| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2020/0149/Э |
| Дугаар | 511 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 511
2020 04 28 2020/ДШМ/511
Д.И-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Энх-Оюун,
шүүгдэгч Д.И-ын өмгөөлөгч Ю.Тогмид,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.И-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2011000230043 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ийн И, Төв аймгийн Батсүмбэр суманд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо, 42-19 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 00-000 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/
Д.И- нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” нэртэй баараар үйлчлүүлж байхдаа Б.Баярмаагийн цүнхнээс “Нuawei v-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Д.И-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнээс 535,200 төгрөг гаргуулан хохирогч Б.Баярмаад олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.И- давж заалдах гомдолдоо: “... гэм буруутай үйлдлээ маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрсөн. Би Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилд ороод 5 хонож байхад шүүх хурал болсон. Ажиллаж байгаа байгууллагаас тодорхойлолт авах гэхэд “14 хоног ажиллаагүй учраас тодорхойлолт өгөхгүй” гэсэн. Хохирлоо ч мөн энэ шалтгаанаар төлж чадаагүй. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирлоо төлж барагдуулсан. Иймд надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.И- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Д.И-ыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хамтран амьдрагчийнх нь эгч ажилд оруулж өгсөн байдаг...” гэв.
Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.И-ын үйлдсэн хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэсэн тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.И-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.И- нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” нэртэй баараар үйлчлүүлж байхдаа Б.Баярмаагийн цүнхнээс “Нuawei v-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Баярмаагийн “... “Дуулга” нэртэй караоке бааранд үйлчлүүлж байхдаа гар утсаа гаргаж ирээд цаг харчихаад цүнхэндээ хийсэн. Караокенаас гарахад миний утас алга болсон байсан...” /хх 19-20/ гэх мэдүүлэг,
“Нuawei v-7” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ /хх 29-31/,
шүүгдэгч Д.И- нь хохирогчийг шатаар бууж байх үед цүнхнээс нь гар утсыг нь мэдэгдэхгүйгээр аваад буцаж шатаар өгсөж байгаа үйл явдлыг бэхжүүлсэн хяналтын камерын бичлэг /хх 10-14/,
бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 15/,
шүүгдэгч Д.И-ын “... гарч тамхи татахаар шатаар уруудаж байхад урд явж байсан эмэгтэйн баруун талдаа үүрсэн жижиг цүнхний цахилгаан онгорхой, дотор нь цэнхэр өнгийн ухаалаг утас харагдахаар нь мэдэгдэхгүйгээр хулгайлж авсан ...” /хх 37-38/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон, тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Д.И- нь бусдын хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодитой байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Д.И- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Баярмаа гомдол, саналгүй болж ял хөнгөрүүлэх талаар хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Д.И- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой шүүх бүрэлдэхүүн дүгнэн, ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн зүйл, хэсгийн 2.3 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Д.И- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Д.И- нь энэ хэрэгт нийт 1 сар 22 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Д.И- нь хохирогч Б.Баярмаад 535,200 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурьдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН