Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/02314

 

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/02314

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хамба 8 дугаар гудамж, 30 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б-н М /РД: ЧЕ/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 63 дугаар байр, 14 тоот хаягт оршин суух, Монгол овогт А-н М /РД: ЧЕ/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 63 дугаар байр, 14 тоот хаягт оршин суух, Б-н М нарт холбогдох,

 

25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.М миний бие нь 1996 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, 7 дугаар багт оршин сууж, аж ахуй эрхлэж байхдаа өөрийн эзэмшлийн газар дээр 8x10 хэмжээтэй, хоолны газар, 8х8 хэмжээтэй дэлгүүр, ундааны цехийн зориулалтай байшин барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан. Хүү А.М, түүний эхнэр Б.М нар миний эзэмшлийн газар болон газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг миний зөвшөөрөлгүй бусдад 25,000,000 төгрөгөөр худалдсан боловч надад нэг ч төгрөг төлөөгүй өдий хүрч байна. Эхнэр Б.М намайг гэрээсээ хөөж, хэл амаар доромжилж, зодож дарамттай байдаг. Би өнөөдөр 76 нас хүрч байна. Насны эцэст гэр ороноосоо хөөгдөж, мөнгө төгрөггүй амьдрахад хэцүү байна. Миний хүү А.М, түүний эхнэр Б.М нараас 25,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч А.М, Б.М нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.М би 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ББН-ийг байгуулсан. Ээж Б.М-н хамт манай аж ахуйн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 400 м/к талбай бүхий газрыг /тоот гэрчилгээтэй/ эзэмшилдээ авсан. Тус газарт 8x8 буюу 64 м/к талбай бүхий /тоот гэрчилгээтэй/ үл хөдлөх эд хөрөнгийг барьсан, эдгээр өмч нь 1 хүний өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хамтран өмчлөгч байхгүй. 2008 онд 64 м/к талбай бүхий байшинг, 2015 онд 80 м/к талбай бүхий байшинг тус тус худалдсан. Уг барилгуудын хууль ёсны өмчлөгч нь би учир худалдахад бусдаас зөвшөөрөл авах, төлбөр төлөх шаардлагагүй. Би ээждээ 1 өрөө байр авч өгье гэсэн боловч 2020 оны 1 дүгээр сард корона гараад авч өгч чадаагүй. Манай ээж намайг болон эхнэр, хүүхдүүдийг маань, аавын дүү нарыг байнга харааж, хэл амаар доромжилдог. Иймд би өөрийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгийг зарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.М, Б.М нарт холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.М нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт байрлах 400 м/к талбай бүхий газар, 64 м/к талбай бүхий хоолны газар, ундааны цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр хүү А.М, бэр Б.М нар бусдад 25,000,000 төгрөгөөр худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч А.М, Б.М нар ... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт байрлах 400 м/к талбай бүхий газар, 64 м/к талбай бүхий хоолны газар, ундааны цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь А.М миний бие учир худалдахад бусдаас зөвшөөрөл авах шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар хариуцагч А.М, Б.М нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг дарга 2001 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дунай мөрөн-д Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт 400 м/к талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ /171200344 тоот/ олгосныг үндэслэн мөн өдөр Дунай мөрөн ББН-ийн эзэн А.М нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг дарга, мөн газрын асуудал хариуцсан албан тушаалтай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэгт орших 400 м/к газрыг эзэмших гэрээг байгуулжээ. Дээрх газарт баригдсан 64 м/к, 80 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А-н М /нэг хүний өмч/ 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлж, өмчлөх эрхийн 0057737 тоот гэрчилгээ олгогджээ. Аливаа иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдахад бусдаас зөвшөөрөл авах шаардлагагүй, хариуцагч А.М, Б.М нарыг нэхэмжлэгч Б.М-н өмчлөлийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.М, Б.М нараас 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Маяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2020/06798 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсний дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР