Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0157

 

2020 оны 03 сарын 05 өдөр Дугаар 128/ШШ2020/0157 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Ж

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн Я.А, Г.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/343 дугаар захирамжаар О.Ж-д Баянзүрх дүүргийн ******* хороо, *******ны ******* тоотод байрлалтай 1864631******* бүхий нэгж талбарын дугаартай, 208 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж захирамж гаргасан.

Тус шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн газрын алба нь газар эзэмшигч О.Ж-тай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж, 0006******* дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 14-ний олгосон байдаг.

Газар эзэмшигч О.Ж нь Баянзүрх дүүрэг, ******* хороо ******* ******* тоотод байрлах 208 м.кв талбайтай газраа газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу ашиглаж, зохих хууль тогтоомж,гэрээний дагуу газрын төлбөрөө цаг тухай бүр нь газар эзэмшүүлэгчид шилжүүлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлдэг байсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сард иргэн А.А-д холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* хороо, 1 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 208 м.кв талбайтай өөрийн эзэмшил газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсээд явж байхад А.А нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн ******* хороо, 1 дүгээр гудамжны ******* тоотод байрлалтай 1864631******* нэгж талбарын дугаар бүхий 208 м.кв газрын иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүйд тооцуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. О.Ж уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаартай захирамжийн хуулбарыг захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг захирамжийг О.Ж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулж олж мэдсэн.

2015 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэн О.Ж-д дээрх газрыг хуульд заасан үндэслэл журам, нөхцөлийн дагуу өөрт олгогдсон чиг үүрэг, бүрэн эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гарган эзэмшүүлсэн. Маргаан бүхий газрыг иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга олгохдоо хуулиар өөрт олгогдоогүй инженерийн шугам сүлжээ бүхий байршилд захиргааны акт гарган Газрын тухай хуульд заасан Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэхэд олгогдсон бүрэн эрхэд халдсан гэж үзэхгүй.

Учир нь О.Ж нь тус газрыг 3 жил 3 сарын хугацаанд иргэний зориулалтаар эзэмшиж, ашиглаж байна. Дээрх хугацаанд болон газар эзэмшихээс өмнөх хугацаанд уг газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газраар баталж байгаагүй.

Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр

зүйлийн 21.5.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын хуулиар олгогдсон шийдвэрлэх газраас бусад газрыг дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, 2015 оны А/343 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр иргэн О.Ж болон өөр бусад Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлсэн бөгөөд бусад газар эзэмшигчдийн эзэмшиж байгаа газар О.Ж-ы эзэмших газартай хил залгаа, ойролцоо байршилд байрладаг. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь гагцхүү О.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль бус захиргааны актыг Нийслэлийн Засаг дарга нь гаргаснаар газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны А/343 дугаар захирамжаар О.Ж-д тус газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг дарга тухайн иргэнээс ирсэн өргөдлийг хянаж үзээд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд захиргааны акт гаргасан.

 

Тус газар цэвэр усны шугам дээр олгогдоогүй. Хамгаалалтын бүсээс 5 метр зайд байдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газар тусгагдаагүй. Хариуцагч тал шугам сүлжээнд холбогдох боломжтой газрыг дүүргийн Засаг дарга олгох боломжгүй гэж яриад байна. Тийм зүйл байхгүй. Тухайн дүүргийн Засаг дарга өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд дүүргийн иргэдийнхээ газрыг баталгаажуулах эрхтэй. Нэхэмжлэгч О.Ж-ны ашиглаж, эзэмшиж байсан газрыг өөр хүмүүс ашиглаад ашиг олоод байгаа үйлдэл бол хууль бус үйлдэл юм.

Газрын тухай хуульд дүүргийн Засаг дарга нь өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Газрын албатайгаа зөвшилцөөд тухайн дүүргийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө энэ асуудлыг тусгаад, Газрын албаны мэргэжилтнүүд судалж үзээд газар олгодог. Энэ газар нь шугам сүлжээнээс 5 метр зайд байгаа учир дүүргийн Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд тус газрыг олгох бүрэн эрхтэй.

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө батлах бүрэн эрх нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. Энэ асуудлыг шүүх анхаарч үзэх байх гэж бодож байна. Газрыг цуцалж байгаа бол тухайн иргэнд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах ёстой. Гэтэл сонсох ажиллагаа огт явуулаагүй. Захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа учир шүүхийн шийдвэр гарах хүртэл түр хүлээгээч гэсэн албан бичгийг Нийслэлийн Газрын албанд өгсөн байгаа. Газрын албанд очоод өргөдөл өгч байх үед энэ хүмүүс 07 дугаар сард нь сонсох ажиллагаа хийгдсэн гэж зөрүүтэй тайлбарлаад байна. 2 сарын өмнө ажиллагаанууд нь явагдаад шүүхэд энэ асуудал нь хэлэлцээд явж байхад нөгөө авилгачийнхаа эрх ашгийн хүрээнд шийдвэрлээд байгаа нь байж болохгүй асуудал. Энэ асуудлаар шат шатны байгууллагад нь хандана гэж бидний зүгээс үзэж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга тийм захирамж гаргах гэж байгаа бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж гаргасан төлөвлөгөөний дагуу хуулиар эрх олгосон хүрээнд нийслэл, дүүргийн иргэдэд газар олгодог.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн бүс нутгийг инженерийн шугам сүлжээ бүхий газар гэдэг төлөвлөгөө гаргаж батлаагүй байсан учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарагддаг газар байсан учир иргэн О.Ж-ы хүсэлтээр тухайн газрыг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан захирамжийн гол үндэслэх хэсэг нь энэ үндэслэлээр няцаагдана.

Хариуцагчаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 онд тухайн бүс газарт болон инженерийн шугам сүлжээнд барихаар төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн баримтыг гаргаж өгсөн. Маргаан бүхий газар нь 2015 оны Баянзүрх дүүргийн Засаг даргатай холбоотой асуудал яригдаж байгаа учир 2015 оны төлөвлөлтийг авч үзэх нь зүйтэй. Мөн холбогдох байгууллагуудаас тухайн хэсэгт газрын давхцал байхгүй гэсэн албан бичгүүдийг ирүүлсэн байгаа.

Иргэний журмаар шүүхэд хандаад явж байсан учир 2 жилийн хугацаанд газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж байгаа.

Өөрөөр хэлбэл анх сонсох ажиллагааг тайлбарлахдаа 3 үндэслэлээр танай газар эзэмших эрхийг хүчингүйд тооцуулахаар байна гэж тайлбарлаж өгч байсан талаараа шүүх хуралдаан дээр хэлж байна. Гэтэл тухайн үндэслэлийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс авч үзээд, энэ үндэслэлээр боломжгүй учир ийм үндэслэлээр цуцлая гэдэг тохиролцоонд хүрч энэ захирамжийг гаргасан гэдэг нь харагдаж байна.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлдээ Газрын албанаас тухайн жилд төлөвлөгдсөн газар дээр газар олгох ёстой. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга тус төлөвлөгөөний дагуу газар олгоогүй гэдэг тайлбарыг хэлж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн үндэслэлийн хүрээнд тайлбарлах ёстой.

Захиргааны ерөнхий хууль иргэн бүрт, тэгш үйлчлэх ёстой гэсэн үзэл баримтлал байдаг. 2015 онд Баянзүрх дүүрэгт 347 иргэнд газар эзэмших эрх олгосон байна. Гэтэл зөвхөн иргэн О.Ж-д холбогдуулж захиргааны акт гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчиж байна.

Инженерийн шугам сүлжээ бүхий байршилд захиргааны акт тогтоох талаар Газрын тухай хуульд тодорхой заасан байдаг. Нийслэлийн Засаг дарга газар олгохдоо шаардлагатай буюу инженерийн шугам сүлжээ бүхий газарт олгоно. Харин олгох эрхийг нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж өгсөн тухайн жилийн төлөвлөгөөний дагуу иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр газар олгох ёстой. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 онд энэ талаар ямар нэгэн шийдвэр, тогтоол гаргаагүй учир Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан захирамж нь хууль ёсны дагуу гарсан. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж нь илт хууль бус захиргааны акт гэж харагдаж байгаа учир тухайн захиргааны актыг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн саналыг илэрхийлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга 2019 оны А/946 дугаар захирамжийг батлахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 61 дүгээр зүйлийг тус тус үндэслэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Ж-д олгосон 208 м.кв иргэний ахуйн зориулалттай газрыг хүчингүй болгосон.

Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг батлан гаргахдаа

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасныг зөрчин, Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж инженерийн шугам сүлжээ бүхий байршилд иргэн О.Ж-д газар эзэмшүүлсэн тул шийдвэрийг цуцалсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.3-т Газрын тухай хуулийн 21.2.3, 21.3.2-т тус тус зааснаар Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, холболтын зурвас газруудыг хэлнэ гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт дүүргийн Засаг даргын эрх хэмжээг тус тусад нь заасан байгаа. 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт ...тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд дүүргийн Засаг дарга санал өгнө. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг дарга өөрийн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу бусдад газар эзэмших эрх олгоно гэж заасан байдаг. Тэгэхээр шугам сүлжээ бүхий болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт зөвхөн Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх олгох хуулийн зохицуулалттай.

Маргаан бүхий газар нь шугам, сүлжээ бүхий газар мөн эсэх талаар Улсын Дээд шүүхийн тогтоол болон хэрэгт авагдсан шугам сүлжээний зургуудаар нотлогдоно.

Бид сонсох ажиллагаа хийсэн боловч тус мэдэгдлийг хүлээн аваагүй талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Захирамжийн төсөл нь шат шатны хүрээнд хэлэлцэгдэж явж байгаад захирамжийн үндэслэл нь өөрчлөгдсөн байсан. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл энэ ажиллагааг дахин явуулах боломж, эрх хэмжээ

байгаа гэдгийг анхаарах байх.

2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2014 онд нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталдаг. Тухайн жилийн Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлээд дүүрэг бүр өөр өөрсдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргана. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газарт иргэдэд шинээр эзэмшүүлэх, ашиглуулахаар газар олгох талаар тусгагдаагүй.

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ байршлыг тодорхойлно. Тэгэхээр тухайн жилийн төлөвлөгөөнд бусдад шинээр эзэмшүүлэх газрын байршилд огт тусгагдаагүй гэдгийг шүүх анхаарч үзэх байх.

Маргаан бүхий газар нь шугам сүлжээ бүхий газар байна гэдэг талаар Баянзүрх дүүргийн Газрын албанаас иргэн О.Ж-д өгч байсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг хэрэгт авагдсан байгаа. Холбогдох хуулиудад инженерийн шугам сүлжээ бүхий газар нь хамгаалалтын зурвастай байх бөгөөд хамгаалалтын зурвас дотор газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно гэсэн заалт байдаг. Тэгэхээр энэ газар өөрөө зурвас газарт хамаарч байгаа учир шугам сүлжээний газар мөн. Тиймээс тухайн газарт дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Нийслэлийн Засаг дарга нь доод шатны буюу дүүргийн Засаг даргын хуульд нийцээгүй захиргааны актыг өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон.

2015 онд тус газар нь шугам сүлжээний зурвасгүй байсан гэдэг нь өрөөсгөл ойлголт. Цэвэр усаар хангах байгууламж хэдэнд онд баригдсан талаарх баримтыг Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн байгаа. 2015 оны Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн маргаан бүхий газрын ойролцоо бусдад шинээр эзэмшүүлэх, ашиглуулах байршил огт батлагдаагүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Жщ нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ...Баянзүрх дүүргийн Засаг дарга нь О.Ж-д 208 м.кв газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ... өөрт хуулиар олгогдсон ... эрх хэмжээний хүрээнд ... эзэмшүүлсэн. ... О.Ж нь уг газрыг 3 жил 3 сарын хугацаанд иргэний ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд энэ хугацаанд болон газар эзэмшихээс өмнөх хугацаанд уг газрыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газраар баталж байгаагүй. ... Тус газар нь ... инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар биш. Иймд инженерийн шугам, сүлжээ бүхий байршилд захиргааны акт гарган Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан гэж үзэхгүй. Нийслэлийн Засаг дарга нь гагцхүү О.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгон газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль бус захиргааны актыг гаргаснаар газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ... хууль бусаар олгогдсон газрыг цуцалж байгаа тохиолдолд мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулах ёстой боловч огт явуулаагүй ... гэж, хариуцагч нь Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчин, Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, инженерийн шугам сүлжээ бүхий байршилд О.Ж-д газар эзэмшүүлсэн. Уг газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар. ... Захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах-аар тус тус заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд аймгийн төв, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зөвхөн аймаг, нийслэлийн Засаг дарга, дээрхээс бусад газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анх Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/343 дугаар захирамжаар[1] иргэн О.Ж-д тус дүүргийн ******* хороо, 1-******* тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 208 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0006******* дугаартай гэрчилгээ олгожээ.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжаар[2] Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Ж-д 208 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 21.2.3 дахь хэсэгт заасныг зөрчин Нийслэлийн Засаг даргад олгогдсон бүрэн эрхэнд халдаж, өөрт хуулиар олгогдоогүй инженерийн шугам сүлжээ бүхий байршилд захиргааны акт гаргасан гэж үзэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаар захирамжийн иргэн О.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч О.Ж-ы 1864631******* нэгж талбарын дугаар бүхий 208 м.кв газар нь бусдын эзэмшил газартай давхцалгүй байх ба хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгч ньмаргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар биш хэмээн маргажээ.

Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга, байгууламж төлөвлөх, барихыг хориглох-оор, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно гэж, 17.7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна гэж зааснаас үзэхэд инженерийн шугам, сүлжээ баригдсан тохиолдолд хамгаалалтын зурвас тогтоох, хамгаалалтын зурваст газар эзэмшүүлэх эрх олгох, барилга байгууламж барихыг хориглосон гэж үзэхээр байна.

Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.3-т инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий , хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиололын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан барилгын техникийн нөхцөл-ийг авч болох газар хамаарах-аар заажээ.

Нэхэмжлэгч О.Ж-ы 1864631******* нэгж талбарын дугаар бүхий 208 м.кв газар ньинженерийн шугам, сүлжээ бүхий газар болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын мэдээллийн масштаб зураглал[3], Ус сувгийн удирдах газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3\122 дугаартай...О.Ж-ы /нэгж талбарын 1864631*******/ газарт цэвэр, бохир усны шугам сүлжээний тодруулга хийхэд байршлын зургийн 1 дүгээр цэгээс зүүн тийм 0,95 м-т, 2 дугаар цэгээс баруун тийш 1,34 м-т цэвэр усны диаметр 800 мм-ийн төвийн шугам байрлаж байна гэсэн албан бичгээр[4] тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн маргааны үйл баримтаас үзвэл гэр хорооллын оршин суугчдыг усаар хангах зориулалт бүхий 03 дугаарын ус түгээх барилга нь 1977 онд ашиглалтад орсон болох нь тухайн барилга байгууламжийн паспорт, хувийн хэргээр[5] тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг иргэн О.Ж-д эзэмшүүлэхээр олгох үед (2015 онд) уг газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар байсан гэж үзэхээр байна.

Иймд маргаан бүхий газарт барьж байгуулагдсан цэвэр усны төвийн шугам байх тул нэхэмжлэгчийн ...Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд ... барьжбайгуулагдахаар төлөвлөгдөөгүй гэсэн

агуулгаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэн үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан инженерийн шугам, сүлжээ бүхий газарт нэхэмжлэгч О.Ж-д газар эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчжээ.

Нэхэмжлэгчээс газрыг цуцалж байгаа бол тухайн иргэнд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах ёстой. Гэтэл сонсох ажиллагааг огт явуулаагүй гэж маргаж байх боловч хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-06/3156 дугаар албан бичгээр[6] О.Ж-д ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан нөхцөл бүрдсэн тул таны газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох болсныг мэдэгдье гэсэн мэдэгдлийг хүргүүлж байсан үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг үгүйсгэхгүй байна.

Хэдийгээр хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актад заасан үндэслэлээр сонсох ажиллагаа явуулаагүй буруутай байх боловч энэхүү үндэслэл нь дангаараа маргаан бүхий захиргааныактыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийг зөрчсөн доод шатны албан тушаалтан болох Баянзүрх дүүргийн Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгосныг шүүх буруутгах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамж нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа манай кадастрын зураг биш, өөр кадастрын зургаар Ус сувгийн удирдах газар тодруулга хийсэн гэж маргаж байх боловч эдлэн газар болон нэгж талбар бүр нэг оноосон дугаартай, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг байх тул газрын мэдээллийн нэгдсэн санд оруулсан нэгж талбарын 1864631******* дугаар бүхий О.Ж-ы 207 м.кв газрын кадастрын зургийн дагуу гаргаж ирүүлсэн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААҮГ-ын албан бичгийг [7] шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв нотлох баримт гэж үзсэн бөгөөд харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж-ы нотлох баримтаар гаргаж өгсөн нэгж талбарын дугаар бүхий 1331301256 кадастрын зураг[8] нь /2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн / газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул дээрх кадастрын зургийн дагуу гаргаж ирүүлсэн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/272 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтыг[9] шүүх үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тусбаримтлан нэхэмжлэгч О.Ж-ы Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ж-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 105-117, 158-159 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 19, 219 дүгээр хуудсанд

[3] Хавтаст хэргийн 225 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 64-65дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 71-73 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 220 дугаар хуудсанд

[7] Хэргийн 64-66 дугаар хуудсанд

[8] Хэргийн 182 дугаар хуудсанд

[9] Хэргийн 195-196 дугаар хуудсанд