Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Эрхэмбаяр

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Өсөхбаярт холбогдох эрүүгийн 2322000250096 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 20-ны Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Мандалын 1-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Батцэнгэлийн Өсөхбаяр, Регистрийн дугаар: ЗЮ95082035

 

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айргийн 2-12 тоотод И.Баяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь төмөр сандлаар цохиж эрүүл мэндэд нь “Тархи доргилт, духанд язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч И.Баярт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Боржигон овогт Батцэнгэлийн Өсөхбаяр нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айргийн 2-12 тоот хашаанд оршин суух иргэн И.Баярын монгол гэрт түүний гар утсыг нь түүний зөвшөөрлөөр авсан боловч буцааж өгөөгүй гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар Б.Өсөхбаяр нь И.Баярын толгойн тус газарт төмөр сандлаар цохиж эрүүл мэндэд нь “Тархи доргилт, духанд язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Өсөхбаярт зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч И.Баярын “Би Өсөхбаярыг ер нь бол танихгүй, Хулд сумын жоншинд ажиллаж байх үед намайг харсан юм байна лээ. Манай Хулд сумын хүргэн байж байгаад эхнэрээсээ салаад Сайнцагаан сумын төв рүү ороод ирсэн гэсэн би бол сайн танихгүй, Өсөхбаяр намайг таниад байдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед намайг Айргийн 2-12 тоотод гэртээ ганцаараа байх үед Өсөхбаяр нь гаднаас нэг шил “Хараа” архины шилний үлдэгдэл 200-300 мл архийг барьж та уух уу гээд орж ирсэн. Бид хоёр манай гэрт сууж байгаад тухайн архийг аяганд хийж уугаад нэг нэг татаад дууссан. Тэгээд Өсөхбаяр гэрээс гараад явсан, хэсэг хугацааны дараа би гэрийнхээ ойр байдаг 2 давхар цэнхэр дэлгүүр рүү ороод тамхи, бэлэн хоол, зайдсыг өөрийн хүү Ширнэнгээрээ мөнгө шилжүүлээд дэлгүүрээс авсан. Дэлгүүрээс гараад иртэл Өсөхбаяр дэлгүүрийн гадна шар өнгийн товчлуургүй утас барьчихсан энийгээ гучин гурваар өгнөө гэхээр нь би тэр дор нь өөрийн хүү Ширнэн рүү залгаад энд ийм утас байна хямдхан юм биш үү гэтэл хүү яах вэ хэрэггүй гэхээр нь би өөрийн гэр рүүгээ яваад өгсөн. Би гэртээ хариад дэлгүүрээс авсан бэлэн хоолоо дэвтээгээд идэх гээд байж байтал гаднаас Өсөхбаяр ганцаараа манай гэрт ороод ирсэн. Тэгэхээр би Өсөхбаярыг гэртээ харь гэтэл Өсөхбаяр надад хандан утсаа өгчих, би нэг яриадахъя, миний утас цэнэг нь дуусчихлаа гэсэн. Тэгэхээр нь би өөрийнх нь хэлсэн дугаараар залгаад Өсөхбаярт өөрийн хар өнгийн товчлууртай утсаа өгтөл Өсөхбаяр миний утсыг аваад куртикнийхээ халаасанд хийчихсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд чи утас өг, утсаа авъя гэтэл Өсөхбаяр гэрийн баруун талын орон дээр сууж байсан миний хоолойг боогоод, орны хажууд байсан хар өнгийн төмөр сандлыг аваад миний толгой хэсэг рүү 2 удаа савж хүчтэй цохисон, тэгээд миний толгой хэсэг урагдаад цус их хэмжээгээр гарсан. Тэгээд би гараад гэрийн хажуу талын айлын хаалгыг тогшоод цагдаа дуудаад өгөөч гэхэд тухайн айлын эмэгтэй надад цагдаа дуудаж өгсөн. Өсөхбаяр нь миний хоолойг боогоод, төмөр сандлаар миний толгой хэсэгт 2 удаа хүчтэй цохиод миний толгойг хагалсан ба толгойндоо 2 оёо тавиулсан байгаа. Миний биед Өсөхбаяраас өөр хүн гэмтэл учруулаагүй, тухайн үед манай гэрт Өсөхбаяр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би бага хэмжээний согтолттой байсан. Өсөхбаяр нь нэлээн согтуу байсан, өөрийнхөө хийсэн үйлдлийг хянах боломжтой байсан. Би гомдолтой байна, эм тарианы мөнгөө нэхэмжилмээр байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Б.Ренчиндоржийн “2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эргүүлийн 1, 4-р чиглэлд 19 цагаас 00 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Албан үүргээ гүйцэтгэх хугацаанд 20 цаг өнгөрөөгөөд Дундговь аймгийн Цагдаагийн газрын 102 дугаараас Сайнцагаан сумын 8 дугаар баг Айргийн 2-12 тоотод хашааны үүд эвдэлчих гээд хүмүүс гадаа зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиж шалга гэсний дагуу дуудлага мэдээлэл өгснөөс 3-4 минутын дараа Айргийн 2-12 тоотод очиход модон хашаатай, хашаан дотор 3 ширхэг гэр байсан, гэрийн гадаа очиход хашааны гадаа нэг согтуу эрэгтэй хашхираад явж байсан, тэгэхээр нь нөгөө хүнийг авч ирээд цагдаагийн машинд суулгасан. Дуудлага мэдээлэл өгсөн айл руу ороод юу болсон талаар асуухад 50 орчим насны эмэгтэй байсан ба хажуу талын айлын хүн цагдаад дуудлага өгөөч гээд байсан юм гэсэн. Тэгэхээр нь дуудлага өгөөч гэж хэлсэн хүнийх руу очтол хаалгаа цоожилсон байсан. Хаалгыг нь тогшоод цагдаагаас байна гэхэд 1 метр 50 орчим см өндөртэй жижиг биетэй 60-65 орчим насны толгой хэсэг нь битүү цус болсон байдалтай настай эрэгтэй хаалга тавьсан. Тэгэхээр нь шууд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү залгаад түргэн дуудсан, юу болсон талаар настай эрэгтэйгээс тодруулахад намайг нэг танихгүй эрэгтэй хүн манайд хугас шил архи барьж орж ирээд тэгэхээр нь би болон тэр залуугийн архинаас татсан, тэгээд гэртээ харь миний хүү гэтэл тэр залуу намайг төмөр сандлаар толгой хэсэгт 2 удаа цохиод миний хоолойг боогоод намайг зодчихоод миний нэгжтэй гар утсыг аваад явчихсан гэж хэлсэн. Танд гомдол санал байна уу гэж асуухад настай эрэгтэй надад утсаа авмаар байна, гомдолтой байна гэж хэлсэн. Тэгээд гадаа гараад цагдаагийн алаг тэргэнд сууж байсан залуугийн халаасанд байсан зүйлийг үзэхэд нөгөө эрэгтэйн алга болгосон гэх хар өнгийн товчлууртай гар утас гарч ирсэн, тэгэхээр нь тухайн утсыг настай эрэгтэйн гэр рүү барьж ороод таны хайгаад байгаа утас чинь мөн үү гэж асуухад тухайн хүн мөн гэсэн, тэгээд би гар утсыг нь өгсөн. Тухайн настай эрэгтэйгээс таны толгойг хагалсан хүн чинь муруй хамартай, жижиг биетэй залуу мөн үү гэж асуухад настай эрэгтэй надад мөн, миний толгойг хагалсан залуу бид хоёр Хулд суманд жоншин дээр таарч байсан гэж хэлсэн. Тухайн гэрт толгойдоо цус болсон эрэгтэйгээс өөр хүн байгаагүй бага зэргийн согтолттой байсан, гадаа хашхираад явж байсан 25-30 насны эрэгтэй их хэмжээний согтолттой байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Б.Ширнэнгийн “2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг Говь-Алтай аймагт ажил дээр байх үед манай аав Баяр өглөө 09 цагийн үед өөрийн 80386226 дугаарын утсаар над руу залгаад өчигдөр шөнө баруун лагерийн Өсөхбаяр гэдэг хүн манай гарт орж ирээд утсаараа яриулчих гэхээр нь би өөрийн гар утсаа өгтөл Өсөхбаяр миний утсыг аваад халаасалчихсан. Өсөхбаяр миний утсыг куртикнийхээ кармад хийчхээд гараад явах гээд байхаар нь би утсаа авъя гээд Өсөхбаярын куртикнээс таттал Өсөхбаяр төмөр сандлаар намайг 2 удаа цохичихлоо гэж утсаар ярьсан. 2023 оны 01 дүгээр сарын 29-нna өдөр Говь-Алтай аймгаас аав Баярт санаа зовоод иртэл аавын толгой хэсэг нь 2 оёо тавиулсан байдалтай байсан. Аавын биеийг Улаанбаатар хот орж үзүүлнэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/

Шүүгдэгч Б.Өсөхбаярын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай “И.Баярын биед тархи доргилт, духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлтээр /хх-ийн 34-35-р хуудас/ тогтоогдож байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн биед халдан зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь хохирогч И.Баярын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүний толгойн тус газарт төмөр сандлаар цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч И.Баяр нь хавтаст хэрэгт хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй ба цаашид хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

       2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүгдэгч Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

            Шүүгдэгч Б.Өсөхбаярын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

            Хувийн байдлын хувьд Б.Өсөхбаяр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүнчлэн тогтсон орлогогүй, хөдөлмөрийн насны бөгөөд нийтэд тустай ажил хийх чадвар бүхий этгээд болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулалгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан ба гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан, түүнчлэн эд зүйл буюу төмөр сандал ашигласан зэрэг байдлыг харгалзан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч Боржигон овогтой Батцэнгэлийн Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Батцэнгэлийн Өсөхбаярт 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаярт оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч И.Баяр нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ТӨРБОЛД