| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/01542/И |
| Дугаар | 102/ШШ2020/02317 |
| Огноо | 2020-08-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2020/02317
| 2020 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2020/02317 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 60 дугаар байр, 29 тоот хаягт оршин суух, Бөхцагаан овогт С-н М /РД: ЧЗ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 7 дугаар байр, 28 тоот хаягт оршин суух, Батхаан овогт С-н Д /РД: ЧА/-д холбогдох,
6,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 4,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.М нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар сургуулийн ард талын 2 эгнээ тоосгон гражийн урагшаа харсан арын эгнээний баруун талаасаа 7 дахь гражийг худалдан авахаар 6,000,000 төгрөгийг С.Д гуайн данс руу шилжүүлэн, автомашины граж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тухайн үед автомашины гражийг цаашид зориулалтынх нь дагуу ашиглах боломжтой гэдгийг дурдан уг гражийг зарсан байдаг. С.М уг гражийг газар төлөвлөлтөд орох болсныг мэдмэгцээ С.Д гуайд өгсөн 6,000,000 төгрөгөө буцааж авъя гэсэн шаардлага тавихад өгөх боломжгүй, шүүхээр шийдүүл гэсэн хариу өгсөн байдаг. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 29/33 дугаартай тогтоолоор Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалт, төлөвлөгөөг баталсан байдаг бөгөөд энэ дээр хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр хийх ажлын хүрээнд орон сууцны хороолол дундах автомашины гражуудын газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газруудад олон нийтэд зориулж ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр тусгагдсан байдаг. Уг бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан тоосгон гражуудын доорх газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын байршилд С.М-н худалдаж авсан граж байрлах газар буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар сургуулийн хойно, арктай шар байрны урд талд байрлах автомашины зогсоол хамаарч байна. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн автомашины граж худалдах, худалдан авах гэрээнээс харахад тухайн гэрээн дээр эд хөрөнгийн чанарын талаар тохироогүй ч худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч тал биет байдал, эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлэх, худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Гэвч худалдагч тал болох С.Д уг үүргийг биелүүлээгүй, худалдан авагчаас бодит мэдээллийг нуусан нь түүний эрхийг ноцтой зөрчиж байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 29/33 дугаартай тогтоол нь цаг хугацааны хувьд 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гарсан байна. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр талуудын хооронд автомашины граж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тиймээс 2019 онд гарсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг 2020 оны 3 дугаар сард гражийн өмчлөгч С.Д бүрэн мэдэх боломжтой байсан. Мөн гражийн өмчлөгчийн хувьд өөрийн зарах гэж байгаа гражийг худалдан авагчид шилжүүлэхдээ эрх бүхий дээд байгууллагаас ямар нэгэн шийдвэр тогтоол гарсан эсэхийг лавлах бүрэн боломжтой. Иймээс уг эд хөрөнгө болох автомашины гражийг шилжүүлэх үедээ тухайн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар уг гражийг зориулалтынх нь дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул уг эд хөрөнгийг биет байдлын доголдолтой байсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн тохиолдолд доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсвэл гэрээ цуцлах талаар шаардлага гаргах эрхтэй тул С.М нь уг гражийг газар чөлөөлөлтөд орсныг мэдмэгцээ 2 хоногийн дараа С.Д-с 6,000,000 төгрөгийг эргүүлэн авах шаардлагыг тавьсан боловч уг шаардлагыг нь хүлээж аваагүй. Иймд 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн автомашины граж худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, С.Д-с автомашины гражийн урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл бид дээрх үндэслэлээр гэрээнээс татгалзсан тул цаашид гэрээний үүрэг хүлээх боломжгүй гэв.
Хариуцагч С.Д-н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр бидэнд шууд ирдэггүй. Холбогдох дүүрэгт нь ирдэг байх. Дүүрэг гражийг нураах ямар нэгэн арга хэмжээ авахаар бол захирамж гаргаж граж эзэмшигчидэд энэ граажийг нураах болсон, ирж уулз гэж мэдэгдэх ёстой. Би гэрээ байгуулах үедээ С.М-т гражийн гэрчилгээ олгохгүй, захирамжтай гэдгийг хэлсэн. Шүүхэд өгөхөөр нь засаг даргатай, Газрын албаны даргатай уулзахад засаг дарга наадахыг чинь нураана гэсэн юм байхгүй. Та граж эзэмшигчидтэйгээ нийлж байгаад давхар болгочихоочээ, 80 биш бүр олон машин орно ш дээ. Наад гражийг чинь нураахгүй гэж өөрөө надад хэлсэн. Би 2011 оноос 2020 он хүртэл 9 жил энэ гражийн асуудлаар дүүргээр явж байна. Би төрийн төлөө 44 жил зүтгэсэн, 70 гарсан хүнийг ингэж доромжилмооргүй байна. Гэрээний үүргээ биелүүлээч ээ гэж хэлмээр байна. Би С.М-г машин авахаа болиод гражийнхаа үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөхөөс зайлсхийлээ гэж бодож байна. Шүүхэд өгөөд, хугацаа аваад, хүн гүтгээд, доромжлоод явж болохгүй. Захирамж гарч байж л гражийг нураана гэж би ойлгож байна. Би ямар нэгэн байдлаар хууран мэхлэлт хийгээгүй. Би энэ гражийг 13,000,000 төгрөгөөс 11,000,000 төгрөгт авсан. Анх авсан гражаа мөнгөний хэрэг болоод 1,200,000 төгрөгөөр зарсан, 10 жилийн дараа гражаа 10 дахин үнэтэй эргүүлж авлаа. Тэгээд 10 жилийн дараа авсан үнэнээсээ 2,000,000, 3,000,000 төгрөг бууруулж зарлаа. Би мөнгө хожоогүй, хүн дээрэмдээгүй, хууран мэхлээгүй. Би С.М-н бүх саналыг хүлээж авсан, Ах нь 12,000,000 төгрөгөөр гражаа авсан юм, мөнгөний хэрэг болоод байгаа учир 11,000,000 төгрөгт авчих гэхэд С.М үгүй, би 10,000,000 төгрөгт авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за яахав 10,000,000 төгрөгтөө ав гэхэд С.М 6,000,000 төгрөгөө одоо өгөөд, 4,000,000 төгрөгийг нь дараа өгье гэж хэлсэн. Надад мөнгөний хэрэг гарсан байсан учраас за гэж хэлээд бүх юмыг нь хүлээн зөвшөөрсөн. Иймээс Иргэний хуулийн дагуу гэрээний үүргээ биелүүлээчээ. Би гэрчилгээ авч өгнө гэж үүрэг хүлээгээгүй.
Би С.М-т итгээд 6,000,000 төгрөгийг нь одоо буюу 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр аваад үлдэх 4,000,000 төгрөгийг нь 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд 1, 1 сая төгрөгөөр нь сар болгоны 1-нд аваад явах юм байна гэж бодоод мөнгөний гачигдал гарсан тул би зөвшөөрсөн. Одоо хүртэл мөнгө маань байдаггүй, хүү, алданги нь ч байдаггүй. Сар, сардаа өгөх 1,000,000 төгрөг нь ч алга. Энэ мөнгөө би авмаар байна. Иргэний хуулийн дагуу гэрээ хийгээд, нотариатаар батлуулаад, хууль зүйн хүчин төгөлдөр эрхийн актын дагуу би гражийн үлдэгдэл 4,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч С.Д-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг эргүүлэн гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Д ... гражийн гэрчилгээ байхгүй гэдгийг гэрээ байгуулах үедээ нэхэмжлэгчид мэдэгдсэн, би хуурч мэхэлж гэрээ байгуулаагүй, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэр надад ирдэггүй, захирамж гарч гражийг нураах ёстой гэж,
Хариуцагч С.Д нь нэхэмжлэгч С.М-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч ... Гэрчилгээгүй гэдгийг надад хэлсэн боловч биед байдлын болон эрхийн доголдолтой гражийг надад хэлэлгүй нууж зарсан. Энэ граж байрлаж буй газрыг чөлөөлж, ногоон байгууламж барихаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны Газар зохион байгуулах төлөвлөгөө батлагдсныг нуусан гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч С.М, хариуцагч С.Д нар 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 20 дугаар сургуулийн хойно орших авто замын урд болон хойно байрлах 2 эгнээ тоосгон гражуудын арын эгнээний урагшаа харсан хаалгатай, баруун талаасаа 7 дахь, зүүн талаасаа 28 дахь авто гражийг 10,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан байна.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
А/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд, зохигчид худалдах-худалдах авах гэрээ байгуулсан өдрөөс 1 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгч С.М нь Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас Худалдаа, хөгжлийн банкин дахь хариуцагч С.Д-н эзэмшлийн тоот данс руу 6,000,000 төгрөгийг гражийн урьдчилгаанд төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй. Худалдах-худалдан авах гэрээний 2.1-д ... үлдэгдэл дөрвөн сая төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүрийн 1-ний дотор 1 сая төгрөгийг худалдагч талд төлж барагдуулна гэж тохиролцжээ.
Нэхэмжлэгч С.М нь ... Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 29/33 дугаартай тогтоолоор Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалт, төлөвлөгөөг баталж, орон сууцны хороолол дундах автомашины гражуудын газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газруудад олон нийтэд зориулж ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр тусгагдсан байдаг. Газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын байршилд С.М-н худалдаж авсан граж байрлах газар хамаарч байна. Худалдагч тал биет байдал, эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлэх, худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Гэвч худалдагч тал болох С.Д уг үүргийг биелүүлээгүй, худалдан авагчаас бодит мэдээллийг нуусан нь түүний эрхийг ноцтой зөрчиж байна. 2019 онд гарсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг 2020 оны 3 дугаар сард гражийн өмчлөгч С.Д бүрэн мэдэх боломжтой байсан. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар уг гражийг зориулалтынх нь дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул уг эд хөрөнгийг биет байдлын доголдолтой байсан гэж үзэж байгаа тал гэрээнээс татгалзаж, мөнгөө авахаар шаардаж байна гэх үндэслэлээр шүүхэд ханджээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ., мөн 251.2-д Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 29/33 дугаартай тогтоол гарснаар тухайн гражийг биет байдлын доголдолд хүргээгүй, нэхэмжлэгчийг гражаа зориулалтынх нь дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдлыг бий болгоогүй, цаашид ч болгохгүй гэж үзлээ. Учир нь тус тогтоолын хавсралтын 2.8-ийн 1-д Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Арктай шар байрны урд 20 дугаар сургуулийн хойд талд авто машины давхар зогсоол бүхий граж гэжээ. Өөрөөр хэлбэл тоосгон гражуудыг чөлөөлж давхар граж барихаар төлөвлөсөн байна. Нэхэмжлэгчийн тухайн газарт ногоон байгууламж барихаар төлөвлөсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. Мөн энэхүү тогтоол гарсныг гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч өөрөө мэдэх боломжтой байсан, тогтоол гарснаар хариуцагчийг буруутгах боломжгүй. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ., мөн 252.2-д Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ. гэжээ. Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан гэрээний улмаас гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй, хүчин төгөлдөр бус эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үндсэлэл тогтоогдохгүй байна. Мөн тухайн гражид гэрчилгээ байхгүй талаар гэрээ байгуулах үедээ хариуцагч С.Д нь нэхэмжлэгч С.М мэдэгдэж байсныг шүүх хуралдааныг явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Маралмаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.
Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй ч дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн татгалзал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч С.М-н хариуцагч С.Д-т холбогдуулан гаргасан 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч С.М нь гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг төлсөн болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдсон. Гэрээний 2.1-д ... үлдэгдэл дөрвөн сая төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүрийн 1-ний дотор 1 сая төгрөгийг худалдагч талд төлж барагдуулна гэж тохиролцсоноор нэхэмжлэгч С.М нь хариуцагч С.Д-т 4,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч С.М-с гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч С.Д-т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-н хариуцагч С.Д-т холбогдуулан гаргасан 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.М-с гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч С.Д-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 78,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР