Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2020/01847

 

   2020         07             02

                  183/ШШ2020/01847

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байрны0  тоотод оршин суух Х овогт Ц-ын Н /РД:0000 /-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 127 дугаар байрны 000 тоотод оршин суух Ш овогшт Д-ийн О /РД:00000 /-д холбогдох,        

            эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 4.393.218 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 9.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.Т /ШТЭҮД: 0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.      

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие иргэн Д.О-тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ буюу эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, 109 дүгээр байрны 01 тоотод байрлах амины орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай,  нэг сарын 2.000.000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон. Ингээд орон сууцаа хүлээлгэн өгч хөлслөгч Д.О нь 6 сарын төлбөр 12.000.000 төгрөгийг төлсөн боловч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 1 сарын төлбөр 2.000.000 төгрөгийг төлөхгүй янз бүрийн шалтгаан хэлж, гэрээгээр тохиролцсон  нөхцөлөөрөө орон сууц буюу эд хөрөнгө ашигласны төлбөр, мөн 2019 оны 08 дугаар сараас 11 сар хүртэлх хугацаан байрны ус, дулааны төлбөр 823.218 төгрөг, цэвэрлэгээний төлбөр 300.000 төгрөгийг тус тус төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “...түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувиар алданги тооцно” гэж заасан ба 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 36 хоног хэтрүүлж 1.500.000 төгрөг төлсөн учир алданги 360.000 төгрөг, үлдэгдэл 500.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн  учир 34 хоног хэтрүүлсэн алданги 85.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 54 хоногоо хэтрүүлж 1.000.000 төгрөгийг төлсөн учир  алданги 540.000 төгрөг, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 хоног хэтрүүлж төлсөн алданги 15.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны  өдрийг хүртэл нийт 27 хоног хэтрүүлсэн 2.000.000 төгрөгийн алданги 270.000 төгрөг, нийт 1.270.000 төгрөгийн алданги тооцогдох үүрэг Д.О-д үүссэн. Мөн орон сууцанд нохойгоо түгжчихээд 7 хоног алга болчихсон бөгөөд цонх онгорхой орхисон байсан. Би гэртээ ороход цонх онгорхой байсан учир паар бараг хөлдчихсөн, нохой нь энд тэндгүй шээсэн үнэр нь салахгүй байсан учир хүмүүс дуудаж 300.000 төгрөгөөр цэвэрлүүлсэн. Иймд хариуцагч Д.О-с эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 2.000.000 төгрөг, алданги 1.270.000 төгрөг, ус, дулааны төлбөр 823.218 төгрөг, цэвэрлэгээний төлбөр 300.000 төгрөг, нийт 4.393.218 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.О нь иргэн Ч.Т-тай байгуулсан гэрээний дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний барьцаа төлбөр болон байр хөлслөх эхний 3 сарын төлбөрийг төлж уг байранд нүүж орсон. Д.О миний бие ХБНГУ-д 27 жил сурч амьдарсан, гоо сайхан, арьс арчилгаа, стил имиж, өнгөний код зэрэг мэргэшсэн чиглэлээр тус улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн академиудад суралцаж амжилттай төгссөн, энэ чиглэлээр олон улсад стиль имижийн талаар хувийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй болно. Миний бие 360 м.кв талбайтай, 3 давхар, 12 өрөө бүхий уг байрыг хөлсөлж авахдаа өөрөө 3 дугаар давхарт нь амьдарч, 1 ба 2 давхарт хувь хүмүүст стиль имиж тодорхойлох зөвлөх үйлчилгээг явуулах зорилготой байсан. Харамсалтай нь уг байранд нүүж орсон эхний өдрөө паарнаас ус алдаж, бохирын хоолой бөглөрснөөс  өмхий үнэртэж, ялаа шавж, байрыг хэвийн ашиглах боломжгүй нь мэдэгдсэн. Энэ тухай түрээслүүлэгчид  хэлэхэд уурлаж, “ийм болохоор монголчуудад түрээслэх ядаргаатай байдаг, хятадуудад түрээсэлсэн нь амар байдаг” гэж намайг хэл амаар доромжилсон, энэ байрыг ийм хангалтгүй нөхцөл байдалтай гэдгийг нуун дарагдуулсныг хожуу олж мэдсэн. Энэ байрны нөхцөл ийм доголдолтой гэдгийг би мэдээгүй, мэдэх боломжгүй байсны улмаас сэтгэл санаа, цаг хугацаа, ажил хэргийн хувьд  маш их хохирол амссан. Тухайлбал, байранд орох үед халаалт зогсоогүй байсан ба паарнаас ус алдаж, дуудлага өгөхөд ирсэн засварчид “ энэ байр жилийн жилд ийм асуудалтай байдаг” гэлцэн засаад явахад ахиад ус алдах гэхчлэн ужиг согогтой болох нь нотлогдсон. Төвийн халаалт зогсонгуут ус алдахаа болино гэж намайг тайвшруулсан ч таазнаас ус алдаж, тэр дундаа абжурны нүхээр ус гоожиж, цахилгааны аюу нүүрлэх эрсдэлтэй болж ирсэн. Энэ шалтгааныг хайж би хувийн компанийн болон  байрны орон сууцны  конторын засварчдад удаа дараа хандсаны эцэст тус байр 2 дугаар давхрын тааз, 3 дугаар давхрын шал хоёрын дундуур цэвэр усны шугам татсан, тэр шугам нь дотроо гэмтэж ус алдаж байгааг тогтоосон. Ийм гэмтэл байсныг би мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд үүнээс болж миний хувцас хунар, гутал руу их хэмжэний  шохойтой ус нэвчиж,  ахин хэрэглэх боломжгүй болж байсныг түрээслүүлэгч орж ирж харж бйсан. Мөн миний өндөр үнээр авч байсан хар өнгийн арьсан хийцтэй, нэг хүний буйдан маань шохойтой усанд норж, хатаж хорчийсныг нь гаргаж хаяхад хүрч байсан. Үйлчлүүлэгчиддээ стиль имижийн зөвлөгөө өгөөд зогсч байхад нүүрэн дээр шохой дусах гэх мэт эвгүй байдалд оруулж байсан, мөн үйлчлүүлэгч үйлчилгээ авахаар урьдчилан цаг авсан байхад бохирын үнэр дарах боломжгүй болж байсны улмаас үйлчилгээ цуцлахад хүрч байсан. Таазнаас ус алдаж, абажурны нүхээр ус дуслаад засвар дуудахад засварчид галын аюулаас сэргийлэн тог таслаад явахад би хүүгийн хамтаар 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 19-ний хооронд сар гаруйн хугацаанд ээжийндээ очиж амьдрахад хүртэл хүрсэн. Уг байранд  амьдрах хэвийн нөхцөл байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байсны улмаас байрны паарыг солих, усанд автаж пөмбийсөн шалыг хуулах, шугам солих, бохирын давхар хоолой гаргах, интернэтийн шилэн кабел суулгуулах зэрэг засварын зардалд их хэмжээний мөнгө зарцуулсан ба үүнийг түрээслүүлэгч мэдэж байгаа, намагй “ахын дүү мөнгөө гаргачих, ах нь 60 хувийг нь төлнө” гэж хэлсэн. Ингэж хэлснийг миний ах С.Н ч бас сонссон ба үүнийг нотолж гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн. Засварын ажилтай хутгалдсаар би үйлчлүүлэгч хүлээж авах боломжгүй байдалд орж хоёр сар орчим сул зогссон. Байрны нөхцөл байдал доголдолтой байснаас гадна түрээслүүлэгчийн зан харьцаа маш зохисгүй байсан. Өдрийн цагаар согтуу, шар айраг үнэртүүлэн удаа дараа орж ирж айлгадаг байсан. Байрны мөнгийг төлсөөр байтал “манай тоолуур дэлгүүрийн тоолуур хоёр дундаа” гэж хэлээд цахилгааны мөнгө өг хэмээн бэлнээр авахыг шаарддаг байсан. Юнителийн кабель суурилуулахаар ирсэн засварчин залууг ажлаа хийж байх үед  түрээслүүлэгч согтуу авирлан орж ирж хашгачиж байгаад гарсны дараа уг засварчин “чи ганц бие юм уу, наад чинь ёстой дээрэлхээд сурчихсан хүн байна” гэж хэлж байсан нь үүнийг нотолно. Мөн би өөрийн дэргэд оёдолчин ажиллуулдаг байсан ба үйлчлүүлэгчдийн  маань стиль имижид тохируулан миний зөвлөсний дагуу тохирох загварын хувцас оёж өгдөг байсан боловч түрээслүүлэгчийн бүдүүлэг авираас айж, ажлаасаа гарсан, энэ талаар гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн. Цаашид уг байранд ажиллаж амьдрахад төвөгтэй, дарамттай байсан тул би гэрээг цуцлах хүсэлтэй байгаагаа түрээслүүлэгчид хэлж байрыг хүлээлгэж өгсөн. Байрыг хүлээлгэж өгөхдөө буйраа цэвэрлээд нүүдэг монгол хүний жудгаар өөрийн ажиллуулдаг байсан хоёр үйлчлэгчийн хамтаар уг байрыг нэгд нэгэнгүй цэвэрлэж хүлээлгэж өгсөн болно.Миний барьцаанд өгсөн 2.000.000 төгрөгийг суутган тооцоход  төлөх төлбөр байхгүй байна. Ийм учраас алданги тооцох үндэслэлгүй. Ус, дулаан, цахилгааны төлбөр амьдарч байх үед гарсан бол төлж болох боловч  цэвэрлэгээний хөлсийг  төлөхгүй гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Д.О би Ч.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т-тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 109/1  тоот хаягт байрлах амины орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нэг жилийн  хугацаатайгаар  түрээсэлсэн.  Уг байранд нүүн орсон эхний өдөр паарнаас ус алдаж, бохирын хоолой бөглөрснөөс  өмхий үнэртэж, ялаа шавж,  байрыг хэвийн ашиглах боломжгүй нь мэдэгдсэн. Энэ байрны нөхцөл байдал ийм шаардлага хангахгүй,  доголдолтой болохыг надаас нуун дарагдуулсан болохыг олж мэдэх хүртлээ би сэтгэл санаа, цаг хугацаа, мөнгө төгрөг,  ажил хэргийн хувьд чамгүй хохирсон. Тухайлбал, түрээсийн гэрээ байгуулсан өдрөө би Б.Н-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг байрны доод давхрын нэг өрөөг гэрэл гэгээтэй, орон зайтай болгох зорилгоор өрөөний ханыг бүхэлд нь нурааж, зарим өрөөний ханыг обойдох, дотоод засал чимэглэлийн бүхий л нарийн чимхлүүр ажлыг гүйцэтгүүлэхээр захиалга өгч,  ажлын хөлсөнд 3.000.000 төгрөг, материалын зардалд 5.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг бэлнээр төлсөн. Энэ засварын ажлыг хийх зайлшгүй шаардлагатай байгааг түрээслүүлэгч Ч.Т мэдэж зөвшөөрсөн бөгөөд засварын зардлын 60 хувийг ах нь төлнө гэснийг Б.Н батална. Гэвч миний зардлаар хийлгүүлсэн эхний засвартай зэрэгцэн удаа дараа ус алдаж,  тухайлбал, эхлээд паарнаас ус алдаж ХҮТ-4-т дуудлага өгөн удаа дараа олс боолгуулах зэрэг хувийн төлбөрт үйлчилгээ давтан авч байснаас гадна улмаар таазнаас ус алдаж, абажурны нүхээр ус гоожиж, цахилгааны аюул нүүрлэх эрсдэлтэй болж, тогоо таслуулсан. Удтал эрэл хайгуул болсны эцэст тус байрны 2 дугаар давхрын тааз, 3 дугаар давхрын шал хоёрын дундаар цэвэр усны шугам татсан байсныг би хувийн компанид хувийн зардлаар удаа дараа хандсаны эцэст олж тогтоосон. Байрны дээвэр задгай бөгөөд уг онгорхойгоор орсон борооны ус байрны дээд талд хадсан байсан  гэрэлт чимэглэл бүхий логотой  хаягийн самбартай тогны масс үүсгэж, дэлбэрч, уг шилэн самбар маань бутарч унасан ч  азаар хүн гэмтээгээгүй зэрэг доголдол үүссэний улмаас паар солих, шал солих,  шугам солих, бохирын хоолой давхар гаргах зэрэг зардалд увуу цувуу төлсөөр нийтдээ  наад зах нь 1.500.000 төгрөг төлж хохирсон. Дээрх нөхцөл байдлыг түрээслүүлэгч мэдсээр байж шаардлагатай арга хэмжээ авахгүй байсны улмаас би түрээсийн гэрээг цуцлахаас аргагүй байдалд орсноо мэдэгдэж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр нүүсэн. Шинжээчийн дүгнэлтээр уг орон сууцанд миний хийж гүйцэтгэсэн засварын зардлыг 4.216.337 төгрөг болсон байна гэж дүгнэсэн. Иймд түрээслүүлэгч Ц.Н-гаас уг орон сууцанд хийж гүйцэтгэсэн засварын зардал 4.216.337 төгрөгийг нэхэмжилж, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Ч.Т миний бие Ц.Н-гийн итгэмжлэлээр түүний өмч болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 0000 тоотод байрлах  амины орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 3-аас 1 жилийн хугацаатайгаар Д.О-д  түрээсийн гэрээ үйлдэн харилцан тохиролцон түрээслүүлсэн. Д.О нь сөрөг нэхэмжлэл гарган 9.500.000 төгрөгийг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөрөөхгүй. Байранд орсон эхний өдөр бохир бөглөрөх ямар ч боломжгүй. Уг байранд 3 сар орчих хүн амьдраагүй байж байгаад Д.О-д хүлээлгэн өгсөн ба бүх ариун цэврийн өрөө хэвийн ажиллагаатай байсан. Д.О байранд засвар хийн, нүүж ороход халаалт зогссон байсан тул паарнаас ус алдах боломжгүй.  Манай байрны дээвэр нь төмөр рамтай, шилэн дээвэртэй тул борооны ус орох ямар ч нөхцөл байхгүй. Анх 2019 оны 07 дугаар сарын 25-нд ус тасарчихлаа гээд ярьсан байдаг. Тус орон сууц нь доороо гал тогооны зохион байгуулалттай байсан. Өөрөө орон сууцны  доод хэсэгт ажлын байр хийж, дээрээ амьдарна гэсэн. Тэгээд дээр амьдрах хэсэгт бохир татаад, халуун, хүйтэн ус оруулаад янзалъя гэхээр нь зөвшөөрсөн. Ингэж холболт хийхдээ ус татсан хоолойн доод талыг нь шамлаад хийсэн байсан. Тэгээд ус явахаар доошоо гойжоод байсан байсан байна лээ. Тэрийг нь хайгаад олохгүй 9 сард шалны плитаг нь хуулаад үзсэн чинь мэдэгдсэн. Энэ нь өөрсдийнх нь хийсэн буруу холболт, засвараас болсон. Энэ бүгд нь өөрийн амьдрах суух нөхцлийг сайжруулж, өөртөө зориулан хийсэн засвар юм. Уг засварын зардлаас хөлслүүлэгч тал хариуцна гэж тохиролцсон зүйл байхгүй. Д.О-гийн гадаа хадсан гэрэлт чимэглэл бүхий логотой самбар нь ямар ч ус, борооны хамгаалалтгүй ил газар байрлуулсан бөгөөд  ус, бороонд норох эрсдэлтэй байсан. Манай байранд  нэг ширхэг паар, шал, шугам хоолой, бохирын хоолой сольсон зүйл байхгүй.  Д.О нь иргэн Б.Н-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зардлын 60 хувийг намайг төлнө гэснийг Б.Н батална гэжээ. Энэ нь худал бөгөөд тийм тохиролцоо огт хийгдээгүй.  Үүнийг нотолсон гэрээний заалт байхгүй. Д.О нь энэ байрыг түрээслэхдээ 15 хоногийн хугацаанд  3 удаа ирж байрыг үзэж сонирхсон, сүүлд ахтайгаа ирж гэрээ хийсэн. Бидний зүгээс байрны нөхцөл байдлыг нуун дарагдуулсан зүйл байхгүй бөгөөд  бүх өрөөнүүдийг нээлттэй үзүүлж, харуулсан. Бидний тохиролцсон байр түрээсүүлэх гэрээ нь сайн дурын үндсэн дээр, ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр хийгдсэн. Д.О нь өөрийн ажлын онцлог нөхцөлд тохируулан засвар хийхдээ зарим өрөөний ханыг нурааж, өөрийн хүсэл сонирхолдоо тааруулан  зарим өрөөний ханыг цаасыг сольсон бөгөөд засвар хийсэн байрандаа өөрсдөө ажиллаж, амьдарсан болно. Үүнд бидний зүгээс хориг саад тавиагүй бөгөөд  түрээсийн гэрээний 3.3-т зааснаар тохиролцсон болно.  Тэрээр өөрийн хүсэл сонирхол болон ажлын онцлог нөхцөлдөө тохируулан засвар хийсэн төлбөрөө биднээс нэхэмжлэх нь зохимжгүй хэмээн үзэж байна. Иймд Д.О-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй байна гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Д.О-гаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 4.393.218 төгрөг гаргуулахаар, хариуцагч Д.О-гаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 9.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасган орон сууцанд хийж гүйцэтгэсэн засварын зардал 4.216.337 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардаж байх ба шүүх энэхүү үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

        Үндсэн нэхэмжлэлийн талаар:

        Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан байх ба хариуцагч Д.О нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 000  дугаар байрны 0  тоот хаягт байрлах 3 давхар 365 м.кв талбай бүхий амины орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, барьцаанд 2.000.000 төгрөгийг авч, сарын 2.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

        Түрээсийн гэрээнд уг хөлсөлж буй орон сууцыг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 000  тоот орон сууц гэж тусгасан байгаа боловч  хаяг, байршлын өөрчлөлтөөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж,  000  дугаар байрны 0  тоот орон сууц болон өөрчлөгджээ.

            Нэхэмжлэгч Ц.Н-гаас энэхүү гэрээг  эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэн эд хөрөнгө ашигласны хөлс шаардаж байгаа боловч гэрээний зүйл нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 000  дугаар байрны 0  тоот хаягт байрлах нэг ба хоёрдугаар давхрын 365 м.кв талбай бүхий амины орон сууц байх бөгөөд уг амины орон сууцыг амьдран суух болон бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгоор бүхэлд нь хөлсөлсөн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх,  хөлслөгч нь хэлэлцэх тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэсэн  орон сууц хөлслөх гэрээний үндсэн шинжийг агуулж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан  орон сууц хөлслөх гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

            Дээрх орон сууц хөлслөх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Хариуцагч Д.О-гаас уг орон сууцанд цаашид ажиллаж, амьдрах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч уг орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн, талууд энэ талаар мараагүй байна.

Харин хариуцагч Д.О нь орон сууцны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 1 сарын хөлс 2.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Н-гаас  орон сууцны 1 сарын хөлс 2.000.000 төгрөг болон гэрээний 2.5-т заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс тооцсон алданги 1.270.000 төгрөг, амьдарч байсан хугацааны ус, дулааны төлбөр 823.218 төгрөг, орон сууцыг цэвэрлэхэд гарсан зардал 300.000 төгрөг, нийт 4.393.218 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Д.О нь орон сууцны барьцаа төлбөрт өгсөн 2.000.000 төгрөгийг оруулан тооцвол төлөх төлбөр байхгүй байна. Ийм учраас алданги тооцох үндэслэлгүй. Ус, дулаан, цахилгааны төлбөр амьдарч байх үед гарсан бол төлж болно. Харин орон сууцыг нүүхдээ бүгдийг цэвэрлэсэн учир цэвэрлэгээний зардал гэх 300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагч Д.О-агаас орон сууцыг хөлсөлсөн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс гэрээг цуцалж, орон сууцыг хүлээлгэн өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд  нэхэмжлэгч Ц.Н-д барьцаа төлбөр 2.000.000 төгрөгийг оруулан нийт 12.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хариуцагчийн тайлбар, Ч.Т-ын дансны хуулга зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Д.О нь 2019 оны 08 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир түүний барьцаа төлбөрт өгсөн 2.000.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын төлбөрт суутган тооцсон гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгэхгүй байна.

Иймд хариуцагч Д.О нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацааны хөлс 12.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэхээр байх тул хөлслүүлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны 1 сарын хөлс 2.000.000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.Н-гаас хариуцагч Д.О-г хөлсөлж байсан орон сууцанд нохойгоо үлдээснээс нохой нь шээж орон сууцыг бохирдуулсныг цэвэрлүүлж, бусдад 300.000 төгрөгийн төлбөр гэх нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох баримтаар нотлогдохгүй, Ц.М-ийн  “Би Ч.Т-ын хүсэлтээр Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны замын 109-1 тоот байрны 3 давхар, нийт 12 өрөө байрны 300.000 төгрөгөөр цэвэрлэж өгсөн болно” гэх тодорхойлолтыг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй  бөгөөд нэхэмжлэгчээс тухайн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Харин хариуцагч Д.О нь орон сууцыг хөлсөлж байх хугацаандаа хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ц.Н-гаас зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хоног тутам 0.5 хувиар алданги тооцож, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 36 хоног хэтрүүлж 1.500.000 төгрөг төлсөн учир алданги 360.000 төгрөг, үлдэгдэл 500.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн  учир 34 хоног хэтрүүлсэн алданги 85.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 54 хоногоо хэтрүүлж 1.000.000 төгрөгийг төлсөн учир  алданги 540.000 төгрөг, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 хоног хэтрүүлж төлсөн алданги 15.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны  өдрийг хүртэл нийт 27 хоног хэтрүүлсэн 2.000.000 төгрөгийн алданги 270.000 төгрөг, нийт 1.270.000  төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Д.О нь  орон сууцыг хөлсөлж байсан 2019 оны 8-11 сар хүртэлх хугацааны ус, дулааны төлбөр 823.218 төгрөгийг төлөөгүй болох нь ОСНААУГ-ын ХҮТ-4-ийн нэхэмжлэхээр тогтоогдож байгаа, энэхүү хугацааны төлбөрийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул орон сууц өмчлөгч нь хөлслөгчөөс дээрх зардлыг төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй байна.

Учир нь талууд нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил хөлслөгч төлөхөөр гэрээндээ тохиролцсон тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар орон сууцны ашиглалттай холбоотой зардлын 823.218 төгрөгийг хариуцагч Д.О-гаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О-гаас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 1.270.000 төгрөг, орон сууцыг хөлсөлж байсан хугацааны ус, дулааны төлбөр 823.218 төгрөг, нийт 2.093.218 төгрөгийг гаргуулж нэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Д.О нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 000 дугаар байрны 0  тоот хаягт байрлах 3 давхар 365 м.кв талбай бүхий амины орон сууцыг хөлслөхдөө орон сууцны дээд давхарт амьдран сууж, доод давхарт стиль, имижийн талаар хувийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, загварын хувцас оёх үйлчилгээ явуулах шаардлагатай байсан учир өөрийн ажиллаж, амьдрах нөхцөл байдалд тохируулан зохих засвар хийх хүсэлт гаргасныг хөлслүүлэгч зөвшөөрсөн учир  1, 2 дугаар давхарт байрлах 48 м.кв гипсэн  хамар ханыг, хаалганы хамт буулгаж, буулгасан хананы 2 хэсэг газарт шалны нөхөөс хийж, 17.69 м шилэн хөвөө шинээр хийж, мөн байрны дотор талд 283.2 м.кв ханыг эмульсэн будгаар будаж, 1 өрөөг обой нааж тохижуулсан байна. Мөн 2 дугаар давхрын  банны өрөөнөөс халуун, хүйтэн ус, бохир усны шугам татаж хажуугийн өрөөнд монтажлан угаалгын машин залгасан ба цоорч ус гоожиж байсан 2 ширхэг алчуур хатаагчийг сольж тавих зэрэг засварын ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн болох нь “Б” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хариуцагч Д.О-гаас энэхүү хийж гүйцэтгэсэн  засварын ажлыг гүйцэтгэлийг тооцон үзэхэд 4.216.337 төгрөг болсныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасган 4.216.337 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсанаас 75.020 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь ОСНААУГ-ын ХҮТ-4 төвөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуудлагаар ажиллаж 3 ширхэг вилк сольж, 3410 төгрөгийн төлбөр, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ус алдсан дуудлагын дагуу ажиллаж, бохир гаргаж, цоорч халуун ус гоожсон 2 ширхэг алчуур хатаагчийг сольж, 71.610 төгрөгийн төлбөр, нийт 75.020 төгрөгийн хураан авсан болох нь дуудлагаар төлбөртэй үйлчлэх хуудсуудаар нотлогдож байх ба энэхүү зардал нь  Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардал байх тул хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.

Шинжээч “Б”ХХК-ийн дүгнэлтэд “...Барилгын дээвэр хэсэгт байгаа тагт нь дээгүүрээ шилэн хаалттай бөгөөд  харин нүүрэн тал нь хагас хашлагатай, хаалтгүй учир өмнө зүгээс орсон бороо, цасны ус тогтох магадлалтай ч зарим нэг өрөөний таазанд гэрлийн  монтажийн ойролцоо ус алдсан  шарласанул мөр байгаа ч байшингийн дээврээс ус нэвчиж, цахилгааны далд шугаманд  нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Дээвэр дээрээс ус нэвчсэн тохиолдолд  дээвэр хэсгийн доор байрлах бүх өрөө тасалгааны  цахилгааны далд шугаманд  нөлөөлсөн байдал харагдахгүй байна” гэж тусгагдснаас үзэхэд хариуцагчийн хөлсөлж байсан орон сууц нь ашиглалтын болон сантехникийн хувьд доголдолтой, задгай дээврийн завсраар ус нэвчиж гоожиж байснаас зайлшгүй засварын ажил хийж гүйцэтгэсэн гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагчийн хөлсөлж байсан орон сууцанд хийж гүйцэтгэсэн дээрх засварын зардал нь орон сууцыг зориулалтын дагуу ашиглахын тулд хийсэн зайлшгүй засвар үйлчилгээ биш байх бөгөөд өөрийн ажиллах, амьдрах хэвийн нөхцлийг бүрдүүлэхийн тулд хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр хийгдсэн засвар байх бөгөөд уг зардлыг хөлслөгч хариуцахаар талууд түрээсийн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар тохиролцсон  байх тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар уг зардлыг хөлслүүлэгч хариуцах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.241 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гаас нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 48.441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д, нэхэмжлэгч Ц.Н-гаас сөрөг нэхэмжлэл хангагдаж байгаа  хэмжээнд ноглох улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулж хариуцагч Д.О-д олгох нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

                                                                                                                            ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-гаас 2.093.218 /хоёр сая ерэн гурван мянга хоёр зуун арван найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.7  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н-гаас 75.020 төгрөг гаргуулж хариуцагч Д.О-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.141.317 төгрөгийн шаардлагыг хэрэгсэгүй болгосугай.

     3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85.241 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид 48.441 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д, нэхэмжлэгч Ц.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулж хариуцагч Д.О-д тус тус олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР