д ойн сан бүхий газарт иргэн газар эзэмших эрхтэй байхаар заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсгүүдэд миний газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрсөн тул давж заалдах шатны шүүхээс гарах магадлалд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 тоот захирамжаар надад тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод 700 м.кв газрыг "Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар" зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газрын эрхээ баталгаажуулах заалтыг тусгуулахыг хүсэж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0558 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.    

ХЯНАВАЛ:      

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Гомдол гаргагч Д.Н нь Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-т холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-ийн  2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.    

          3. Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б нь Нийслэлийн Байгаль орчны газрын даргын өгсөн үүрэг гомдол мэдээллийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад хүлээн авч шалгалт хийхэд[1] Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт Гонгорын ам гэх газар иргэн Д.Н  өөрийн эзэмшлийн газарт ойн санд байшингийн суурь ухсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдийн 2026/Х-03 дугаартай "Модны экологи-Эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтэн Г.Н нь Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, байгаль хамгаалагч А.Г, нэхэмжлэгч Д.Н  нарыг байлцуулан үзлэг шалгалтыг хийж, үзлэгээр ойн сан бүхий газарт ойгоор бүрхэгдээгүй талбайд 9.2м х 9.3м хэмжээтэй талбайг ухаж байшингийн суурь ухсан нөхцөл байдал тогтоогдож[2], улмаар хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б нь 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаар[3] шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Д.Н-г Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалт болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу 300,000 төгрөгөөр торгож, 769,215 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.    

          4. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д "ойн сан" гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна.”, 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж тус тус хуульчилсан.

          5. Гомдол гаргагч Д.Н-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах 700 м.кв талбай бүхий газар нь нийслэлийн ногоон бүсийн хамгаалалтын бүсийн ойд хамаарах ойн сангийн газарт байрласан, Ойн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан буюу 9,2м х 9,3м хэмжээтэй талбайд байшингийн суурь ухсан, торлог тайрсан нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогддог.  

          6. Нэгэнт Д.Н  нь Ойн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдож байх энэ тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-оос Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно” 1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус заасны дагуу 300,000 төгрөгийн торгууль, 769,215 төгрөгийн нөхөн төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн “...газар эзэмших эрх нь тухайн газарт үйлчлэх бусад хууль тогтоомжийн шаардлага, хязгаарлалтаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд газар эзэмших эрхтэй болсон гэх үндэслэлээр байгаль орчны хамгаалалтын тусгай дэглэмийг үл хэрэгсэх эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгоогүй...” гэх дүгнэлт зөв байна.

          7.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...удирдамжгүйгээр хяналт шалгалт хийж хууль зөрчсөн...” гэх тайлбар үндэслэлгүй байхын зэрэгцээ гомдол гаргагч Д.Н  нь 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ[4] “...ханш нээхээс өмнө 10 ширхэг торлогийг үндэс гэмтээхгүйгээр тайралт хийсэн...” гэснээс үзвэл тухайн зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогджээ.  

          8. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сүйтгэсэн талбай гэх 9,2м х 9,3м хэмжээ  нь зөвхөн байшингийн суурийн хэмжээ бус нийт хөрс хуулалтын талбайн хэмжээ гэж хариуцагчаас тайлбарлах ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно.”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна”, 8.2.3-т “төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн” гэж заасны дагуу тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтэн Г.Н-ийг томилсон нь хууль зөрчөөгүй байна.     

          9. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1212 дугаар “...байшингийн суурь хийх зорилгоор газар ухах, тэгшлэх арга хэмжээг авч ажиллана уу...” гэх албан бичиг нь маргаан бүхий Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-ийн  2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудаснаас цаг хугацааны хувьд дараа нь гарсан байх төдийгүй тус албан бичиг нь Д.Н-ийн Ойн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

          Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0558 шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д.Н-гаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.        

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                                             Г.БИЛГҮҮН   

 

                                 ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА   

 

                                ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

 

 

[1] Хэргийн 44 дэх тал

[2] Хэргийн 52 дахь тал

[3] Хэргийн 67 дахь тал

[4] Хэргийн 46 дугаар тал