| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0075/З |
| Дугаар | 128/ШШ2020/0207 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2020/0207
2020 оны 03 сарын 27 өдөр Дугаар 128/ШШ2020/0207 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: Г.М
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж
Гуравдагч этгээд: Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж-ы 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагч Л.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Г.М шүүхэд гаргасан гомдолдоо болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биед холбогдох зөрчлийн хэргийг шалгах явцадэрх бүхий албан тушаалтан нь надаас ганц удаа мэдүүлэг авсан бөгөөд би ямар хэрэгт холбогдоод байгаагаа сайн мэдээгүй байхдаа тайлбар өгсөн. Надад ийм эрх, үүрэгтэй гэж нэг ч удаа сануулж байгаагүй. Удалгүй буюу 10 хоногийн дараа хэргийг шалгаж дууссан, прокурор дээр ирж танилц гэхэд нь өмгөөлөгч олж, хавтаст хэрэгтэй танилцахад надад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд байхгүй 12.4 дүгээр зүйлд заасныг танилцуулж, мэдүүлэг авсан гэж тэмдэглэсэн байна. Гэтэл зөрчлийн хэрэг нээсэн үеэс намайг холбогдогчоор тогтоон мэдүүлэг авч надад эрх, үүргийг хэлж танилцуулах ёстой байжээ. Хэрэв би эрх, үүргээ мэдэж байсан бол өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хууль тогтоомжид заасан олон боломж байжээ. Миний хуулийн мэдлэггүй байдлыг далимдуулан хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүйгээр барахгүй,хууль тогтоомжид байхгүй эрх, үүргийг танилцуулсан гэж тэмдэглэлд бичсэнд туйлын гомдолтой байна.
Миний бие өөрийн хөдөлмөрөөрөө Х дүүргийн 00 дүгээр хороо, М хотхоны 000 дугаар байр,00 тоотыг худалдан авсан бөгөөд уг орон сууц нь хүүхэд, хөгшид гадаа нарлах том тагт /трасс/-тай байсанд нь олзуурхаж байсан.
Гэвч дээд давхрын айлуудын цонхоор тамхи, шүлс, нус цэр ихээр хаядаг болохыг амьдарч эхэлсэн үеэсээ мэдсэн. Байрандаа амьдарч байх явцад тагтан дээр тавьсан эд зүйлс хүний бөөлжис болсон, хүүхдүүд тоглож байхад хажууд нь архины шил унаж хагардаг, хоолны үлдэгдэл хаяж байсан. Нэг бус удаа хүүхдүүдийндээрээс эд зүйл, цогтой тамхи унаж байсан. Энэ бүхнээс улбаалж галын аюулгүй байдлаа бодсон ч тэр нөгөө талаас гэр бүл, хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг бодсон ч хаалт, дээвэр хийх ёстой юм байна гэжбодсон. Уг ажлыг эхлэхээсээ өмнө доод болон дээд давхрын айл, сууц өмчлөгчдийн холбооноос зөвшөөрөл авч, банкны зээлээр барилгын материал аван хийж дуусгасан. Ялангуяа доод давхрын айл болон сууц өмчлөгчдийн холбооноос уг ажлыг хийхэд баяртай байсан.
Учир нь ус ихтэй бороо ороход манай тагтыг дагаад доод давхрын айл руу борооны ус нэвтэрдэг, үүний улмаас сууц өмчлөгчдийн холбоонд дуудлага байнга өгдөг байсан гэсэн. Харин гомдол гаргасан гэх дээд давхрын айл татгалзах зүйлгүй гэсэн мөртлөө дууссаны дараа мөнгө нэхэж эхэлсэн. Мөнгө нэхсэн шалтгаанаа тайлбарлахдаа манай орон сууц гадна талаасаа харагдах байдал муухай болж орон сууцны үнэлгээ буурлаа, цонхоор харагдах байдлыг хаасан гэдэг. Гэтэл ийм байдал байхгүй болохыг гомдолд хавсаргасан зургаас тодорхой харж болно.
Иймд би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн болоод гэр бүлийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхээ хангах зорилгоор хаалт хийсэн. Төр, засгаас эсхүлМэргэжлийн хяналтын газар энэ эрхийг минь хангаж өгсөн тохиолдолд миний бие уг хаалтыг буулгахад татгалзах зүйлгүй юм.
Г.М нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах,
шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах гэх мэт эрхүүдийг ямар нэгэн байдлаар эдэлж чадаагүй. Эрх үүргийг тайлбарласан гэх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд тэмдэглэл үйлдэх болон ажиллагаанд оролцогчийн эрх үүргийг нь тайлбарлах талаар тусгасан байна. Гэтэл тэмдэглэлд ямар нэгэн байдлаар эрх, үүргийг тайлбарласан тухай баримт байхгүй гэдгийг хэлмээр байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд байхгүй зүйл заалтыг баримтлан хууль танилцуулсан гэх байдлаар бичсэн байна. Иймд хуульд заасан холбогдох үйл ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Л.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний нэгдсэн цэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.Д-ын гаргасан гомдол нь цахимаар дамжин, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүрэг хариуцан ажиллаж байсан Л.Ж миний нэр дээр шалгахаар орж ирснийг хүлээн авч зөрчлийн шинжтэй эсэхийг тодруулахаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус тус Х дүүргийн 00 хороо, М хотхон 000 дугаар орон сууцны байрны 2 дугаар давхрын 00 тоот айлд 2 удаа очиход гэрт нь хүнгүй, хаалгаа онгойлгохгүй байсан.
Тэгээд уг байрны гаднаас харахад задгай байх трассын талбайг давхарлаж, өргөтгөл барилгын ажлыг хийж байгаа нь харагдсан, уг ажил нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчсөн болох нь эхний байдлаар тогтоогдсон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-дулсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй гэсэн заалтын дагуу өргөтгөл хийж байгаа 05 тоот айлын шалтгаан нөхцөл, сэдэл, зөрчлийг батлах, ажиллагааг бага дээр таслан зогсоох, иргэний гомдлыг нотлох, мөн хуулийн дагуу барагдуулахаар дахин 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр очиход, худалдаж авсан, засвар хийж байгаа бололтой байсан гэж хажуу айлын хүн нь хэлсэн /хаалгаа онгойлгоогүй, эзэнгүй байсан/ тул хаалган дээр нь мэдэгдэх хуудсанд очсон он, сар, өдөр, өөрийн утас, очиж уулзах албаны өрөөний дугаар, нэр, хаяг хэдэн удаа ирсэн, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дэх заалтыг зөрчсөнийг тодорхой бичиж,наасан бөгөөд 034157 дугаартай төмөр лацыг хаалганы хажуу модноос нь хаалгатай нь холбож хүртэл тавиад явсан ч холбоо бариагүй. Манай байгууллага дээр мэдэгдэх хуудас, хаалганы лац хараад ирээгүй. Ингээд иргэний өргөдлийг сунгуулсан боловч хугацаа дуусч байгаа байдлыг бичсэн.
Гэтэл иргэн Д.Д дээрх асуудлыг шийдэж өгөхгүй байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний нэгдсэн цэгт дахин 2 удаа гомдол гаргаж, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын дарга нарт хандан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд цахимаар гомдолирүүлсэн ба 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 32 минутад цахим сүлжээгээр надад цохогдсон.Ингээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2 дахь заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/138 дугаар тушаалаар баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх журмын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 02-03/394 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан удирдамж гарган 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр очиход, гэрт нь хүн байгаа гэх боловч хаалгаа онгойлгоогүй тул дахин мэдэгдэххуудас бичиж хаалган дээр наасан бөгөөд манай байгууллага дээр ирээгүй.
Хан-Уул дүүрэг хариуцаж байсан Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ё-гийн хамт2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрт нь очиход улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг хуулж авсан, гэртнь хүүхдүүд нь хадам ээж гэх Д.Б гэх хүн байсан. Хийгдэж байгаа өргөтгөлийн барилгын ажилтай танилцахад зочны өрөөг задгай талбайтай холбон томсгож, инженерийн шугам сүлжээг өөрчилж холбосон, унтлагын өрөөний залгаа барилгын ажил дутуу байсан тул 00003477 дугаартай мэдэгдэх хуудас бичиж үлдээж, хуулиар хориглосон зүйлийг хийсэн байна гэж хадам ээжид нь та зөв ойлгоорой, хүүхдүүдээ манай байгууллага дээр ирж уулзуулаарай гэж хэлсэн.
Г.М-ын эхнэр Ч.Ү орон сууцны холбогдолтой бичиг баримтгүй ажил дээр ирж, улсын байцаагчийг элдвээр хэлж, маш их уурлаж, яагаад бид байраа томруулж, амьдарч болдоггүй юм, бид буруу зүйл хийгээгүй гэх мэтээр 1 цаг гаруй үглэсэн, би нилээд хүлээж тайвшруулан байж мэдүүлэг авахад гаргасан алдаагаа буруугүй, миний нэр дээр байр байдаггүй, нөхөртөө хэлнэ, нөхөр хувийн компанид менежер хийдэг, одоо Ховд аймагт байгаа гэсэн тул Г.М-ыг ирэхийг хүлээх, байрны бичиг баримт, холбогдох зураг төсөл, баримт бичгийг авч ирэхийг мэдэгдээд явуулсан.
Тэдний дур мэдэн хийж байгаа барилгын ажил нь холбогдох хууль дүрмийг зөрчиж байгааг уншуулж, хэлж ойлгуулж, өөрсдийнхөө эрхийг хамгаалж хуулийн дагуу хэлж өмгөөлөгч авахыг ч мэдэгдсэн боловч өмгөөлөгч авахгүй мөнгө ч алга гээд гарсан.
Мөн гомдол гаргасан иргэнээс мэдүүлэг авахад ******* дугаар байрны 09 тоотод амьдардаг иргэн биш болох нь тогтоогдсон тул уг байрны өмчлөгч болох ээж Б.Э-ыг ирүүлж мэдүүлэг авч зөрчлийн шинжтэй асуудал байгааг тодруулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээж, хэрэг нээсний дараа холбогдогч Г.М Улаанбаатар хотод ирсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлэг авч, мэдүүлэг авахдаа өөрийнх нь гарт холбогдох хуулийг бариулж, хуулиас эрх үүргийг нь уншуулж,өмгөөлөгчтэй ирж болно гэхэд би авахгүй, одоо мэдүүлэг өгье гээд мэдүүлэг өгсөн.
Г.М гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,1 заалт, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг Г.М-ын эхнэр Ч.Ү болон өөрт нь маш сайн уншуулж, тайлбарлаж, мэдүүлгийг нь уншуулж асуух зүйл байна уу гэхэд байхгүй гээдгарын үсэг зурсан.
Би Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана гэсэн заалтын дагуу 1902000583 дугаартай зөрчлийн хэрэгбүртгэлийн ажиллагааг явуулж, 64 хуудас бүхий материалыг бүрдүүлж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хянуулж, шийтгэлийн хуудас, албан даалгаврыг иргэн Г.М-д танилцуулсан боловчэсэргүүцэж байна гэсэн гарын үсэг зурж, хавтаст хэрэг авагдсан баримттай бүрэн танилцсан.
Иргэн Г.М нь хяналт шалгалтын ажиллагааг анхнаасаа үл тоож, хүндэтгэлгүй хандсан, байнга ямар нэгэн шалтгаан хэлж хугацаандаа ирдэггүй. Ховд аймагт ажилтай явж байна, цэцэрлэгт хүүхэд хүргэж байна, гааль дээр ачаа бараа авч байна гэх мэтээр хяналт шалгалтад санаатай саад учруулж байгааг өөрт нь сануулж байсныг мэдэж байгаа.
Улсын байцаагч би иргэн Г. М-ын хэнэггүй, хугацаанд ирж холбогдох материалаа бүрэн өгдөггүй зэрэг шалтгаанаас болж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн зөрчлийн хэргийг шийдвэрлэх хугацааг 14 хоног, 30 хоногоор тус тус сунгуулж, уг иргэнийг очно гэх бүрт итгэж, хүлээж, маш их хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсан. Мөн тэрхүү хугацааг ашиглаж хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар шинжээч томилуулан, дүгнэлт гаргуулж хэрэгт хавсаргаж ажилласан.
Г.М нь манай байгууллага дээр энэ хэргийн асуудлаар 5-6 удаа ирж байсан ба бүх хэргийн материалтай хуулийн дагуу танилцан гарын үсэг зурсан байдаг ба шийтгэлийн хуудас дээр төлбөр төлөх боломжгүй, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар дээр хүртэл зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бичсэн. Албан даалгаврыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, уншаад найзтайгаа ярина гээд гараад ирээгүй, дахин дуудаж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан зөрчлийг хүлээхгүй гэсэн тул тайлбарыг албан даалгавар дээр бичүүлэн авч 1 хувийг өгсөн. Г.М нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль, дүрэм, журмыг үл хүндэтгэж, гаргасан зөрчлөө бага дээр нь зогсоохыг хүсээгүй, улсын байцаагчийн ажиллагаанд санаатай саад учруулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж ирсэн. Иргэн хуулийг мэдэхийн дээдээр мэдэж байсан боловч санаатай хууль зөрчсөн.
Г. М нь анх уулзахад харьяа сууц өмчлөгчийн холбооны зөвшөөрөл өгсөн гэдэг ба СӨХ ньбарилгын өргөтгөл, засвар, шинэчлэлтийн ажлын зөвшөөрлийг өгдөг эрх бүхий байгууллага, хуулийн этгээд биш.Нийтийн зориулалттай орон сууцны байранд амьдарч байгаа эзэмшигч, өмчлөгч ямар нэгэн иргэн Монгол Улсад мөрдөгдөж байгаа Барилгын тухай хуулийн 46 зүйлийн 46.1.3, 46.1.8, 46.1.13, Орон сууцны тухай хууль15 дугаар зүйлийн 151, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7, Иргэний хуулийн 148дугаар зүйлийн 2.1, 2.2, Орон сууцны барилгын техник ашиглалтын дүрэм, Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм, холбогдох журамд заасан эрх, үүргийг дагаж мөрдөх үүрэгтэй.
Гэтэл иргэн Г.М нь өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж, нийтийн зориулалттай орон сууцны барилгын задгай талбайн төлөвлөлт, зориулалтыг анхны зураг төслөөс өөрчилж, давхарлан, ачаалал өгч,инежерийн шугам сүлжээг өөрчилж байгааг зогсоохыг сануулсаар байтал хууль зөрчсөн болно. Шалгалтын явцад бичиг баримт, зураг төсөлтэй танилцахад М******* хотхоны ******* дугаар байртай байр нь ******* ******* ХХК-ийн захиалгатай батлагдсан зураг төслийн дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, барилга угсралтын ажлыг нь гүйцэтгэсэн, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хуулийн дагуу хүлээн авсан нь Барилгын тухай хуулийн 11,14 дүгээр зүйлд нийцсэн, тус байрны 2 дугаар давхрын 00 тоотын 4 өрөө, орон сууцны зориулалттай байрыг 2019 онд Г.М худалдан өмчилж авсан. 116 м.кв талбай бүхий байраа томсгох хувийн ашиг сонирхол нь давамгайлж, зочны өрөөний үндсэн хийц бүтээц болох даацын ханыг буулгаж, нэгдүгээр давхрын дээд талын задгай талбай дээр хучилт тавьж, цонх суулгаж, өргөтгөл хийж зочны өрөөтэй холбосон, мөн унтлагын өрөөний харалдаа задгай талбайг ашиглаж өргөтгөл хийж эхэлсэн зөрчил гаргасан.
Үүнээс үүдэн дээд талын 09 тоотын айл нь нийтийн болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн гээд манай байгууллагад удаа дараа гомдол гаргаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Л.Ж би хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу хууль, дүрэм журамд нийцүүлэн шалгалтыг хийсэн болно.
Иргэн Г.М нь тайлбар бичиж, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврын нэг хувийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан, харин 0066806 дугаартай шийтгэлийн хуудастай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танилцан тайлбар бичиж, шийтгэврийн хуудасны нэг хувийг авахыг мэдэгдсэний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирж авсан ба хэргийн материалтай мөн өдөр хохирогч, холбогдогч талуудыг танилцуулан, гарын үсгээр баталгаажуулсан.
Г.М нь орон сууц өмчлөгч ба Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчсөн. Хуулийн дагуу ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцсон. Цаашлаад Г.М нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 46 дугаар зүйлийн 46.1.3 дах заалтуудыг тус тус зөрчсөн байна. Шийтгэврийн хуудсыг гардуулах үед тэрээр ажил, орлогогүй учраас тухайн торгууль 300.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж бичсэн байдаг. Эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг биелүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ талаар түүнд тайлбарлаж өгөхөд хариу тайлбарыг бичиж өгсөн.
Орон сууцны тухай хуулийг 2009 онд өөрчилсөн шалтгаан нь нийтийн эзэмшлийн талбай руу өргөтгөл хийх, барилгын бүтцэд өөрчлөлт оруулахаас урьдчилан сэргийлэх, оршин суугчдын эрх ашгийг хамгаалахад оршдог.
Гомдол гаргагчийн гаргасан зөрчлийг тодорхой тайлбарлаж хэлсэн. Г.М-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг өмнө нь гаргасан. Миний хэвлэж өгсөн баримтууд өөрт нь байгаа болов уу. Доод айл руугаа нурах аюул гарах вий гэдгийг нь хүртэл хэлж өгсөн гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, М******* хотхон, ******* дугаар байрны 0 давхрын 0 тоотод миний ээж Б.Э оршин суудаг. 2019 оны 05 дугаар сард ээжийн эзэмшлийн байрны доод талын айл буюу 2 давхрын 00 тоотын айл гадна трасс дээрээ өргөтгөл хийж эхэлсэн бөгөөд өргөтгөлийн ажлын явцад 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр засварын ажлыг зогсоохыг гүйцэтгэгчид өөрийн биеэр, Г.М-д утсаар ярьж, өргөтгөлийн ажлыг зогсоохыг шаардсан. Гэвч шаардлагыг хүлээж аваагүй тул Засгийн газрын 1111 төвд энэ талаар гомдол гаргасан.
Миний гаргасан гомдол Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт шийдвэрлүүлэхээр хуваарилагдсан байсан бөгөөд тус газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн газар зохион байгуулагч М.Д******* газар дээр нь үзэж танилцаж, холбогдох хууль, журмыг зөрчсөн талаарх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 05/01 дугаартай шаардах хуудсыг өргөтгөл хийж буй ажилтнуудад өгч, ажлыг зогсоосон гэсэн хариуг надад өгсөн. Мөн энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандахыг зөвлөсөн юм.
Өргөтгөлийн ажил зогсохгүй үргэлжилсээр байсан тул миний бие 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А*******д хандан гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Ж иргэн Г.М-д зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналтад шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар хууль зөрчсөн болохыг тогтоосон. Г.М-ын зөрчил гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Гомдол гаргагч хүүхдээ эрүүл орчинд амьдруулахын тулд өргөтгөл хийсэн гэж байна. Яагаад бусдынхүүхдийг эрүүл орчинд амьдрахад саад болоод байгааг ойлгохгүй байна. Бусдын эрхэд халдаж болохгүй. Нөхцөл байдлыг ухамсарлаад нэхэмжлэлээсээ татгалзах болов уу.
Манай гэр бүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол доор дурдсан байдлаар зөрчигдөөд 10 сар болж байна. Үүнд:
1. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ унасан /3 өрөөний цонхны тавцанд тулгаж, гадна фасадыг эвдэж, дээвэр хийсэн/
2. Харагдах орчинг халхалсан /цонхоор ойр орчим харагдах боломжгүй болсон/
3. Өргөтгөлийн дээвэр дээр хог, тамхины иш, дээрээс шидсэн элдэв зүйлс цугларч цонхоо онгойлгох аргагүй болж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд бүдүүлгээр халдаж байна.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас, албан даалгаврыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, манай гэр бүлийн зөрчигдсөн эрхийг хуулиар хамгаалж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.М нь анх тус шүүхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж-д холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж-ы оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай эрх бүхийн албан тушаалтны албан даалгаврыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан байх бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд гомдлын шаардлагаа тодруулж, шаардлагаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж-ы оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ ...хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, ... Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хангахын тулд дээрх хаалтыг барьсан. ... Барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчлөөгүй. ... барилгыг өргөтгөөгүй., засварлах, тоноглох ажил хийсэн тул шийтгэлийн хуудас, албан даалгавар хууль бус гэж, эрх бүхий албан тушаалтан нь ... Г.М-ыг хуульд заасан эрхээр нь хангасан. Өмгөөлөгч авах, ... гомдол гаргах эрхтэй гэдгийг нь тайлбарлаж гарын үсэг зуруулсан. Г.М нь өөрийн өмчлөлийн ... 116 м.кв талбай бүхий орон сууцны байраа томсгон, зочны өрөөний үндсэн хийц, бүтээц болох даацын ханыг буулгаж, нэгдүгээр давхрын дээд талын задгай талбай /трассын хэсэг/-т өрлөг хийж, хучилт тавьж битүүлэн цонх суулган, зочны өрөөтэй холбож, барилгын өргөтгөлийн ажил хийсэн нь... Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн. ...Зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, албан даалгавар хууль ёсны ... гэж тайлбарлан маргажээ.
Нэг. Гомдол гаргагчийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж-ы оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд :
Маргаан бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудсаар[1] Г.М-ыг орон сууцны байшингийн трассын хэсэгт өрлөг хийн хучилт тавьж битүүлж, орон сууцны байшингийн үндсэн хийц бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөн нэмэлт ачаалал өгч давхарлан, өргөтгөл хийж, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Хэргийн оролцогч нар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээний талаар маргаагүй байна.
Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглох-оор, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч ... дараахь үүргийг хүлээнэ, 46.1.3-д барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх-аар, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д сууц өмчлөгч нь сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх үүрэгтэй гэж тус тус
заажээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд орон сууц өмчлөгч нь сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн хийц, бүтээц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрөөр өөрчлөхгүй байх үүрэгтэй төдийгүй ингэж өөрчилж, өргөтгөл хийхийг хууль тогтоомжооор хориглосон байна.
Хэргийн ороцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Х дүүргийн 00 дүгээр хороо, О гудамж, М хотхоны ******* дугаар байрны 2 дугаар давхрын 00 тоотын 116 м.кв талбай бүхий 4 өрөө, орон сууцны байрны өмчлөгч Г.М нь өөрийн амьдран сууж буй орон сууцныхаа анхны төлөвлөлт, зориулалтыг өөрчлөн зочны өрөөний гадна талын ханыг буулгаж томсгон, гаднах задгай талбайн зориулалттай трассын хэсгийг төмөр каркасаар рам босгож, гадна ханыг блокоор дүүргэн хучилт хийж, сэндвичээр дээвэр хийж, хучилттайгаар битүүлж өргөтгөл хийсэн болох нь Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт[2], М******* цогцолбор хотхоны барилгын ажлын зураг[3], фото зураг [4] зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...орон сууцны байранд засварлах, тоноглох ажил хийсэн гэж тайлбарлан маргасан.
Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д барилгын ажлын төрлийг нэрлэн заасан байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар барилга, байгууламжийг засварлах, тоноглох гэж ашиглалтын хэвийн нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор барилга, байгууламжийг бүхэлд нь буюу хэсэгчлэн засварлаж, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг ойлгох-оор, 4.1.7-д зааснаар барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх гэж барилга, байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг ойлгох-оор, 4.1.28-т засварын ажил гэж барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчлөхгүйгээр барилга, байгууламжийг засварлах, түүнд суурилуулсан цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, механик, тоног төхөөрөмжийн текникийн үзүүлэлтийг бууруулахгүйгээр ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор элэгдэж хуучирсан, эвдэрсэн тоног төхөөрөмжийг солих үйл ажиллагааг ойлгох-оор тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл Г.М нь зохихзөвшөөрөлгүйгээр өөрийн өмчлөлийн 116 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зочны өрөөний гадна талын ханыг буулгаж гаднах задгай талбайн зориулалттай трассын хэсгийн хэмжээгээр томсгож, төмөр каркасаар рам босгож, гадна ханыг блокоор дүүргэн, цонх суулгаж, сэндвичээр дээвэр хийж, хучилттайгаар битүүлэн өргөтгөсөн, мөн унтлагын өрөөний гаднах задгай талбайн трассын хэсэгт шинээр металл багана, дам нуруу хийж, сэндвичээр дээвэр хийж хучилт хийн, орон сууцны байрныхаа хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөн, өргөтгөл хийж, анхны төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн байна.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тушаалаар батлагдсан Барилгын бүтээц ба буурийн найдваршил, Ерөнхий шаардлага /БНД 20-01-01/ дүрэмд байр гэж барилгын бүтээцээр хязгаарлагдсан үйл ажиллагааны зориулалт бүхий барилга доторх орон зайг хэлнэ гэж, барилгын бүтээц гэж барилга байгууламжийн даацат ба тусгаарлах хашлага болон гоо зүйн үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий эд ангийг хэлнэ гэж заажээ.
Дээрхээс үзэхэд барилга, байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд барилга байгууламжийн хана орохоор байх тул Г.М-ыг орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөн өргөтгөл хийсэн гэж үзэхээр байна.
Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... орон сууцны байранд өргөтгөл хийгээгүй, ...засварлах, тоноглох ажил хийсэн гэсэн тайлбар, үндэслэлгүй байна.
Г.М нь эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэж, эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогчид өмгөөлөгч авах, гомдол гаргах эрхийг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан гэж тайлбарлан маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1902000583 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдэж, тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэйг дурдсан, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зөрчилд холбогдогч Г.М-д, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний эхнэр Ч.Ү нарт ямар зөрчилд шалгагдаж байгааг тайлбарлан, мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдож байх ба зөрчилд холбогдогч нь зөрчилд шийтгэлийн хуудас оногдуулахаас өмнө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргах, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байсан байх тул гомдол гаргагчийн
...хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй
байна
Харин эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд заасан зөрчлийн тэмдэглэл үйлдээгүй байх бөгөөд энэ нь дангаараа нэгэнт тогтоогдсон зөрчилд оногдуулсан шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Барилгын болон Орон сууцны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул уг шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд зөрчилд холбогдогчийн гомдлын энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Гомдол гаргагчийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай албан даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд :
Маргаан бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай албан даалгавраар[5] Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, М******* хотхоны ******* дугаартай орон сууцны байрны 2 дугаар давхрын 0 тоотын 116 м.кв талбай бүхий 4 өрөө, орон сууцны хууль ёсны өмчлөгч Г.М нь 1 дүгээр давхрын трассын хэсэгт хийж байгаа нэмэлт давхрын өргөтгөлийн барилгыг буулгаж, анхны зураг төслийн дагуу хэвийн байдалд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгаж, ... даалгаврыг нэг сарын дотор биелүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгджээ.
Зөрчилд холбогдогч нь улсын байцаагчийн албан даалгаврыг хүчингүй болгуулах үндэслэлээ ...өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн, хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж олгоогүй гэж тайлбарлан маргажээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон тохиолдолд холбогдох ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл зогсоох, тухайн барилга байгууламжийн ашиглалтыг зогсоох бүрэн эрхтэй байх бөгөөд мөн хуулийн 10.9.8 дахь хэсэгт зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах эрхтэй байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1, 2, 5-д зааснаар эрх бүхий албан тушаалтан нь өөрийн санаачлагаар зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд засвар үйлчилгээ хийх үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоож, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг хугацаа тогтоон даалгах, даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй байна.
Эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нь зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор зөрчилд холбогдогч Г.М-д албан тушаалтны даалгавар бичиж, өөрийн өмчлөлийн орон сууцны 1 дүгээр давхрын трассын хэсэгт хийж байгаа нэмэлт давхрын өргөтгөлийн барилгыг буулгаж, анхны зураг төслийн дагуу хэвийн байдалд оруулах арга хэмжээ авахыг даалгасныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал энэхүү маргаан бүхий захиргааны акт нь Төрийн хяналт шалгалтын болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалттай нийцсэн, уг захиргааны актын улмаас гомдол гаргагчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөгүй байна.
Зөрчилд холбогдогч Г.М-д эрх бүхий албан тушаалтны даалгаврыг танилцуулсан байх бөгөөд зөрчилд холбогдогч нь уг албан тушаалтны даалгаврыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн атлаа энэ талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр зөрчилд холбогдогчийн гомдлын энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын хяналтын улсын байцаагч Л.Ж-ы 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0066806 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07-А190828001/1617 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий Г.М-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар
зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.М-аас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН