Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/02355

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 28 тоот хаягт байрлах, ЕБГС

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,4 дүгээр хороолол, 43 дугаар байр, 1 дүгээр орц, 79 тоотод оршин суух, Н.У

2,123,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г, хариуцагч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЕБГС нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сургууль нь 2019 оны 9 сарын 19-ний өдөр иргэн Н.У-н Баянгол дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцыг сарын 650,000 төгрөгийн төлбөртэй түрээсийн гэрээ байгуулж, 9 сарын түрээсийн төлбөр болон 1 сарын барьцааны мөнгө, зардлын хамт 6,500,000 төгрөгийг төлж, өөрийн сургуулийн багш ОХУ-ын иргэн ЦСГ-г суулгасан. Гэвч цар тахлын улмаас нийт сургуулиудыг 2020 оны 1 сарын 27-ны өдрөөс эхлэн хол хорио тогтоож өнөөдрийг хүртэл сургууль ажиллаагүй. Бид түрээслэгч Н.У-н хүү Н.Д-д 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байрыг бүрэн бүтэн хүлээлгэж, гарын үсэг зуруулсан. Иймд түрээсийн болон барьцааны төлбөр болох 2,123,000 төгрөгийг Н.У-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар эвлэрлийн санал гаргавал манай талаас эвлэрхэд татгалзах зүйлгүй. Иймд хариуцагчийн гаргасан графикийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.

Хариуцагч Н.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2,123,000 төгрөгийг 3 сарын хугацаанд график гаргаж төлөх саналтай байна. Иймд би 2020 оны 10 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2020 оны 11 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2020 оны 12 сарын 10-ны өдөр 723,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Эвлэрлийн гэрээг батлахад татгалзах зүйл байхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЕБГС нь хариуцагч Н.У-т холбогдуулан 2,123,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдаанд зохигчид харилцан эвлэрч, хариуцагч Н.У нь 2,123,000 төгрөгийг 2020 оны 10 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2020 оны 11 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2020 оны 12 сарын 10-ны өдөр 723,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж зохигч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч ЕБГС, хариуцагч Н.У-н эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Н.У-с улсын тэмдэгтийн хураамжид 51,181 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ЕБГС-н нэхэмжлэлийн шаардлага 2,123,000 төгрөгийг Н.У нь 2020 оны 10 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2020 оны 11 сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2020 оны 12 сарын 10-ны өдөр 723,000 төгрөгийг тус тус төлж барагдууулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,181 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.У-с улсын тэмдэгтийн хураамжид 51,181 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГС-д олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Н.У сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА