Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 0128

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбаяр

улсын яллагч: Д.Ганчимэг

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч:Б.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шонхор овогт Батбаярын Баттогтоход холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625010222 дугаартай хэргийг 2017 оны 02дугаар сарын 21-нийөдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шонхор овогт Батбаярын Баттогтох,1997 оны 4дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тотал музик ХХК-д тайз засагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн Хайрхан гэдэг газарт  оршин суудаг, Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 2А дугаар гудамжны 8 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ЙЗ97042313,

Холбогдсон хэргийн талаар:

           Б.Баттогтох нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 12.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт иргэн Б.Ням-Осорын гар утсыг авах зорилгоор хавирч унаган хүч хэрэглэж Самсунг Галахси-С5 маркийн гар утсыг дээрэмдэж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

       Шүүгдэгч Б.Баттогтох  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:    Би 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өглөө ажил руугаа нарийн гудамжаар явж байхад өмнө нэг хүн тээглээд явахгүй байхаар нь би хавирч унагаагаад гар утсыг нь авч явсан. Тэгээд гар утсыг нь барьж байгаад буцаагаад өгсөн гэв.

              Хохирогч Б.Ням-Осор  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр би 12.00 цагийн орчим гэрээсээ гараад доошоогоо уруудаад сүмийн урд байрладаг дэлгүүрээс 2000 төгрөгөөр 100 граммын Ерөөл архи авч уусан. Тэгээд уруудаад 500-н оюутны байрны зүүн талаар доошоо явахад байдаг нарийн гудамжаар доошоо явж байхдаа гар утсаа гаргаж ирээд ярих гэтэл 20-25 орчим насны эрэгтэй хүн баруун талаар гүйж орж ирэнгүүтээ миний утсыг булаагаад аваад зугтаасан. Би тэр хүнийг хөөж гүйж явж байгаад зам гарахдаа цагаан өнгийн жижиг авто машинд мөргүүлсэн. Тэгээд шууд босоод нөгөө хүний араас гүйгээд 16 дугаар хорооллын байрны дундуур ороод алдсан тул цагдаад хандсан. Би уг утсыг 2016 оны 08 дугаар сарын 29-нд Монтел худалдааны төвөөс 260.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би төрөхдөө л хөгжлийн бэрхшээлтэй төрсөн. Одоо группд байдаг юм. Мөн шар хадны эмнэлгийн хяналтанд байдаг гэжээ.  /хх-н 24-27/

               Шүүгдэгч Б.Баттогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр би жолооны курсээ тараад гэртээ очиж хувцасаа солиод буцаад ажилдаа гараад 16.00 цагийн орчимд явж байтал Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз захын буудал орохоос 1 автобусны буудлын өмнө уруудаад явж байтал хар куртиктэй хар өнгийн өмдтэй 30 орчим насны согтуу эрэгтэй хүн миний өмнө уруудаад утасныхаа хөгжмийг сонсоод явж байсан. Тэгэхээр нь би араас нь очоод баруун хөлөөрөө хавирч унагаагаад баруун гартаа байсан гар утсыг нь аваад шууд доошоо уруудаж гүйсэн. Тэгээд Улаанхуарангийн автобусны буудал дээрээс автобусанд суугаад Хүүхдийн 100-д байх UВ Jazz гэдэг газар луу ажил руугаа явсан. Миний дээрэмдэж авсан утас нь хар бараан өнгөтэй Самсунг Эс-5 маркын гар утас байсан. Би тэр утсаа Оюунханд гэж хүнд өгсөн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ботаник дээр байдаг барьцаалан зээлдүүлэх газар 400.000 төгрөгөнд тавьсан.Согтуу хүн утсаа бариад яваад байхаар нь би өөртөө ашиглая гэж бодоод л утсыг нь авчихсан юм гэжээ. /хх-ийн 8/

     Гэрч З.Оюунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийн нөхөр болох Буянтогтохтой гэр бүл болоод 2 жил болж байна. Миний нөхрийн төрсөн дүү болох Баттогтохыг таньдаг болоод 2 жил болж байна. 2017 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн 12.00 цагийн үед манай дүү Баттогтох манай гэрт ирсэн. Тухайн өдөр манай гэрт ирэхдээ эгчийнхээ гэрт бууз хийж байгаад ирлээ гээд ирсэн. Би нөхрийнхөө хамт эмнэлэгт үзүүлэх гээд гарчихсан юм. Баттогтох манай гэрт миний хүүхдийг хараад үлдсэн юм. Баттогтох тэр өдөр манайд ирэхдээ Самсунгийн гар утас барьчихсан би энэ утсыг олсон юм гэж хэлж байсан. Хаанаас олсон талаар нь асуухад Цайз 16-ын нарийн гудамжаар явж байхдаа гар утсыг олсон гэж хэлсэн. Би тухайн гар утасны ямар марктай гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хар өнгийн алтан шаргал өнгийн тагтай Самсунгийн мэдрэгчтэй гар утас байсан. Би дүүгээсээ эгч нь эмнэлэгт хэвтэх гэж байгаа юм чинь эгчдээ наад утсаа өгчих гэхэд надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Эмнэлгээс буцаад ирэхэд Баттогтох манайд унтаж байсан. Баттогтохын олсон гар утсыг миний төрсөн эгчид мөнгөний хэрэг болоод байхаар нь Ботаникийн эцсийн буудал дээр байдаг ломбарданд 40.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Одоо тэр утас ломбарданд байгаа гэжээ. /хх-н 31-32/

      Гэрч Б.Буянтогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай эхнэрийн бие нь өвдөөд байхаар нь би дүүгээ Баянхошуунаас дуудаад хүүхдээ харуулсан. Тэгээд эхнэрийн хамт эмнэлэг явсан. Тэр өдөр манай дүү манайд ирэхдээ Самсунг Галакси Эс 5 маркийн гар утастай ирсэн. Цагаан өнгийн касетэй алтан шаргал өнгийн гар утас байсан. Тэр утсыг манай дүү Цайз 16-ын тэр хавиас олсон гэж хэлсэн. Манай дүү өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Манай дүү Баттогтох 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн. Бага насаа сургууль цэцэрлэгээр хүмүүжижи өсгөсөн. 8 дугаар ангиа төгсөөд цаашид сураагүй. Одоо Улаанбаатар хотод хөгжмийн компанид ажилладаг юм. Уг нь их хашир хүүхэд байгаа юм. Баттогтохын олсон утас нь одоо ломбарданд байгаа гэжээ. /хх-н 33-34/

     Гэрч З.Оюунханд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний төрсөн дүү Оюунцэцэгтэй Буянтогтох 2014 онд анх танилцаж гэр бүл болж байсан юм. Тухайн үеэс хойш Буянтогтохын төрсөн дүү болох Баттогтохыг таньдаг болсон. Би 2017 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр ажилтай байсан. Баттогтохыг хаана байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Намайг орой 19.00 цагт ажлаа тараад ирэхэд манайд ирчихсэн байсан юм. Намайг гэрт ирэхэд Баттогтох Самсунг Галакси утас 16-ын нарийн гудамжнаас олсон гэж ярьж байсан. Би маргааш нь буюу 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөний хэрэг гараад уг утсыг Баттогтохоос аваад ломбарданд 40.000 төгрөгөөр тавьсан гэжээ.  /хх-н 35-37/

    Гэрч И.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Тухайн өдрийн өмнөх өдөр манай хүү болон манай гэрийхэн Баянхошуунд байдаг миний төрсөн дүү болох Цэцэгмаагийн гэрт бууз хийж хоноод маргааш өглөө нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр миний хүү Баттогтох гэртээ ирсэн. Би тухайн өдөр гэрлүүгээ явах гээд хүүгээ хаана байгаа талаар асуухад би гэрээс гараад ахых руу явж байна гэсэн. Миний хүү Баттогтоход Самсунг Галакси Эс -5 маркийн хар өнгийн хүрээтэй цагаан өнгийн резинэн гэртээ утас байхгүй. Түүний утас нь Самсунг Галакси Нөт-4 гэдэг гар утас барьдаг санагдаж байна. Баттогтох надад хэргийн талаар хэлээгүй. Гэтэл цагдаагийн байгууллагаас танай хүүхэд хэрэг хийсэн байна ирж уулз гэхээр нь л мэдсэн. Баттогтох 1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр айлын 2 дах хүүхэд болж мэндэлсэн. Бага насаа хөдөө амьдарч өнгөрөөсөн. 2004 онд Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 10 жилийн сургуульд элсэн орсон. 2013 онд сургуулиа төгссөн. Одоо нэгэн хөгжмийн компанид ажилладаг юм. Миний хүү бол их даруухан архи дарс хэрэглэдэггүй, их ажилсаг хүүхэд байгаа юм гэжээ.  /хх-н 38-39/

     Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/, хохирогч Б.Ням-Осорын Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/

     Б.Ням-Осор,Б.Баттогтох нараас асууж авсан тайлбарууд /хх-н 7-9/

     Эд зүйлийн үнэлгээнд: Самсунг ЭС-5 маркийн гар утас 250.000 гэж үнэлжээ./хх-н 19/

     Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд: Б.Ням-Осорын бусдад дээрэмдүүлсэн гэх гар тусыг “Итгэл” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 40.000 төгрөгийн барьцаанд тавьсан зээлийн бичиг нэг ширхэгийг хэрэгт хавсргахаар тогтов гэжээ./хх-н 20/

   Эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 22-23/

    Б.Баттогтохыг Б.Буянтогтох, З.Оюунцэцэг нарын батлан даалтад  өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 40-45/

         Б.Баттогтохыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-46-53/

        Б.Баттогтохын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх-н 55/, Протех ХХК-д ажилладаг нь үнэн гэсэн тус компанийн гаргаж өгсөн тодорхойлолт / хх-н 56/ зэрэг болно.

             Б.Баттогтох нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт иргэн Б.Ням-Осорын гар утсыг авах зорилгоор хавирч унаган хүч хэрэглэж Самсунг Галахси-С5 маркийн гар утсыг дээрэмдэж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч Б.Ням-осорын мөрдөн байцаалтад өгсөн .. нарийн гудамжаар доошоо явж байхдаа гар утсаа гаргаж ирээд ярих гэтэл 20-25 орчим насны эрэгтэй хүн баруун талаар гүйж орж ирэнгүүтээ миний утсыг булаагаад аваад зугтаасан. Би тэр хүнийг хөөж гүйж явж байгаад зам гарахдаа цагаан өнгийн жижиг авто машинд мөргүүлсэн. Тэгээд шууд босоод нөгөө хүний араас гүйгээд 16 дугаар хорооллын байрны дундуур ороод алдсан тул цагдаад хандсан. Би уг утсыг 2016 оны 08 дугаар сарын 29-нд Монтел худалдааны төвөөс 260.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 24-27/

          Шүүгдэгч Б.Баттогтохын өгсөн… Цайз захын буудал орохоос 1 автобусны буудлын өмнө уруудаад явж байтал хар куртиктэй хар өнгийн өмдтэй 30 орчим насны согтуу эрэгтэй хүн миний өмнө уруудаад утасныхаа хөгжмийг сонсоод явж байсан. Тэгэхээр нь би араас нь очоод баруун хөлөөрөө хавирч унагаагаад баруун гартаа байсан гар утсыг нь аваад шууд доошоо уруудаж гүйсэн. Тэгээд Улаанхуарангийн автобусны буудал дээрээс автобусанд суугаад Хүүхдийн 100-д байх UВ Jazz гэдэг газар луу ажил руугаа явсан. Миний дээрэмдэж авсан утас нь хар бараан өнгөтэй Самсунг Эс-5 маркын гар утас байсан гэсэн мэдүүлэг

      Гэрч З.Оюунхандын  мөрдөн байцаалтад өгсөн … Намайг орой 19.00 цагт ажлаа тараад ирэхэд манайд ирчихсэн байсан юм. Намайг гэрт ирэхэд Баттогтох Самсунг Галакси утас 16-ын нарийн гудамжнаас олсон гэж ярьж байсан. Би маргааш нь буюу 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөний хэрэг гараад уг утсыг Баттогтохоос аваад ломбарданд 40.000 төгрөгөөр тавьсан гэсэн мэдүүлэг   /хх-н 35-37/ зэрэг болно.

              Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

              Б.Баттогтох нь нарийн гудманд урдаа явж байсан согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.Ням-Осорыг хоёр мөрнөөс татаж хавирч газар унаган гар утсыг авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх ба прокуророос түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул  Б.Батогтохыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ням-Осорт гар утсыг нь биетээр хүлээлгэн өгсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэх зохих   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй , Б.Баттогтох нь  цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.3,55.1.9 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хорыг арилгасан  зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

  Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шонхор овогт Батбаярын Баттогтохыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттогтохыг 3  жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар  Б.Баттогтоход оногдуулсан хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй , Б.Баттогтох нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Б.Баттогтоход оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст  даалгасугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баттогтоход бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН