Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/01742

 

        2020         06             23

             ШШ/2020/01742

                    

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух Т-д овогт П-н Т-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 9 дүгээр байрны 00 тоотод оршин суух Т-д овогт С-ын Д-д холбогдох

            2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг С.Д гаас албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О /ШТЭҮД:0000/, хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мө /0000/, гэрч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-эрдэнэ нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч П.Т шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие П.Т нь талийгаач С.Х хамтран амьдарч байсан ба бид хоёрын дундаас охин Т.М 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, хүү Т.Б 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд хүүхдүүдийн төрсөн эцэг нь П.Т би хүүхдүүдийнхээ хууль ёсны төлөөлөгч бөгөөд хуулийн дагуу асран хамгаалагчаар тогтоогдсон. Миний бие цэргийн байгууллагад ажилладаг, цэргийн дарга хурандаа цолтой, энхийг сахиулах ажиллагаанд 7 удаа үүрэг гүйцэтгэсэн. 2017-2018 онд БНАӨСУ-д үүрэг гүйцэтгэж байх хооронд биеийн байдал нь муудаж хүнд байдалд орсон ба ажиллагаанаас амжиж хүрч ирсэн ба намайг ирээд 7 хоногийн дараа өөд болсон. Миний хүүхдүүдийн ээж С.Х нь биеийн байдал нь муу байсан учир 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өвчний учир нас барсан. Хүүхдүүд минь бүгд хуулийн дагуу төрсөн аав миний асрамжинд байгаа. Талийгаач бид хоёрын амьдарч байсан энэ байранд дур мэдэн цоожийг нь онгойлгож орсон ба  миний өмсөж байсан хувцас мөн хөргөгч, зураг, мөнгөн аяга болон эд зүйлийг өгөхгүй байгаа ба өөрсдөө орж амьдраад хүүхэд биднийг гэрт оруулахгүй хүнд байдалтай байгаа учир бид эдгээр хөрөнгөө авахаар шүүхийн байгууллагад хандаж байна. Өвчтэй байх хугацаандаа өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө хүүхдүүддээ болон зарим нэг үл хөдлөх хөрөнийг эгч С.Д өвлүүлсэн байсан. Энэ үед тадийгаач биеийн байдал маш муу, бараг юу хийж байгаагаа мэдэхгүй шахуу хэвтэрт байхад хөрөнгийг хүүхэдтэй нь хамтран эзэмшихээр бичүүлсэн байсан. Ээж нь энэ их хөрөнгийг үр хүүхдэд минь өвлүүлээрэй гэж надад захиж байсан. Гэтэл талийгаачийн эгч С.Д нь хүүхдүүдийг насанд хүрээгүй бага насны хүүхдүүдийн эд хөрөнгөд хууль ёсны зөвшөөрөлгүй халдаж, хүүхдүүдийн ээжийнх нь үлдээсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүгдийг дур мэдэн, хууль зөрчин төрсөн хүүхдүүд нь байсаар байтал өөрийн эзэмшилд авсан байна. Тухайн үед талийгаачийг амьд сэрүүн байхад хэзээ ч уулзаж, үзэгдэж, төрөхөд нь ганц сүү авч ирж байгаагүй байж хөрөнгийг хуваан эзэн болсонд гайхаж байна. Мөн миний мэдэхлийн л талийгаач С.Д-д дургүй байсан, энэ талаар С.Д өөрөө сайн мэдэж байгаа. Мөн хэзээ ч туслаж байгаагүй хүнд өвчтэй байхад нь нотариат аваачаад бүгдийг өөр дээрээ шилжүүлж авсан байсан. Үнэхээр муухай сэтгэлгүй эмэгтэй юм. Хүүхдийн өмчлөлийн нэр байсаар байтал дур мэдэн хүүхдийн орон байрыг өөрийн өмчлөлд авсанд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 3/17 дугаар байрны 3-05 тоот орон сууцны өмчлөгчөөр хүү Т.Б, охин Т.М нарыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч П.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлснийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие П.Т нь талийгаач С.Х хамтран амьдарч байсан ба хамтран амьдарч байх хугацаандаа хоёр хүүхэдтэй болсон. Охин Т.М 2014 оны 06 дугаар сарын 22-нд төрсөн, 5 настай, хүү Т.Б 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 3 настай. Хүүхдүүд ээжийгээ өөд болсноос хойш аавтайгаа, эгчтэйгээ амьдарч байхдаа оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити, 3/17 дугаар байрны 3-05 тоот байрандаа одоо очиж амьдарч чадахгүй байгаа. Хүү Т.Б хувьд байнгын асаргаа эмчилгээ шаардлагатай бөгөөд дауны хам шинж өвчтэй хүүхэд байгаа юм. Ээжийг нь амьд сэрүүн байхад буюу маш хүнд өвчтэй байхад нь тус байрыг бэлэглэлийн гэрээгээр С.Д өөрийн өмчлөлд авсан байна. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Мөн хариуцагч С.Д хүүхдүүдийг байранд нь суулгахгүй, өөрөө эзэн сууж байгаа учир тус байрыг С.Д- гаас албадан чөлөөлүүлж өгнө үү.  Охин Т.М нь эрхийн улсын бүртгэлийн Ү-200000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити, 00 дугаар байрны 00 тоот 2 өрөө оро нсууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа. Иймд миний бодоход талийгаач 2018 оны 09 дүгээр сарын 27-нд хорт хавдрын хүнд өвчтэй өөрийнхөө биеийн яая гэж шаналж байгаа хүн дээр очиж хөрөнгийг нь бэлэглэлийн гэрээгээр өөрийн эзэмшилд авсанд гайхаж байна.  Миний бие өөрсдийн төрсөн хүүхдүүдээ хуулийн дагуу асран хамгаалагчаар тогтоолгосон байхад  ээж нь нас барсны дараа хүүхдүүдийн асаргааны талаар юу ч яриагүй байж мөн ээжийг нь амьд сэрүүн байхад нь хүүхдүүдийг харж хандаж чадахгүй талаар хэлж бичиж өгсөн байж түүгээр ч барахгүй шүүхээр асран хамгаалагч тогтоолгох гэж байхад С.Д нь  миний төрсөн хүүхэд болохыг гэрчилсэн ба  энэ шийдвэрийн талаар маш сайн мэдэж байж  нэг жил гаруй болсоны  дараа хүүхдийн  асрамж өөр дээрээ тогтоолгоно, байр орон сууц нь минийх гэж  хуулийн дагуу асран хамгаалагч аавыг нь хэзээ ч харж байгаагүй, танихгүй,  мэдэхгүй хүн гэж  хаа хамаагүй юм ярьж, хүүхдүүд бөөсдөж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Хүүхдэд худлаа үг зааж өгч байна, мөн хүүхэд хулгайлсан, харах хүнгүй, хүүхдүүд хаана хэн дээр байгаа нь мэдэгдэхгүй байна гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар болон Нийслэлийн Цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандаж, талийгаачийн эд хөрөнгө байгаа дүүргүүдийн шүүх болгонд нэхэмжлэл гаргаж байгаад би гайхаж байна. Үүгээс зогсохгүй гудамж талбай, хаа тааралдсан газар хүүхдүүд хаана нуусан, хаана байна, надад хүүхдүүдийг өг, яасан ичдэггүй юм, ичихгүй хүүхдүүдийг хулгайлж авсан, цагдаа шүүхээр явна, чи барахгүй шүү гэж доромжилж, миний бас хүүхдүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Миний хүүхдүүдийг авч ааваас нь салгаж, бүтэн өнчин болгож яах гэж байгааг ойлгохгүй байна. Хүүхдүүдийг харж хандах байтугай хөрөнгөнд нь эзэн сууж өөрийн өмчлөлд авч байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

              Хариуцагч С.Д шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний төрсөн дүү С.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний  улмаас нас барсан юм.  Миний дүү С.Х нь өрх толгойлон хоёр хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд энэ хүнийг танихгүй. Би дүүгээ асарч байгаад өнгөрүүлсэн. Энэ хүн эмнэлэгт байхад нь ирж байгаагүй, хараагүй, оршуулганд нь ч ирээгүй. Нэхэмжлэгч П.Т нь миний дүүтэй хамт амьдарч байгаагүй,  бидэнд худал ярьж, хоёр хүүхдээр хөрөнгөтэй болох гэсэн тооцоололтой нэгэн бөгөөд  хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч болсон, чи яах юм гээд насанд хүрээгүй  хоёр нялх хүүхдийг аваад өөрийн албан ёсны баталгаатай гэр бүлээсээ нууж, нялх хоёр хүүхдийг амьдарч байсан гэр орноос нь дайжуулаад огт танихгүй айлуудад өгсөн болохыг тогтоосон болно.  Тухайлбал, Т.М-г Эрдэнэт хотод Энхцэцэг гэгч айлд өгөсн байгааг 10 сард өөрөө явж байж тогтоосон. Энэ үеэр охин Т.М нь надад хэлэхдээ “би эндээс  явмаар байна, бөөсдөөд байна” гэж хэлээд нилээдгүй эцэж турсан, уйлсан, маш их шаналсан, санасан байсан. Ингээд би П.Т руу яриад бидний зовлонгоор битгий тоглоод байж, нялх хүүхдүүдийг байсан газарт нь аваад ир гэж  хэлэхэд шүүх намайг эцэг нь болгосон гэж хэлж, бид хоёр нилээдгүй утсаараа маргалдсан. Эхлээд би юу ч ойлголгүй П.Т-ыг нөхөр нь гэсэн ойлгож байсан. Гэтэл бодит байдал дээр П.Т нь  өөрийн гэсэн гэр бүлтэй, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг болохыг олж мэдсэн.  П.Т нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 00 дугаар байрны 3-0 тоот байранд 2018 оны 10 дугаар сараас хүүхдүүдтэйгээ амьдаръя гэсэн болохоор нь дээрх байранд байлгасан чинь  амьдран суусан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл СӨХ-ийн болон байрны төлбөрийг төлөөгүйгээс гадна хоёр нялх хүүхдүүдийг амьдруулалгүй, энд тэнд орхисон болохыг  өөрөө биеэрээ харлаа. Сүүлд би хэн гэдэг ямар хүнд итгээд байна гээд судалсан чинь бидэнд огт хамааралгүй хүн гэдгийг олж мэдээд байраа чөлөөлж авсан. Миний бие нь өөрийн өмчлөлийн байрыг хамгаалах үүрэгтэй учраас П.Т гэгч нь өнчин нялх хоёр хүүхэдтэй хүн болж эцгийн дүрд тоглож байсан хүнээс өөрийн өмчлөлийн байрыг хамгаалах нь миний үүрэг юм. Мөн юм хэлж чадахгүй, ээж дээрээ амьдарч байсан хоёр нялх хүүхдийг  эцэг нь болж худал яриад аваад явсан нь хүүхдүүдийг эзэнгүйдүүлж, гэр орноос нь  холдуулж, амьдрах орчингүй болгоод байна. Миний бие нь  нагац дүү Т.М-гийн хамтаар  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач С.Х-гээс  бэлэглэлийн гэрээний үндсэн дээр  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 00 дугаар байрны 3-00 тоот орон сууцыг шилжүүлж авсан.  Гэрээг байгуулах үед  болон ээжийгээ нас бартал нь эцэггүй амьдарсан юм. Т.М нь  ээж дээрээ ирж миний хамтаар ээжийгээ сахиж байх үеэр талийгаач дүү маань  бид хоёрын хуваарьт хөрөнгө болгон сайн дурын үндсэн дээр  бэлэглэлийн гэрээг хуулийн дагуу байгуулсан болно.  Энэ үеэрээ  охин Т.М-гаас  хэзээ ч салж болохгүй гэдгийг олон дахин хэлсэн гэдгийг үүгээр илэрхийлж байна. Т.М болон Т.Б нарыг миний дүү өөрөө асрамжиндаа өсгөж ирсэн атал цуг амьдарч байгаагүй П.Т нь хууль бусаар охиныг аваад явсан. П.Т-д  хүүхдийг болон байрыг шилжүүлэх хуулийн үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч би 2018 оноос эхлэн байрны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж  ирсэн, СӨХ болон бусад төлбөрт 622.398 төгрөгийг төлсөн байна. Мөн П.Т нь  элэгний өвчтэй гэдгээ өөрөө хэлж байж нялх хоёр хүүхдийг амьдарч байсан гэр орноос нь авч явсан шалтгаан нь хүүхдүүдийг авчихвал мөнгөтэй болчих гэсэн атгаг санаа нь одоо илтэд болоод байна. Т.М болон бидний хуваарьт хөрөнгө хоёр өмчлөгчтэй. Тийм болохоор бид Т.М-гийн хуваарьт хөрөнгийг П.Т-ын нэр дээр шилжүүлэх боломжгүй. Харин П.Т нь Т.М болон Т.Б нарыг бидэнд өгч, хүүхдүүдийг амьдарч байсан гэр оронд нь  авчирч  өгөхийг чин сэтгэлээс хүсч байна. Учир нь хоёр хүүхэд нялх байгаа учир аливаа зүйлийн учрыг ойлгохгүй, Т.Б нь дауны өвчтэй юм. Миний бие  байрыг шилжүүлэхгүй, зарж үрэхгүй. Хүүхдүүд болон П.Т нарт талийгаач эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй байна. Аваад ирвэл  орон сууцны өмчлөгчөөр оруулж болно. Миний бие Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаан үүсгээд явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч С.Г-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Т нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ  хариуцагч С.Д-д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-00 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү Т.Б, охин Т.М нарыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг С.Д-гаас албадан чөлөөлүүлэхээр шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Т нь талийгаач С.Х хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Т.М, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү Т.Б нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх ба хүүхдүүдийн эх С.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өвчний учир нас баржээ.

Талийгаач С.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эгч С.Д-тай  үл хөдлөх эд  хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/0 дугаар байрны 3-00 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг өөрийн охин Т.М болон эгч С.Д нарт бэлэглэсэн болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч П.Т-аас талийгаач С.Х нь хүнд өвчний улмаас учир аливаа зүйлийн холбогдлыг ойлгохгүй, юу хийж байгаагаа ойлгохгүй хэвтэрт байхад нь хариуцагч С.Д нь бэлэглэлийн гэрээгээр түүний Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг  өмчлөлдөө авсан атлаа  хүүхдүүдийн эцэг П.Т-ыг  танихгүй, хэзээ ч харж байгаагүй, хаа хамаагүй хүн гэж ярьж, түүний хүүхдүүд болох Т.М, Т.Б нарыг орон сууцанд суулгахгүй байгаа нь бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл мөн тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар уг  үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 00  дугаар байрны 00 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг С.Д-гаас албадан чөлөөлүүлэхээр шаардсан бол хариуцагч С.Д нь уг орон сууцыг сайн дурын үндсэн дээр надад болон охин Т.М нарт бэлэглэж, шилжүүлсэн  бөгөөд миний бие бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргаагүй тул уг бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэл байхгүй. Харин нэхэмжлэгч П.Т нь талийгаач дүүгийн маань нөхөр нь гэж гарч ирэхээр нь уг орон сууцанд 2018 оны 10 дугаар сараас амьдруулсан боловч суусан цагаасаа эхлэн орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөөгүй, улмаар хоёр нялх хүүхдийг орон сууцанд амьдруулахгүй, энд тэнд орхисон байсан. Гэтэл П.Т нь манай дүүтэй огт амьдарч байгаагүй, өөрөө гэр бүл, үр хүүхэдтэй  хүн байсныг мэдээд байраа чөлөөлж авсан. П.Т нь  хоёр хүүхдийн төрсөн эцэг мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд хүүхдүүдийг дайжуулаад аваад явчихсан, огт уулзуулахгүй байна. Одоо миний бие дүүгийнхээ хүүхдүүдийг авах гээд хөөцөлдөж байна. Юм хэлж чадахгүй, ээж дээрээ амьдарч байсан нялх хоёр хүүхдийг  эцэг нь болж худал яриад аваад явсан нь хүүхдүүдийг эзэнгүйдүүлж, гэр орноос нь холдуулж, амьдрах орчихгүй болгоод байна. П.Т нь хөрөнгөтэй болох  гэж  хүүхдүүдийн эрх ашгийг илтэд хохироогоод байна. Миний бие өөрийн өмчлөлийн байрыг хамгаалах үүрэгтэй учраас П.Т-д орон сууцыг өгөхгүй. Харин Т.М-г насанд хүрэхээр нь шилжүүлэн өгөх болно. Т.М-гийн хуваарьт хөрөнгийг П.Т-д шилжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

Талийгаач С.Х 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нотариатч С.Г-ийг эмнэлэг дээр дуудан авчирч  өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг сайн дурын үндсэн дээр төрсөн охин Т.М-д бэлэглэж, охин Т.М нь насанд хүрээгүй тул уг орон сууцыг  эгч С.Д-гаар харж, хамгаалуулах үүднээс түүнийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хамтран өмчлөгчөөр оруулсан бөгөөд уг бэлэглэлийн гэрээг талийгаач өөрийн хүсэлтээр байгуулсан байх ба гэрээг байгуулах, гарын үсэг зурах явцад өөрийгөө удирдах, аливаа зүйлийн учир холбогдлыг ойлгох чадвартай  байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, гэрч С.Г-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.Т, талийгаач С.Х нар гэрлэлтээ батлуулж байгаагүй байх ба тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Т.М төрснийг улсын бүртгэлд бүртгэсэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01844 дүгээр шийдвэрээр 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Т.Б-ы эцэг нь П.Т болохыг тогтоож, түүний асрамжид хүү Т.Б-ыг байлгахаар тогтоосны дагуу эцэг П.Т-аар овоглон улсын бүртгэлд бүртгэгджээ.

Улмаар нэхэмжлэгч П.Т нь хүүхдүүд болох Т.М, Т.Б нарыг өөрийн асрамжид авч эхнэр Б.С болон охин Т.Б, Т.М, Т.М нарын хамт амьдарч, өсгөн бойжуулж байгаа болохыг П.Т-ын гэр бүлийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр тогтоожээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэг бөгөөд мөн хуулийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй  хүмүүсийн дундаас  төрсөн хүүхэд нь  гэрлэлтээ бүртгүүлсэн  гэр бүлээс төрсөн  хүүхдийн адил  эрх эдэлж,  үүрэг хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч П.Т нь хуулиар хүлээсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж, өөрийн охин Т.М, хүү Т.Бнарыг өөрийн асрамжид авч, өсгөн хүмүүжүүлж байгааг буруутгах боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд охин Т.М, хүү Т.Бнар нь түүний төрсөн хүүхдүүд  байх тул хариуцагчийн П.Т нь хүүхдүүдийн төрсөн эцэг мөн эсэх нь эргэлзээтэй гэх тайлбар үндэслэлгүй юм. 

Хариуцагч С.Д уг маргаан бүхий орон сууцыг П.Т, С.Х нараас төрсөн охин Т.Мгийн хуваарьт өмч болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч П.Т-ыг С.Х-тэй хамтран амьдарч байгаагүй, хүүхдүүдийн эцэг биш, хөрөнгөтэй болох гэж нялх хоёр хүүхдийг хууль бусаар аваад явсан, миний бие дүүгийнхээ хүүхдүүдийг төрсөн гэрт нь асран халамжлаад явна  гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч П.Т нь охин Т.М-гийн  өмчлөлийн маргаан бүхий орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдрах хүсэлт тавьсныг хариуцагч С.Д-гаас эс зөвшөөрч зөвхөн охин Т.М, хүү Т.Б нарыг амьдруулж, өөрөө асран халамжилна гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхийг зөрчсөн байна.

Хэдийгээр хариуцагч С.Д нь уг орон сууцны хамтран өмчлөгч мөн боловч түүний орон сууцыг хамтран өмчлөх эрх охин Т.М-г насанд хүрснээр дуусгавар болох төдийгүй, уг орон сууцыг тэрээр захиран зарцуулах эрхгүй юм.

Хариуцагч С.Дгаас насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй атал охин Т.М болон түүний  дүү Т.Б, эцэг П.Т нарыг уг орон сууцыг эзэмшиж, ашиглахаас татгалзаж, өөрийн эзэмшилд авсныг хууль бус эзэмшил гэж үзнэ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч  хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд охин Т.М нь насанд хүрээгүй тул түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг П.Т нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.3, 7.4-т зааснаар түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хүүхдүүд болох Т.М, хүү Т.Бнар нь эцэг П.Т, нагац эгч С.Д нарын асрамж, эд хөрөнгийн талаарх маргааны улмаас төрсөн гэртээ амьдарч чадахгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчил тул эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/00 дугаар байрны 3-00 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч С.Д-гаас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Харин хариуцагч С.Д нь хүүхдүүдийн эцэг нь П.Т мөн эсэх талаар эргэлзэж, талийгаач С.Хгийн охин Т.М-д бэлэглэсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 00 дугаар байрны 3-00 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцанд П.Т-ыг хүүхдүүдийн хамт амьдруулахгүй байгаа нь бэлэглэгчийг  гомдоосон ноцтой үйлдэлд тооцогдохгүйгээс гадна тэрээр мөн охин Т.Мг насанд хүрэх хүртэл орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр хамтран өмчлөх эрхтэй тул 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 991.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 657.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/00 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч С.Д-гийн эзэмшлээс албадан чөлөөлж, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.Т-ын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 991.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 657.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Т-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХБАЯР