Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2013/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хэргийн индекс: 171/2013/0123/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000267 дугаартай хэргийг 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт *******  /РД: .../, 19. оны .. дугаар сарын ..-нд Увс аймгийн Зүүн Хангай суманд төрсөн, эрэгтэй 34 настай, бүрэн дунд боловсролтой барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг .. дугаар хороо, .. ..дүгээр гудамж .. тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймгийн  Дархан сумын ..-р баг ..-р бракын . тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2002 оны 07 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 80.000 /наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

           

Шүүгдэгч *******  нь 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр архи уун согтуурсан үедээ ....УНР улсын дугаартай авто машиныг жолоодож яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн авто зам дээр иргэн М.М ын жолоодож явсан ....ДАР улсын дугаартай авто машины араас мөргөж зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2013 оны 04 сарын 27-ны өдөр 18-ын буудал руу эргээд явж байтал “Баяр” нэртэй хүнсний дэлгүүрийн орчмоос машины гэрэл тусч нүд гялбасан ба урд нэг машин харагдахаар нь эсрэг тал руу нь дарах гэтэл амжилгүй араас нь мөргөчихсөн. Тэгээд буугаад жолоочтой нь уулзтал цагдаа дуудна гэхээр нь айсандаа зугтчихсан” гэв.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр архи уун согтуурсан үедээ ....УНР улсын дугаартай авто машиныг жолоодож яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн авто зам дээр иргэн М.М ын жолоодож явсан ....ДАР улсын дугаартай авто машины араас мөргөж зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэрч М.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 04 дүгээр сарын 27-ны

 

Шийтгэх тогтоол 2013\*******  216.2.doc

өдөр Дархан дотор таксины үйлчилгээнд дүү М.У ынхаа нэр дээр байдаг Сонота-3 маркийн ....ДАР дугаарын тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тэгсэн 22 цаг өнгөрөөгөөд 23 цаг дөхөж байхад Дархан сумын 4-р багийн нутагт Баяр супермаркетийн урд талын зам дээр жолооныхоо ард суугаад байж байсан чинь хойноос буюу тосгон  чиглэлээс нэг машин ирж байгаа бололтой гэрэл тусаад толинд харагдсан юм. Тэгээд байж байсан гэнэт л машины араас мөргөөд түг хийх чимээ гарсан юм. Тэгэхээр нь би машинаасаа буух гэтэл хаалга онгохгүй гацчихсан  байхаар нь онгойлгох гээд байж байтал мөргөсөн машины жолооч бууж ирээд надад хоёулаа эвтэйхэн зохицчихъё, цагдаа дуудаад хэрэггүй, би жолооны эрхээ хасуулчихсан байгаа юм, машиныг чинь засаад өгчихье гээд байсан юм. Тэгээд байж байсан чинь бид нарын хажуугаар миний таньдаг Золоо гээд залуу машинтай явж өнгөрч байгаад намайг харчихаад ирж машины хаалга онгойлгон буулгаж өгсөн юм. Намайг мөргөсөн машин нь ....УНР дугаарын саарал өнгийн Аванте-xd маркийн машин байсан. Тухайн үед гадаа харанхуй, сандарсан байсан болохоор жолоочийн царай зүсийг сайн харж чадаагүй” гэх мэдүүлэг / хэргийн 21 дэхь тал/,

гэрч Ц.З мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Тэр өдөр өөрийнхөө машинтай сумын захиргаа орчихоод буцаад 22 цаг өнгөрөөгөөд явж байхад 18-ын буудал дээр нэг машины араас нь нэг машин  мөргөчихсөн байдалтай зогсож байсан юм. Тэгээд би зогсоол руу орж зогсчихоод харсан чинь зүс таних М  гэх залуугийн машиныг араас нь цагаан өнгийн Аванте маркийн авто машин мөргөчихсөн байсан. Би яваад очиход М ын хаалга онгойхгүй байхаар нь гаднаас нь онгойлгон өгч М ыг машинаас нь гаргасан чинь мөргөсөн машины жолооч бууж ирээд хоорондоо тохиролцьё гээд байсан. Мөргөсөн машины жолооч ганцаараа явж байсан. Би тэр жолоочийг одоо харвал танина. Энэ А  гэх залуу мөн байсан. Намайг цагдаа руу дуудлага өгчихөөд цагдаа хүлээж байх хооронд тэр залуу алга болчихсон” гэх мэдүүлэг /хэргийн 60 дахь тал/,

гэрч Я.Г  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Маргааш өглөө над руу утсаар яриад найз нь өчигдөр орой чамаас салаад машин мөргөчихлөө. Надад туслаач би баривчилгаанд орох байх , аавын бие муу байна гэхээр нь би за тэгье гэж цагдаа дээр машин барьж явсан гэх мэдүүлэг өгсөн юм. А  гуйгаад байхаар нь тийм үйлдэл хийсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 61 дэхь тал/,

шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Ганпүрэв гэртээ харих хүртлээ миний машиныг барьж явсан юм. Тэгээд түүнийг буухаар нь би машинаа бариад Брак байруудын дундуур яваад хүнсний үйлдвэрийн урдах клонкоос бензин авчихаад доошоо уруудан 18-ын буудал тал руу эргээд явж байсан чинь Баяр нэртэй дэлгүүрийн орчмоос машины гэрэл тусаж орж ирэн нүд гялбуулсан юм. Тэгсэн чинь урд нэг машин харагдахаар нь эсрэг тал руу дарах гэтэл амжилгүй араас нь мөргөчихсөн. Тэгээд буугаад нөгөө жолоочтой нь уулзаж тохиръё гэсэн чинь цагдаа дуудна гэхээр нь айсандаа машинаа орхиод зугтаачихсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 42-43 дахь тал/,       

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-4 дэхь тал/,

Ослын улмаас учирсан хохиролын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-9, 34-36 дахь тал/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 27-28 дахь тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 29 дэхь тал/,

2013 оны 05 сарын 29-ний өдрийн 21 тоот Шинжээчийн дүгнэлт /хэргийн 31 дэхь тал/,

Шүүгдэгч ******* гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч *******  нь 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр архи уун согтуурсан үедээ ....УНР улсын дугаартай авто машиныг жолоодож яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн авто зам дээр иргэн М.М ын жолоодож явсан ....ДАР улсын дугаартай авто машины араас мөргөж зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******  урьд 2002 оны 07 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 80.000 /наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.1.д-д зааснаар ялаа эдэлж дууссанаас хойш 2 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй буюу ял шийтгэлгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Б  овогт ******* г зам тээврийн осол гарсан газрыг  санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тооцсугай.

 

2.   ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д  мэдэгдсүгэй.

 

7.   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                       Ё.РИНЗААН