| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/01915/И |
| Дугаар | 102/ШШ2020/02441 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2020/02441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 96/1 дүгээр байр 52 тоотод оршин суух, Л.Ж
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, 52 тоот хаягт байрлах, Р ХХК
Өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ж, өмгөөлөгч Б.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р ХХК-нд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр агуулахын няраваар ажилд орсон. 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 2020 оны 03 дугаар сарын 01-ний хооронд ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орсон. 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл төв агуулахад няравын ажлаа хийсэн. Ковид-19-ын улмаас 5 хоног карантилсан. 03 дугаар сарын 16-ны өдөр ажилтнууд ажилдаа орсон. 03 дугаар сарын 30-ны орой компаний буриад захирал Б.Г утсаар өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өг цаашид ажиллуулах боломжгүй гэхээр нь би бага насны хүүхдүүдтэй ажлаа хиймээр байна гэсэн хариу өгсөн. Ингээд 04 дүгээр сарын 01-нээс 10-ны өдөр хүртэл ажилласан. 04 дүгээр сарын 09-ний өдөр ажлын цаг тарах үеэр ахлах менежер таныг Амгалан захын салбарт няраваар томиллоо тушаалаа уншаад танилц гэхээр нь үзээд гарын үсгээ зурсан. Уг тушаалд төв салбараас Амгалан салбарт агуулахын няраваар ажиллуулахаар томилсон байсан. Энэ байдлаа надтай зөвшилцөөгүй. Миний үндсэн цалин 750.000 төгрөгийг ч бууруулсан. Төв агуулахад 8 удаа гардаг байсан бол Амгалан салбарт 2-3 удаа гардаг болсон. Ковид-19 цар тахлын улмаас манайх график гаргаж 7 хоногт 3, 3 өдрөөр ажиллаж байсан. Энэ графикийн дагуу 5 сарын 5-ныг хүртэл ажилласан. Би ажилдаа ойртоод 1 дүгээр хороололд байр хөлсөлсөн байсан. Гэтэл гэрээс холдуулж Баянзүрх дүүрэгт Амгалан салбарт няраваар ажиллуулж байна. Ажлын байрыг надтай зөвшилцөхгүй холдуулсан тул 05 дугаар сарын 05-наас хойш ажилдаа очоогүй. Учир нь ажлаа хийхээр тушаалыг зөвшөөрсөн болоод байна. Тушаалыг зөвшөөрөхгүй учир ажилдаа очоогүй. Миний ажил албан тушаал өөрчлөгдөөгүй. Харин цалин буурсан. 04 дүгээр сард 623.000 төгрөгний цалин, 05 дугаар сард 372.000 төгрөгний цалин авсан. Иймд өөр ажилд буруу шилжүүлэн ажиллуулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан төв агуулахын няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тул ажилгүй байсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойших цалинд 3.205.454 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Р ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Р ХХК 2012 онд байгуулагдаж Э-И ХХК-ийн байранд түрээсийн үйл ажиллагаа явуулж ирсэн. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс төв офиссын байрандаа нүүж ирснээр энд тэнд байсан агуулахаа нэгтгэж боловсон хүчний илүүдэлтэй болсон. Мөн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас компаний хэвийн үйл ажиллагаа ч доголдож алдагдаж эхэлсэн боловч ажилтнуудын тоог цөөрүүлэхгүй цалинжуулж, боломжит хэлбэрээр ажилтай орлоготой байх үүднээс компани хичээж ажиллаж ирсэн. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж Л.Ж-г өөр салбар руу шилжүүлэх болсныг тайлбарлан өгч өөрөөс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр өөр салбар руу шилжүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд тушаалыг зөвшөөрөхгүй, шахалтанд орж гарын үсэг зурсан гэсэн зүйл ярьж байх шиг байна. Энэ хүн эрх зүйн бүрэн чадамжтай, тушаалыг уншиж танилцаад тушаалын ард хүлээн зөвшөөрч, танилцлаа гэж гарын үсгээ зурсан. Түүний цалин буураагүй. Өөрөө 2020 оны 05 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хэлээд ажилдаа ирэхээ больсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд өөр ажилд шилжүүлэх гэсэн ойлголтыг гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд шилжүүлж болно гэж заасан. Л.Ж-г хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд шилжүүлээгүй. Няраваар ажилладаг хүнийг өөр салбар луу няраваар шилжүүлсэн. Түүнээс хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд шилжүүлээгүй. Энэ хүний хөдөлмөрийн нөхцөл, цалинд ямар ч өөрчлөлт ороогүй. Ажлын байрны чиг үүрэгт заасан албан тушаал нь хэвээр, цалин хэвээр байна. Хотын захын салбарт ажилламааргүй байна гэсэн шаардлага тавьж байгаа нь хуульд нийцэхгүй. Өөрөө ажлаа хийхгүй хаяж явчихаад цалин авна гэж тайлбарлаж байгаа нь ч үндэслэлгүй. Ажилласан хугацааны 4 сар, 05 дугаар сарын 05-ныг хүртэлх цалингаа авсан гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч Р ХХК-нд холбогдох өөр ажилд буруу шилжүүлэн ажиллуулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан төв агуулахын няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тул ажилгүй байсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойших цалинд 3.205.454 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Р ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Л.Ж-тай 750.000 төгрөгний цалинтай няравын албан тушаалд ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, компаний ерөнхий захиралын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №6 ажилд шилжүүлэн томилох тухай тушаалаар 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тус компаний Амгалан дахь салбарт няраваар шилжүүлэн ажиллуулжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь надтай зөвшилцөхгүй өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулж цалинг бууруулсан, тушаалыг зөвшөөрөөгүй тул 05 дугаар сарын 05-наас хойш ажиллаагүй, энэ хугацааны цалин гаргуулна, хариуцагч нь няравын албан тушаалд сарын 750.000 төгрөгний цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, төв агуулхаас Амгалан салбарт няраваар шилжүүлэн ажиллуулсанг өөр ажилд буруу шилжүүлсэн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй, өөрөө ажлаа хийхгүй хаяж явсан тул цалинг шаардах үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан байна.
Нэхэмжлэгч Л.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр ажилд буруу шилжүүлэн ажиллуулсан гэж тайлбарласан боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд сарын 750.000 төгрөгний цалинтай агуулахын няравын албан тушаалд авч ажиллуулсан байх ба төв агуулахын няравын ажлаас Амгалан салбарт няраваар шилжүүлэн ажиллуулж байгаа байдал нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажлын байр, албан тушаалыг өөрчилж өөр ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Тэрээр компаний Баянгол дүүрэг дэх салбарт агуулахын няраваар ажиллаж байгаад Баянзүрх дүүрэг дэх Амгалан салбарт агуулахын няраваар шилжин ажиллаж байгаа байдлаа өөр ажилд буруу шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч ажилтан анх тохирч гэрээгээр няравын албан тушаалын ажил үүргийг гүйцэтгүүлэхээр тохирсон тул хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажлыг гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөр салбарт шилжүүлэн ажиллуулсан тушаалыг зөвшөөрөөгүй тул 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй, ажилгүй байсан хугацааны цалинд 3.205.454 төгрөг гаргуулна хэмээн шаардсан боловч энэ нь ажил үүргээ гүйцэтгэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан бус тул цалинг гаргуулах үндэслэлгүй.
Иймд хариуцагч Р ХХК-нд холбогдох өөр ажилд буруу шилжүүлэн ажиллуулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан төв агуулахын няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тул ажилгүй байсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойших цалинд 3.205.454 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэгч Л.Жарнаажаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч Р ХХК-нд холбогдох өөр ажилд буруу шилжүүлэн ажиллуулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан төв агуулахын няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тул ажилгүй байсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойших цалинд 3.205.454 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэгч Л.Жарнаажаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА