Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01801

 

  2020         06             29

                  183/ШШ2020/01801

                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу-70, өөрийн байранд байрлах “Х” ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 86 дугаар байрны тоотод байрлах “Д”ХХК /РД:2714183/-д холбогдох,

            зураг төсвийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч “Д”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч “Х”ХХК нь хариуцагч “Д”ХХК-тай харилцан тохиролцож 1212 м.кв талбай бүхий ресторан болон террасны хэсгийн интерьер дизайны зураг төсөл хийлгүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зураг төсвийн гэрээ байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу “Х”ХХК нь “Д”ХХК-д гэрээнийн нийт үнийн дүнгийн урьдчилгаа 50 хувь болох 6.000.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээр ажил эхэлсэнд тооцож ажлыг 60 хоногт хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан ч харицагч нь ажлыг огт хийж гүйцэтгээгүй. Хариуцагчийг  ажил гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч  гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүйгээс гадна, харилцаа холбоогоо тасалсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 181/ШШ2020/0000 дугаар шийдвэр гарч хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч “Д” ХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зураг төслийн гэрээний дагуу  нийт үнийн дүнгийн урьдчилгаа 50 хувь болох 6.000.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Д” ХХК-ийн захирал Б.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “Х”ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д”ХХК-д холбогдох 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн зүгээс “Х”ХХК-ийн интерьер зураг төслийг маш олон янзаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ олон янзаар өөрчилж янзлах бүрт түүнийг гүйцэтгэсэн ажилтнуудад ажлын хөлсийг нь олгож байсан. Гэтэл нэхэмжлэгч тал зурсан зураг болгоныг маш олон янзаар өөрчлүүлж байсан хирнээ яг аль зургаар нь хийлгэх вэ гэдэг зөвшөөрлөө өгөхгүй байсан. Мөн хийлгэх зургийн даалгавар  рестораны чиглэл стиль тодорхойгүй байсан. Энэ бүгдэд бид хүлээцтэй хандаж рестораны төлөвлөлт стилийг өөрчилж зурж төлөвлөж, захиалагчид тухай бүр үзүүлж байсан боловч захиалагч тал ямар зургаар нь хийх вэ гэдэг эцсийн шийдвэрээ гаргахгүй байсаар өнөөдрийг хүрсэн болно.  Интерьерийн зураг төслийг гүйцэтгэхэд  зургийн даалгавар тодорхой байх ёстой байдаг бөгөөд араах байдлаар хийгддэг. Үүнд: интерьерийн зураг төслийн шат нь 1. Зургийн даалгавар, 2. Интерьерийн зураг төслийн төлөвлөлт. Төлөвлөлтөнд  үйлчилгээний төрлөөс хамаарч гал тогоо болон үйлчилгээний танхим янз бүр байдаг. Түргэн хоол-Паб-Ази хоол-Европ хоол-халуун тооо- ресторан- нийтийн хоолны газар буюу гуанз сет хоолтой гэх мэт янз бүр байдаг. Манай компаниай “Х”ХХК-ийн барилгаас хэмжээ авч барилгын төлөвлөлтийг нь хүртэл ямар ч төлбөргүйгээр хийсэн. Бидний нотлох баримтаар гаргаж өгч байгаа зургууд болон миний компьютер дээр хадгалагдсан зураг төслүүд, ажлыг хийж гүйцэтгэсэн ажилтнууд нь биднийг ажлаа зохих түвшинд хийсэн болохыг нотолно. Иймд захиалагчийн буруугаас болж хоног хугацаа алдсан тохиолдолд гүйцэтгэгч тал хариуцахгүй гэж манай компанийн зүгээс үзэж байна. Мөн түүнчлэн гэрээний хугацаанд барилгын угсралт засварын ажил интерьерийн засвар хийх хэмжээнд хүрээгүй, барилгын бусад давхрын функц зориулалтаа тодорхойлоогүй байсан. Бид энэ хооронд хүлээцтэй хандаж барилгын бусад давхрын зориулалт тодорхой болгох хооронд 1 давхрын үүдний хэсгийн зураг, барилгын гадна талын фасадны дизайны шийдэл, 4 дүгээр давхрыг фитнессийн заал болгоно гэхэд нь төлөвлөлт дизайныг нь хэдийгээр ямар ч төлбөр төлөөгүй ч гэсэн хийж өгсөн. Төлөвлөлтөө мэргэжлийн  фитнессийн чиглэлээр ажилладаг хүнээр харуулж батлаад цаашид нэмэлт гэрээ хийж интерьерийн  зураг төслөө хийлгэхээр тохирсон боловч фитнесс заал хийхээ болилоо гэсэн. Мөн манай компани 6 давхар болон 15 давхар дахь террасны  интерьер зургийг  бүрэн дуусгасан. Эдгээр аж дээрх файлууд, миний явуулж байсан имэйлүүд, тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ажилтнууд нотолно. Интерьерийн зураг төслийн үнэлгээний 50 хувь нь төлөвлөлт план байдаг ба үндсэн 50 хувьд нь 3D перспектив зураг болон хэмжилтийн болон ажлын зураг багтдаг. Гүйцэтгэлийн явцад зураг төслийн  жижиг засвар, материалаас шалтгаалсан өөрчлөлтийг үнэ төлбөргүй хийж өгдөг.  Мөн зураг төслийн төлөвлөлтийг захиалагч баталснаар 3D перспектив зураг төслийг хийж эхлэх ба интерьер дизайныг нь баталснаар ажлын зургаа хийж ажил дуусгавар болдог. Бид хийсэн ажлаа тухай бүр и мэйлээр явуулах болон захиалагч ирж үзэх замаар тухай бүр үзүүлж, хянуулж байсан. Гэвч “Х”ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь  захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 351.1.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг  хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй, 651.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь  хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж тус тус заасан байна. Гүйцэтгэсэн ажлыг захиалагч эцсийн байдлаар батлахгүй байгаа нь гэрээний дагуу ажлын үр дүнгээ хугацаанд нь хүлээн аваагүй гэж үзэхээр байна. Учир нь гэрээнд зааснаар  захиалагч зураг төслөө батлаагүй байхад гүйцэтгэгчийн зүгээс ажлын эцсийн үр дүнг хүлээлгэн өгөх ямар ч боломжгүй билээ. Нэхэмжлэгч “Х”ХХК-ийн захирал Ш.Е-ийн хүүхэд манай компанийн байрладаг оффисын хажуу дахь Сант сургуульд сурдаг учир хүүхдээ авах, өгөх хооронд байнга орж ирж зураг төслийн явцтай танилцаж, санаа оноогоо хэлдэг байсан. Гэхдээ зураг төслийг нь цааш үргэлжлүүлэх боломж байсан боловч захиалагч үргэлжлүүүлээгүй бөгөөд хийсэн ажлыг батлаагүй, хүлээн аваагүй болно. Энэ нь миний ажлын компьютер дээр он, сар, өдөр, цаг минуттайгаа үүсгэж хийсэн файлуудаар болон шүүхэд гаргаж өгсөн зургуудаар нотлогдох бөгөөд тэдгээр файлуудын цаг хугацааг өөрчлөх болон хуурамчаар үйлдэхр ямарч боломжгүй билээ. Нэхэмжлэлд дурдсан шиг “Д” ХХК-ийн захирал Б.А миний бие харилцаа холбоогоо тасалж оргон зайлсан явдал огт байхгүй бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэрэгжиж байгаа “Т хотхон” төсөл дээр ажиллаж байгаа тул утас холбогдохгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эдний компани зөндөө олон хувилбараар зураг төсөл хийлгэсэн учир хохирол учраагүй гэж үзэж байна гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, нэхэмжлэгч “Х”ХХК-ийн захирал Ш.Е-ийн гар утас, хариуцагч “Д”ХХК-ийн захирал Б.А-ийн нөүтбүүк комптютерт тус тус үзлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Х”ХХК нь хариуцагч “Д”ХХК-иас зураг төсвийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

            Зохигчийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зураг төсвийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, харимуцагч “Д”ХХК нь нэхэмжлэгч “Х”ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, Тасганы овоонд байрлах оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 1212 м.кв талбай бүхий 6 давхрын ресторан, 15 дугаар давхрын террасны хэсгийн интерьер дизайны  зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “Х”ХХК нь ажлын хөлсөнд 12.000.000 төгрөгийг төлөхөөр  харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

            Дээрх зураг төсвийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба  гэрээний гол болон ердийн нөхцлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

          Нэхэмжлэгч “Х”ХХК нь хариуцагч “Д”ХХК-д дээрх гэрээний 2.1-т заасны дагуу  50 хувийн урьдчилгаа төлбөр болох 6.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь  кассын орлогын ордероор нотлогдож байх ба энэ талаар  талууд маргаагүй болно.

            Харин нэхэмжлэгч “Х”ХХК нь хариуцагч “Д”ХХК-ийг зураг төсвийн гэрээгээр тохиролцсон  1212 м.кв талбай бүхий 6 давхрын ресторан, 15 дугаар давхрын террасны хэсгийн интерьер дизайны  зураг төслийн ажлыг огт хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр 50 хувийн урьдчилгаанд төлсөн 6.000.000 төгрөгт 6.000.000 төгрөгийн алданги тооцож, нийт 12.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч “Д”ХХК-иас нэхэмжлэгч “Х”ХХК-ийн захирал Ш.Е нь интерьер зураг төслийг маш олон янзаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд маш олон янзаар өөрчлүүлж байсан хирнээ яг аль зургаар нь хийлгэх вэ гэдэг шийдвэрээ гаргахгүй байсаар өнөөдрийг хүрсэн учир рестораны  интерьерийн зураг төслийн ажил бүрэн дуусаагүй. Харин манай компани 6 давхар болон 15 давхар дахь террасны  интерьер зургийг  бүрэн дуусгасан. Энэ нь бидний нотлох баримтаар гаргаж өгч байгаа зургууд болон миний компьютер дээр хадгалагдсан зураг төслүүд, ажлыг хийж гүйцэтгэсэн ажилтнууд нь биднийг ажлаа зохих түвшинд хийсэн болохыг нотолно. Гүйцэтгэсэн ажлыг захиалагч эцсийн байдлаар батлахгүй байгаа нь гэрээний дагуу ажлын үр дүнгээ хугацаанд нь хүлээн аваагүй гэж үзэхээр байна. Учир нь гэрээнд зааснаар  захиалагч зураг төслөө батлаагүй байхад гүйцэтгэгчийн зүгээс ажлын эцсийн үр дүнг хүлээлгэн өгөх ямар ч боломжгүй. Гэхдээ зураг төслийг нь цааш үргэлжлүүлэх боломж байсан боловч захиалагч үргэлжлүүүлээгүй бөгөөд хийсэн ажлыг батлаагүй, хүлээн аваагүй учир  захиалагчийн буруугаас болж хоног хугацаа алдсан, ажлыг хүлээн аваагүйн хариуцлагыг манайх хүлээхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Хариуцагч “Д”ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан зураг төсвийн гэрээний дагуу нэхэмжлэгч “Х”ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, Тасганы овоонд байрлах оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 1212 м.кв талбай бүхий 6 давхрын рестораны ерөнхий төлөвлөлт буюу план зураг, 15 дугаар давхрын террасны интерьерийн зураг төслийг бүхэлд нь буюу ерөнхий төлөвлөлт буюу план зураг, 3D буюу перспектив зураг, ажлын зураг зэргээс гадна  тухайн барилгын гадна фасадны зураг, 4 давхрын фитнесс танхимын дотоод дизайны зураг төслийг хийж гүйцэтгэсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.М, Ц.У,  Г.Ш нарын мэдүүлэг, хийж гүйцэтгэсэн интерьерийн дизайны зураг төслүүд, хариуцагч “Д”ХХК-ийн захирал Б.А-ийн нөүтбүүк компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.

            Хариуцагч “Д”ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зураг төсвийн гэрээний 2.1-т заасны дагуу  ажлыг 60 хоногт багтаан гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй бөгөөд энэ нь захиалагчийн ажлын даалгавраа тодорхой болголгүй,  зураг төслийг олон янзаар зуруулж, удаа дараа өөрчлүүлж байснаас шалтгаалсан байх тул үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж буруутгах боломжгүй юм.

            Түүнчлэн нэхэмжлэгч “Х”ХХК-иас 6 дугаар давхрын рестораны интерьерийн зураг төслийн ерөнхий төлөвлөлтийн зураг төслийг боловсруулж дууссаны дараа 3D буюу перспектив зургийг хийж гүйцэтгэх захиалагчийн зөвшөөрлийг өгөөгүйгээс уг зураг төсөл бүрэн хийж гүйцэтгэгдээгүй, “Д”ХХК-иас 6 давхар болон 15 давхар дахь террасны  интерьер зураг төслийг бүрэн хийж гүйцэтгэсэн боловч уг зураг төслийг захиалагчаас хүлээн авч акт үйлдээгүй байна.

            Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар  захиалагч нь гүйцэтгэсэн  ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул  түүнийг ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох үндэстэй.

            Дээрх байдлаас дүгнэн үзэхэд хариуцагч “Д”ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Чингэлтэй дүүрэг, Тасганы овоонд байрлах оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 1212 м.кв талбай бүхий 6 давхрын рестораны ерөнхий төлөвлөлт буюу план зураг, 15 дугаар давхрын террасны интерьерийн зураг төслийг бүхэлд нь буюу ерөнхий төлөвлөлт буюу план зураг, 3D буюу перспектив зураг, ажлын зураг зэргээс гадна  тухайн барилгын гадна фасадны зураг, 4 давхрын фитнесс танхимын дотоод дизайны зураг төслүүд нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 6.000.000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний ажил гүйцэтгэгдсэн,  үлдэгдэл ажил нь захиалагчийн санал, шийдвэрээс хамааран гүйцэтгэгдэх боломжтой боловч захиалагч гүйцэтгүүлэхээс татгалзжээ.

            Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар захиалагч  гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдлолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй тул хариуцагч “Д”ХХК нь гэрээнд заасан ажлыг огт хийж гүйцэтгээгүй гэх үндэслэлээр зураг төсвийн гэрээний урьдчилгаанд төлсөн 6.000.000 төгрөгийг алданги 6.000.000 төгрөгийн хамт шаардсан нэхэмжлэгч “Х”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч “Х”ХХК-ийн захирал Ш.Е, хариуцагч “Д”ХХК-ийн захирал Б.А нар нь дээрх зураг төслийн ажлаас  гадна өөр бусад ажил гүйцэтгэж байсан,  тэдгээрийн хооронд түүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудал байсан болох нь нэхэмжлэгч “Х”ХХК-ийн захирал Ш.Е-ийн Самсунг галакси-6 маркийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх ба уг утсанд буй төлбөр тооцооны талаарх зурвасууд нь энэхүү зураг төсвийн гэрээтэй холбоотой, төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн хариу гэж шууд дүгнэх боломжгүй юм.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь үйтэй гэж үзлээ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь  хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Д”ХХК-иас зураг төсвийн гэрээний үүрэгт 12.000.000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Х ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР