| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0303/И |
| Дугаар | 319 |
| Огноо | 2020-09-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 319
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух Д.Т,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2-р багт оршин суух Ө.У-д холбогдох халамжаас олгогдож байгаа хүүхдийн мөнгө 1,640,000 төгрөг гаргуулж, хүүхдийн мөнгөний дансийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шийдвэрээр Ө.У-с гэр бүл салж, Д.Т миний асрамжинд хүү У.У, охин У.Э нар байгаа билээ. Хүү У.У 1-р сургуулийн ... ангид, охин У.Э 3-р сургуулийн ... ангид тус тус сурч байна. 2017 онд хүүхдийн мөнгө хасагдсан учир Д.Т миний бие өрх толгойлсон амжиргааны түвшингээ тогтоолгож дахин хүүхдийн мөнгө авах болсон. Гэвч хүү У.У-н хүүхдийн мөнгө одоо хүртэл Ө.У-н нэр дээр байгаа. У.У-т 2015 оны 07 сараас 2020 оны 09 сар хүртэл төрөөс олгосон хүүхдийн мөнгө болох 1,640,000 төгрөгийг Ө.У-с гаргуулж, халамжаас олгогдож байсан хүүхдийн мөнгийг Т миний нэр дээр шилжүүлэхийг У-д даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө.У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ө.У миний бие Д.Т-н нэхэмжилсэн 1,640,000 төгрөг гарган өгөх, мөн дансны нэрийг шилжүүлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2020 оны 09 сарын 30-ны өдрийн дотор өгнө. Тиймээс тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ө.У-д холбогдуулан халамжаас олгогдож байгаа хүүхдийн мөнгө 1,640,000 төгрөг гаргуулж, хүүхдийн мөнгөний дансийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.У нь нэхэмжлэлийн шаардлага болох халамжаас олгогдож байгаа хүүхдийн мөнгө 1,640,000 төгрөгийг төлж барагдуулах мөн хүүхдийн мөнгөний дансыг Д.Т нэр дээр шилжүүлэхээ хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.У-д холбогдох халамжаас олгогдож байгаа хүүхдийн мөнгө 1,640,000 төгрөгийг төлж барагдуулах мөн хүүхдийн мөнгөний дансыг Д.Т нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.У нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,190 төгрөгний 50 хувь болох 20,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 41,190 төгрөгний 50 хувь болох 20,595 төгрөгийг, хариуцагч Ө.У-с 41,190 төгрөгний 50 хувь болох 20,595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ө.У-д нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц