Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/153А

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0148/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Н.Б, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т***,
Хохирогч Д.У***, Д.У***,
Гэрч М.Б***, 
Шүүгдэгч Б.Ч***нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын соёлын төвд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Ч***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Б.Ч*** /РД:****/, 1990 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн  хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Б.Ч***нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг ** тоотод байх өөрийн гэртээ 47 настай эмэгтэй Ч.А***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг 5 удаа заазуурдан, мөн тоосгоор толгойн тус газар нь цохиж олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:


C:\Users\B.Goomaral\Desktop\shiitgeh togtool-Chingis 91.2.12 doc.docx
-Шүүгдэгч Б.Ч***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2016 оны 3 дугаар сарын 18-ны өглөө Б*** ах, Ш*** ах хоёртой алтанд явсан. Алтанд явж ирчихээд Б*** ахтай нэг шил архи уусан. Дараа нь ахиад Сэнгүр нэртэй 2 том пиво авчирч уучихаад гэртээ очиход манай аав Л*** гэх найзтайгаа байсан. Би аавдаа цэргийн баяр гэж 1 шил архи авч өгөх гээд дэлгүүр орохдоо Б***той тааралдсан. Аавд архийг нь оруулж өгчихөөд бид 2 буцаад гараад явсан юм. Гарч яваад намайг бие засаад зогсож байхад Б*** байрны орцонд талийгаачтай уулзаж байсан. Намайг яваад очиход Б*** мөнгө асуухаар нь 10000 төгрөг өгсөн юм. Мөнгөө өгчихөөд гэртээ орж ирээд удаагүй байж байтал Б*** “Нийслэл” нэртэй том пиво аваад орж ирсэн. Надад нэг аяга пиво, LD нэртэй саарал өнгөтэй тамхи өгсөн. Би түүнийг нь уучихаад  компьютер дээрээ тоглоом тоглоод MP дээр дуу сонсоод сууж байсан юм. Нэг мэдсэн чинь Түлхүүр эгч намайг татаад “эгчийг нь аллаа, найзыгаа аваач” гэж байсан. Намайг эргээд харахад Б*** талийгаачийг тоосгоор цохиод унагасан. Ингээд би чи яаж байгаа юм бэ? гээд Б***той хэд хэдэн удаа цохилцсон. Биднийг цохилцож байхад талийгаач шалан дээр үхчихсэн байсан. Б*** талийгаачийг танай шалан доор нуучихъя би чамд шинэ байр, машин авч өгнө гэж байсан. Яг энэ үед манай дүү Б*** хаалга нүдэхээр нь хаалгаа тал онгойлгоод ах нь хүнтэй байна гээд явуулсан. Талийгаачийг Б***той хамт шалан доогуур хийчихээд гэр орноо цэвэрлэчихээд байж байтал Б*** найз нь яваад машин олоод ирье гээд заазуураа аваад гараад явсан. Ингэж гарч яваад тухайн өдрөө ирээгүй. 3 дугаар сарын 24-ний өдөр Б***той хамт алтанд явж байхад Б*** “чи энэ хэргийг даачих, найз нь чамд байр, машин, мөнгө төгрөг өгнө” гэж хэлсэн учир би эхнэр хүүхдийг нь бодоод зөвшөөрсөн юм. 3 дугаар сарын 24-ний өдөр алтанд явчихаад ирж байхдаа талийгаачийн доор нь юм дэвсээд дээр нь давсаа цацаад тавихаар янз бүрийн муухай үнэр үнэртдэггүй гэхээр нь дэлгүүрээс нэг уут давс авсан. Гэртээ орж ирээд байж байхад цагдаа ирсэн. Гэтэл Б*** намайг чи алт ухаж байсан газарт байдаг гэрт очоод байж бай, би удахгүй яваад очъё гэсэн. Би тэр дороо гарч яваад хөдөө байдаг гэрт очоод 2 хоногийн дараа манай ах ирээд цагдаад очиж хэргээ хүлээ гэхэд нь цагдаа дээр очсон.
…Хамгийн анхны мэдүүлэг өгөхдөө би М.Б*** даагаад гаръя гэж бодож байсан юм. Гэтэл энэ хэрэг нь маш олон жилийн ялтай байсан гэдгийг мэдсэн учраас өөр мэдүүлэг өгсөн.
…Би хар, цагаан өнгийн MP-тэй байсан. Надад 4000000 төгрөг нэг их мөнгө биш. 3 дугаар сарын 18-ны өдөр талийгаачийн цогцосыг шалан доогуур хийсэн.
…Заазуурыг М.Б*** аваад явчихсан, тоосгыг зооринд хийсэн байсан.  
…Б*** надад энэ хэргийг даавал 3 өрөө байр, машин, мөнгө өгнө гэж амалсан. 
…Би тоглоод сууж байсан. Талийгаач миний араас татахад нь эргээд харахад талийгаач нүцгэн байсан. Намайг эргээд харахад Б*** талийгаачийг тоосгоор цохиж, талийгаачийн хүзүү хэсгээс цус гарч байсан.
…Би эхнэр хүүхдээсээ салаад амьдрах сонирхолгүй болсон байсан учир Б***ын хэлсний дагуу энэ хэргийг анх хүлээсэн юм. Энэ хэргийг Б*** бид 2 л мэдэж байгаа. Би энэ хэргийг хийгээгүй байхад намайг хэрэг хийсэн гэж үзээд байгааг ойлгохгүй байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.У*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Г***ийнд очиж архи уугаад гэртээ ирэхэд  гэрт хүн байгаагүй. Ингээд би Н***гийнд очиж хоносон юм. Өглөө нь гэртээ ирээд хаалгаа цохиход хаалга онгойлгож өгөөгүй. Тухайн үед бие муутай гэртээ ганцаараа байж байгаад ухаан алдаад уначихсан байж магадгүй гээд Онцгой байдлын газарт очиж шатыг нь аваад цонхоор оръё гэж бодоод шатыг нь гуйхад энэ талаар цагдаад ханд гэсэн. Ингээд цагдаад хандаж цагдаагийн хамт онцгойгийн шатыг аваад цонхоор ортол гэрт хүн байгаагүй. Манай гэрийн гэрэл, зурагт асаалттай байсан. Хэд хоног гэртээ ирээгүй. Дараа нь харин ийм зүйл болсон гэдгийг мэдсэн.
…Талийгаач бид хоёр 1989 оноос хойш 27 жил хамт амьдарсан, манай бага охин 17 настай. Бидний харилцаа хэвийн байсан. Талийгаач хааяа нэг архи уудаг байсан, архи уусан үедээ ийм  тийм асуудал гаргадаггүй байсан. Талийгаач баруун гараараа бичдэг хүн байсан.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч Д.У***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Шүүгдэгчийн мэдүүлэг болгон нь зөрж байгаа. Шүүгдэгч нь байнга худал хэлдэг. Талийгаачийн хүүхдүүд нь ээжийгээ байнга санаж байна гэж хэлдэг. Шүүгдэгч өөрөө ээжтэй, эгчтэй, урд нь эхнэртэй байсан хүн. Талийгаачийг алахгүй хөөгөөд гаргачихаж болоогүй юм уу? Оршуулгын зардал гэж 3480000 орчим төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч хохирол төлбөрт нэг ч төлбөр төлөөгүй. Энэ хугацаанд шүүгдэгчийн ар гэрийнхнээс нэг ч удаа ирж уулзаагүй. Гомдохын ихээр гомдолтой байна. Талийгаачийг хүчиндээд, зодоод гэрээсээ хөөгөөд гаргаж болох байсан шүү дээ.
…Манай дүүг аймаар зэрлэгээр хөнөөсөн байсан, хуруу гарыг нь хугалсан байсан, хөх, ам хамрыг нь огтолсон байсан. Яагаад ингэж зэрлэгээр хөнөөсөн юм бэ? яагаад хүчиндээд хөөгөөд явуулж болоогүй юм бэ” гэх мэдүүлэг, 

-Гэрч М.Б***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Ч***бид 2 найз нөхдийн харилцаатай. Би 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр талийгаачийг Чингисийнд дагуулж ороогүй, тийм зүйл болоогүй. Тухайн өдөр намайг тэмцээнд орохоос өмнө 14 дүгээр байрны эсрэг талын орцны үүдэнд талийгаач А*** сууж байсан. Ч***тэй орой тэмцээн тараад төв талбайн дэлгүүрийн хажууд тааралдсан.
..Би ажилгүй орлого байхгүй. Алтанд явж байгаа хүмүүсийг гуйж дагаж алтанд явдаг байсан. Явахдаа 10000-20000 төгрөг л олдог байсан. Чингист сонсдог МР байхгүй, би харж байгаагүй. 
…2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ч*** бага зэрэг согтуу явж байсан. Хөл нь жаахан гуйвалттай, хэл яриа нь жаахан муудсан байхаар нь гэрт нь оруулж өгөөд явсан. 
…2016 оны 3 дугаар сарын 24-ны өдөр алтанд яваад ирэхдээ замдаа хоол хийнэ, гэрт давс байхгүй гээд Ч***нэг уут давс авч байсан боловч гэртээ ороод хоол хийгээгүй. 
…Би өөрөө ажилгүй, алтанд явахаас өөр орлогогүй, өөрийн гэсэн орон гэргүй ээжтэйгээ хамт амьдардаг. Би өөрөө амьдралаа яая гэж байж би Ч***т ямар мөнгөөрөө байр, машин авч өгөх болж байна. Ээж минь цалингийн зээлтэй хүн. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй.” гэх мэдүүлэг,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-11 дэх тал/, 

-Хэрэг учралын газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 12-22 дахь тал/, 

-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/, 

-Гэрч Б.Б***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 10 цагт би мах ногоо зардаг Батаа ахын гэрт очиж засвар хийхээр гарсан, гэрт манай ах Ч*** унтаад үлдсэн юм. 
...ингээд би гэртээ орох гээд хаалганы гадна талаас түлхүүрээрээ хаалга онгойлгох гэсэн чинь хаалганы түлхүүр эргэхгүй, дотор хүн байсан. Тэгээд би хаалгаа нүдэхэд дотроос Ч*** ах “хэн бэ?” гэж асуухаар нь би “Б*** байна” гэж хэлсэн. Тэгэхэд Ч*** ах онгойлгосон бөгөөд орох гэхэд миний өөдөөс түлхээд би хүнтэй байна гэж хэлээд оруулаагүй. Ч*** ах бол хаалга бүрэн онгойлгоогүй хагас онгойлгоод тэгээд хүнтэй байна гэж хэлээд оруулаагүй. 
...маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 9 цаг өнгөрч байхад гэртээ очоод түлхүүрээр гаднаас нь хаалгыг нь онгойлгож ороход Ч*** ах ганцаараа унтаж байсан. Тэгээд гэрийн том өрөөний үүдэн хэсгийн хулдаас тэр чигээрээ байхгүй, шалан дээр дэвсээтэй байдаг ногоон өнгийн урт хивс зэрэг байсан юм нь байхгүй болсон байсан. Гэрийг бол маш гоё цэвэрлэсэн байдалтай байсан. Тэгээд “өрөөний тал хулдаас, хивс яасан юм бэ?” гээд асуухад Ч*** ах “гаргаад хаячихсан” гэж хэлсэн.
...манай ах Ч*** надад гарч орохдоо гэрийнхээ хаалга үүдийг байнга цоожилж шалгаж гарч орж байгаарай гээд захиад байсан.
...эмээ надаас хэд хоногийн өмнө “танай гэрт яагаад зодоон болоод байсан бэ?” гэж асуусан. Тэгэхээр нь би эмээд “би орой хүртэл ажил хийж байгаад ирсэн, мэдэхгүй байна” гэж хэлсэн.
...манай гэрт хутга байхгүй. Нэг ишгүй заазуур байдаг байсан чинь сүүлийн үед байхгүй болчихоод олдохгүй байгаа юм.
...2016 оны 3 дугаар сарын 24-ний орой буюу цагдаа дээр би ирэхээс өмнө нь 6 дугаар байр орчихоод гэр лүүгээ явж байгаад Ч*** ахтай таарсан юм. Тэгэхэд Ч*** ах уйлчихсан явсан бөгөөд намайг “чи ахыгаа цагдаад бариад өгчихлөө, ах нь одоо тэгээд яах юм бэ? охин минь яах юм бэ?” гэхээр нь би гайхаад “та юу яриад байгаа юм бэ?” гэж хэлэхэд Ч*** ах “чи л намайг бариад өгчихлөө” гээд хэлээд байсан. 
…Манай 14 дүгээр байрны 3 тоотод одоо ямар ч хүн байхгүй байгаа. Би тэр гэрт огт байхгүй байгаа. Би гэрийнхээ цонхыг янзалсан, шалыг болохоор гэрт байсан шкафыг буулгаад таглаад тавьсан байгаа. Би тэр шалны доод хэсгийг бол огт цэвэрлээгүй, огт гар хүрээгүй. 2016 оны 3 дугаар сарын 19-ний орой би 23 цагийн үед гэртээ ороход Ч***ах ганцаараа согтуу унтаж байсан. Би тэр шөнө гэртээ хоносон, манайд өөр хүн хоноогүй. 
…Би 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ч***ахыг эргэж очсон.  Ч***ах гэр орон цэвэрлэх талаар ямар ч зүйл хэлээгүй. Харин байцаагч, өмгөөлөгч нарыг асуувал 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой Б***ыг манайд хоносон гэж хэлээрэй, чи Б***той битгий харьцаарай гэж хэлсэн.  Агаа бол надад яг ингэж хэлсэн.  Би Ч***ахын хэлсэн үгийг сайн санаж байна. Би худал яриагүй, худал ярьвал эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байгаа. Б*** манай гэрт хоноогүй. 
…Би Ч***ахтай 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр очиж уулзахаас өмнө манай эгч Мөнхцэцэг над руу утсаар яриад “эгчийн дүү байцаагч юм уу өмгөөлөгчөөс нь Б***ыг манайд Ч***ахтай чинь хамт хоносон юм уу? гээд асуух юм бол хамт хоносон гэж хэлээрэй” гэж хэлсэн юм. 
…би өөрөө компьютер мэддэггүй юм.  Ч***ах л үүгээр  тоглодог байсан. Сүүлд харин Баярдалай ах манай компьютерыг янзалж өгөх гэж байхад цагдаа нар ирээд Ч***ах зугтчихсан юм. Тэрнээс өмнө хэзээ эвдэрснийг мэдэхгүй. Ч***ахад МР тоглуулагч байгаагүй, Ч***ахад ийм чихэвчтэй хөгжим огт байгаагүй. Ч***ах хааяа хөгжим сонсдог байсан. Гэхдээ хөгжмийг зурагтаар сонсдог байсан, хааяа миний гар утасны hi tone сонсдог байсан. Манайх ганцхан заазууртай байсан. Тэр заазуур ишгүй байсан бөгөөд цагаан өнгөтэй дээрээ цэцгэн хээтэй байсан. Ч***ах намайг орох гэхэд хүнтэй байна гэж   хэлээд оруулаагүй юм. Би гэртээ очсон Ч***ах яагаад намайг гэрт очсон байхад ирээгүй гээд байгааг мэдэхгүй байна. Би бол 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед очсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь тал/, 

-Гэрч Б.П*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны орой манайд Б*** ирж хоносон. Яг ирэх үед нь би гэрийнхээ 2 давхарт байрлах хадмынх руугаа орсон байсан бөгөөд 00 цаг 20 минутын үед буугаад гэртээ ороход Б*** ороод ирчихсэн цай уугаад сууж байсан. Тэгээд том өрөөнд хуйлж тавьсан байсан гудсыг дэлгээд унтаад өгсөн. Ингээд маргааш өглөө нь унтаж байхад Б*** намайг дуудаад “агаа би гарлаа шүү, айлд очиж ажил хийнэ” гэж хэлээд гараад явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/,

-Гэрч С.А*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр О*** эгчийн дэлгүүрт цэвэрлэгчийн  ажлаа хийгээд байж байсан. Тэгсэн 20 цагийн үед Б.У***ын эхнэр А*** дэлгүүрт орж ирээд О*** эгчийг зогсож байхад О*** эгчээс нэг пиво, нэг улаан шонхор гэдэг тамхи аваад гарсан.
...талийгаач А*** дэлгүүрт орж ирэхдээ гадуураа бор өнгийн нэхий өмссөн байсан. Хөлдөө түрүүгүй богино бор өнгөтэй бойтог өмссөн байсан.
...дэлгүүрт орж ирэхдээ тийм ч согтуу биш, халамцуу орж ирсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,

-Гэрч Б.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шөнө 23 цагийн үед засварын ажил дуусгаад Б***, Д*** 2-ыг өөрийн машинаараа гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгэхдээ эхлээд Б***ыг буулгаад дараа нь Д***ыг гэрт нь хүргэж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/,

-Гэрч Б.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б*** хажууд байж байгаад “найзынх нь нэг сим карт байгаа, тэрийг чи ав” гэж хэлсэн. Ингэж ярилцсаны маргааш орой нь айлд засвар хийж байхад Б*** надад “нөгөө сим карт энэ байна” гэж өгсөн. Тэр сим картыг авсан бөгөөд Б*** надад “сим картны пин код 0000 шүү” гэж хэлж өгсөн.
...тэр орой гэртээ хариад өөрийнхөө гар утсанд уг сим картыг хийсэн чинь нэг хүн над уруу залгасан. Тэгэхээр нь би Б***тай ярих гэж байна гэж бодоод утсыг нь авалгүй салгасан. Тэгэхэд тэр дугаараас над уруу дахин залгаад байхаар нь би тэр дугаарын утсыг аваад ярьсан. 
...тэр утсыг нь аваад “хэн бэ?” гээд ярихад тэр хүн надаас “чи хэн бэ?” гээд асуухаар нь би Б***тай ярих гэж байгаа юм байх гэж бодоод “би энэ дугаарыг сая хүнээс худалдаж авсан юм” гэж хэлэхэд тэр хүн “чи наад утсаа ямар хүнээс худалдаж авсан юм бэ?” гээд асуухаар нь би зөрүүлээд “Б*** гээд найзаасаа худалдаж авсан юм.” гэж хэлсэн.  
...Б***тай нэг удаа тааралдахад Б*** надад “найздаа би буруу сим карт өгсөн байна, 2 сим байхаар нь нэгийг нь аваад өгчихсөн юм. Пин код нь хүртэл адилхан байхдаа яадаг юм” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

-Шинжээч эмч Д.Т*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...талийгаачийн биед үүссэн шархны байрлал, хэмжээ зэргээс харахад духны баруун талд хөндлөн ташуу байрлалтай, зах ирмэг тэгш 7,5х1 см хэмжээтэй 1 шарх, хүзүү хоолойны дээд хэсэгт хөндлөн байрлалтай 10х1,5 см хэмжээтэй хоёр ангайсан шарх, зуун сугны урд хэсэгт 8х3,5 см хэмжээтэй зөөлөн эд болон өөхлөг ил гарсан 3 дугаар шарх, дээд уруулын дээд хэсэгт хамрын баруун угалз руу чиглэсэн 2,5х1,3 см хэмжээтэй 4 дэх шарх, дээд эрүүний төв хэсэгт хөндлөн байрлалтай 4х0,8 см хэмжээтэй 5 дахь шархнууд бусдын гараар үүсгэгдсэн байх боломжтой юм.
...хэрэв өөрийн гараар үүсгэсэн бол шарх өнгөц байхаас гадна хүзүү хоолойны шарх гэхэд шууд хөндлөн байрлалтай байх боломжгүй юм. Мөн зүүн суганы шархны гүн, өөх ил гарсан зэргээс харахад бол өөрийн гараар үүсгэгдээгүй гэж хэлж болно.
...ходоодны агууламж дахь 4.7 промилль этилийн спирт илэрсэн нь архийг их хэмжээгээр ууж хэрэглэсэн болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь хүний цусанд шимэгдэж согтолтод нөлөөлөөгүй байна гэсэн үг. Цусан дахь 1.3 промилль спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод ордог юм.
...нүүрний зүүн тал шанаа, хацар, зовхи, баруун нүдний зовхи, зүүн гарын сарвууны гадна хэсэг, баруун сарвуу 1-2-р хурууны харалдаа, зүүн өвдөгний баруун хэсэгт 5х2 см, зүүн гуяны дээд 1/3-ын урд дотор хэсэгт 14х4 см талбайд, баруун гуяны дээд 1/3-ын дотор 11х3,5 см, урд хэсэгт 6х6 см талбайд 0,7 см диаметр бүхий дугуй зууван хэлбэртэй, олон тооны хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, хавантай. Дух, баруун шанаа, хамрын нуруу, доод эрүүний төв баруун хэсэгт өвчүүний баруун дээд тал, зүүн бугалганы дээд гадна тал, зүүн шууны дээд 1/3-д, 3,7х2 см хүртэл хэмжээний шинэ зулгаралтуудтай. Доод эрүүний төв хэсгийн зулгаралт хоорондоо 0.4 см зайтай 4 эгнээ /сэрээний/ байна.
...дээрх гэмтлүүд нь цус хуралтын өнгөнөөс харахад хөхөлбөр хүрэн өнгөтэй, зулгаралт нь шинэ байсан зэргээс харахад тухайн цаг хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой юм. Түүнээс нарийн бол яг хэдний өдөр, хэдэн цагт үүссэн эсэхийг тодорхой хэлэх боломжгүй юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал/, 

-“1.Үндсэн: Хавсарсан гэмтэл. Гавал тархины битүү гэмтэл. Духны хэсгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зулай, зүүн чамархай, духны харалдаа хуйхан доорхи болон ясны дээд хальсан дахь цус хуралт, духны баруун тал, хүзүү хоолой, зүүн суга, дээд эрүүний шарх, нүүр, 2 гарын сарвуу, зүүн өвдөг, зүүн гуя, баруун гуян дахь цус хуралт, нүүр өвчүү орчим, зүүн бугалга, зүүн шуун дахь зулгаралт. 
2. Хүндрэл: Гэмтлийн шок, хурц гадуур цус алдалт., тархи, уушиг, зүрхний хаван.
3.Хавсарсан: Нойр булчирхайн архаг үрэвсэл, элэг өөхжилт, баруун бөөрний архаг үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл, зүрх өөхжилт 
Талийгаачийн биед дээрх үндсэн оношид бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо.      Талийгаачийн биед илэрсэн дух, хүзүү хоолой, зүүн суга, дээд эрүү дэх шархнууд нь хурц ир үзүүртэй багажний хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.3.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.  Талийгаачийн биед илэрсэн гавал тархины битүү гэмтэл, духны аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, зулай, зүүн чамархай, духны харалдаа хуйхан доорхи болон ясны дээд хальсан дахь цус харалт нь хатуу мохоо зүйл, доргилтын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн нүүр, 2 гарын сарвуу, зүүн өвдөг, зүүн гуя, баруун гуян дахь цус хуралт, нүүр өвчүү орчим, зүүн бугалга, зүүн шуун дахь зулгаралтын гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шозоор нас барсан болно. Талийгаачид учирсан гэмтэл нь бусдын гараар үүсгэгдэх боломжтой байна. Талийгаачийн биед нойр булчирхай, элэг, баруун бөөр, цөсний хүүдий, зүрхний архаг хууч өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаачийн цусанд 1,3 промиль этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолттой байсныг харуулна. Талийгаачийн цусны бүлэг BIII болно.” гэх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 115-120 дахь тал/,

-Криминалистикийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2254 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124-129 дэх тал/,

-“Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хулдаасны хэсгүүд, тоосго дээр цус илэрсэн. Энэ нь BIII бүлгийн харьяалалтай хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хар цагаан эрээн ноосон майк, хар цагаан эрээн неолон өмд, хар левчик, улаан цэцгэн хээтэй цагаан дотоож, хар ноосон өмд зэрэг хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь BIII бүлгийн харьяалалтай хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн нэхий хүрэм дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хувцас, эд зүйлс дээр биологийн бусад ул мөр илрээгүй.” гэх биологийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 6-нй өдрийн 2869 дугаартай дүгнэлт /хэргийн 133 дахь тал/,

-Б.Ч***нь сэтгэцийн хувьд эрүүл, болсон хэргийн талаар зөв ойлгон мэдэж, өөрийн үйлдлийг удирдах чадвартай. Б.Ч***нь болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Ч***нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцаж чадах чадвартай.” гэх 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 26/16 дугаартай шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал/,

-Хохирогч талаас оршуулгын зардалтай холбоотой нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 227-238 дахь тал/ 

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 221-225 дахь тал/, 

-Гэрч Д.Б*** мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр  П*** гэрт байж байхад Ч***орж ирээд аав гэртээ очоод байж бай, би таньд цэргийн баяр болж байгаа юм чинь нэг шил архи авч өгье гэж хэлсэн. Тухайн өдөр Л*** бид 2 алтанд явчихаад ирээд хамт байж байсан болохоор хамтдаа гараад 14 дүгээр байрны 3 тоотод очсон. Ингээд Ч***Л*** бид 2-ыг оруулж өгчихөөд гараад явсан. Ингээд Ч***надад нэг шил архи цэргийн баярын бэлэг гээд өгсөн. Тэгэхэд Б*** орж ирж харчихаад буцаад гараад явчихсан. Тэгснээ Б*** буцаад ороод ирсэн. Тэгтэл Ч*** өгсөн архийг задлаад нэг нэг татаж байхад Ч***ааваа та найзаа аваад гар, манайд хүн ирэх гээд байна гэж хэлэхээр нь би Л*** аваад гараад явчихсан юм. Тэгээд Б***, Ч***2 үлдсэн. Ахин бол би тэрүүгээр очоогүй. 
…надад бол тухайн үед Ч***энэ хэргийг би хийгээгүй гэж юм хэлээгүй. Би Ч*** янз бүрийн юм хэлээгүй, бие бодоорой л гэж хэлсэн. Ч***намайг хараад л ингэж хэлсэн байх. Тэрнээс биш би хүүдээ “миний хүү үнэнээ хэлээрэй, хүний хэрэг дааж хэрэггүй шүү” гэж захиж бол хэлээгүй. Би хүүгээ л хүн алсан гэж бодож байснаас биш Б*** хүн алсан гэж огт мэдээгүй байсан юм. Би өөрөө чих хатуу болохоор шүүх хурлын үед яг юу яригдсаныг сайн мэдээгүй. Ч***хүн алаагүй, Б*** хүнийг алсан гэснийг шүүх хурал тарсны дараа манай охин Мөнхцэцэг надад аав “Ч***хүн алаагүй гэнээ, Б*** алсан гэнээ” гэж хэлсэн. Тэгж л би хүүгээ хүн алаагүй юм байна даа гэж бодсон. Бодохдоо хүүгийнхээ ярьж  байгааг ортой юм даа л гэж бодсон. 
…Би уг байраар хэд хэдэн удаа очиж харсан. Тэгэхдээ бол орж харчихаад буцаад гарч байсан. Тэрнээс биш шалан доорхыг цэвэрлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 2 дахь хавтас 228-229 дэх тал/,  

-Гэрч М.Т*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 18-ны орой бид нар бүгдээрээ том өрөөндөө зурагт үзээд сууж байхад гаднаас Б*** орж ирсэн юм. Тэгээд гал тогооны өрөөгөөр орчихоод том өрөөгөөр шагайж харчихаад хэлээ гаргаад инээчихээд жижиг өрөө рүүгээ орсон юм.    
…Б*** 2016 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд гэртээ хоносон. 
…Манай хүүхдэд ямар ч ийм эдийн засгийн боломж байхгүй. Манай хүүхэд чинь өөрөө орох орон, гэргүй хүн шүү дээ. Эхнэр хүүхдийн хамтаар манайхаар эсхүл хадмынхаар л байдаг хүн шүү дээ. Б***од ямар юмны хүнд байр байшин болон машин тэрэг авах мөнгө байдаг юм бэ?
Ч***ийн гэрийнх нь 2 давхарт манайх байсан. Тэгээд би нөхрийнхөө хамтаар лизингээр байр аваад ороод амьдарч байгаа. Манайхыг ямар амьдралтай, эдийн засгийн хувьд ямар ч боломжгүй гэдгийг Ч***сайн мэдэж байгаа шүү дээ. Бид нар зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Б*** хэрэв ийм хэрэг хийгээд энэ хэргээ Чингист даачих гээд тэгээд байр байшин болон машин тэрэг авч өгнө гэхэд Ч***итгэх хүн бол бишээ. Манайд машин тэрэгтэй хүн ч байхгүй. Шаазгайтад манайх хашаа байшинтай байсан. Энэ бол маш муу хашаа байшин байсан бөгөөд одоогоос 4 жил гарангийн өмнө уг хашаа, байшингаа зараад мөнгийг нь орон сууцны 8 хувийн зээл авах гээд зээлд оруулсан. Одоо би тэгээд зээлийнхээ байранд байдаг. Одоо хашаа байшин бол байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 2 дахь хавтас 232-232 дахь тал/, 

-Гэрч Т.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 18-ны орой 20-21 цагийн үед Б*** гадуур явж байгаад ирэхдээ архи үнэртүүлсэн орж ирэхээр нь миний уур хүрээд архи үнэртүүлж ирлээ гэснээс болж  хоорондоо жаахан маргасан. Би угаасаа архи уусан хүнд дургүй юм. Тэгэхэд Б*** буцаад гарна гэхээр нь би уурлаад чи хүүхэд чинь 1 сар гарантай байхад хаачих гээд байгаа юм бэ? хүүхдийнхээ даавууг угаа гэж хэлсэн. Тэгээд уурлахад хадам ээж бас уурласан тэгээд Б*** хэвтээд унтаад өгсөн. 
… Би хувцас хунарыг нь угааж цэвэрлэдэг бөгөөд биеийн тамирын хувцсыг нь угааж цэвэрлэхэд ямар нэгэн бохирлогдсон зүйл байгаагүй. Би энэ талаар өмнө нь сонссон. Ч***шүүх хурал дээр манай нөхрийг хүн алсан гэж хэлсэн гээд Л*** гэх хүнээс сонссон. Гэхдээ энэ яриа бол аль эрт Шарын гол сумын иргэдийн дунд гарсан байсан. Манай нөхөр бол ямар нэгэн хүн амины хэрэг үйлдээгүй. 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой гэртээ эрт ирээд хоносныг нь би өөрөө сайн мэдэж байгаа учраас нөхрийгөө хүн алаагүй гэдэгт маш их итгэлтэй байна. 
…2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б*** алтанд явна гэж хэлээд гараад явсан. Тэгээд ирж хоноогүй, Шарын голынхон чинь тэр чигээрээ алтаар амьдардаг хүмүүс шүү дээ.
…Б*** бид 2-т ямар юм байдаг юм. Өөрсдөө байр сав авч тусдаа гарч чадаагүй байж яаж Чингист байр сав, машин тэрэг авч өгдөг юм бэ? наадах чинь худлаа. Өөрсдийгөө яая гээд хадмындаа амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Манайхны амьдрал ямар хэцүү гэдгийг манай Шарын гол сумынхан бүгд мэднэ шүү дээ. Б***ын ээж нь багш хийдэг юм. Гэхдээ өөрийнх нь амьдарч байгаа байр чинь лизингээр авсан байр шүү дээ. Сар бүр байрны зээл болон гэр орныхоо хоол хүнсийг яая гэж байгаа хүмүүс шүү дээ. Ах, дүү нар дотор нь ч гэсэн боломжийн амьдралтай хүмүүс байхгүй шүү дээ.” гэх мэдүүлэг /хэргийн 2 дахь хавтас 274-275 дахь тал/,  

-Гэрч Ц.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 18-ны орой Б*** гэртээ байсан. Тэгэхдээ оройны хоол болж байхад орж ирсэн гэхээр 19-20 цагийн үед л орж ирсэн юм. Б*** гаднаас орж ирсний дараа Б***ын эхнэр нь чанга дугараад эхнэр очсон юм. Тэгээд буцаад ирэхлээр нь юу болоод байгаа юм бэ? гээд асуусан чинь манай эхнэр “Б*** архи үнэртүүлсэн орж ирсэн гээд эхнэр нь уурлаад” гэж хэлж байсан. Тэгэхэээр нь би Б***ыг архи уудаг юм уу? гэж асууж байсан юм. Тэгээд би наад хэд чинь учраа олох байлгүй дээ гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой бол Б*** гэртээ байсан. Буцаж гарч бол яваагүй, жижиг өрөөндөө хүүхдээ тэврээд хэвтэж байсан. 2016 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Б*** гэртээ байсан, гадуур хоноогүй. Би сайн санаж байна, би худал ярьвал эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгож байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 2 дахь хавтас 236 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Ч***нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14-3 тоотод байх өөрийн гэртээ 47 настай эмэгтэй Ч.А***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг 5 удаа заазуурдан, мөн тоосгоор толгойн тус газар нь цохиж олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-11 дэх тал/, хэрэг учралын газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 12-22 дахь тал/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч Б.Б***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хаалгаа нүдэхэд дотроос Ч*** ах “хэн бэ?” гэж асуухаар нь би “Б*** байна” гэж хэлсэн. Тэгэхэд Ч*** ах онгойлгосон бөгөөд орох гэхэд миний өөдөөс түлхээд би хүнтэй байна гэж хэлээд оруулаагүй. Ч*** ах бол хаалга бүрэн онгойлгоогүй хагас онгойлгоод тэгээд хүнтэй байна гэж хэлээд оруулаагүй. ...маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 9 цаг өнгөрч байхад гэртээ очоод түлхүүрээр гаднаас нь хаалгыг нь онгойлгож ороход Ч*** ах ганцаараа унтаж байсан. Тэгээд гэрийн том өрөөний үүдэн хэсгийн хулдаас тэр чигээрээ байхгүй, шалан дээр дэвсээтэй байдаг ногоон өнгийн урт хивс зэрэг байсан юм нь байхгүй болсон байсан. Гэрийг бол маш гоё цэвэрлэсэн байдалтай байсан. Тэгээд “өрөөний тал хулдаас, хивс яасан юм бэ?” гээд асуухад Ч*** ах “гаргаад хаячихсан” гэж хэлсэн. ...манай ах Ч*** надад гарч орохдоо гэрийнхээ хаалга үүдийг байнга цоожилж шалгаж гарч орж байгаарай гээд захиад байсан. ...2016 оны 3 дугаар сарын 24-ний орой буюу цагдаа дээр би ирэхээс өмнө нь 6 дугаар байр орчихоод гэр лүүгээ явж байгаад Ч*** ахтай таарсан юм. Тэгэхэд Ч*** ах уйлчихсан явсан бөгөөд намайг “чи ахыгаа цагдаад бариад өгчихлөө, ах нь одоо тэгээд яах юм бэ? охин минь яах юм бэ?” гэхээр нь би гайхаад “та юу яриад байгаа юм бэ?” гэж хэлэхэд Ч*** ах “чи л намайг бариад өгчихлөө” гээд хэлээд байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал/, гэрч Б.П*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны орой манайд Б*** ирж хоносон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/, гэрч С.А*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20 цагийн үед Б.У***ын эхнэр А*** дэлгүүрт орж ирээд О*** эгчийг зогсож байхад О*** эгчээс нэг пиво, нэг улаан шонхор гэдэг тамхи аваад гарсан. ...талийгаач А*** дэлгүүрт орж ирэхдээ гадуураа бор өнгийн нэхий өмссөн байсан. Хөлдөө түрүүгүй богино бор өнгөтэй бойтог өмссөн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрч Б.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр дугаараас над уруу дахин залгаад байхаар нь би тэр дугаарын утсыг аваад ярьсан. ...тэр утсыг нь аваад “хэн бэ?” гээд ярихад тэр хүн надаас “чи хэн бэ?” гээд асуухаар нь би Б***тай ярих гэж байгаа юм байх гэж бодоод “би энэ дугаарыг сая хүнээс худалдаж авсан юм” гэж хэлэхэд тэр хүн “чи наад утсаа ямар хүнээс худалдаж авсан юм бэ?” гээд асуухаар нь би зөрүүлээд “Б*** гээд найзаасаа худалдаж авсан юм.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал/, шинжээч эмч Д.Т*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...талийгаачийн биед үүссэн шархны байрлал, хэмжээ зэргээс харахад духны баруун талд хөндлөн ташуу байрлалтай, зах ирмэг тэгш 7,5х1 см хэмжээтэй 1 шарх, хүзүү хоолойны дээд хэсэгт хөндлөн байрлалтай 10х1,5 см хэмжээтэй хоёр ангайсан шарх, зуун сугны урд хэсэгт 8х3,5 см хэмжээтэй зөөлөн эд болон өөхлөг ил гарсан 3 дугаар шарх, дээд уруулын дээд хэсэгт хамрын баруун угалз руу чиглэсэн 2,5х1,3 см хэмжээтэй 4 дэх шарх, дээд эрүүний төв хэсэгт хөндлөн байрлалтай 4х0,8 см хэмжээтэй 5 дахь шархнууд бусдын гараар үүсгэгдсэн байх боломжтой юм. ...дээрх гэмтлүүд нь цус хуралтын өнгөнөөс харахад хөхөлбөр хүрэн өнгөтэй, зулгаралт нь шинэ байсан зэргээс харахад тухайн цаг хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой юм. Түүнээс нарийн бол яг хэдний өдөр, хэдэн цагт үүссэн эсэхийг тодорхой хэлэх боломжгүй юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал/,  2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 115-120 дахь тал/, криминалистикийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2254 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124-129 дэх тал/, биологийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2869 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Ч***нь шүүхийн хэлэлцүүлэгт “би энэ хэргийг үйлдээгүй, Б*** үйлдсэн” гэх мэдүүлэг өгч байгаа боловч түүний энэхүү мэдүүлгийг, мөн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...миний уур хүрээд тогоо тавьдаг тал улаан тоосгыг аваад толгой уруу нь 2 удаа цохьсон. А*** газар унахад шал цус болоод А*** амьсгалахгүй байхаар нь би шалныхаа модыг сөхөөд шалны доор байх зоориндоо А***ийг хийгээд дээгүүр нь шалны хулдаасаар бүтээгээд зооринд байсан шороог хамаад дээгүүр нь асгасан.” /1 дүгээр хавтаст хэргийн 153-157 дахь тал/ гэх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн гэрч М.Б***  нь шүүгдэгч Б.Ч***т байр, машин, оршуулгын зардал төлөх хэмжээний амьдралын боломжгүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би өөрөө ажилгүй, алтанд явахаас өөр орлогогүй, өөрийн гэсэн орон гэргүй ээжтэйгээ хамт амьдардаг. Би өөрөө амьдралаа яая гэж байж би Ч***т ямар мөнгөөрөө байр, машин авч өгөх болж байна. Ээж минь цалингийн зээлтэй хүн.” гэх мэдүүлэг, гэрч М.Т***, Т.Б***, Ц.Б*** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 232-236 дахь тал/ зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ч***нь талийгаач Ч.А***ийг алах явцдаа гавал тархины битүү гэмтэл, духны хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зулай, зүүн чамархай, духны харалдаа хуйхан доорх болон ясны дээд хальсан дахь цус хуралт, духны баруун тал, хүзүү, хоолой, зүүн суга, дээд эрүүний шарх, нүүр, 2 гарын сарвуу, зүүн өвдөг, зүүн гуя, баруун гуян дахь цус хуралт, нүүр, өвчүү орчим, зүүн бугалга, зүүн шуун дахь зулгаралт зэрэг  олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж гэмт үйлдлээ гүйцэтгэсэн байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Ч***ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар хорих ял оногдуулах үндэстэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11-т “онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эрэгтэй ялтны хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр шүүх тогтоож болно” гэж заасан тул Б.Ч***т оногдуулсан 21 жилийн хорих ялын эхний 3 жил хорих ялыг гянданд, үлдэх 18 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.У***, Д.У*** нар нь гэмт хэргийн улмаас гарсан зайлшгүй зардал, хохирол төлбөрт 34783000 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн боловч хохирлын талаар ирүүлсэн баримтыг судалж үзэхэд 1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх талд авагдсан 74400 төгрөгийн баримтын үнийн дүнг 98000 төгрөг гэж, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 233 дахь талд авагдсан 213000 төгрөгийн баримтын үнийн дүнг 253500 төгрөг гэж илүү тооцож ирүүлсэн байх тул илүү нэхэмжилсэн 64100 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 3414200 төгрөгийг шүүгдэгч Б.Ч***ээс гаргуулж, хохирогч Д.У***, Д.У*** нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ч***т ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн нэхий хүрэм 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар саарал өнгийн нилоонон өмд 1 ширхэг, хар цоохор цэцгэн хээтэй өмд 1 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй даавуун дотоож 1 ширхэг, бор өнгийн бойтигон гутал 1 хос, тал тоосго 1 ширхэг, хулдаасны тасархай 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1.Шүүгдэгч Б.Ч***ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн Б.Ч***т 21 /хорин нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.11-д зааснаар шүүгдэгч Б.Ч***т оногдуулсан 21 жил хорих ялын зарим хэсэг буюу 3 /гурав/ жилийн хорих ялыг гянданд, үлдэх 18 /арван найм/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Ч***ийн энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 256 /хоёр зуун тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч***ээс 3414200 /гурван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуу/  төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн ** тоотод оршин суух Д.У*** /****/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны **
тоотод оршин суух Д.У /****/ нарт олгож, 64100 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн нэхий хүрэм 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар саарал өнгийн нилоонон өмд 1 ширхэг, хар цоохор цэцгэн хээтэй өмд 1 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй даавуун дотоож 1 ширхэг, бор өнгийн бойтигон гутал 1 хос, тал тоосго 1 ширхэг, хулдаасны тасархай 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ч***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ
        
ШҮҮГЧИД                        Г.ГЭРЭЛТ-ОД

Т.ЭНХЖАРГАЛ