| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/00603/И |
| Дугаар | 102/ШШ2020/02534 |
| Огноо | 2019-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2020/02534
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Давхарын 18 дугаар байр 4 тоотод оршин суух, 1995 онд төрсөн 25 настай, Тайжууд овогт Б.Х Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо 63 дугаар байр 10 тоотод оршин суух, 1969 онд төрсөн 51 настай, Их мянган овогт Ц.Э 26.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х, өмгөөлөгч Л.Э, хариуцагч Ц.Э, өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Э 1000 толгой ямааг 1 ямааг 70.000 төгрөгөөр худалдан авах, авахдаа ямааны 1 гулууз махыг 17-18 кг байхаар тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн 5063289388 данснаас Ц.Э 5317012671 данс руу 70.000.000 төгрөг шилжүүлсэн. Ц.Э 1000 ямаа бэлдчихлээ мөнгөө шилжүүл гэсэн тул дансаар шилжүүлсэн. Би Улаанбаатар хотоос ажилчидтайгаа нийлээд 20 гаруй хүнтэй 4 машинтай Говь-Алтай аймагт очиж ямааг харахад ишигнүүд байсан тул кг-даа хүрэхүү гэхэд хүрнээ манай нутгийн ямаа бие жижигтэй мах их гардаг гэж хариулсан. Тонхил суманд очоод ажлаа эхлэхэд ямаа жиндээ хүрээгүй. Бид наймаагаа буцааж Ц.Э миний дансанд нийт 64.000.000 төгрөг шилжүүлсэн. Би Ли гэдэг хүний компанид ажилладаггүй. Мах хэрэгтэй гэхээр нь энэ хүний адил дундаас нь хэдэн төгрөгийн ашиг гаргахаар зуучилж өөрийн данснаас 70.000.000 төгрөг шилжүүлсэн. Мах жиндээ хүрээгүй тул бид ажлыг зогсоосон. Би хотоос мах шулаачид авч очсон. Тэдний ажлын хөлс 5.300.000 төгрөг. Ажилчид болох 8 хүний нэг өдрийн ажлын хөлс 80.000 төгрөг буюу 4.480.000 төгрөг, тээврийн зардал 3.000.000 төгрөг, том машины зардал 2.000.000 төгрөг, бусад зардал хоол, ус унд, ажилчдын тамхи буудалын хөлс 3.220.000 төгрөг, орчуулагчийн хөлс 2.000.000 төгрөгний зардал гарсан. Иймд хариуцагч Ц.Э үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөг, мах шулаачийн ажлын хөлс 5.300.000 төгрөг, 8 ажилчны ажлын хөлс 4.480.000 төгрөг, тээврийн зардал 3.000.000 төгрөг, том машины зардалд 2.000.000 төгрөг, бусад хоол унд буудлын зардал 3.220.000 төгрөг, орчуулагчийн хөлс 2.000.000 төгрөг нийт 26.000.000 төгрөгийг гаргуулна гэв. Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны намар Б.Х манай компани ямааны мах экспортод гаргадаг. Та 2000-3000 толгой ямаа олж өгөх үү гэсэн санал анх надад тавьсан. Би ийм олон тооны ямаа олж чадахгүй, хүнтэй ярьж 1000 ямаа олж өгье гэсэн. Тухайн үед махны ченж газар сайгүй ямаа авч ямааны үнэ ханш ч өссөн байсан. Б.Х хэсэг чимээгүй байж байгаад нэг өдөр манай хятад захирал ирсэн, мөнгөний асуудал шийдэгдсэн дансаа өг гээд миний Хаан банкны данс руу 70.000.000 төгрөг шилжүүлсэн. Тонхил сумын засаг даргын орлогч Х.Б тусламжтай 1000 ямаа цуглуулж түүний данс руу 60.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Х олон хүн дагуулж явах зардал чирэгдэл ихтэй байна орон нутгаас мал нядлах хүмүүс олоод өгөөч нэг ямааг 5000 төгрөгөөр нядлуулна гэж надтай тохирсон тул 4-5 залуу олсон байсан. Тэдний ажлын хөлс хүн тус бүрт 250.000 төгрөг өгсөн. Дүүгийнхээ машинд бензин тос хийгээд Тонхил сум руу хөдөлсөн. Маргааш нь 3 хятад хүн ирсэн тул ямаануудаа тууж нядалгааны газрын хашаанд хийж Л захиралд хүлээлгэж өгсөн. Миний бэлдсэн мал гаргах хүмүүсээс гадна 3 эрэгтэй, малын гэдэс цэвэрлэх 3 эмэгтэй үлдсэн. Гэтэл Л захирал гэх хүн өөрийн электрон жингээр махыг жинлээд болохгүй байна шаардлага хангахгүй байна ямааны үнийг буулга 40.000 төгрөг болго гэхэд тэнд байсан хүмүүс уурлаж гадны хүн авчирч үнэ ханш унагалаа хөөж явуул наад хятадуудыгаа гэснээр маргаан гарсан тул Л захирал бид хоёр болъё гэж ярилцаад тохирсон. Тэдний жин дээр нэг өөр захын жин дээр жинлэхээр нэг өөр байсан. Тэр өдөр нь Б.Хатандарийн хэлснээр 6.000.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Бид 64 ширхэг ямаа гаргаснаас 18 гулууз махыг эдний хүмүүс шулаад ясыг нь хаясан байсан. Бид анхнаасаа 1 ямааг 70.000 төгрөг гэж ярьсан болохоос шулсан мах тэдэн кг тэдэн төгрөг гэж яриагүй. Ишиг гэж яриад байхын тэнд шүдлэн, борлон бүдүүн ямаа байсан. Намайг мал гаргах, шулах хүн олоорой гэсэн тул олсон. Тэдэнд цалин гэж мөнгө өгсөн. Гэтэл өөрсдөө олон хүн дагуулж очсон. Ийм хүмүүс дагуулж ирнэ гэдгээ хэлээгүй. Бид 1000 ямаа цуглуулах гэж хэдэн өдрийн ажил болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Ц.Э холбогдох гэрээний үүрэг, хохиролд 26.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1 ямааг 70.000 төгрөгөөр тооцож 1000 толгой ямааг 70.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр худалдан авагч Б.Х өөрийн Хаан банк дахь 5063289388 данснаас худалдагч Ц.Э Хаан банк дахь 5317012671 данс руу 70.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ямааны гулууз мах 17-18 кг-аар тохиролцсон жиндээ хүрээгүй тул мөнгөө буцаахаар тохиролцсон, хариуцагч нь 1 ямааг 70.000 төгрөг гэж ярьсан болохоос шулсан мах тэдэн кг тэдэн төгрөг гэж яриагүй, орон нутгаас мал нядлах хүмүүс олоод өгөөч нэг ямааг 5000 төгрөгөөр нядлуулна гэж тохирсон гэж тайлбарлан тус тус маргажээ. Зохигч хэн аль нь зөвшөөрч гэрээнээс татгалзаж хариуцагч төлбөрөөс 64.102.000 төгрөгийг нэхэмжлэгч Б. Х Хаан банк дахь дансанд буцаан шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банкны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Б.Х ажилчидын цалин хөлс, шатахууны зардал, орчуулагчийн хөлс, бусад зардалд 20.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч гэрээ хоёр талын хэний буруугаас үүдэн цуцлагдсан нь тодорхойгүй, нэг гулууз мах 17-18 кг байхаар тохирсон гэсэн тайлбар нь нотлогдоогүй, талууд хэн аль нь 1 ямааг 70.000 төгрөгт тооцон худалдаж авахаар тохирсоноо зөвшөөрсөн, ажилчидын цалин хөлс, тээврийн зардал, хоол унд, орчуулагчийн хөлсийг хэрхэн гэрээгээр хувиарласан нь тодорхойгүй, хэргийн 35-49 дүгээр хуудаст авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн шаардлагаа нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй тул 20.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Талууд хэн аль нь гэрээг цуцалж хариуцагч гэрээний үнэ 70.000.000 төгрөгнөөс 64.102.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тул үлдэгдэл 5.898.000 төгрөгийг хариуцагч Ц.Э гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож, үлдэх 20.102.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны явцад хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч Х.Б, Ц.Э, Ц.П, М. Н.Б, М.Г нар 1000 ямаа цуглуулж, нэг ямааг 5000 төгрөгөөр нядалхаар тохирч ажлын хөлсөнд хүний 250.000 төгрөг авсан талаар мэдүүлсэн боловч гэрээг зохигч хэн аль нь тохиролцож цуцалсан байх тул гэрчийн мэдүүлэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
|