| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2024/0361/З |
| Дугаар | 221/МА2026/0415 |
| Огноо | 2026-06-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0415
Ц.Эгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, гуравдагч этгээд “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, өмгөөлөгч Н.Одонтуяа
Нэхэмжлэгч: Ц.Э
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд: “М” ТББ, “Г” ХК, Р.Б, Б.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 хариу хүргүүлэх тухай албан бичиг болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 хариу хүргүүлэх тухай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпусын барилгын 275 метр квадрат талбайг өмчлөгч надад өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийнхөө дор орших 400 метр квадрат газрыг дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын үйлдэл хууль бус болохыг тогтоож, дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах”
Гуравдагч этгээд Б.Нгийн бие даасан шаардлага: “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Энхтайваны өргөн чөлөө 1 дугаар бүхий Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпус барилгын доорх газраас дундын эзэмшлээр газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Б.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, гуравдагч этгээд “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд “М” ТББ-ын өмгөөлөгч Н.О, гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2024/0361/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э нь нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 хариу хүргүүлэх тухай албан бичиг болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 хариу хүргүүлэх тухай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпусын барилгын 275 метр квадрат талбайг өмчлөгч надад өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийнхөө дор орших 400 метр квадрат газрыг дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын үйлдэл хууль бус болохыг тогтоож, дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах”-аар,
гуравдагч этгээд Б.Н нь мөн нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Энхтайваны өргөн чөлөө 1 дугаар бүхий Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпус барилгын доорх газраас дундын эзэмшлээр газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” бие даасан шаардлага гаргаж маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг, гуравдагч этгээд Б.Нгийн бие даасан шаардлагаас заримыг тус тус хангаж, Ц.Э, Б.Н нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын татгалзал, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Мийн Үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б хэсгийн барилгын доорхи газрыг Ц.Э, Б.Н нарыг дундаа хамтран эзэмших хүсэлтийг гаргасан тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Ц.Эгийн “нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 дүгээр албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.Нгийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-05/2294 дүгээр алба бичгийн бие даасан шаардлага агуулгаас “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэл болон шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б нь давж заалдах гомдолдоо “Тогтоох хэсгийн 1-д “Ц.Э, Б.Н нарын газар эзэмших хсүэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын татгалзал, эс үйлдэхүй хууль бус болохыгн тогтоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Мийн Үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших Б хэсгийн барилгын доорхи газрыг Ц.Э, Б.Н нарыг дундаа хамтран эзэмших хүсэлтийг гаргасан тохиолдолд газар эзэшмүүлэх шийдвэрээ гаргаж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа төрийн захиргааны байгууллагын хууль дүрмээ сахиж байгаа байдлыг үгүйсгэсэн гэж харахаар байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсыны нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргаан байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасантай зөрчилдсөн.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу нь анхны нэхэмжлэлд хамаарахгүй ,иргэнээс гаргасан өргөдлийн хариу байсан ба анхны нэхэмжлэлийн хүрээнд “татгалзсан үйлдэл” гэж үзэх нь эрх зүйн үндэслэлгүй юм.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 3.20-д “Харин нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон нийслэлийн Засаг даргын 2024 оны ... 06/1284 дүгээр албан бичиг, 2025 оны ... 01-05/1998 дугаар албан бичиг, гуравдагч этгээд Б.Нгийн бие даасан шаардлага болох нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 02-ны 01-05/2294 дүгээр алба бичгийн агуулгаас үзвэл “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахаас татгалзсан агуулгыг агуулаагүй, ийм үр дагаврыг шууд үүсгээгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг нь шийдвэрлэсэн шийдвэр байгаа тул бие даасан захиргааны акт биш гэж үзэж, эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан харьяаллын бус гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэл болон шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг барилгын доорхи газрыг дундаа хамтран эзэмшүүлэх тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгасан нь ямар нэг уялдаа, хууль зүйн үндэслэлгүй байна”,
3.2. Гуравдагч этгээд “М” ТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О: Анхан шатны шүүх шийдвэрийн 2 дугаар зүйлийн 2.4.6-д “М” ТББ-д 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар олгогдсон газрын эрхийн хугацаа 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосон гэж дүгнэхдээ шүүх дараах 2 нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Нэгдүгээрт, тухайн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “М” ТББ-ын эзэмшиж байсан газрын тодорхой хэсгийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн захиргааны акт гарсан бөгөөд уг актын холбогдох хэсгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар илт хууль бус болохыг тогтоосон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан илт хууль бус акт нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул уг актаар “М” ТББ-ын эрх хууль ёсоор дуусгавар болсон гэж үзэх боломжгүй юм.
Хоёрдугаарт, тухайн үед “М” ТББ-ын удирдлага газрын асуудалтай холбоотой ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал байсан. Өөрөөр хэлбэл “М” ТББ-ын даргаар ажиллаж байсан Ц.Э гуай юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаар эрхийг хэрэгжүүлэх бодит боломж алдагдсан байсан. Ийм нөхцөлд эрхээ сунгуулаагүй гэх үр дагаврыг бүхэлд нь “М” ТББ-д хүлээлгэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Гуравдугаарт, тухайн үед “М” ТББ-ын орлогч даргаар Р.Б ажиллаж байсан. Хавтас хэрэгт авагдсан 134 дүгээр албан бичгийг “М” ТББ-ын хүсэл зориг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дугаар зүйлийн 2.4.4-д орлогч дарга Р.Бын гаргасан 134 дүгээр албан бичгийг “М” ТББ-ын нэрийн өмнөөс гаргасан хүсэлт зоригийн илэрхийлэл гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримт болон хуулийн этгээдийн төлөөллийн зохицуулалттай нийцэхгүй байгаа. Тухайлбал, тухайн үед “М” ТББ-ын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.Эд тухайн газрын эрхийг сунгах эрх нь байсан. Харин Р.Бод “М” ТББ-ын дүрмээр олгогдсон ямар нэгэн эрх хэмжээ олгогдоогүй ба байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг ажилтан байсан гэв.
Дөрөвдүгээрт, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дугаар зүйлийн 2.4.10, 2.4.11-д “М” ТББ-ыг хугацаа сунгах хүсэлт гаргаагүй гэж буруутгасан. Гэвч түрүүн хэлсэн тухайн үед байгууллагын удирдлагаар нэхэмжлэгч Ц.Э ажиллаж байсан. Газрын асуудал эрхэлсэн байгууллагын лавлагааг эрх зүйн дүгнэлт мэтээр үнэлсэн нь буруу байна. Анхан шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 1475 дугаар албан бичгийг үндэслэн уг газрыг хэн нэгний эзэмшилд байхгүй мэт дүгнэлт хийсэн. Гэтэл уг баримт нь зөвхөн бүртгэлийн мэдээллийн сангийн лавлагаа бөгөөд газрын эрхийн хүчин төгөлдөр байдлыг тогтоох эрх зүйн акт биш юм. Харин ч уг лавлагаа нь “М” ТББ-ын нэр дээр олон удаа бүртгэл хийгдсэн талаар дурдсан нь газрын эрхийн харилцаа үргэлжилж байсан гэдэг нь харагдаж байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Эгээс нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 хариу хүргүүлэх тухай албан бичиг болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 хариу хүргүүлэх тухай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпусын барилгын 275 метр квадрат талбайг өмчлөгч надад өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийнхөө дор орших 400 метр квадрат газрыг дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын үйлдэл хууль бус болохыг тогтоож, дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл,
3. Гуравдагч этгээд Б.Нгаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Энхтайваны өргөн чөлөө 1 дугаар бүхий Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпус барилгын доорх газраас дундын эзэмшлээр газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” бие даасан шаардлага гаргажээ.
4. Нэхэмжлэгч Ц.Эгийн “нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 хариу хүргүүлэх тухай албан бичиг болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 хариу хүргүүлэх тухай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1. Анхан шатны шүүх “... маргаан бүхий албан бичгүүдийн агуулгаас үзвэл, “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахаас татгалзсан агуулгыг агуулаагүй, ийм үр дагаврыг шууд үүсгээгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг нь шийдвэрлэсэн шийдвэр байгаа тул бие даасан захиргааны акт биш” гэж дүгнэж, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4.2. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь: хэсгийн 4-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь “нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх”-д дүгнэлт хийнэ” гэж тайлбарласан.
4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх нийтийн эрх зүйн маргааныг харьяалан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч Ц.Эгийн хүчингүй болгуулахаар маргаж буй албан бичгүүд нь нийтийн эрх зүйн маргаан болохын тулд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулж байх ёстой.
4.4. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 хариу хүргүүлэх тухай албан бичиг болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-05/1998 хариу хүргүүлэх тухай албан бичгүүд нь эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй буюу Ц.Эгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, газар эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгоогүй, шүүхээс уг албан бичгүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид газар эзэмших, ашиглах эрхийг үүсгэхгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан хүсэлтэд хариу өгсөн шинжтэй байх тул нийтийн эрх зүйн маргаан биш байна.
5. Нэхэмжлэгч Ц.Эгийн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпусын барилгын 275 метр квадрат талбайг өмчлөгч надад өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийнхөө дор орших 400 метр квадрат газрыг дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын үйлдэл хууль бус болохыг тогтоож, дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах”, гуравдагч этгээд Б.Нгийн “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Энхтайваны өргөн чөлөө 1 дугаар бүхий Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпус барилгын доорх газраас дундын эзэмшлээр газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” бие даасан шаардлагын тухайд:
5.1. Анхан шатны шүүх “... хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж, Ц.Э, Б.Н нарын өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн доорх газраа эзэмшихийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцээгүй хууль бус татгалзал гаргасан гэж үзлээ” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
5.3. Дээрх хуулийн заалтаас үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан “хүсэлт”-ийг захиргааны байгууллага нь шийдвэрлэлгүй орхигдуулсан “эс үйлдэхүй” гаргасан эсэх, эсхүл шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчийн хүссэн шийдвэрийг гаргахаас татгалзсаны аль нь болох, харин шийдвэрлэгдсэн гэж үзвэл тухайн үйл баримтад дүгнэлт өгч шийдвэрлэх ба “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоовол, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэхээр байна.
5.4. Гэтэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаас нэхэмжлэгч Ц.Э, гуравдагч этгээд Б.Н нарын хүсэлтийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.
5.5. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
5.6. “М” ТББ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Эд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 610 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 518 дугаар захирамж болон 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжуудын Ц.Эд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
5.7. Уг магадлалын Хянавал: хэсэгт “... Иргэн Ц.Э нь Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргад газар эзэмших, ашиглах хүсэлт гаргаж байсан эсэхтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн түүнд газар ашиглах, эзэмших эрх олгосон захирамж гараагүй байна … Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар иргэн Ц.Эд Сүхбаатар дүүргийн 1 хороонд 0.04 га газар ашиглуулах эрхийг баталгаажуулах захирамж гарах үед маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “М” ТББ Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/226 дугаар захирамжаар ашиглах эрхтэй байсан тул уг газартай давхцалтай байсан байна … Ц.Э нь ТББ-ын дарга байх үедээ 400 м.кв газрыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж хууль бусаар авсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаагаагүй, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар, хохирлын талаар хохирогч буюу нэхэмжлэгч ТББ-ын эрх зөрчигдсөн байна” гэж дүгнэж, нэхэмжлэгч Ц.Эд маргаан бүхий газрыг эзэмших ашиглах эрхийг баталгаажуулсан захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
5.8. Гэтэл анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “газрын давхцалтай” гэж тогтоосон үйл баримтыг ямар баримт, үндэслэлээр “... давхцалгүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
5.9. Түүнчлэн, талуудын хооронд зөвшилцөлд хүрээгүй, газрын маргаан үргэлжилж байгаа энэ тохиолдолд дээрх газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар болон бусад этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах нь мөн л дараа дараагийн маргааныг үүсгэх үндэслэл, шалтгаан болох бөгөөд энэ тохиолдолд шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу хүсэлтийг шийдвэрлээгүй захиргааны байгууллагын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүй тогтоогдсон нөхцөлд даалгах агуулгатай нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч шийдвэрлэнэ.
5.10. Харин уг эс үйлдэхүй гэж үзэж буй албан бичгийг анхан шатны шүүх эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж дүгнэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцээгүй байна.
5.11. Нөгөөтэйгүүр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/1284 тоот албан бичигт дурдсан “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан тул танаас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэх эрх нийслэлийн Засаг даргад байхгүй” гэсэн хариу нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасантай нийцсэн байх тул уг үйлдлийг хууль бус гэж дүгнэх боломжгүй.
5.12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.Нгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0680 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг тус тус баримтлан Ц.Эгээс нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпусын барилгын 275 метр квадрат талбайг өмчлөгч надад өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийнхөө дор орших 400 метр квадрат газрыг дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч нарын үйлдэл хууль бус болохыг тогтоож, дундын эзэмшлээр газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах”, гуравдагч этгээд Б.Нгаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Энхтайваны өргөн чөлөө 1 дугаар бүхий Мийн үзэсгэлэнгийн танхимтай залгаа орших “Б” корпус барилгын доорх газраас дундын эзэмшлээр газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу гуравдагч этгээд “Монгол урчуудын эвлэл” ТББ-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ