Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2016/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2016/0144/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Л.А, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г***, Д.О***, 
Хохирогч Г.Б***, О.И***, 
Шүүгдэгч Б.Х***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Б.Х***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэнБ.Х***, /РД:****/, ******** төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***********-ийн хамт *************** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-*********** өдөр ******* аймаг дахь Сум дундын шүүхийн ********* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял, 
-********* өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлснийг ********** шүүхийн *************** өдрийн ******* дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар гэж өөрчилж, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж Б.Х***биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоног хорихоор тогтоож, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар өөрчилснийг Монгол Улсын Дээд шүүхийн ****** өдрийн  ****дугаартай  тогтоолоор  Б.Х***т  Эрүүгийн  хуулийн  181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялд мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаароногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоног хорих ялаар тогтоож, 2009 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Б.Х***т оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж байсан,
-********* өдөр ******* аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 2 жил 10 хоног хорих ял, 
-**********ний өдөр ********* аймаг дахь Сум дундын шүүхийн ****** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар баривчлах ял, 
-************ өдөр Сум дундын ********* дугаар шүүхийн 4 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 190 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 2 хоногийн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн. 

Шүүгдэгч Б.Х***нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр **********багийн нутаг дэвсгэрт байрлах “**********” нэртэй үсчний газарт архидан согтуурсан үедээ Б.Б*** ялимгүй зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, 
мөн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр *************тоот өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүй агсам тавьж, айлган сүрдүүлж, улмаар О.И***, Г.Б*** нарт зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Б.Х***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн орой 18 цагийн орчимд манай найз эхнэртэйгээ хамт Улаанбаатар явах гэж байгаа гээд манайд ирсэн юм. Манайд 1 шил архи хувааж уугаад 19 цагийн үед би тэр хоёрыг зах дээрээс Улаанбаатар явах таксинд суулгаж өгчихөөд, захаас доошоо уруудаад “*****” нэртэй үсчинд үсээ засуулах гэж орсон. Үсчин тухайн үед согтуу байсныг би мэдээгүй. Гэтэл миний үсийг буруу засаж, би тэр үсчинтэй маргалдаж ганц нэг хараалын үг хэлж доромжилсон. Гэтэл миний хажуугийн сандлын үсчин эмэгтэй арын өрөөнөөсөө гарч ирээд намайг өөр үсчинд оч гээд хөөсөн. Тэгээд би сандал дээрээсээ босоод явах гэтэл миний хойно сууж байсан 3 залуу чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ? гэхээр нь голд нь сууж байсан залууг цохиод, өлгүүрт байсан куртикээ аваад үсчингээс гараад зугтсан. Зугтаж явж байхдаа малгайгаа үсчинд мартсан байснаа санаад эргээд үсчин рүүгээ очтол цагдаа нар ирчихсэн байсан тэгээд намайг аваад явсан. Г.Б***, О.И***нарын хэргийн тухайд гэвэл 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр байрныхаа хажууд 5 найзтайгаа 3-4 шил архи хувааж уусан. Тэгээд 15 цагийн үед манай найз Б*** залгаад “*****” дэлгүүрийн урд уулзъя гэж дуудсан. Тэгээд Б***гийн гэрт орж 1 шил архи уух гээд байж байтал Эрдэнээ гэдэг найз маань 9 дүгээр байрны доор байдаг биллъяарданд хүрээд ир гээд залгасан. Тэгээд тэнд очоод би тасарчихсан өглөө гэртээ сэрсэн юу болсныг санахгүй байна. 
...Одоо дахиж хэрэг хийхгүй. Амьдралтай болсон, үр хүүхэдтэй болсон болохоор тэднийхээ төлөө амьдрана. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Г.Б***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хэрэг гардаг өдөр И***Х*** гэх 2 найзтайгаа 15 цагийн үед биллъяарданд 1 шил архи уусан. Тэгээд биллъяарднаас гарч явж байхдаа Х*** ахтай таарсан. Х*** ах даараад байна гээд миний куртикийг аваад өмссөн. Тэгээд хажууд нь байсан найз нь намайг Х***ыг гэрт нь хүргээд өг наадах чинь бараг тасарлаа гэж хэлээд халаасанд нь 10000 төгрөг хийж өгөөд би Х*** ахыг гэрт нь хүргэж өгсөн. Гэрийнх нь хаалгыг тогшиход нэг эрэгтэй хүн хаалга онгойлгож өгсөн. Х*** ахыг гэрт нь оруулж өгчихөөд би гэрийнх нь гадаа тамхи татчихаад эргээд Х*** ахынд орох гэтэл нэг танихгүй эмэгтэй хүн хаалга онгойлгож өгсөн. Тэгэхээр нь би дүү нь байгаамаа куртикээ авах гэс юм гээд орсон. Тэгээд би Х*** ахаас халаасанд нь байгаа 7000 төгрөгийг нь зээлэх гээд Х*** ахаа сэрээрэй гээд 2 удаа зөөлөн алгадсан. Сэрэхгүй байхаар нь арай чанга 2 удаа алгадсан чинь Х*** ах сэрээд, намайг хөөе юу болоод байгаа юм бэ? яагаад байгаа юм бэ? гээд над руу дайрахаар нь би Х*** ахаа би байна ш дээ, дүү нь байна ш дээ гэсэн. Тэгээд Х*** ах надруу цэхэлзээд гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд гал тогоонд миний гар руу ганц хоёр цохиж, цээжрүү бас цохисон. Тэгтэл гаднаас И***орж ирээд чиний гарнаас цус гараад байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд би 00-н өрөө орж цусаа угаахад миний суганы ойролцоо хавиас цус гараад байсан. Тэгээд Х*** ах намайг эмнэлэг явж яаралтай үзүүл гэж хэлээд би гараад цагдаа руу залгаад тэгээд эмнэлэг явсан. 
…Гал тогооноосоо хутга авсан, яг хутга авч байгаа үгүйг нь хараагүй, халбага сэрээ хийдэг сав нь дугараад байсан. Надад ганц л куртик байдаг, тэгээд ч маргааш нь ажилтай байсан болохоор  тэр өдөр куртикаа авсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

-Хохирогч О.И***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Г.Б***, Х*** гэх найзтайгаа биллъяарданд 0.75 литр хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Биллъяарднаас гараад гэртээ харих гээд явж байтал Х*** ахтай таарсан юм. Х*** ах Б***аас даараад байна гээд куртикийг нь авч өмссөн. Тэгээд Б*** Х*** ахыг гэрт нь хүргэж өгөх гээд гэр рүү нь явсан юм. Би араас нь бас дагаад явсан. Тэгээд Х*** ахын гэрийн хаалгыг тогшсон чинь нэг эрэгтэй хүн хаалга онгойлгож өгсөн. Тэгээд би гэрт нь ортол Х*** ах Б*** хоёр гал тогооны өрөөнд өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Х*** ах намайг 2 удаа цохисноо би чамтай юм ярихгүй гээд байсан. Тэгээд Б***ын гарнаас нь цус гоожоод байсан. Тэгээд би Б***ын гарыг 00-д ороод угаасан. Зүүн мөрөндөө гэмтэл авсан, эмнэлэг дээр очоод 3 оёдол тавиулсан.
…Б***ыг цусаа угааж байхад би өөрийнхөө гэмтлийг мэдсэн.” гэх мэдүүлэг,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 4-5 дахь тал/, 
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-14 дэх тал/, 

-Хохирогч Г.Б***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед Х*** ахын гэрт хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан ба Х*** ах унтлаа гээд миний савхийг тайлж тавьчихаад унтсан юм. Тэгээд би савхиа авалгүй гадаа гарч хэсэг сууж байгаад буцаж гэрт орж ирээд гэрт байсан нэг эгчид хандаж “эгч ээ, наад савхиа аваад өг өө, миний савхи байгаа юм” гэж хэлэхэд нөгөө эгч надад миний савхийг авч өгсөн юм. Тэгээд би савхиа авах үед Х*** ах сэрээд над руу хараад намайг дуудахад нь ойртож очиход миний гараас барьж аваад намайг гал тогооны өрөө рүү дагуулж ороод гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Тэр үед нь би ямар нэг юм хэлэхгүй зогсож байтал гэрийн хаалгыг хэн нэгэн тогшсон юм. Тэр үед нь гэрт байсан намхан нуруутай ах хаалгыг онгойлгоход гаднаас И***ганцаараа орж ирсэн. Тэгэхэд нь Х*** ах И*** дуудаж гал тогооны өрөө рүү оруулж ирээд шууд гараараа хэд хэдэн удаа цохичихоод бор шкаф дээр байсан шаргалдуу өнгийн иштэй хутга аваад намайг цохиод байсан юм. Тэр үед миний хөл хэсэг бадайраад би доошоо суугаад өндийгөөд босч ирэх үед Х*** ах И*** бас цохиж байсан юм. Тэгээд Х*** ах намайг дээшээ бос гэж хэлэхэд нь хажуу талаас И***“чамаас цус гоожоод байна” гэж хэлсэн. Тэгээд Х*** над руу харж зогсож байгаад “чи наад хувцсаа тайлаадах, ах нь харъя” гэж хэлэхэд нь би хувцсаа тайлаад харахад миний суганы доод хэсгээс цус гоожиж байсан. Тэгээд намайг цус гоожиж байгаа хэсгийг чинь угаагаад үзье гэж хэлээд намайг ванны өрөө рүү дагуулж ороод угаахад цус нь тогтохгүй гоожоод байсан. Тэгээд би эмнэлэг явж үзүүлье гэж хэлэхэд Х*** ах тэг тэг гээд И***бид хоёр гэрээс гарч эмнэлэг рүү явж үзүүлсэн юм. Тэгээд эмнэлэг дээр очиж үзүүлэх үед И ын зүүн мөр хэсгийг нь бас хутгалсан байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/, 

-Хохирогч О.И*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гэр рүү ороход Х***, Б*** нар гал тогооны өрөөнд байсан. Тэгээд Х*** ах намайг “гал тогооны өрөөнд ороод ир” гэж хэлээд гал тогооны өрөөнд ороход Х*** ах Б***ын дал нуруу хэсэг рүү нь гараараа цохиж байгаад намайг цохиж эхэлсэн юм. Тэр үед би Х*** ахад хандаж “та болиоч ээ” гэж хэлэхэд “чамтай юм ярихгүй” гээд намайг хоёр гурван удаа цохисон юм. Тэгээд Х*** ах дахин Б***ын хоёр гар хэсэг рүү цохиход гарнаас нь цус гараад гутал дээр нь туссан юм. Тэгэхэд нь би “цус гарч байна шүү дээ” гэж хэлэхэд Х*** ах Б***ыг “хувцсаа тайл” гэж хэлээд Б*** хувцсаа тайлахад нэг эгч цаад өрөөнөөс орж ирээд ванны өрөө рүү дагуулаад орсон юм. Тэр үед миний зүүн гар булчин хэсгээр янгинаж өвдөөд байхаар нь хувцсаа тайлаад үзэхэд цус гарч байсан. Тэгээд би Б***ыг ванны өрөөнөөс гарахад нь зөрж орж цус гарч байсан хэсгээ угаасан юм. Тэгээд Б***ыг дагуулаад гэрээс гарч эмнэлэг рүү явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дэх тал/,  

-Гэрч Д.М*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өнгөт хороолол руу очоод Х*** бид хоёрыг гадаа үлдээд И***Х*** ахын гэр рүү орсон юм. Тэгээд 20-30 минутын дараа Б***, И***хоёр гарч ирсэн. Тэгэхээр нь юу болсон юм бэ? гэж асуухад Б***, И***хоёр “ёооё, алуулах гэж байна” гэж хэлсэн бөгөөд Б***ын зүүн гарнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирээд И***, Б*** хоёрыг аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34 дэх тал/, 

-Гэрч М.Б***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгэхэд Б.Х*** гэх залууг дуудаад “ах нь даараад байна, ахдаа дээгүүрээ өмсөж байгаа савхин куртикээ өгчих, дагаж яваад гэрт очоод авчих” гэж хэлээд Ж*** гэх залуугийн савхин куртикийг авч өмсөөд таксинд суусан юм. Б.Х***ирэхдээ л их согтуу байсан, тэгээд нэмж архи уугаад бүр их согтсон.” гэх мэдүүлэг /хэргийн 35 дахь тал/, 
 
-Гэрч Б.Х***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...үүдэн дээр Х*** ах зогсож байсан бөгөөд Б***ыг дуудаад “ахдаа гадуураа өмсөж байгаа савхин куртикээ өгөөч, ах нь даараад байна, дагаж очоод гэрээс авчих” гэж хэлээд Б***ын гадуураа өмсөж байсан хар өнгийн савхин куртикийг нь өмсөөд Б***ыг дагуулаад таксинд суугаад явсан юм. Тэгэхээр нь М***, И***бид гурав араас нь Өнгөт хороолол руу очоод М*** бид хоёр гадаа үлдээд И***Х*** ахын гэр рүү орсон юм. Тэгээд 20-30 минутын дараа Б***, И***хоёр гарч ирсэн бөгөөд Б*** зүүн гараа барьсан байдалтай гарч ирсэн И***зүгээр л байх шиг байсан. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирээд И , Б*** хоёрыг аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,  

-“…Шинжилгээнд ирүүлсэн заазуур, эвхэгддэг хутганы ажлын хэсэг гадаргуунаас гарын мөр илрээгүй. Харин шаргал бариултай металл хутганы ажлын хэсгийн угийн өргөнөөс 2 ширхэг гарын мөр илэрсэн нь харьцуулсан шинжилгээнд тэнцэхгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1794 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 38 дахь тал/, 

-“…О.И***ын биед зүүн мөрөнд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.И***ын биед үүссэн тухайн гэмтэл нь 2016 оны 03-р сарын 02-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 45 дахь тал/,
 
-“…Г.Б***ын биед зүүн суга, зүүн эгэм, зүүн бугалганд шарх, цус хуралт, зүүн гуянд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Б***ын биед үүссэн тухайн гэмтэл нь 2016 оны 3 дугаар сарын 2-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 49 дэх тал/,

-“…Хэргийн газраас авсан гэх даавуугаар ороосон иштэй хутга дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Тонгорог дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй. Заазуур дээр цус илрээгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2234 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 54 дэх тал/, 

-“…Шинжилгээнд авсан О.И***ын цусны бүлэг нь АII байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 59 дэх тал/, 
-“…Шинжилгээнд авсан Г.Б***ын цусны бүлэгг OI байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 60 дахь тал/,

-Мөнгө хүлээлцсэн хэлцэл /хэргийн 73-74 дэх тал/, 
-Хохирогч Г.Б***ын өвчний түүх /хэргийн 80-86 дахь тал/, 

-Хохирогч Б.Б***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчим би найз У***, танил дүү Д*** нарын хамт гадаа нэг пиво уугаад У***ын эхнэрийн ажилладаг “*****” үсчинд ороод сууж байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирээд У***ын эхнэр Б*** үсээ засуулсан юм. Тэгсэн чинь тэр танихгүй залуу гэнэт л “миний үсийг буруу засаад байна” гээд уурлаад эхэлсэн юм. Тэгээд тэр танихгүй залуу босч ирээд У***ын эхнэрийг цохих гээд гараа далайхаар нь би “болиоч” гээд босоод ирсэн чинь намайг нэг цохиод гараад зугтаасан юм. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар тэр залууг барьж ирээд эрүүлжүүлэхэд хийсэн юм. Миний үүдэн 2 шүд тухайн үедээ жоохон хөдлөж байсан. Одоо миний байдал хэвийн байгаа, надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 103 дахь тал/,  

-Гэрч Б.А*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчим “*****” салон дээрээ ажлаа хийгээд байж байхад гаднаас манай ажилтан Б*** өөрийн нөхөр болон гурван найзынхаа хамт архи уусан байдалтай үнэртүүлчихсэн орж ирсэн юм. Тэгээд удаагүй хойноос нь Х*** гэх залуу орж ирээд “үс засаад өгчих” гэж хэлэхэд Б*** эгч Х***т хандаж “чи өөрийнхөө үс засдаг хүн дээр очиж үсээ засуул” гэж хэлэхэд Х*** “гялс засаад өгчих өө” гэж хэлээд Б***гийн сандал дээр суусан юм. Тухайн үед би Б*** эгчийн нөхрийнх нь хамт хойд талын амралтын өрөөнд юм яриад сууж байсан юм. Тэгээд Б*** эгч Х***ын үсийг засч байтал Х*** “миний үсийг буруу засчихлаа” гээд уурлаж Б*** эгчийг “пизда, гичий” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би амралтын өрөөнөөс гараад Х***т хандаж “чи боль, дуртайдаа өөрөө суучихаад хүнийг хэл амаар доромжилж засуулна гэж юу байдаг юм, Б*** эгч боль” гэж хэлэхэд Х*** надад хандаж “чи хэн бэ? гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х***ыг сандал дээрээс бос гээд нөмрөгийг нь тайлж авахад Х*** над руу дайраад сандал дээрээс босч ирсэн. Тэр үед Б*** эгчийн нөхрийнх нь найз болох Б*** гэх залуу хүлээлгийн сандал дээрээс босч ирээд “чи эмэгтэй хүнийг юу гэж хэлээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд Х*** ямар нэг юм хэлэлгүй зогсож байгаад зүүн гараараа Б***ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиход Б*** эгч тэр хоёрын дундуур орж салгахад нь би цагдаа руу дуудлага өгчихөөд эргэж харахад Х*** гэх залуу гартаа үсний хайч барьчихсан зогсож байхад нь Б*** эгч гарнаас нь хайчийг нь булааж авахад Х*** салоноос гараад явсан юм. Б*** бага зэргийн халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 108-109 дэх тал/, 

-“Б.Б***ийн биед уруул язарсан, 2 шүд хөдөлсөн, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 111 дэх тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 131 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.Х*** нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ******дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй үсчний газарт архидан согтуурсан үедээ Б.Б***ийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ********** баг ** байрны ** тоот өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр агсам тавьж, айлган сүрдүүлж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн О.И***ын биед зүүн мөр, Г.Б***ын биед зүүн суга, зүүн эгэм, зүүн бугалган тус газар хутгалан О.И***, Г.Б*** нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Б***, О.И*** нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 4-5 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-14 дэх тал/, -Гэрч Д.М*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өнгөт хороолол руу очоод Х*** бид хоёрыг гадаа үлдээд И***Х*** ахын гэр рүү орсон юм. Тэгээд 20-30 минутын дараа Б***, И***хоёр гарч ирсэн. Тэгэхээр нь юу болсон юм бэ? гэж асуухад Б***, И***хоёр “ёооё, алуулах гэж байна” гэж хэлсэн бөгөөд Б***ын зүүн гарнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирээд И***, Б*** хоёрыг аваад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хэргийн 34 дэх тал/, гэрч Б.Х***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20-30 минутын дараа Б***, И***хоёр гарч ирсэн бөгөөд Б*** зүүн гараа барьсан байдалтай гарч ирсэн И***зүгээр л байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,  “…О.И***ын биед зүүн мөрөнд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.И***ын биед үүссэн тухайн гэмтэл нь 2016 оны 03-р сарын 02-нд үүссэн байх боломжтой.” гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 45 дахь тал/, “…Г.Б***ын биед зүүн суга, зүүн эгэм, зүүн бугалганд шарх, цус хуралт, зүүн гуянд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Б***ын биед үүссэн тухайн гэмтэл нь 2016 оны 3 дугаар сарын 2-нд үүссэн байх боломжтой.” гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 49 дэх тал/, “хэргийн газраас авсан гэх даавуугаар ороосон иштэй хутга дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2234 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 54 дэх тал/, “…Шинжилгээнд авсан О.И***ын цусны бүлэг нь АII байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 59 дэх тал/, “…Шинжилгээнд авсан Г.Б***ын цусны бүлэгг OI байна.” гэх 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 60 дахь тал/, хохирогч Г.Б***ын өвчний түүх /хэргийн 80-86 дахь тал/, хохирогч Б.Б***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У***ын эхнэрийг цохих гээд гараа далайхаар нь би “болиоч” гээд босоод ирсэн чинь намайг нэг цохиод гараад зугтаасан юм. Миний үүдэн 2 шүд тухайн үедээ жоохон хөдөлж байсан. Одоо миний байдал хэвийн байгаа, надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 103 дахь тал/,  гэрч Б.А*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б*** эгчийн нөхрийнх нь найз болох Б*** гэх залуу хүлээлгийн сандал дээрээс босч ирээд “чи эмэгтэй хүнийг юу гэж хэлээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд Х*** ямар нэг юм хэлэлгүй зогсож байгаад зүүн гараараа Б***ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 108-109 дэх тал/, “Б.Б***ийн биед уруул язарсан, 2 шүд хөдөлсөн, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 111 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Х***ын 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ********багийн нутаг дэвсгэрт байрлах “********” нэртэй үсчний газарт архидан согтуурсан үедээ Б.Б***ийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ********* ** тоотод өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүй агсан тавьж, айлган сүрдүүлж, улмаар О.И***, Г.Б*** нарт зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн танхайрч бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т "...энэ хэргийг ...зэвсэг зэвгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол" гэж заасан ба мөн  хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2-т заасан үйлдлүүд нь 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан зүйл анги дотор багтаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 болгон өөрчилж шүүгдэгч Б.Х***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
    
Иймд шүүгдэгч Б.Х***ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б***, О.И*** нар нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Г.Б*** нь хохирол төлбөрт 1500000 төгрөг хүлээн авсан бөгөөд хохирогч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.Х*** нь Сум дундын ***** дугаар шүүхийн ****** өдрийн *******дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж ялаа эдэлж байгаад *****аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********* өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 2 хоногийн ялыг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтай байдал дуусаагүй, удаа дараа ял шийтгүүлж байгаа боловч засрал хүмүүжлээ олоогүй зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х***ын энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаарс арын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуур зэргийг устгаж, ногоон эрээн цамцыг хохирогч Г.Б***д, хар куртикийг хохирогч О.И***д буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Б.Б***ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлаж, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тоооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Б.Х***т 5 жил 1 сар /таван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Х***т оногдуулсан 5 жил 1 сар /таван жил нэг сар/ хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Х***ын энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаарс арын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ногоон эрээн цамцыг хохирогч Г.Б***д, хар куртикийг хохирогч О.И***д буцаан олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х***т бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Х***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Я.ТУУЛ

                ШҮҮГЧИД                             Т.БАТЖАРГАЛ

Г.ГЭРЭЛТ-ОД