Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 313

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт байрлах, “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, Б овогт Б.А-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 2,250,547.43 төгрөг нотариатын зардал 2,000 төгрөг нийт 2,252,547.43 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр 08-ны өдрийн А-97 дугаартай К банк ХХК-нд банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар К ХХК-нд банкны эрх хүлээн авагч томилсон. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээний хугацааг сунгасан. Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Б.А К банктай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №586 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж 5,300,000 /Таван сая гурван зуун мянган/ төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Б.А-н К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 5,300,000 /Таван сая гурван зуун мянган/ төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 3,837,826.67 /гурван сая найман зуун гучин долоон мянга найман зуун хорин зургаан төгрөг жаран долоон мөнгө / төгрөг, зээлийн хүү 2,179,971.76 /хоёр сая нэг зуун далан есөн мянга есөн зуун далан нэгэн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,457.35 /нэг зуун жаран гурван мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг гучин таван мөнгө/ төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Хариуцагч Б.А нь үндсэн зээл 1,462,173.33 төгрөг, хүү 716,981.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,393.06 төгрөг нийт 2,250,547.43 төгрөг, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Хариуцагч Б.А-с зээлийн гэрээний үүрэгт 2,250,547.43 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг нийт 2,252,547.43 төгрөгийг “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид гаргуулж  өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.А нь “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 2,250,547.43 төгрөгийг, нотариатын зардал 2,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н би Б.А-н хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”  нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,250,547.43 төгрөг нотариатын зардал 2,000 төгрөг нийт 2,252,547.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь зээлийн гэрээний үүрэгт 2,250,547.43 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг нийт 2,252,547.43  төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”  нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 2,252,547.43 төгрөгөнд тохирох хураамж болох 50,991 төгрөгний 50 хувиас хөнгөлж, 25,495.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,252,547.43 төгрөгийг хариуцагч Б.А нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Б.А-с 25,495.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                 Б.Н