Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч П.Бат-Оргил, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Олохнууд овогт Пүрэвдоржийн Бат-Оргилд холбогдох 201626012886 дугаартай, 188/2017/0092/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит цайз” ХХК-ний хамгаалалтын албанд “Хамгаалагч” ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Булагтын 2-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Их Олохнууд овогт Пүрэвдоржийн Бат-Оргил /РД:ДП83051913/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

П.Бат-Оргил нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112-ийн автобусны буудал дээр таксинд явахаар зогсож байсан П.Алтанхуяг дээр очиж түүнд хандан “таксинд явах уу хойноос дагаад яв” гэхээр хариуд нь “явахгүй” гэж хэлсний улмаас “чи яагаад таксинд явдаггүй юм” хэмээн иргэн П.Алтанхуягийн эзэмшлийн 99-30 УБВ улсын дугаартай Хьюндай Аванте ХД маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шилийг гараараа хага цохиж бусдын эд хөрөнгийг санаатай устгах,

Улмаар П.Алтанхуяг “машины шил яах гэж хагалж байгаа юм бэ” гэсэн зүй ёсны шаардлага тавихад заамдан авч нүүр лүү нь цохиж бие махбодид нь “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамар, хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч П.Бат-Оргил-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Хүчит цайз” хамгаалалтын газар хамт ажилладаг хүмүүс болох Сансар, Дорждэрэм, Өлзийбат нарын хамт Баянхошууны Хөтлийн өргөн гудамжинд өөрийнхөө 04-87 УНЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машинд 0.75 литрийн 2 шил архийг хувааж уусан. Дорждэрэм миний машиныг барихаар болоод архинаас уугаагүй, Сансар, Өлзийбат бид гурав 0.75 литрийн 2 шил архийг хувааж ууж дуусгасан. Бид нар архиа ууж дуусгаад манай гэр рүү явж байхад Дорждэрэм, Сансар, Өлзийбат нарыг манайхаас буцаагаад аваад явах такси барихаар Баянхошууны 112-н автобусны буудал орчим байдаг такси зогсоол дээр очсон. Би нилээн архи уусан болохоор цааш нь болсон зүйлийг сайн санахгүй байна, нэг таксины жолоочтой муудалцаад машиных нь шилийг хагалснаа маш бүдэг санаж байна. Надад өөр санаж байгаа зүйл алга байна. …Би Алтанхуяг гэх залуугаас уучлал гуйж хохирлыг барагдуулсан байгаа. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, …хохирлоо бүрэн барагдуулсан байгаа. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36, 39 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч П.Алтанхуяг-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би өөрийн 99-30 УБВ улсын дугаартай Avante XD маркийн машинтай таксинд явдаг. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би таксинд явахаар Баянхошууны 112-н буудлын орчим байдаг таксины зогсоол дээр зогсож байхад зогсоолын харалдаа буюу авто замын дагуу 04-87 УНЕ улсын дугаартай Приус20 маркийн машин ирж зогсоод машины цонхоор жолооч болох залуу нь “таксинд явах уу” гэхэд жолоочийн хажууд нь сууж явсан хүн “араас дагаад явчих” гэсэн. Тухайн үед машинд сууж явсан хүн нь илт согтуу байсан тул би тэдэнд явахгүй гэхэд тэр машинтай хүмүүс яваад өгсөн. Удаагүй буцаж машинтайгаа ирээд зогсоолын харалдаа зогсоод дотроос нь 30 гаруй насны 180 см орчим өндөртэй, хамгаалалтын албаны юм шиг хар хувцастай, толгойдоо буурал суусан үстэй залуу, мөн дээрх хамгаалалтын юм шиг хар хувцастай хүнээс арай намхан бор куртиктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 27-28 орчим насны залуу 2 бууж ирээд биерхүү толгойдоо буурал суусан үстэй ах нь “чи яахаараа таксинд явдаггүй юм, таксинд явахгүй юм бол яах гэж энд зогсдог юм” гэж хэлээд миний машины зүүн талын урд /жолоочин талын/ шилийг гараараа цохиж хагалсан. Миний машины шил хагарахаар нь би нүүрээ дараад доош тонгойсон ба буцаж өндийгөөд машинаасаа бууж ирээд тэр хүнд “яагаад шил хагалж байгаа юм” гэхэд миний машины шилийг хагалсан хамгаалалтын юм шиг хар өнгийн хувцастай буурал үстэй хүн нь намайг заамдаж аваад “чи таксинд явчих” гэж хэлэхээр нь би түүнд явахгүй гэхэд нүүр рүү гараараа нэг удаа цохичихоод машиндаа суугаад явсан. Тэнд таксинд явдаг Чука гэх ах тэр хүмүүсийн араас нь очиж гэрийг нь мэдэж аваад цагдаад мэдэгдсэн. …Тухайн үед яг хэн байсныг нь сайн мэдэхгүй байна. Нүүрс зардаг ах ямар ч байсан, Чука гэх ах болсон зүйлийг харсан байх гэж бодож байна. …Би тэр хүнийг огт танихгүй, тэр хүн ямар нэгэн шалтгаангүй миний машины шилийг хагалж, намайг зодсон, би түүнд гар хүрсэн зүйл байхгүй. …Би машиныхаа шилийг солиулсан, эмчилгээний зардалд нийт 900,000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, хүсэлт гэх зүйл байхгүй. …Би машиныхаа шилийг 120,000 төгрөгөөр үнэлнэ. Бат-Оргил миний хохирлыг бүрэн барагдуулсан. Бидний хооронд хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 х/

 

Гэрч З.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Намайг мэддэг хүмүүс намайг Чука гэж дууддаг юм. Алтанхуяг гэх залууг би 2016 оны 07 сараас байх зүс мэддэг болсон. Алтанхуяг бид нар Баянхошууны 112-н автобусны буудал орчим байдаг такси зогсоол дээр хамт зогсдог болохоор нэгнийгээ зүс мэддэг болсон. …2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байсан санагдаж байна барагцаагаар 15-16 цагийн орчим намайг Баянхошууны 112-н автобусны буудал орчим байдаг такси зогсоол руу өөрийн машинтайгаа ороход Алтанхуяг өөрийн Хьюндай Аванте маркийн цагаан өнгийн машинтайгаа зогсож байгаа харагдсан. Тухайн үед намайг дөнгөж зогсоол руу орж ирэхэд Алтанхуягийг машиндаа сууж байхад түүн дээр замын нөгөө талаар нэг дэх нь биерхүү, хамгаалалтын албаны хувцас шиг хувцастай, 30 гаруй насны залуу, нөгөөх нь туранхай арай жижиг биетэй мөн л 30 орчим насны 2 залуу очоод биерхүү хамгаалалтын албаны юм шиг хувцастай залуу нь Алтанхуягийн жолоочийн талын хаалганы шилийг гараараа цохиж хагалчихаад Алтанхуягийг татаад буулгаад ирсэн. Тэр хооронд би машинаасаа буугаад тэдэн дээр очоод тэднийг салгахад тэр хоёр залуу замын нөгөө талд гараад саарал өнгийн байх Приус 20 маркийн машинд суугаад явахаар нь би тэднийг өөрийн машинтайгаа дагаж яваад гэрийг нь мэдэж аваад цагдаад мэдэгдсэн. …Алтанхуяг дээр очсон 2 залуугийн арай жижиг биетэй залуу нь Алтанхуягт гар хүрээгүй. …гэхдээ би яг цохиж зодсоныг хараагүй, үйл явдал их хурдан болсон болохоор тэрийг анзаараагүй байх, намайг дөхөөд очиход Алтанхуягийн хамраас цус гарсан байсан ба тэр хамгаалалтын албаны юм шиг хувцастай залуу л цохисон байх гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/

 

Гэрч Г.Цэнгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 08-20 цагийн хооронд Ачит-114 чиглэлийн авто эргүүлд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 10 цагийн орчимд байх тодорхой санахгүй байна Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машины цонх хагалаад зодоон болоолд байна гэх дуудлагыг хүлээн авч Баянхошууны 112-н буудал дээр очиход Алтанхуяг гэх хүнийг үл таних хүн зодсон гэх ба түүний хамраас цус гарсан байдалтай, мөн түүний 9930 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай Аванте маркийн машиных нь зүүн урд талын хаалганы шил нь хагарсан байдалтай байсан. Тухайн үед Алтанхуяг гэх хүнийг зодсон хүний гэрийг нь нэг залуу харсан гээд тэр хүнээр заалгуулж Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Булагтын 2-8 тоотод очиж Бат-Оргил гэж хүнийг шалгуулахаар Ачит-10-т хүлээлгэн өгсөн. Бат-Оргил гэх хүн нилээн согтуу байдалтай байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 х/                             

 

Гэрч Д.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Бат-Оргил, Дорждэрэм, Сансар нарын хамт “Хүчит цайз” ХХК-д хамгаалалтын газар ажилладаг. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөө ажлаасаа буугаад Баянхошууны Хөтөл гэдэг газар Бат-Оргилын Тоёота Приус 20 маркийн машинд архи уусан. Дорждэрэм Бат-Оргилын машиныг нь барьж явсан болохоор архинаас уугаагүй, харин Бат-Оргил, Сансар бид гурав 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Бид нар Бат-Оргилыг эхлээд гэрт нь хүргэж өгөөд машиныг нь үлдээгээд явъя харин буцахдаа таксигаар явъя, замаасаа такси авъя гэж ярилцаад замаараа Баянхошууны 112-н автобусны буудлын такси зогсоолоос такси авахаар очоод Бат-Оргил машиныхаа цонхоор нэг таксины жолоочийг “явах уу” гэхэд нөгөө хүн нь “согтуу хүмүүстэй явахгүй” гэж байсан. Тухайн үед бид нар тэр жолоочийг явахгүй гэхээр нь зогсоол өнгөрөөд явж байхад Бат-Оргил “алив буцдаа” гэхэд машин барьж байсан Дорждэрэм буцаад нөгөө такси зогсоолын хажууд очоод зогссон чинь Бат-Оргил машинаасаа буухаар нь би дагаад буусан. Бат-Оргил надаас түрүүлж алхаад зогсоол дээр зогсож байсан нэг цагаан өнгийн Аванте маркийн машины шилийг гараараа цохиж хагалсан. Үүний дараа жолооч нь гарч ирээд Бат-Оргил ахтай барьцалдаж авахад цаанаас нь өөр нэг ах ирээд Бат-Оргил ахыг болиоч гэсэн, би ч Бат-Оргилыг араас нь татаад аваад явсан. …Миний санаж байгаагаар Бат-Оргилын машиных нь шилийг хагалахад жолооч нь болох залуу бууж ирээд “та яаж байгаа юм” гэж хэлээд Бат-Оргил ахтай барьцалдаад авсан. Бат-Оргил тэр хүнийг цохисон эсэхийг би хараагүй, би нилээн согтуу байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 х/

 

Гэрч А.Дорждэрэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Хүчит цайз” хамгаалалтын албанд ажилладаг хүмүүс болох Өлзийбат, Сансар, Бат-Оргил гэх хүмүүстэй Баянхошуунд ирсэн. Тэр өдөр Бат-Оргил, Сансар, Өлзийбат нар ажлаас буусан гээд 0.75 литрийн 2 шил архи хувааж уучихаад нилээн согтоцгоосон, би угаасаа архи  уудаггүй, эрүүл байсан болохоор Бат-Оргилын Приус20 маркийн машиныг нь барьж явахаар болсон. Бид нар эхлээдБат-Оргилыг гэрт нь хүргээд машиныг нь гэрт нь үлдээгээд такси бариад явахаар ярисан. Бат-Оргилын гэр нь замаас нилээн зайтай байдаг тул бид нар замаас такси бариад дагуулж явахаар болж Баянхошууны 112-н автобусны буудлын орчим байдаг таксины зогсоол дээр очиход ганцхан цагаан өнгийн Аванте XD маркийн машинтай залуу байсныг таксинд явах эсэхийг нь Бат-Оргил машиныхаа цонхоороо жолооч руу нь “явах уу” гэхэд цаад хүн нь “явахгүй” гэсэн юм. Зогсоол дээр өөр машин байгаагүй тул бид нар хөдлөөд явж байгаад ер нь такси авч явсан нь дээр гээд такси барихаар буцаад такси зогсоолын харалдаа очоод зогсоход Бат-Оргил, Өлзийбат нар зогсоол дээр байсан цагаан өнгийн Аванте XD таксины жолоочтой ярихаар буусан, Сансар нилээн согтсон болохоор машины арын суудал дээр тасраад унтсан байдалтай байсан. Би авто замын эхний эгнээнд зогссон байсан болохоор машинаасаа буугаагүй урд хойноо машин харж байгаад нэг харахад Бат-Оргил дээрх цагаан өнгийн Аванте XD маркийн машины жолооч нь бололтой залуутай барьцалдаад авчихсан, Өлзийбат тэд нарыг салгах гээд зогсож байсан. Намайг машинаасаа буугаад очих хооронд Өлзийбат, Бат-Оргилыг тэр таксины жолоочоос салгаад өөдөөс ирсэн. …Миний харсан зүйл бол Бат-Оргил нэг залуутай зууралдсан байхад Өлзийбат өөр нэг залуутай хоёр талаас нь салгасан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/

 

Шинжээчийн 16542 тоот дүгнэлт

1.Алтанхуяг-н биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамар, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг /хх-ийн 30 х/

 

Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “…Уг тээврийн хэрэгслийн гадна хэсэг бүхэлдээ тоос шороо болсон байдалтай байх бөгөөд автомашины урд гуперийн баруун болон зүүн булангууд 3-5 см радиустай 6 хэсэг газар будаг нь халцарсан байдалтай, өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. …Хохирогч П.Алтанхуяг нь хэрэг болох үед автомашины урд хаалганы шил бүхэлдээ хагарсан, одоо би шилээ солиулаад тавьсан байгаа гэх тул уг шилийг хохирогчоор өөрөөр нь заалган гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. …” /хх-ийн 14-15 х/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 50 х/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

            П.Бат-Оргил архидан согтуурсан үедээ “таксинд явсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн гэх танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив талын шинжүүд болох өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргаж ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэж нийгэм дэх хүмүүс хоорондын харилцааны тогтож хэвшсэн ёс журмыг ноцтой зөрчсөн болох нь танхайн гэмт хэргийн бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэх шинжүүдийг, мөн бусдын автомашины шилийг гараараа цохиж хагалсан нь бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан.

            Шүүгдэгч П.Бат-Оргилыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгүүдэд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

П.Бат-Оргил урьд өмнө шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 40 х/-аар тогтоогдож байгаа, хохирогч П.Алтанхуягийн хаалганы шил 80,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд 130,000 төгрөгөөр шил авч шиллэж өгсөн, түүний бие махбодид нь учирсан гэмтлийн эмчилгээний зардалд 900,000 төгрөг бэлнээр өгч хохирлыг бүрэн барагдуулсан болох шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч П.Алтанхуягийн гаргасан “…миний бие Бат-Оргилоос 900,000 төгрөг гаргуулан авсан, одоо надад гомдол санал алга.  …” /хх-ийн 52 х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

П.Бат-Оргил нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

П.Бат-Оргилын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

П.Бат-Оргил нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Их Олохнууд овогт Пүрэвдоржийн Бат-Оргилыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан,

танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.П.Бат-Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 /жил/ 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар П.Бат-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 03 /жил/ 02 /хоёр/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 04 /дөрвөн/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Бат-Оргилын эдлэх 04 /дөрвөн/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.П.Бат-Оргилд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 1.030.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Бат-Оргилд оногдуулсан 04 /дөрвөн/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан П.Бат-Оргилд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ