Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2020/01073/И |
Дугаар | 102/ШШ2020/02379 |
Огноо | 2020-07-24 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2020/02379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо 5 дугаар хороолол Монгол даатгал ХХК-ийн байр Т-Т-К ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо НШШГГ
Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Төрийн банк ХХК
Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А, хариуцагчийн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Б, гэрч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т-Т-К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1092 шүүгчийн захирамжаар Т-Т-К ХХК-аас 340.751.160 төгрөг гаргуулж Т-Б ХХК-нд олгож, барьцаа хөрөнгө Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байрны 1 давхарын Б хэсэгт байрших 230 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 4/5858 тоот мэдэгдлээр дээрх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхэд 648.604.000 төгрөгөөр үнэлсэнг нэхэмжлэгч талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар мэдэгдсэн. Тус үл хөдлөх хөрөнгө нь модны-2 зам дагуу байрлалтай буюу хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай ресторан лонж, бар гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тогтвортой үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа, нэг зэрэг 60-70 үйлчлүүлэгч хүлээн авах чадалтай 4 vip өрөөтэй, галын болон хөдөлгөөн мэдрэгч дохиололтой, гадна дотно хяналтын камеруудтай, бүх төрлийн тэмдэглэлт баяр ёслолын хүлээн авалтад ашиглах гэрэл хөгжим, тайз зэрэг өөрийн онцлог давуу талтай. Тус үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах эрх бүхий зуучлалын компаниар зуучлуулж байгаа бөгөөд зах зээлийн үнэ ханш нь 1 мкв талбайг 2.500 ам доллар нийт 575.000 ам доллараар үнэлж буй юм. Манайхаас барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хэт бага үнэлсэн гэж үзэж байна. Хариуцагч хөрөнгийн үнэлгээг хуульд заагдсан холбогдох журмын дагуу явагдсан гэж тайлбарлаж байгаа боловч үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заагдсан холбогдох журмын дагуу хийгдээгүй. Тайланд ойлгомжгүй, тодорхойгүй хэд хэдэн зүйл байна. Үнэлгээний тайландаа өртгийн үнэлгээний арга, хөрөнгийн үнэлгээний тодорхой аргуудыг ашигласан гэж байгаа боловч тэр аргуудыг хэрхэн яаж ашиглаж хөрөнгийг үнэлсэн нь тодорхойгүй, мөн адилхан хоёр барилга байлаа гэхэд хөрөнгийн үнэлгээний тайландаа ойролцоо ижил төрлийн обеъктийг хэрхэн жишсэн нь тодорхой харагддаггүй. Фото зураг хавсаргасан гэж байгаа боловч тухайн авагдсан фото зураг нь хөрөнгийн үнэлгээний тайлан дээр байдаггүй. Иймд бодитоор үнэлгээ хийгдсэн нь баримтаар тогтоогдоогүй. Барилгын дотоод гадаад тохижуулалтыг хэрхэн үнэлсэн нь үнэлгээгээр тодорхой харагдахгүй байна. Ийм тодорхойгүй байдлууд үүсээд байгаа тул үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагч Т-Т-К ХХК-наас 340.751.160 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т-Б ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байрны 1 давхарын Б хэсэгт байрших 230 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн, гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Барьцааны хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий В-В ХХК-ийг томилж хөрөнгийг үнэлүүлсэн. Хөрөнгө 648.604.000 төгрөгөөр үнэлэгдсэнг талуудад мэдэгдсэн. Тайланг уншвал харьцуулалтын арга, зах зээлийн орлогын хандлага, хийгдвэл зохих ажиллагаанууд тайланд тодорхой тусгагдсан. Орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн үнэ цэнэ тодорхойлох гээд үнэлгээг тогтооход хэрэглэдэг бүх стандартыг олон улсын жишигт нийцүүлж үнэлгээг тогтоосон байна. Энэ талаар гэрчээс асууж тодруулна байх. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Т-Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулна гэсэн байна. Хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэдэг нь яг юу юм бэ. Үүнийг тодруулаачээ. Хоёрдугаарт нэхэмжлэгч хариуцагч нарын яриад байгаа асуудал тайлбарыг тодруулахын тулд В-В ХХК-ийн шинжээч гэрчээр орж ирсэн. Үнэлгээтэй холбоотой зардал, орлогын хандлагын аргын тайлбарыг шийдвэр гүйцэтгэлийн алба өгөхгүй. Тийм учраас мэргэжлийн шинжээчээс асууя. Шийдвэр гүйцэтгэлийн албадлагын ажиллагаа, хураах битүүмжлэх, үнэ тогтоох ажиллагаан дээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ямар ажиллагаа нь хууль зөрчөөд байгаа юм бэ. Эсвэл гэрчийн этгээдээр зуруулах ёстой юман дээр зуруулаагүй юм уу. Тэдэн тоот шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа нь энэ дээр ийм тийм юмнууд хуульд нийцээгүй, хуульд хүлээн зөвшөөрөгдсөн ажиллагаа хийгдээгүй байна гэдгийг тодорхой яриач ээ. Тэгэхгүй бол үнэлгээг хүчингүй болгодог гээд олон жил шүүхээр дамнан явдаг. Үүнийг болих хэрэгтэй. Шийдвэр гүйцэтгэлийн хэдэн тоот ямар битүүмжлэх тогтоол яг юу юуг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэр талаараа тодорхой хэлнэ биз гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т-Т-К ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 102/ШШ2018/01092 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Т-Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 338.828.866.07 төгрөгийг хариуцагч Т-Т-К ХХК хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрч, барьцаа хөрөнгө Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байрны 1 давхарын Б хэсэгт байрших 230 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцож шийдвэрлэсэн ба 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор үүсгэж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгийг битүүмжлэх тэмдэглэл үйлдэж, эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг хурааж, талууд үнийн санал гарган тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас шинжээч томилсон байна.
Хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний В-В ХХК нь барьцаа хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын зарчим, өртөг хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар харьцуулан үнэлгээг гаргаж биет элэгдлийн хувийг тодорхойлж хөрөнгийг 648.604.000 төгрөгөөр үнэлсэнг нэхэмжлэгч Т-Т-К ХХК-ны хаягаар шуудангаар үнэлгээний мэдэгдлийг хүргүүлж, компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдлийг гардуулжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох гэж тодруулж, үндэслэлээ В-В ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заагдсан холбогдох журмын дагуу хийгдээгүй. Тайлан ойлгомжгүй, тодорхойгүй, өртгийн үнэлгээний арга, хөрөнгийн үнэлгээний тодорхой аргуудыг ашигласан гэж байгаа боловч тэр аргуудыг хэрхэн яаж ашиглаж хөрөнгийг үнэлсэн нь тодорхойгүй, зах зээлээс доогуур үнэлсэн гэж тайлбарлан маргасан байна.
В-В ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байрны 1 давхарын Б хэсэгт байрших 230 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлан, шүүх хуралдаанд шинжээч О.Бат-Эрдэний гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Тус Хөрөнгө үнэлгээний компани нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчимыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлсэн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар орон сууцны 1 давхарт байрлах худалдаа үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 1 дүгээр хороолол Москвагийн гудамж 29/8-д байрлах үйлчилгээний зориулалттай барилгуудын зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон тайланг баримтаар ирүүлсэн боловч шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хуульд заасан нотолгооны хэрэгсэл болж чадахгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Иймд хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Т-Т-К ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГ- т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Т-Т-К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА