Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр 5 дугаар баг Уртбулаг 5 дугаар хороолол 4 дүгээр байр 54 тоотод оршин суух, 1992 онд төрсөн 28 настай, Барууныхан овогт Э.Т

Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 25/2-1 дүгээр байр 306 тоотод оршин суух, 1988 онд төрсөн 32 настай, Авир хүнд овогт М.М

Асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Т,М.М нар 2010 онд танилцаж хамтран амьдарсан. 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин М.Э, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин М.У нар төрсөн. Хүүхдүүд эцгээрээ овоглодог. Зохигчид хамтран амьдрах хугацаандаа тодорхой шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдарч байна. Хүүхдүүд өнөөдрийг хүртэл эхийн асрамжид байгаа тул тэднийг эхийн асрамжид үлдээж, том охин төрөлхийн түнхний гажиг хөгжилтэй байнгын асаргаа шаарлагатай байдаг тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэгийг тогтоолгохоор хоёр тал харилцан тохиролцлоо. Харин бага охины хувьд хуульд заасан хэмжээгээр тогтоолгоно гэв.

Хариуцагч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тусдаа амьдраснаас хойш хоёр хүүхдэд мөнгө өгч байсан. Цаашдаа ч тэтгэлэг төлнө. Эхийн асрамжид байлгана. Том охиндоо тэтгэлэг 100 хувиар төлөхийг зөвшөөрнө гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч М.М-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2010 оноос хойш хамтран амьдарч, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин М.Э, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин М.У нарыг төрүүлсэн, амьдралын таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогджээ.

2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин М.Э 7 нас 01 сартай боловч нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл насны хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоолгох гэсэн хэмжээгээр тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тайлбарыг хариуцагч зөвшөөрсөн, М.Э нь байнгын асаргаанд байдаг, 2112 шифрээр /байнгын асаргаа шаардлагатай эмнэлгийн хяналтад байдаг хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийг/ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нийгмийн халамжийн тэтгэмж авдаг, эхийн асаргаанд байдаг тул энэ хэмжээгээр тэтгэлгийг, бага охин М.У-д Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг тус тус тогтоож эцэг М.М-р тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Хүүхдүүд хэдийгээр эхийн асрамжид байгаа боловч эцэг М.М Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд охин М.Э, М.У нарыг эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлсэн тул түүний хүсэлтээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснар 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин М.Э, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин М.У нарыг эх Э.Т-н асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин М.У-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин М.Э-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.М-р тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.М-с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Т-т олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА