| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 110/2026/0026/З |
| Дугаар | 221/МА2026/0449 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0449
Ж.А-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч С.Н, Б.Ү, Ж.Н нар
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.А
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Н, аудитор Б.Ү, Ж.Н нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2026/0049 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К
Хариуцагч С.Н, Б.Ү, Ж.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 110/2026/0026/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.А-ээс Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Н, аудитор Б.Ү, Ж.Н нарт холбогдуулан “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2026/0049 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.4.1, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актаар Ж.А-ээр төлүүлэхээр тогтоосон 7719800 төгрөгийн төлбөрийн 2024 онд авсан 7034800 төгрөгийн ур чадварын нэмэгдэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 2023, 2024 онд авсан 685000 төгрөгийн нүүрсний үнийн хөнгөлөлттэй холбоотой хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Ж.А давж заалдах гомдолдоо:
“...Нийтийн аж ахуйн үйлчилгээний "С" ХХК "Түлээ нүүрсний хөнгөлөлт" олгох шийдвэрийг хамтын гэрээнд тусгаж, захирал хамтын гэрээгээр тусгасан хэмжээгээр нийт ажилчдад /захирал мөн хамааран/ түлээ нүүрсний хөнгөлөлт олгох гэрээний үүргээ хэрэгжүүлэн шийдвэр гаргаж ирсэн бөгөөд зөвхөн 2023-2024 онд бус миний захирлаар ажиллаж байх хугацаанд мөн үүнээс өмнөх хугацаанд ч гэсэн түлээ нүүрсний хөнгөлөлтийг захирлын тушаалаар олгож ирсэн. Гэтэл аудит зөвхөн 2023-2024 онуудад түлээ нүүрсний хөнгөлөлт олгосон шийдвэрт төлбөрийн акт тавьсан нь "захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа бодит нөхцөлд” тохирсон байх хуулийн зарчимд нийцээгүй... Нийтийн аж ахуйн үйлчилгээний "С” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам мөн "С" ХХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан “хамтын гэрээнд" "Ажилчдын ар гэрт" жилд нэг удаа 5 тонн хүртэл нүүрсний үнийг байгууллагын тухайн жилийн боломжоос хамааруулан хөнгөлөлт үзүүлнэ гэж тусгасан... Төрийн аудитын актын үндэслэлд дурдаж буй Ж.А нь 685.000 төгрөгийн нүүрсний хөнгөлөлтийг өөртэй авч, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж буй нь үндэслэлгүй бөгөөд "Нийтийн аж ахуйн үйлчилгээний "С" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээнд "...байгууллагаас хамтын гэрээний хүрээнд үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, олговор, урамшуулал зэрэг байгууллагын хэмжээнд мөрдөх, журмын хэрэгжилтэд Үйлдвэрчний эвлэлийн холбоо хяналт тавина гэж зааснаар 2023-2024 онуудад байгууллагын жилийн борлуулалт, төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн боломжит нөхцөл байдалд уялдуулан хамтын гэрээнд тусгасан нөхцөлийг ажил олгогч биелүүлнэ, Нийтийн аж ахуйн үйлчилгээний "С" ХХК-ийн нийт ажилчидтай нүүрсний хөнгөлөлт үзүүлсэн. Нийтийн аж ахуйн үйлчилгээний "С" ХХК нь үйл ажиллагааны тайлангаа жил бүр Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан, санхүүгийн байдалд жил бүр хяналт шалгалт, хөндлөнгийн аудит оруулж, санхүүгийн ямар ч зөрчилгүй гарч ирсэн. /2020-2024 онуудад /Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд Нийтийн аж ахуйн үйлчилгээний "С" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нийт ажилтнуудад адил тэгш үйлчлэх шийдвэрийг хэрэгжүүлсэн бөгөөд өөртэй давуу байдал олгосон, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх нөхцөл байдал огт байхгүй болно. Үүнээс гадна Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК нийт ажилчидтай адил тэгш хэмжээгээр түлээ нүүрсний хөнгөлөлт олгох харилцааг "хамтын гэрээгээр" зохицуулсан бөгөөд хамтын гэрээнд түлээ нүүрсний хөнгөлөлт олгох шийдвэрээ ажил олгогч /захирал/ гаргахаар тодорхойлсон бөгөөд бусад ажилчдад захирлын тушаалаар, харин захирлын түлээ нүүрсний хөнгөлөлт олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргахаар тусгайлан зохицуулаагүй болно. Нөгөө талаараа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хамтын гэрээгээр тодорхойлсон хөдөлмөрийн нөхцөлийг ажил олгогч заавал биелүүлэх үүргийг хуулиар хүлээсэн бөгөөд ажил олгогч компанийн үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй байгуулсан хамтын гэрээний заалтыг биелүүлэн шийдвэр гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Тодруулбал нэхэмжлэгчийн хувьд Нийтийн аж ахуйн үйлчилгээний "С” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд нийт ажилчдын эрх ашигт хамаарах ижил шалгуур, ижил нөхцөлөөр нүүрсний хөнгөлөлт эдлэх шийдвэр гаргасан байхад төрийн аудит уг хөдөлмөрийн харилцааны бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээгүй, эрх зүйн баримт бичгийн агуулгыг гуйвуулж, нотлох баримтад тулгуурлаагүй акт тогтоосон нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа "бодит нөхцөлд" тохирсон байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагч нарын "Төлбөрийн акт барагдуулах” тухай 2025 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА-тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Н , аудитор Б.Ү , Ж.Н нар давж заалдах гомдолдоо:
“...Шүүх нь ажилчдын цалин хөлсийг шинэчлэн тогтоох буюу цалин хөлсийг шинээр ба шинэчлэн тогтоож байгаа зүйлийг анхаараагүй. Өөрөөр хэлбэл “С” ХХК-ийн нийт албан хаагч, ажиллагсад 2024 онд олгох цалин хөлсийг шинэчлэн тогтоосон гол эрх зүйн акт, баримтыг нягталж, судалж үзээгүй ба зөвхөн тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан гишүүдийн гэрчийн мэдүүлгээр шийдвэрлэсэн юм байна. Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон 9-р тогтоолын хавсралтаар компани ажилтан, албан хаагч тус бүрээр цалин хөлсийг шинэчлэн, шинээр баталж өгсөн тул “С” ХХК нь тус цалин хөлсний хэмжээг баримталж ажиллах ёстой. Хэрвээ ажилтан, албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх буюу хасах тохиолдолд тус албан хаагчийг томилж, чөлөөлөх эрх бүхийн албан тушаалтан болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс хууль, журмын дагуу шийдвэр гарсны үндсэн дээр шийдвэрлэгдэх юм. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон 9-р тогтоолын хавсалтаар захирал Ж.А-т үндсэн цалинг 2,800.0 мянган төгрөгөөр үндсэн цалингийн нэмэгдлийг 210 мянган төгрөгөөр, удаан жилийн нэмэгдлийг 7 хувиар буюу 210.7 мянган төгрөгөөр тогтоож нийтдээ 3,220.7 мянган төгрөгийн цалин, хөлс олгох тухай тодорхой тогтоож өгсөн ба тус тогтоолын хавсралтад заасан ур чадварын нэмэгдэл хөлсийг авах тухай захирал Ж.А-т эрх үсээгүй болох нь ил тод харагдаж байна. Ж.А нь ур чадварын нэмэгдэлтэй холбоотой Төлөөлөн удирдах зөвлөлд хүсэлт гаргаж дараа, дараагийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гаргуулан авах эрх нь нээлттэй байгаа мөртлөө үүнийг хэрэгжүүлээгүй улмаар уг тогтоолыг зөрчиж, дур мэдэн эрх хэмжээг хэтрүүлэн ур чадварын нэмэгдлийг авсан байсныг бодит нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй, тус 9-р тогтоолын хавсралтад нийтдээ 76 ажилтан, албан хаагчийн үндсэн цалин, нэмэгдэл хөлсийг тогтоохдоо 15,960.2 мянган төгрөгийн цалингийн нэмэгдлийг 76 албан хаагчид, 3,443.1 мянган төгрөгийг удаан жилийн нэмэгдлийг 47 албан хаагчид, 419.7 мянган төгрөгийн мэргэшсэний нэмэгдлийг 2 албан хаагчид, 743.4 мянган төгрөгийн ажил хавсарсны нэмэгдлийг 5 албан хаагчид, 3,483.9 мянган төгрөгийн бохир усны нэмэгдлийг тус тус тогтоосон ба ур чадварын нэмэгдлийн талаар Ж.А олгох тухай огт шийдвэр гараагүй байсныг шүүх анхаараагүй ба бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй болно. Мөн Ж.А-т 2,500.0 мянган төгрөгийн үндсэн цалин, 25 хувийн ур чадварын нэмэгдэл, 5 хувийн бусад нэмэгдэл хөлсийг олгохоор Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ба тус тогтоолын хүрээн 2023 онд ур чадварын нэмэгдлийг хэвийн авч ирсэн болно. Гэтэл "Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн орон тоо, цалингийн сан, ажилчдын цалин хөлсийг шинэчлэн тогтоох тухай" Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дуугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар хурлын шийдвэрээр тус компанийн орон тоог 76 байхаар шинэчлэн тогтоосон, 2 дахь хэсэгт Компанийн цалингийн сан, нийт ажилчдын цалин хөлсийг нэгдүгээр хавсралтаар шинэчлэн баталж, батлагдсан цалин хөлсийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж олгохыг Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал /Ж.А/-д зөвшөөрсүгэй, 3 дахь хэсэгт Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга /Х.В/-д даалгасугай, 4 дэх хэсэгт энэ тогтоол гарсантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолын 2 дугаар заалт болон 3 дугаар хавсралт, 2023 оны 04, 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай гэж эрх зүйн баримт ил тод, тодорхой гарсан байдаг. Гэтэл шүүхээс өөрөөр хэлбэл, тус хурлаар компанийн гүйцэтгэх захирал болон ажилчдын цалин хөлсний хувьд зөвхөн үндсэн цалинг шинэчлэн батлах буюу нэмэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, харин Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал болох гүйцэтгэх захирлын цалин хөлсийг тогтоож баталсан шийдвэрийг хүчингүй болгох, гүйцэтгэх захирлын цалин хөлс буюу ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлийг хасах, олгохгүй байх тухай асуудлыг хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болох нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, хуралд оролцсон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэсэн буруу тайлбарласан гэж үзэж байна. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, хуралд оролцсон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэсэн мөртлөө тус тогтоолыг “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.М нь тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан, “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.В нь тогтоолын 4 дүгээр хэсгийг буруу томьёолон тусгасан байна гэж хэлэх нь зохимжгүй ба шүүх нь анхаараагүй, өнгөрөөсөн болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн 09 дүгээр тогтоолын хавсралтад ажилтан тус бүр цалин хөлсийг нэг бүрчлэн авах нэмэгдлүүдийн шинэчлэн баталсан хавсралтын хуудас бүр “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.М, нарийн бичгийн дарга Х.В нар гарын үсэг зурж баталгаажуулсан боловч анзаараагүй, техникийн алдаа, буруу томьёолон гаргасан байна гэж хэлэх боломжгүй зүйл ба үүнийг шүүх сайтар, нягталж судлаагүй ур чадварын нэмэгдэл олгох асуудал, хүчингүй болгосон тогтоолыг хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэж буруу тайлбарласан болно. Гэвч бодит нөхцөл байдал нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт 2023 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон юм. Төрийн аудитын газраас "С" ХХК-ийн сүүлийн 5 жилийн санхүүгийн тайланг баталгаажуулах аудитын дүнгээс харахад 2020 онд 214.0 сая төгрөгийн алдагдалтай, 2021 онд 30.9 сая төгрөгийн алдагдалтай, 2022 онд 193.5 сая төгрөгийн алдагдалтай, 2023 онд 91.6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Харин 2024 онд 190.3 сая төгрөгийн ашигтай ажилласан. Тухайн 2024 онд ашигтай ажиллаж байгаа боловч цэвэр, бохир усны авлага 325.2 сая төгрөг, богино хугацаат өглөг 568.8 сая төгрөг, урт хугацаат өглөг 492.3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс харахад нэхэмжлэгч Ж.А-ийн "Би 2016 оноос хойш тус компанид захирлаар ажиллаж энэ хугацаандаа жилийн 150-300 сая хүртэлх төгрөгийн алдагдалтай байсан компанийг богино хугацаанд засаж, үр ашигтай тогтвортой үйл ажиллагаатай байгууллага болгож чадсан" гэсэн нь үндэслэлгүй болно. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар төлөвлөгөөт шалгалтаар "С" ХХК-ийн 2024 он, 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Уг шалгалтаар төсөвт байгууллагуудаас цэвэр, бохир усны төлбөрийг тоолуурын заалтаар авдаггүй, байгууллагын харилцах дансанд төлбөрт үйлчилгээ үзүүлсэн орлогыг төвлөрүүлдэггүй, хэрэглэгчийг шугам сүлжээнд холбохдоо батлагдсан ажлын зургийн дагуу усны тоолуур суурилуулдаггүй, мэргэжлийн үндсэн ажилчид дутмаг, олборлосон усны тооцоо зөрүүтэй, эх үүсвэрийн насосын 2 тоолуур нь заримдаа гацдаг, хэвийн ажиллагаа нь алдагдсан зэрэг зөрчлүүдийн гаргаж албан шаардлага хүргүүлсэн. Мөн тухайн зохицуулах хорооны тайланд ажилчдад хоол, унааны хөнгөлөлтийг олгохгүй байгаа, ажиллагсдын цалин салбарын дунджаас 38 хувиар, улсын дунджаас 50 хувиар тус тус доогуур байгаа гэж дүгнэсэн. Үүнээс харахад тухайн байгууллагын дотоод хяналт сул, байгууллагын удирдлагаас ажилчдын нийгмийн асуудлыг хангалттай шийдвэрлээгүй байгаа ба нэхэмжлэгч Ж.А-ийн "Би ажиллаж байх хугацаандаа ажилчдын цалингаа 75 хувиар нэмж, байгууллагын борлуулалтын орлого анх удаагаа 200 саяас давуулан биелүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлд тайлангаа өгч байсан" гэдэг нь үндэслэлгүй болох нь харагдаж байна. Төрийн аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийхдээ тухайн гарсан зөрчлийг давхардуулан бичээгүй, зөвхөн аудитын тайланд дурдаж бичсэн болно. Тус гүйцэтгэлийн аудитаар нийт 422.3 сая төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд нийт 9.5 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 412.8 сая төгрөгийн албан шаардлага, 6 төрлийн зөвлөмж хүргүүлэн ажилласан. Аудитын тайланг аймгийн Засаг дарга, Төлөөлөн удирдах зөвлөлд, "С” ХХК-д тус тус хүргүүлсэн. Нэхэмжлэгчээс Ж.А-тэй холбоотой төлбөрийн акттай холбоотой маргаан үүсгэж шүүхэд хандсан тул тухайн акттай холбоотой нотлох баримтыг хүргүүлж, гүйцэтгэлийн аудитын тайлан шаардлагагүй гэж үзэж хүргүүлээгүй байсан.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч болон хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Ж.А-ээс Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Н , аудитор Б.Ү , Ж.Н нарт холбогдуулан “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг[1] хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/107 дугаар[2] тушаалын дагуу Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийсэн “Орон нутгийн өмчит, өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт гүйцэтгэлийн аудитаар “С” ХХК-ийн 2023, 2024 оны цалин, нэмэгдлийн тооцоог шалгаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар гүйцэтгэх захирал асан Ж.А нь “2023 оны 10 дугаар сард 310,000 төгрөгийн, 2024 оны 11 дүгээр сард 375,000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг 2023 оны А/25 дугаар, 2024 оны А/12 дугаар тушаалаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр, эрх хэмжээгээ хэтрүүлж өөртөө тушаал гаргаж авсан гэж 685,000 төгрөг, 2024 онд ур чадварын нэмэгдлийг 25 хувиар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр, эрх хэмжээгээ хэтрүүлж авсан гэж 7,034,800 төгрөг нийт 7,719,800 төгрөгийн” төлбөрийн актыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр тогтоосон байна.
2.3. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дүгээр тогтоолыг[3] үндэслэн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолын[4] хавсралтаар гүйцэтгэх захирал Ж.А-ийн цалинг шинэчлэн, үүнд үндсэн цалин 2,500,000 төгрөг, ур чадвар 25 хувь, бусад 5 хувь гээд нийт 3,250,000 төгрөг байхаар баталжээ.
2.4. Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолд[5] “...тус компанийн орон тоог 76 байхаар шинэчлэн тогтоож...компанийн цалингийн сан, нийт ажилчдын цалин хөлсийг нэгдүгээр хавсралтаар шинэчлэн баталж, 4-д “...2023 оны 04, 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэж заасан байна.
2.5. Анхан шатны шүүхийн “... нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлахгүйгээр нэхэмжлэгчээр ур чадварын нэмэгдэл 7,034,800 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан "бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцээгүй байна” гэх дүгнэлт зөв байна.
Учир нь, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирал Ж.А-ийн цалинг шинэчлэн баталсан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон гэж байгаа боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар хурлаар[6] тус асуудлыг хэлэлцээгүй нь хурлын тэмдэглэл болон тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.В-ийн[7] “...захирлын ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлийн талаар ямар нэгэн асуудал хэлэлцэгдээгүй...4 дүгээр тогтоолын хавсралтын холбогдох хэсэг буюу захирлын үндсэн цалинтай холбоотой хэсгийг хүчингүй болгох гэж тусгах ёстой зүйлийг буруу томьёолон тусгасан байна...өмнө нь олгохоор шийдвэрлэсэн нэмэгдлийг зогсоох, өөрчлөх, цуцлах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй”, гэх Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.М-ийн[8] “...үндсэн цалинтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар тусгах ёстой байсан боловч техникийн алдаагаар 04 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон мэтээр тусгагдсан байна. Үүнээс биш саяны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар захирлын ур чадварын нэмэгдлийг нэмэх, хасах, зогсоох өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг огт хэлэлцээгүй. Тогтоолын төслийг нарийн бичгийн дарга боловсруулж ирдэг, миний хувьд хянадаг. Харин энэ 09 дүгээр тогтоолыг тухайн үед анзаарахгүйгээр гарын үсэг зурсан байна.” гэх гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогддог.
2.6. Хэдийгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон гэж байгаа боловч тус өдрийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Ж.А-ийн ур чадварын нэмэгдлийг хүчингүй болгох талаар хэлэлцээгүй нь тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байхад захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлаагүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэхээр байх тул Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын ур чадварын нэмэгдэлтэй холбоотой 7,034,800 төгрөгийн төлбөр тогтоосон хэсэг нь үндэслэлгүй байна.
2.7. “С” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын[9] 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “Өрхийн тэргүүлэгчдэд жилд нэг удаа 5 тонн нүүрсний үнийн хөнгөлөлтийг байгууллагын тухайн жилийн боломжоос хамааруулан олгоно.” гэж зааснаар Ж.А 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/25 дугаар[10] тушаалаар 310,000 төгрөгийн, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/12 дугаар[11] тушаалаар 375,000 төгрөгийн нүүрсний үнийн хөнгөлөлтийг тус тус авчээ.
2.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар баталсан гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ[12] болон Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө.” 76 дугаар зүйлийн 76.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 76.1.9-т “компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох”, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “С” ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” 7.2.5-д “Компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох цалин, шагнал, урамшуулал, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх, хариуцлагын хэмжээг тогтоох, гэрээ байгуулах” гэж тус тус заасны дагуу гүйцэтгэх захиралд олгох цалин, шагнал, урамшуулал, эдгээртэй адилтгах орлогыг олгох эсэх талаар шийдвэр гаргах нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх буюу гүйцэтгэх захирал нь өөртөө нүүрсний хөнгөлөлт олгох шийдвэр гаргах эрхгүй байна.
2.9. Ж.А нь өөртөө нүүрсний үнийн хөнгөлөлт олгох шийдвэр гаргаж, 2023 болон 2024 онд нийт 685,000 төгрөгийг авсан үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэх заалтыг зөрчсөн байх тул Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын нүүрсний үнийн хөнгөлөлттэй холбоотой 685,000 төгрөгийн төлбөр тогтоосон хэсгийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
2.10. Нэгтгэн дүгнэвэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон гэж байгаа боловч тус өдрийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Ж.А-ийн ур чадварын нэмэгдлийг хүчингүй болгох талаар хэлэлцээгүй нь хурлын тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн Компанийн тухай хууль, “С” ХХК-ийн дүрэм, холбогдох дээр дурдсан зохицуулалтуудаас үзвэл гүйцэтгэх захиралд олгох цалин, шагнал, урамшуулал, эдгээртэй адилтгах орлогыг олгох шийдвэр гаргах нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхэд хамаарах ба нэхэмжлэгч Ж.А өөртөө нүүрсний үнийн хөнгөлөлт олгохоор гаргасан шийдвэр нь үндэслэлгүй нь тогтоогдсон эдгээр тохиолдолд анхан шатны шүүхээс Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын ур чадварын нэмэгдэлтэй холбоотой 7,034,800 төгрөгийн төлбөр тогтоосон хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 2023, 2024 онд авсан 685,000 төгрөгийн нүүрсний үнийн хөнгөлөлттэй холбоотой хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх ба нэхэмжлэгчийн “...өөртөө давуу байдал олгосон, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх нөхцөл байдал огт байхгүй...нүүрсний хөнгөлөлт олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргахаар тусгайлан зохицуулаагүй...эрх зүйн баримт бичгийн агуулгыг гуйвуулж нотлох баримтад тулгуурлаагүй акт тогтоосон...” гэх, хариуцагч нарын “...ур чадварын нэмэгдэлтэй холбоотой Төлөөлөн удирдах зөвлөлд хүсэлт гаргаж, дараа дараагийн хуралдаанаар шийдвэр гаргуулан авах эрх нээлттэй байсан мөртлөө үүнийг хэрэгжүүлээгүй...Ж.А-т олгох тухай огт шийдвэр гараагүй...буруу томьёолон тусгасан байна гэж хэлэх нь зохимжгүй...хүчингүй болгосон тогтоолыг хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэж буруу тайлбарласан...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2026/0049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.А, хариуцагч С.Н , Б.Ү , Ж.Н нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 139-141 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 122 дахь тал
[3] 2 хавтаст хэргийн 14 дэх тал
[4] 1 хавтаст хэргийн 98-99 хуудас
[5] 1 хавтаст хэргийн 150-154 хуудас
[6] 1 хавтаст хэргийн 237 дахь тал
[7] 1 хавтаст хэргийн 244-246 хуудас
[8] 2 хавтаст хэргийн 12-13 хуудас
[9] 1 хавтаст хэргийн 62 дахь тал
[10] 1 хавтаст хэргийн 197 дахь тал
[11] 1 хавтаст хэргийн 200 дахь тал
[12] 1 хавтаст хэргийн 32-38 хуудас