| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2016/0100/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/89 |
| Огноо | 2016-03-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2016/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0100/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Д.****** , С.****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт ****** гийн ****** , ****** овогт ****** ын ****** нарт холбогдох 201609000037 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ****** овогт ****** гийн ****** , /регистрийн дугаар: ******/, ******* төрсөн, ******** настай, эрэгтэй, ******* тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, ам бүл *******, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ********ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн ***** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******** аймгийн Сум дундын шүүхийн ******** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, **********-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 2 сар хорих ял, ****** ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ******дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, **********-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” 25 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн. Бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
2.Монгол улсын иргэн, ****** овогт ****** ын ****** , /регистрийн дугаар: ТЕ74090507/, Дархан-Уул аймаг, Дархан суманд 1974 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг Ухаа хошууны 8-115 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.****** , С.****** нар бүлэглэн мөн яллагдагч Д.****** ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим *********** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****** дотор үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.****** ын “****** ” хүүхдийн хувцасны дэлгүүрээс 1 хос эсгий гутал хулгайлж, бусдад 220,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.****** ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би саяхан ял эдэлж байгаад Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багт байрлах хуучин зах дээр явж байгаад өөрийн зүс таних ****** тэй таарсан. ****** гутал хийх материал сонирхож байхад нь тус павильон дотор ил 1 хос шар түрийтэй гутал байхаар нь аваад захаас гарч явсан. Тэр үед намайг павильон дээрээс гутал хулгайлахыг ****** мэдээгүй учраас би ****** т “чамайг павильон дотор гутал хийх материал сонирхож байхад чинь гараар хийсэн 1 хос түрийтэй гутал байсан, худалдагч нь анзаарахгүй болохоор нь хулгайлаад авчихлаа” гэж хэлээд бид хоёр гутлыг зарахаар ****** ийн 2 давхраар асуугаад явж байсан, гэтэл ****** ээс салаад төөрчихсөн байсан. Тэгээд ****** өөр ****** ийг хайгаад явж байхдаа Хүүхдийн хувцасны лангуун дээр ил байсан түрийтэй эсгий гутлыг хулгайлаад гадаа ****** ийг хүлээгээд зогсож байсан. Удалгүй ****** миний араас гарч ирсэн. Тэр үед би ****** т эсгий гутал Олон улсаас хулгайлсан талаар хэлсэн. Тэгээд бид хоёр нохой гутлаа ****** дээр зарж чадаагүй учраас зах орж гутлаа заръя гэж тохироод ****** ийн хамт зах орсон. Тэгээд бид хоёр захын махны тасгаас мах авч байсан явуулын хүнд захын гадна павильоны тэнд хулгайлсан нохой гутлаа бэлэн 50,000 төгрөгөөр өгсөн. Дараа нь ****** тэй хамт ****** дээр очоод ****** цаашаа ганцаараа хүнсний бүтээгдэхүүн зардаг зах уруу ороод ****** өөс хулгайлсан эсгий гутлаа 50,000 төгрөгөөр зарахаар тохирч 10,000 төгрөгт хиам аваад үлдсэн мөнгийг нь авчихлаа гэсэн гарч ирсэн. Бид хоёр 2 гутал зарсан мөнгөөрөө идэж, уугаад дуусгасан. Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа учраас хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлж, барагдуулах болно /хавтаст хэргийн 48, 50 дэх талууд/, ... хохирогчид гутлыг нь буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан 50,000 төгрөгийг мөн төлж барагдуулсан, дахин гэмт хэрэг хийхгүй ажил хийж амьдарна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.****** ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би хувиараа өвлийн нохой гутал хийж зардаг. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зах орж гутал хийх материалаа авах гээд явж байгаад зүс таних ****** тай таарахад архи уусан халамцуу байдалтай байсан. Тэгтэл ****** надаас “ганц шил архины мөнгө байна уу” гэж асуухаар нь би гутлын материалаа авах мөнгөтэй явж байна гэж хэлээд бид хоёр захаас нэг шил архи аваад түүнийгээ захын хойно очиж хувааж уусан. Бид хоёр авсан нэг шил архиа ууж дуусгаад зах орж миний гутлын материалыг авах гээд захын павильон дээр очсон. Тэгээд би павильон дээгүүр гутал хийх материалаа сонирхоод явж байхад ****** миний ард явж байснаа гэнэт алга болсон байсан. Би захын үүдээр ганцаараа гараад явж байтал ****** эрэгтэй хүний үстэй нохой гутал барьсан зогсож байхаар нь “энэ юун гутал юм бэ” гэж асуухад ****** надад “чамайг дагаад явж байхдаа павильоноос энэ гутлыг хулгайлчихлаа” гэхэд нь би “ингэж болж байгаа юм уу” гэхэд ****** “одоо яахав дээ нэгэнт авчихсан юм чинь, чи ахдаа энэ гутлыг зараад өгчих” гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч, гутлыг зарахаар болж ****** бид хоёр ****** д ирээд ****** “би чамайг эндээс ажиглаад, хараад зогсож байя, чи лангуунуудаар яваад наад гутлыг чинь авах хүн байна уу асуугаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гутлыг зарах гээд хүмүүсээс асуухад авах хүн байхгүй байсан учраас явах гээд худалдааны төвийн үүдээр гартал үүдэнд ****** нэг хос эсгий гутал барьсан зогсож байхаар нь би энэ гутал чинь зарагдахгүй байна гэхэд ****** “за за одоо яахав ээ, би дахиад нэг гутал авчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гутлуудаа зах дээр зарахаар болж, хуучин захын махны тасагт мах худалдан авч байсан үл таних нэг эмэгтэйд бэлэн 50,000 төгрөгөөр зарсан. Харин эсгий гутлаа ****** орж хиам зардаг худалдагч эмэгтэйд бэлэн 50,000 төгрөгөөр өгөхөөр тохирч, бэлнээр 40,000 төгрөгийг аваад 10,000 төгрөгт тааруулан хиам авсан. Бид хоёр гутал зарсан мөнгөөрөө идэж, уугаад дуусгасан. Миний зүгээс хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн барагдуулах болно. ****** тай бүлэглэн ****** ийн хүүхдийн хувцасны лангуунаас гутал хулгайлсан үйлдэл минь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна /хавтаст хэргийн 52, 54 дэх талууд/, ... Ажил хийж дахин ийм хэрэгт холбогдохгүй, 5 хүүхдийг минь надаас өөр харж хандах хүн байхгүй учраас энэ байдлыг маань харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим лангуун дээрээ хүмүүст бараагаа үзүүлж байхад манай дэлгүүрт зарж байгаа өрөөтэй байсан гутлуудаас 1 хос орос эсгий гутал алга болсон байсан. Тэгээд тэр даруй худалдааны төвийн холбогдох албан тушаалтанд хэлээд байгууллагын 2 давхрын дотор камерыг шүүж үзэхэд 40-45 орчим насны үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн миний гутлыг аваад явж байгаа бичлэг байсан. Манайх тухайн гутлыг лангуун дээрээ 250,000 төгрөгөөр зардаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, ... Миний бие Дүгэржав овогтой ****** нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ОУХ-ны төвийн “****** ” дэлгүүрээс алдсан гутлаа олж авсан тул гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх тайлбар /хавтаст хэргийн 111 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байх. Тухайн өдөр би лангуун дээрээ бараагаа зараад зогсож байхад лангууны өмнө нэг үл таних эгч ирээд “эсгий гутал авах уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тэр гутлыг өмсөж үзэхэд надад таарч байсан учраас тэр эгчээс та энэ гутлаа хэдээр зарах юм бэ гэхэд 80,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би тэр эгчтэй ярилцаж, тохиролцоод 50,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 10,000 төгрөгт хиам, үлдсэн 40,000 төгрөгийг тэр эгчид бэлнээр нь өгч, уг эсгий гутлыг авсан. Би тухайн гутлыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Миний зүгээс гутал худалдаж авсан 50,000 төгрөгөө авсан тохиолдолд гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, ... Миний бие ****** овогтой ****** нь 2015 оны 12 дугаар сард ****** гэдэг хүнээс орос эсгий гутал 50,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл уг гутлаа хураалгаж, надад хохирол учирсан бөгөөд уг хохирлоо холбогдогч нараас гаргуулж авсан тул миний зүгээс гомдол, санал байхгүй. Мөн хэргийн материалтай танилцахгүй” гэх тайлбар /хавтаст хэргийн 110 дахь тал/,
****** ийн 2 давхарт байрлах “****** ” хүүхдийн хувцасны лангууны камерын бичлэгт үзлэг хийсэн “... Уг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн лангууны ертөнцийн зүгээр урд хэсэгт бараа үзэж байгаад 17 цаг 06 минут 25 секундэд буцаж хаалганы харалдаа буюу гутлын хэсэгт ирэн ертөнцийн зүгээр хойд талд эмэгтэй нь зогсож, урд талд нь эрэгтэй нь эмэгтэйгийнхээ араар орж гутлын тавиур дээр байсан цагаан өнгийн эсгий гутлыг аваад 17 цаг 06 минут 30 секундэд хаалгаар гарч, араас нь 17 цаг 06 минут 35 секундэд эмэгтэй нь гарч явсан бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6, 13, 16, 19 дэх тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15, 18 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ий 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/04 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 33 дахь тал/, “Капитал зууч” ХХК-ий 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 36 дахь тал/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 37 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57, 83 дахь тал/, 2000 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн ***** дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 59 дэх тал/, 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн ****** дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, 2003 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ****** дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 67-68 дахь тал/, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ****** дугаартай шийтгэх тогтоол ***** дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 74-76 дахь тал/, 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ****** дүгээр шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 85-86 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ****** ыг давтан, бүлэглэж, ****** овогт ****** ын ****** ийг бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****** дотор үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.****** ын “****** ” хүүхдийн хувцасны дэлгүүрээс 1 хос эсгий гутал хулгайлж, бусдад 220,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд: “... ****** өөр ****** ийг хайгаад явж байхдаа Хүүхдийн хувцасны лангуун дээр ил байсан түрийтэй эсгий гутлыг хулгайлаад гадаа ****** ийг хүлээгээд зогсож байсан. Удалгүй ****** миний араас гарч ирсэн. Тэр үед би ****** т эсгий гутал Олон улсаас хулгайлсан талаар хэлсэн, ... явах гээд худалдааны төвийн үүдээр гартал үүдэнд ****** нэг хос эсгий гутал барьсан зогсож байхаар нь би энэ гутал чинь зарагдахгүй байна гэхэд ****** “за за одоо яахав ээ, би дахиад нэг гутал авчихлаа” гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байх боловч камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч нар хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Иймд шүүгдэгч Д.****** ыг давтан үйлдлээр бүлэглэж, шүүгдэгч С.****** ийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.****** мөрдөн байцаалтын шатанд: “... дэлгүүрээс алдсан гутлаа олж авсан тул гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Б.****** “... 2015 оны 12 дугаар сард ****** гэдэг хүнээс орос эсгий гутал 50,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл уг гутлаа хураалгаж, надад хохирол учирсан бөгөөд уг хохирлоо холбогдогч нараас гаргуулж авсан тул миний зүгээс гомдол, санал байхгүй” гэх /хавтаст хэргийн 110 дахь тал/ тайлбар гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.****** нь хамгийн сүүлд 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ял шийтгүүлж, ял эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” 25 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн нэг зүйл, нэг хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.****** нь 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ***** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсанаас хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Д.****** ын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, шүүгдэгч С.****** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэв.
Мөн шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.****** урьд ял шийтгүүлж байсан боловч “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна, ахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэсэн түүний мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.****** нь 3-18 насны 5 хүүхэдтэй тул түүнд хорих ял оногдуулж, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоов.
Шүүгдэгч Д.****** , С.****** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си-диг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нар төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзсэн тул Д.****** ын эзэмшлийн Нокиа-3110 маркийн утас, шүүгдэгч С.****** ийн эзэмшлийн Нокиа-6030 маркийн утас битүүмжилсэн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ****** гийн ****** ыг давтан, бүлэглэж, ****** овогт ****** ын ****** ийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ****** овогт ****** гийн ****** т эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баричлах ял, ****** овогт ****** ын ****** т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Д.****** т оногдуулсан 6 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.****** т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 297 дугаар зүйлийн 297.1.3, 297.6.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.****** , С.****** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си-диг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Д.****** ын эзэмшлийн Нокиа-3110 маркийн утас, шүүгдэгч С.****** ийн эзэмшлийн Нокиа-6030 маркийн утас битүүмжилсэн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.****** т оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан С.****** ийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.****** т авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгааг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.****** т авсан хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.****** т авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа, Д.****** т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД