Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:171/2016/0160/э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгч Г.Ө***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ө***од холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Ө***, ************* төрсөн, ********ийн хамт ***********  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай. 

Шүүгдэгч Г.Ө*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
 
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шижлэн судлаад 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Г.Ө*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5-р сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Б.Б***ийн жолоодож явсан иргэн А.Т***ын өмчлөлийн ** ДАХ улсын дугаартай хар өнгийн Mitsubishi Pajero маркийн авто машины Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р багийн Хээтэй хорооллын ** дугаар байрны гаднах урд талын зогсоолд тавьсан байхад нь хойд талын хаалганы гурвалжин шилийг чулуугаар хагалж машинд орж 15 000 төгрөгийн үнэ бүхий дунд талын толь, 10 000 төгрөгийн үнэ бүхий голын хайрцагны таг, 75 000 төгрөгийн үнэ бүхий машины цонх арчигч болон дохионы рычак, 50 000 төгрөгий үнэ бүхий зүүн хойд талын хаалганы гурвалжин шил зэргийг гэмтээж, хаалганы хавтсанд байсан хутгаар нэг бүр нь 200 000 төгрөгийн үнэ бүхий машины дөрвөн дугуйг хагалж бусдын эд хөрөнгөд 955 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 
Шүүгдэгч Г.Ө***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр маргааш нь шалгалттай байсан учир 13-14 цагийн орчим би нэг сургуульд хамт сурдаг дээд курсийн Ц***аас өмнөх хичээлийн жилийн шалгалтын материал авна гэж ярьсан. Тэгээд Ц*** манайх 4-ийн 2 дугаар байранд байдаг гэрт ирээд флашаар 19-20 цагийн хооронд ирээд авчихаарай гэсэн. Тэгэхээр нь би өөрийн найз Ш*** хамт 23 цагийн үед байрных нь гаднах орцны үүдэнд Ц***ыг хүлээж байтал Ц*** ирсэн тэгэхээр нь би Ц***ын хамт 5 дугаар давхар луу гарч Ц***аас флаш авсан. 
... Ш*** надад танай найз охин зогсоол дээр байгаа машинаас нэг залуутай бууж ирлээ гэж хэлсэн. Бид 2 хээтэй хороолол орохоос өмнө өөрийн найз Н***г 4-ийн 2 дугаар байрны гадаа хүрээд ирээрэй гэж хэлж байсан тэгээд намайг Ц***ын гэрээс гарч ирээд удаагүй байхад Н*** өөрийн эзэмшлийн Grand mark-2 маркийн машинтай А.А***ын хамт ирсэн. Тэгээд би Ш***гийн хамт Н***гийн машинд суугаад ойр зуурын юм ярьж байгаад  Ш***гээс нээрээ Ц*** тэр машинаас буусан юмуу гэж асуусан чинь тиймээ нээрээ Ц*** тэр зогсоол дээр байсан машинаас нэг залуутай  буусан гэсэн. Тэгэхээр нь би тэр машины цонхыг хагалчихаад ирье гэтэл манай найз нар намайг хориглоод байсан. Найз нараасаа нэг нэгээр нь хамтдаа машины цонхыг хагалахуу гэж асуухад бүгд үгүй гэсэн. Тэгээд Н***гийн машинаас бууж Ц***ын бууж ирсэн машины арын цонхыг газар байсан чулуугаар хагалж хаалгыг онгойлгоод машины дотор орж 4 хаалганы хармаанд болон урд талын хайрцганд байсан эд зүйлийг жолоочийн суудал дээр гаргаж тавиад  машинд байсан цайны печенийг машины урд талын салон дээр нэг нэгээр нь хугалж өрж тавиад өөр яаж хорлох талаар бодож байгаад машины урд талаас гарч ирсэн хутгаар 4-н дугуйг нь хагалъя гэж бодоод машинаас бууж хутгаар зүүн урд талын дугуйнаас эхэлж 4 дугуйг хагалчихаад Н***гийн машинд суухад Ш*** харьлаа гээд машинаас буусан. Тэгээд бид нар хуучин Дархан орж харьцгаасан” гэх мэдүүлэг, 

    Хохирогч А.Т***ын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би машинаа 3 жилийн өмнө Улаанбаатар хотоос 7 сая төгрөгөөр худалдан авч байсан. 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай зээ надаас машинаа өгөөч хичээлээ хийх гэсэн юм гэхээр нь тухайн өдөр би машинаа өгч явуулсан юм. Харин дараа нь миний машины 4 дугуй, машин дотор байрлах толь 1 ширхэг, шил арчигч болон дохионы рычак, машины дунд хайрцагны таг эвдэрсэн, машины зүүн талын хаалганы шил хагарсан машинд байсан 1 ширхэг хутга алдагдсан, нийт 955 000 төгрөгийн хохирол учирсан. Эд зүйлийн үнэлгээ гаргахад 10 000 төгрөгөөр гаргасан. Надад нийт 965 000 төгрөгийн хохирол учирсан. Би учирсан хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, 

    Гэрч Б.Б***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн орчим Дархан сум 14 дүгээр багт байрлах гараашнаас өвөө Төмөрбаатараас машинаа өгч байгаач гэж Пажеро маркийн ** ДАХ улсын дугаартай машиныг нь гуйж авсан. Тухайн үед өөрийн найз охин Ц***тай “Киви” зочид буудлын урд талын зам дээр уулзахаар тохирсон байсан учир машинаа жолоодон “Киви” зочид буудлын урд зам дээрээс найз охин Ц***ыг аваад ШУТИС-ын дотуур байр орж шалгалтын материал аваад буцаад Дархан сум ** дүгээр баг **-ийн ** дугаар байрны ** дугаар орцны урд автомашины зогсоол дээр машинаа тавиад Ц***ын гэрт ороод тэндээ хамтдаа хичээлээ давтаж хоночихоод өглөө 08:50 цагийн орчим Ц***ынхаас гарч ирэх үед миний унаж явсан машины 4 дугуй нь хагарчихсан, машины дотор эд зүйл замбараагүй болчихсон байхаар нь машин дотор ортол машины дунд байрлах хайрцагны таг хугалаад, хөгжим, толь, шил арчигчны болон дохионы рычак хугалаад машины хоёр хайрцаг дотор байсан юмыг гаргаж эмх цэгцгүй тавьсан байсан. ... Миний машины жолооч талын хаалганы хармаанд байсан хүрэн бор иштэй хар гэртэй жижиг хутга алга болсон байсан. Миний унаж явсан машин манай өвөө Төмөрбаатарын эзэмшлийн машин учраас манай өвөө нэхэмжлэгчээр оролцоно” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, 

    Гэрч Х.Ц*** мөрдөн байцаалтад өгсөн: “Б*** уулзахаас өмнө нэг сургуульд хамт сурдаг Ө*** гэдэг банди надаас 2 дугаар курсын шалгалтын материал авна гэхээр нь би флашаар өгөхөөр болсон байсан учраас Б*** бид 2 ШУТИС-ын дотуур байрнаас 4-ийн 2 дугаар байрны гадна ирэхэд Ө*** нэг найзын хамт манай байрны орцны өмнө тамхи татаад хүлээгээд сууж байсан. Тэр үед би Б***тэй байрны өмнө ирээд би машинаас түрүүлж буугаад орц уруу орох гэтэл Ө*** надаас флашаар материал авах гээд байж байхаар нь хамт гэрлүүгээ орж би флашаар материал өгөөд Б***ийн хамт хичээлээ давтаж хоночихоод өглөө 08:50 минутын орчим гэрээсээ гартал Б***ийн машины 4 дугуй хагарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, 

    Гэрч П.Н***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “00 цагийн орчим шинэ Дарханы хээтэй хороолол уруу Ө***, Ш*** нартай уулзах гээд явсан. Шинэ Дарханы хээтэй хороололд уулзаад миний машинд юм яриад сууж байгаад Ш***, Ө***,А***нар нэг том пиво хувааж ууж дуусчихаад Ө***, А***тай Ш***г хүргэж өгнө гэж гараад 20 минут орчмын дараа буцаж орж ирээд надад Ш*** гэртээ орохгүй байна гээд Ш*** машинд буцаж орж ирээд унтаад өгсөн. Тэгээд машин дотор А***, Ө*** бид нар юм яриад сууж байтал Ө*** миний үерхдэг Ц*** гэдэг охин нэг залуугийн машинаас буугаад гэр лүү нь орж байсан гэж хэлээд тэр залуугийн машины дугуйг намайг хамт хагалья гэхэд би зөвшөөрөөгүй “яах гээд байгаа юм гээд хориглоход А***ыг хамтдаа тэр машины дугуйг хагалъя гэхэд мөнА***үгүй гэж эсэргүүцээд үлдсэн чинь Ө*** ганцаараа машинаас гараад нилээд байж байгаад дугуйгаа хагалчихлаа гээд Ө*** гартаа нэг хутга барьчихсан орж ирэхээр нь бид нар Ш***г байсан газар нь буулгаад хуучин Дархан орж харьцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, 

    Гэрч А.А***ын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хээтэй хорооллын 4-ийн 2 дугаар байрны гадна Н***тэй хамт Н***гийн машинтай очиход Ш***, Ө*** хоёр байрны гадаа байж байгаад бид хоёрыг очих үед Н***гийн машинд суусан тэгээд байж байтал Ө*** манай найз охин сая нэг залуутай гэрлүүгээ орчихлоо гэж хэлж байгаад тэр залуугийн машин нь зогсоол дээр байгаа гэхээр нь би аль машин юм гэж асуусан чинь тэр машин гэж 4-ийн 2 дугаар байрны урд зогсоол дээр байсан ** ДАХ улсын дугаартай машиныг зааж байсан. Тэгээд тэр үедээ Ө*** бид нараас хамт машин эвдэе гэж асууж байсан боловч Ш*** согтуу машины урд унтаж байсан, тэр үед Н*** Ш***г унтаж байна гэж хэлэхэд Ө*** тэгвэл хоёулаа хамт явъя гэж Ө*** надад хэлэхэд би бас татгалзсан. Тэгтэл Ө*** тэгвэл би гарч машиныг нь эвдэнэ гээд Н***н машинаас буусан. Тухайн үед бид нар боль гэж зөндөө хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийийн 37-р хуудас/, 
    
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-7-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 17-р хуудас/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-р хуудас/, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21, 46-47-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    
Шүүгдэгч Г.Ө***од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт  хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

Шүүгдэгчид хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг устгаж, шүүгдэгч Г.Ө*** эзэмшлийн 300 000 төгрөгийн үнэ бүхий IPhone 5 маркийн гар утсыг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн 2016 оны 6-р сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

**** дугаартай эрүүгийн хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Шүүгдэгч Г.Ө***ыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Г.Ө***ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.Ө***од оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Ө***од оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

    5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгасугай. 

    6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн 2016 оны 6-р сарын 10-ны өдрийн шүүгдэгч Г.Ө*** эзэмшлийн IPhone 5 маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 
      
7.Шүүгдэгч Г.Ө*** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө***од урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.БАТЖАРГАЛ