Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0448

 

 

 

 

 

 

 

 

                                     “Г” ХХК -ийн нэхэмжлэлтэй

                                           захиргааны хэргийн тухай                

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга   

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа             

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Г” ХХК   

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам   

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэгж талбарын 6708000918 дугаартай, 3 га газрыг ойн болон усан сан бүхий газартай давхцалгүй байдлаар солбицол өөрчлөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах” тухай                     

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0346 дугаар шийдвэр                

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0788/3             

ТОДОРХОЙЛОХ нь:          

1. Нэхэмжлэгч “Г” ХХК -иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэгж талбарын 6708000918 дугаартай, 3 га газрыг ойн болон усан сан бүхий газартай давхцалгүй байдлаар солбицол өөрчлөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                           

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0346 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК " ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэгж талбарын 6708000918 дугаартай, 3 га газрыг ойн болон усан сан бүхий газартай давхцалгүй байдлаар солбицол өөрчлөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргах"-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж шийдвэрлэсэн байна.                     

3. Давж заалдах гомдлын агуулга:       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:       

“...Энэ нь нэхэмжлэгч “Г” ХХК " ХХК нь 2015 оны А/222 дугаар тушаалаар Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд 3 га газар ашиглах эрхтэй болж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15/015 дугаартай газар ашиглах гэрээг байгуулсан үйл баримт байдаг. Нэхэмжлэгч “Г” ХХК " ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгах эсэх асуудлыг "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2025 оны 2 дугаар хурлаар хэлэлцэж тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй тул газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан нь хурлын тэмдэглэлээр нотлогддог. Иймд маргаан бүхий 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичигт "... тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй байх тул ... " гэж сунгахаас татгалзсан хариуг өгсөн. Энэ нь Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар зохицуулагдах бөгөөд хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан. 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт ямар нэгэн барилга, байгууламж бариагүй, аялал жуулчлалын зориулалтаар ашигласан байдал тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс уг газрыг ашигласан гэж маргаагүй. /2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ТМ2026/1333 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар хуудас: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ "Нэхэмжлэгчийн хувьд газар ашигласан гэдэг асуудал дээр ямар ч маргаан байхгүй. Ашиглаагүй." гэсэн. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “Г” ХХК  нь 2015-2026 онд буюу 11 жил уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нотлогддог. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 13-т газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй энэ тохиолдол нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна" гэсэн нь “Г” ХХК -аас сонсох ажиллагааны мэдэгдэлд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23/08-05 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа ямар нэгэн байдлаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй талаар одоог хүртэл мэдэгдэж байгаагүй талаар тайлбарласан атлаа шүүхэд гаргасан гомдолдоо 2017 оны дунд үеэс эхлэн газраа зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй гэж үйл баримтыг гуйвуулж, зөрүүтэй тайлбарлаж байгаа нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0346 дугаартай шийдвэр нь хэт нэг талыг барьж, бодит нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байх тул дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.       

ХЯНАВАЛ:       

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.                       

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.            

 

2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэгж талбарын 6708000918 дугаартай, 3 га газрыг ойн болон усан сан бүхий газартай давхцалгүй байдлаар солбицол өөрчлөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                           

                                    

2.2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар[1] “Г” ХХК -д Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Доншигийн үзүүр нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 3 га газрыг 5 жилийн хугацаагаар, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг[2] тус тус олгож, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг дарга, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга, нэхэмжлэгч компанийн захирал нар 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан байна.[3]  

2.3. Маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгээр “Танай компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2025 оны II дугаар хурлаар хэлэлцүүлсэн болно. Тус хурлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалаар танай компанид газар ашиглах эрх олгосон боловч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй байх тул газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байхаар ажлын хэсэг шийдвэрлэсэн болохыг үүгээр хүргүүлж байна.” гэжээ.

2.4. Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны II дугаар хурлын төлөвлөгөөнд[4] “Г” ХХК -ийн хэсэгт “...Солбицол өөрчлөх, хугацаа сунгах. Зөвхөн хугацаа сунгах” гэж, Хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 2 дугаар хэсэгт[5] “...“Г” ХХК-ийн Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Доншигийн үзүүрт байрлах 3 га газрын ашиглах эрхийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэв” гэж тус тус тусгагдсан.  

2.5. Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 177 дугаар албан бичигт[6] “Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар баг, Доншиг гэх газарт “Г” ХХК-ийн газрын мэдээллийн санд бүртгэгдсэн 6708000918 нэгж талбар бүхий 30018 квадрат метр газар байгаагаас 6000 квадрат метр талбай нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай, 13898 квадрат метр талбай нь энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай байна.” гэж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/3679 дугаар албан бичигт[7] “...Дээрх цахим системд бүртгэлтэй ойн сан бүхий газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн системд нэгж талбарын 6708000918 дугаартай 30018 м.кв талбайтайгаар бүртгэлтэй газартай давхцуулахад тухайн нэгж талбар нь ойн сан бүхий газрын ой тэлэн ургах боломжийг хангахуйц газартай 20333 м.кв талбайгаар давхцалтай байх бөгөөд харин усны сан бүхий газартай давхцалгүй байна. Мөн Газрын кадастрын мэдээллийн системд бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцалгүй бүртгэгдсэн байна.” гэж тус тус дурджээ.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно”, 4 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” гэж тус тус хуульчилсан.

2.7. Нэхэмжлэгч “Г” ХХК -иас газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах болон солбицол өөрчлүүлэх хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20/04-05 дугаар[8], 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 20/07-03 дугаар[9], 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23/08-05 дугаар албан бичгээр[10], 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 24/21 дүгээр[11] албан бичгээр тус тус Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25/14 дүгээр[12] албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандсан байх ба тус хүсэлтийг Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны хурлаар шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлэхгүйгээр “Г” ХХК -ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

2.8. Тодруулбал, нэхэмжлэгч “Г” ХХК -д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар олгогдсон Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Доншигийн үзүүр нэртэй газарт байрлах 3 га газар нь усны болон ойн сан бүхий газартай давхцалтай, үүнээс шалтгаалж нэхэмжлэгч газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжгүй байсан байх ба солбицол өөрчлөх, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар захиргааны байгууллагад удаа дараа хандаж байсан, тус асуудлыг шийдвэрлээгүй буюу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг хариуцагч нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохгүйгээр газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.9. Нэгэнт “Г” ХХК-иас гаргасан солбицол өөрчлөх, хугацаа сунгуулах хүсэлтийг хариуцагчаас тухайлан хэлэлцээгүй, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэт нэг талыг барьж, бодит нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

      

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.             

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН     

 

                     ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА      

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 39 дэх тал

[2] 1 хавтаст хэргийн 42 дахь тал

[3] 1 хавтаст хэргийн 71-72 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 150 дахь тал

[5] 1 хавтаст хэргийн 152-153 хуудас

[6] 2 хавтаст хэргийн 13-14 хуудас 

[7] 1 хавтаст хэргийн 184 дэх тал

[8] 1 хавтаст хэргийн 215 дахь тал

[9] 1 хавтаст хэргийн 227 дахь тал

[10] 2 хавтаст хэргийн 14 дэх тал

[11] 1 хавтаст хэргийн 68 дахь тал

[12] 1 хавтаст хэргийн 67 дахь тал