Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02225

 

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02225

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороо, 12/4г-25 тоотод оршин суух, Гавьжийн шанд овогт Ч-н Х /РД: УВ/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж 14250 оршин байх, Нийслэлийн Прокурорын газар,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 8/1, Хөвсгөл лейк Сити тауэр, 14 дүгээр давхарт байрлах, Ньюс аженси ХХК /РД:/-д холбогдох,

 

Хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 2,688,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,650,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд төрөөс 20,000,000 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4,231,272 төгрөгийг, хариуцагч Ньюс аженси ХХК-нд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж залруулга гаргахыг даалгах, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Нийслэлийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Ньюс аженси ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Ш.Б, гуравдагч этгээд Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

  

Нэхэмжлэгч Г.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б намайг Нийслэлийн Прокурорын газарт зарлагаар ажиллаж байх хугацаанд тус газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20,000,000 төгрөг алдагдсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд сэжигтнээр тооцон цагдан хорьсон, улмаар тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т Хулгайлах гэж заасан хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татан удаан хугацаанд залхаан цээрлүүлж эрүүдэн, байцаан шийтгэх ажиллагаа явуулж эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр алдар хүнд, эд хөрөнгөөр хохироосон. Би тухайн үед Нийслэлийн Прокурорын газар зарлагаар ажиллаж байсан ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 201301040860 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татан, сэжигтнээр цагдан хорьж, ажлаас чөлөөлөн шалгасан. Хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд 14 хоног Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон, батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, ажлаас чөлөөлөгдсөн байдалтай байсан. Ингээд бүтэн жилийн хугацаанд залхаан цээрлүүлсэн шинжтэй байцаан шийтгэх ажиллагаа явуулсны эцэст Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 274 дугаартай яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Г.Б надад холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д ...Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана., Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т ...Эдийн бус гэм хорын арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох гэж зааснаар эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулахаар дараахь шаардлагыг гаргаж байна.

 

Дээр дурдсанчлан би хийгээгүй хэргийн төлөө хилсээр шалгагдаж, сэжигтнээр 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон 1 өдрийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192,000 тооцож, нийт 2,688,000 төгрөг болсон. Учир нь надад холбогдох дээрх хэрэг нь хилс хэрэг байсан нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 274 дугаартай яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдсон болно. Мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 3,650,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж байх хугацаанд зайлшгүй өмгөөлөгч авах шаардлага гарсан тул өмгөөлөгч авч, 2,650,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж төлбөрийг төлсөн. Мөн иргэний хэрэгт өмгөөлөгчтэй гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг төлсөн. Хэрэг шалгагдаж дууссаны дараа ажилдаа орохоор очиход оруулаагүй, жижүүрт битгий оруул гэсэн үүрэг өгсөн байсан. Намайг ажлаас халсан буцаан оруулсан талаар ямар ч тушаал гараагүй. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн ба 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ажилдаа орсон, энэ 7 сарын хугацаанд цалин аваагүй, дээрх хугацааны цалинд 4,231,272 төгрөгийг авч чадаагүй.

 

Ажлаас чөлөөлөгдсөн зэргээс шалтгаалан сэтгэл санааны маш их хохирол амч, ажил хэргийн нэр хүнд минь миний насаараа ажиллаж буй прокурорын байгууллагын хүрээнд болон гэр бүл, найз нөхөд, иргэдийн дунд унасан, сэтгэл санааны энэ их дарамтнаас болж артерийн даралт ихсэлт, зүрхний хэм алдалт хүндэрч, удаан хугацаагаар эмчлүүлсэн, 2014 онд 3 дугаар эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон. Үүнээс болж эрүүл мэнд муудаж группт орсон. Намайг шалгаж байхдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буюу [email protected] сайтад учир байдлыг тодруулаагүй байж Нийслэлийн Прокурорын газрын зарлага Соном өвгөн гэх нэрээр албан тушаалын байдлаар тодруулсан мэдээлэл тараасны улмаас гудамж талбай, танидаг хүмүүсийн дэргэд явахад бэрхшээлтэй болсон, өнөөдрийг хүртэл хүмүүс надтай иймэрхүү байдлаар харьцаж байгаа нь хүндрэлтэй байна.

 

Иймд хууль бусаар яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаанд 14 хоног цагдан хоригдсоны хохиролд 2,688,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,650,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд төрөөс 20,000,000 төгрөгийг төрөөс, хариуцагч Нийслэлийн прокурорын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4,231,272 төгрөгийг, хариуцагч Ньюс аженси ХХК-иас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж залруулга гаргахыг даалгах, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

Хариуцагч Нийслэлийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Г.Б нь Нийслэлийн прокурорын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,231,272 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Г.Б нь Нийслэлийн прокурорын газрын 2008 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 11 дугаар тушаалаар бичиг хүргэгчээр томилогдож ажилласан. 2013 оны 4 дүгээр сарын 16-наас 5 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Нийслэлийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс их хэмжээний мөнгө алга болсон гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газрын нэр бүхий ажилчид болон бичиг хүргэгч Г.Б нар холбогдон шалгагдаж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хангалттай тогтоогдож, нотлогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед иргэн Г.Б-г хэрэгт шалгагдаж байх хугацаанд ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, ажлаас чөлөөгүй, ажлын байрыг нь хадгалж байсан ба мөрдөн байцаах байгууллагын шийдвэрийг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ажилд нь буцаан авч, цалинжуулж ажиллуулсан. Г.Б-н улсад ажилласан жилийг тасалдуулахгүй байх үүднээс дээрх шалгагдаж байсан хугацаанд тасарсан нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагын зүгээс хариуцахаар шийдвэрлэж, даатгалын байгууллагад хүсэлт гаргасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийлгүүлсэн. Г.Б нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаах байгууллагын мэдэлд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа бичиг хүргэгчийн ажлыг хийгээгүй, ажиллаагүй тул Нийслэлийн прокурорын газраас дээрх хугацааны цалин хөлсийг нөхөн олгох боломжгүй гэж үзэж байна. Иймд Г.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ньюс аженси ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-н шүүхэд болон гаргасан тайлбарт, шүүх хуралдаанд өмгөөлөгч Ш.Б-н гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г.Б нь манай компанид холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, залруулга гаргах, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл нэхэмжлэлийг манай компанийн хаягаар гаргасан боловч [email protected] сайтаас нэхэмжилсэн байна. Манай сайт нь www.news.mn бөгөөд манай сайт дээр Нийслэлийн прокурорын газрын зарлага Соном өвгөн гэсэн нийтлэлийн илц илрээгүй юм. Иймээс манай сайтад дээрх нийтлэл нийтлэгдсэн байх боломжгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нийтлэлийн талаарх баримтаа хуулийн дагуу нотлох баримтын шаардлагын дагуу гаргаж өгөөгүй. Бид энэ талаарх баримтыг өөрийн сайтаас олоогүй. Манай сайт нь бүх нийтлэлийг архивладаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн журмаар сайтад үзлэг хийхэд илрэц гарч ирээгүй. Нэхэмжлэлийг манай хаягаар гаргасан ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа [email protected] гэх сайтыг манайхыг гэж үзэх боломжгүй байгаа юм. Тиймээс нэхэмжлэгч нэхэмжилж байгаа сайтаа андуурсан байх гэх дүгнэлтэд хүрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Манай сайт биш тул манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Хууль зүй дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны тул шүүх хуралд Хууль зүй дотоод хэргийн яам гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргана гэж зааснаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг гуравдагч этгээдээр оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч эд хөрөнгийн бус гэм хорын сэтгэл санааны хохиролыг 30,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Г.Б эдийн хохиролд 9,551,270 төгрөг төрөөс гаргуулахаар нэхэмжилсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1.-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого гэж эд хөрөнгийн хохиролыг төлөхөөр заасан нь цалин хөлс нь эд хөрөнгийн хохирол гэж ойлгохоор байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж заасан. Тиймээс прокурорын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор яллагдагч /Г.Б/-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн Нийслэлийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Г.Б-н гаргасан 5 нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээд Хууль зүйн дотоод хэргийн яамны эрх ашгийг хөндсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн 4 дэх нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний асуудал байна. Хөдөлмөрлөх харилцаатай холбоотой асуудал байгаа тул захиргааны хэргийн шүүхийн хэргийн харьяаллын асуудал байна гэж үзэж байгаа тул үүнийг шүүх анхаарч үзээсэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б нь 45,561,272 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан 5 шаардлагаас манайд эхний 3 шаардлага хамаарч байгаа юм. Нэгдүгээрт 36,338,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 274 дугаартай яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Г.Б-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар буюу нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эргүүгийн 201301040860 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1509 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Түүнийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар үндэслэлээр буюу эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээд хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй үндэслэлээр 14 хоног сэжигтнээр цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь Г.Б-г хүнд хэрэгт хууль бусаар цагдан хорьсон гэж үзэх үндэслэлгүй тул цагдан хоригдсоны хохиролд 2,688,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёрдугаарт хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч хөлслөн, гэрээ байгуулж төлбөрт төлсөн 3,650,000 төгрөгний төлбөрийн нэхэмжлэлийн хувьд хэрэгт өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон Ажлын хөлс төлөх тухай гэрээ байх бөгөөд уг гэрээнд ажлын хөлсний урьдчилгаанд 1,650,000 төгрөг бэлнээр өгөхөөр тохиролцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд 1,000,000 төгрөг нэмж төлөхөөр тохиролцсоноос 1,650,000 төгрөг хүлээлгэн өгөв гэх бичмэл баримт байх боловч өмгөөллийн хөлс төлсөн тухай баримт авагдаагүй тул нийт өмгөөллийн хөлс төлсөн баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гуравдугаарт гуравдахь заалтад дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заасан. Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул иргэн Г.Б-н төрөөс нэхэмжилж буй 36,338,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 2,688,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,650,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд төрөөс 20,000,000 төгрөгийг төрөөс, хариуцагч Нийслэлийн прокурорын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4,231,272 төгрөгийг, хариуцагч Ньюс аженси ХХК-нд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж залруулга гаргахыг даалгах, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 201301040860 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах Нийслэлийн Прокурорын газрын подвалийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш хадгалагдаж байсан 20,000,000 төгрөг алдагдсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, энэ эрүүгийн хэрэгт тус хэлтсийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн сэжигтнийг баривчлах тогтоолоор Г.Б-г хойшлуулашгүйгээр баривчилж, үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 161/с дугаар захирамжаар мөн өдрөөс эхлэн сэжигтнээр 14 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг шүүгчийн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 161/1 захирамжаар хүлээн авахаар татгалзаж, Г.Б-т цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мөрдөн байцаагчид даалгажээ. Улмаар Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор Эрүүгийн 201301040860 дугаартай хэргийн яллагдагч Г.Б-г 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 13-ны хооронд Нийслэлийн Прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс 20,000,000 төгрөг алдагдасан хэрэгт холбогдуулах шалгахад дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр Г.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө., мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана., мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй. гэж заасны дагуу хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа хойшлуулашгүйгээр баривчилж, улмаар прокурорын саналыг үндэслэн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд прокурорын тогтоолоор Г.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Дараахь ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана:, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.2-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан; мөн 45.2 дугаар зүйлийн 2.1-д яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан; гэж заасны дагуу нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үеийн авч чадаагүй цалингаа хариуцагч Нийслэлийн Прокурорын газраас нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана. гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого; гэж тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хууль бусаар саатуулагдсаны улмаас нэхэмжлэгч Г.Б нь цагдан хоригдож эхэлсэн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс ажилдаа эргэж орсон 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд Нийслэлийн Прокурорын газрын бичиг хүргэгчийн ажлаа эрхлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ хугацааны цалинд 4,231,272 төгрөгийг төрөөс гаргуулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцвал зохих этгээд нь хариуцагч Нийслэлийн Прокурорын газар биш тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Г.Б нь 2013 оны 4-өөс 12 дугаар сарын байдлаар 1 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь 597,896 төгрөг байсан түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч ажилгүй байсан 7 сарын хугацааны цалингаа 4,231,272 гэж тодорхойлсон нь Дундаж цалин хөлс тодорхойлох тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтад заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хойшлуулашгүйгээр баривчлагдаж, шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож, улмаас шүүгчийн захирамжаар 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан ба хууль бусаар цагдан хоригдсон 14 хоногийн хугацааны гэм хорын хохирлыг 2,688,000 төгрөгөөр тооцохдоо цагдан хоригдсон 1 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэл бүхий байх тул 2,688,000 төгрөгийг төрөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч тухайн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад 2,650,000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн гэх боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2014 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ажлын хөлс төлөх гэрээнээс үзэхэд тэрээр өмгөөлөгч М.Х-д 1,650,000 төгрөгийг төлсөн байна. Мөн иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч Н.Н-д 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлсөн төлсөн талаарх Голомт банкны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулгаар тус тус тогтоогдох байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал;-д зааснаар өмгөөлөгчид төлсөн зардал болох 2,650,000 төгрөгийг төрөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид төлсөн төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийг эрүүгийн журмаар шалгагдснаас түүний сэтгэл санаанд 10,000,000 төгрөгөөр үнэлэхүйц хохирол, мөн эрүүл мэндэд 20,000,000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харин түүний Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн, эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацаа, цагдан хоригдсон хугацаа зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөгийг төрөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 28,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд нэхэмжлэгч Г.Б-н хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 2,688,000 төгрөг, олох байсан орлого буюу цалинд 4,231,272 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,650,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг, нийт 11,569,272 төгрөгийг улсын төсвөөс буюу Засгийн газрын нөөц сангаас /Хууль зүйн сайдын багцаас/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,000,000 төгрөгт холбогдох хэсгийг болон Нийслэлийн Прокурорын газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ньюс аженси ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, залруулга гаргахыг даалгах, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ ...намайг эрүүгийн хэрэгт хилсээр шалгагдаж байхад [email protected] сайтад Нийслэлийн Прокурорын газрын Соном өвгөн гэх нийтлэл гарснаас ард түмэн намайг хулгайч мэтээр ойлгож, би гудамж талбай, таньдаг хүмүүсийн дэргэд явахад бэршээлтэй болсон гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэжээ. Гэвч хариуцагч Ньюс аженси ХХК-ийн эзэмшилд [email protected] сайт байдаггүй, тухайн нийтлэлийг Ньюс аженси ХХК нь өөрийн эзэмшлийн аливаа сайтаар нийтэлсэн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Ньюс аженси ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 11,569,272 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Нийслэлийн Прокурорын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасныг баримтлан Ньюс аженси ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

Ч.БАТЧИМЭГ