Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 512

 

 

 

 

 

 

 2020           04             28                                         2020/ДШМ/512                          

 

Н.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

            шүүгдэгч Н.Ц-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1806094961992 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Н-гийн Ц, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Агарвүүд-Агт” ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Алтай” хотхоны 00 дүгээр байрны 0000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

Н.Ц- нь 2017 оны 08 дугаар сард “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж иргэн Б.Билэгсайханд биелэгдэх боломжгүй амлалт өгч итгүүлэн нийт 3,700,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Н.Ц-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-аас 850,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Билэгсайханд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ц- давж заалдах гомдол болон тус шуух хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хохирогчийн гуйлтаар Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгөхөөр хөөцөлдсөн нь үнэн. Анхнаасаа түүний мөнгийг залилж авах ямар ч санаа зорилго байгаагүй. Хэрэгт шалгагдах хугацаанд болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирогчид өгөх төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулсан бөгөөд 850,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ нь бага насны хүүхдээ асран гэртээ байгаатай холбоотой юм. Шүүх хурлаас өмнө би “Агарвүүд-Агт” ХХК-д хүний нөөцийн менежерийн албан тушаалд  сарын 900,000 төгрөгийн цалинтайгаар ажилд орсон тул цалингаараа хохирлыг барагдуулах боломжтой болсон. Гэтэл анхан шатны шүүх миний энэ нөхцлийг харгалзан үзэлгүй нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан дээд хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож ял эдлүүлэхээр шийдвэрлэснээр би бүтэн 6 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүйгээр, нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлж, хохирогчид өр төлбөрийг барагдуулах, бага насны 2 хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй байдалд орлоо. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгах, эсхүл торгуулийн ялаар сольж хохирогчид урчуулсан хохирлыг төлж барагдуулах, 2 хүүхдээ тэжээн тэтгэх боломж олгохыг хүсч байна ...” гэв.

Прокурор Я.Сансар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Ц-д үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршигт нь тохирсон ял оногдуулсан тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Ц- нь 2017 оны 08 дугаар сард “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж иргэн Б.Билэгсайханд биелэгдэх боломжгүй амлалт өгч итгүүлэн нийт 3,700,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Билэгсайханы “... Би 2017 оны 08 дугаар сард Батлан хамгаалахын их сургуульд орох зорилгоор танил Лхамдуламд эхлээд 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Дараа нь 500,000 төгрөгийг бэлнээр Цэрэндулам гэгчид өгсөн. Тэгээд орж чадаагүй. 2018 оны 07 дугаар сард Цэрэндулам гэгч утсаар яриад “сургалтын төлбөрөө одоо өг” гэхээр нь “эхлээд сургуульдаа орчихоод өгье” гэтэл “хувцасны мөнгөө төлөх хэрэгтэй” гэсэн тул 1,200,000 төгрөгийг Цэрэндуламын хэлснээр Нандин-Эрдэнэ гэх хүний дансанд шилжүүлсэн. Уг мөнгийг Цэрэндулам өөрөө авсан. Миний элсэлтийн оноо сургуульд ороход хүрэхгүй байсан юм. Үүнийг Цэрэндулам гэх хүн “мөнгөөр зохицуулаад, оруулаад өгнө” гэсэн учраас нийт 3,700,000 төгрөгийг өгсөн ...” /хх 16-17/,

гэрч П.Лхагвадуламын “... Б.Билэгсайхан 2,000,000 төгрөгөө надад өгсөн. Үүнээс 1,500,000 төгрөгийг Цэрэндуламд шилжүүлсэн. Дараа нь Цэрэндуламд 500,000 төгрөг бэлнээр өгөхөд нь би хамт явсан юм. Сүүлд Цэрэндуламд 1,200,000 төгрөг өгсөн байсан...” /хх 26/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Билэгсайхан, гэрч П.Лхамдулам нарын Хаан банк дахь дансны хуулгууд /хх 33, 56/,

Монгол Улсын Үндсэний Батлан хамгаалахын их сургуулийн албан бичиг /хх 79/,  

шүүгдэгч Н.Ц-ын “... 2017 онд танил Лхамдулам “хамаатны хүүхдээ Батлан хамгаалах их сургуульд оруулаад өгөөч, оноо нь хүрэхгүй байна” гэж асуусан. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг Баатарсүрэнгээс сураглахад “боломж байна, материалыг нь өгчих” гэсний дагуу бичиг баримтыг нь өгсөн. Хэд хоногийн дараа Лхагвадулам 1,500,000 төгрөг бэлнээр надад өгснийг нь тэр даруй Баатарсүрэнд өгсөн. Хичээл орох болоод хувцасны мөнгө төлөх болоход Билэгсайханы ээж нь “энэ жил сургалтын төлбөр төлөхөд хэцүү байна, дараа жил оруулъя” гэснийг нь Баатарсүрэн хэлэхэд зөвшөөрсөн. 2018 онд сургалтын төлбөр төлсөн баримтаа “Бөртэ” дээр авч очоод хувцсаа захиалах шаардлагатай болоход Билэгсайхан миний охин Нандин-Эрдэнийн дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэр мөнгийг Баатарсүрэнд өгөхөд надад 500,000 төгрөгийг буцааж өгөөд “Яамнаас шалгалт ирсэн. Дуусахаар нь залгах болно” гэсэн ...” /хх 102-103/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Их сургууль, дээд сургууль, коллежид ... элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна.” гэж их, дээд сургуулийн элсэлт нээлттэй шалгаруулалтаар явагдах журмыг тогтоосон байдаг. Гэтэл шүүгдэгч Н.Ц- нь хохирогчийн элсэлтийн ерөнхий шалтгалтаар авсан оноо нь Батлан хамгаалахын их сургуульд элсэн суралцах босго шалгуурт хүрээгүй гэдгийг мэдсээр атал тухайн асуудлыг мөнгөөр шийдвэрлэхээр хууль бус амлалт өгсөн. Хохирогч Б.Билэгсайхан нь хүссэн сургуульдаа суралцах боломжийг эрэлхийлэн шүүгдэгчийн хууль бус амлалтад хууртаж мөнгөө шилжүүлэн өгсөн хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн “Хуурч ... өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжийг агуулсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн талаар бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирчээ.

Шүүгдэгч Н.Ц- нь “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан дээд хэмжээгээр оногдуулснаар ажил хөдөлмөр эрхлэхгүй, бага насны 2 хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй байдалд хүргэлээ ...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн дагуу эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учир шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцсэн байх албагүй.

Харин тухайн ял нь шүүгдэгчийн гэр бүлийн гишүүдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн шинжтэй байж огт болохгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж тус тус заасан шударга ёсны зарчмаар тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсны дагуу шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг баримтлан шүүгдэгч Н.Ц-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэснийг буруутгах аргагүй бөгөөд хувийн буйдлын хувьд уг ялыг хэрэглэхийг хориглосон хүнд хамаарахгүй байна. Нөгөөтэйгүүр, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаар шүүгдэгчийн орлого олох, үр хүүхдээ тэжээн тэтгэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэх, эсхүл торгох ялаар солих ...” талаар шүүгдэгч Н.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН