| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0112/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/114 |
| Огноо | 2013-06-28 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2013/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0112/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт ХБ овогт О.Б.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000193 дугаартай хэргийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ХБ овогт О Б. /РД:ТЖ.../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, тусгай дунд боловсролтой, радио телеграфчин мэргэжилтэй, зэвсэгт хүчний ... дугаар ангид станцын дарга, ахлах радио телеграфчингийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байрны . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч *******. нь 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Өнгөт хорооллын зүүн талын зам дээр иргэн П.Г тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр марш тактикийн тэмцээнд манай анги 2 дугаар байранд орж хамт ажилладаг хүмүүстэйгээ хуучин Дарханд байдаг “Өүшн” гэдэг бааранд орсон юм. Тэгээд тэнд Нараа гэх эмэгтэйтэй танилцаад хамт гарах гээд Өнгөт хорооллын зүүн талын зам дээр Нараатай хамт машинд суутал уг машины урд сууж байсан танихгүй залуу намайг буу гээд цохиход нь би зөрүүлж цохиод бид хоёр зодолдсон. Тухайн үед би хохирогчийн чихийг нь хазсан юм. Хохирогч миний дээр гараад цохиход нь би гараас нь мушгисан, мөн хавирга руу нь цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч *******. нь 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Өнгөт хорооллын зүүн талын зам дээр иргэн П.Г тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан учруулсан болох нь:
хохирогч П.Г ийн:...”2013 оны 3 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчимд манай эхнэр Д над руу залгаад Үйлчилгээний төв дээр хүрээд ир гэхэд нь би очсон юм. Тухайн үед манай эхнэр гурван найзынхаа хамт зогсож байсан. Тэгээд бид нар жоохон бүжиглэх санаатай хуучин Дарханд байдаг “Өүшн” гэдэг нэртэй бааранд орсон...Бид нар 23 цагийн орчимд баарнаас гараад Өнгөт хорооллын араас таксинд тавуулаа чихээд суусан юм. Тухайн үед би таксины урд нь суугаад дөнгөж хөдөлсөн чинь араас нэг хүн гүйгээд байна гэхэд нь такси зогсоход цэрэг хувцастай үл таних залуу 39-р явна гээд арын суудал дээр суусан. Тэгтэл тэр цэрэг хувцастай залуу манай найзууд болон манай эхнэрийг өдөөд байхаар нь би түүнд хандан машинаас буу, хойно чинь дөрвөн хүн суусан байна, чи багтахгүй гэж хэлэхэд тэр залуу би заавал та нартай хамт 39-р явна, чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би таксины урдаас буугаад нөгөө залууг буулгах гэхэд намайг түлхэж газар унагаасан юм. Тухайн үед би доошоо хараад хэвтэхэд дээрээс намайг өшиглөөд дараа нь миний чихнээс хазсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9 дахь тал/,
гэрч Р.Н гийн:...”2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай ажилчдын цалин буугаад манай сүлжээний Нараа, Д , Жаргалсүрэн, Нараагийн найз залуу бид нар Үйлчилгээний төв дээр уулзаад бүжиглэх зорилгоор хуучин Дарханд байдаг Батлан хамгаалах авто сургуулийн замын эсрэг талын бааранд ороод жоохон бүжиглэж байгаад 23 цагийн орчимд Өнгөт хорооллын араас найзуудыгаа таксинд суулгаж өгөөд цаашаа гэр рүүгээ явж байгаад эргэж хартал нэг цэрэг хувцастай залуу таксинд ороод суучихсан байсан...Нэг мэдэхэд цэрэг хувцастай залуу манай найз Г ийг газар унагаан зодож эхэлсэн. Тэгээд бид нар салгах гээд дийлэхгүй байсан юм. Тухайн үед Г миний чихийг хазаад байна гэж орилоод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дахь тал/,
гэрч Д.Д гийн:...”2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай ажилчдын цалин буугаад Нараа, Н , Жаргалсүрэн, Нараагийн найз бид хэд Үйлчилгээний төв дээр уулзаад бүжиглэх зорилгоор хуучин Дарханд байдаг Батлан хамгаалах авто сургуулийн замын эсрэг талын бааранд ороод 23 цаг хүртэл бүжиглэж байгаад гарсан юм. Тэгээд Өнгөт хорооллын ардаас бид нар таксинд суугаад, манай нөхөр урд суугаад хөдөлсөн чинь араас нэг цэрэг хувцастай үл таних залуу гүйж ирээд сууна гэсээр байгаад хамт суусан юм. Тэгтэл тэр цэрэг залуу Нараагийн бэлхүүсээр нь тэврээд авахад нь Нараа болиоч гээд орилсон. Тэгтэл манай нөхөр Г нөгөө танихгүй залууг чи өөр машинд суугаад яв гэж хэлэхэд тэр залуу тоосон шинжгүй суугаад байсан. Тэгтэл Г машинаас буугаад нөгөө залууг буулгах гэхэд тэр залуу машинаас буугаад нөхрийг маань зодсон. Тухайн үед би таксинаас буугаад иртэл тэр залуу манай нөхрийн чихнээс хазсан бололтой байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14, 19-20 дахь талууд/,
гэрч Н.Б ийн:...”2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай 322 дугаар ангийн албан хаагчид тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан марш тактикийн тэмцээнд оролцож 2 дугаар байр эзэлсэн юм. Тэгээд манай хамт олон баяраа тэмдэглэх гээд хуучин Дарханд байдаг “Өүшн” гэдэг нэртэй бааранд ороод пиво аваад улмаар бүжиглэж эхэлсэн...Тэгтэл Б. өөр ширээн дээр очоод бид нарыг дуудаад байхаар нь Ганзориг, Доржсүрэн бид гурав очоогүй юм. Тэгтэл Б. бид нарт хэлэлгүй гараад явсан байсан. Тэгээд Ганзориг, Доржсүрэн бид гурав гэртээ харихаар баарнаас гараад явж байтал Өнгөт хорооллын арын зам дээр Б. хүнд зодуулж байна гэхэд нь Ганзориг, Доржсүрэн хоёр гүйгээд явсан. Би араас нь алхаад очтол Б.ы дээр нь нэг танихгүй ах гарчихсан байдалтай мөн гурваас дөрвөн эмэгтэй тойроод зогсчихсон байсан юм. Тэгэхэд нь бид гурав салгах гэхэд тэнд байсан эмэгтэйчүүд биднийг самардаад ойртуулахгүй байсан. Тэгээд арай гэж Б.ыг салгаж аваад явах гэхэд Б. буцаж очоод нөгөө ахын цээж рүү өшиглөөд авсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
гэрч Ц.Д гийн:…”2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай 322 дугаар албан хаагчид тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан марш тактикийн тэмцээнд оролцоод 2 дугаар байр эзэлсэн юм…Тэгээд манай хамт олон баяраа тэмдэглэх гээд 17 цагийн үед “Өсөх” гэдэг нэртэй бааранд орсон юм. Тэгээд тэр баарнаас Ганзориг, Б., Б бид нар гараад хуучин Дарханд байдаг “Өүшн” гэдэг нэртэй бааранд ороод пиво уугаад бүжиглэж эхэлсэн. Тэгтэл Б. өөр хүний ширээн дээр очиж суугаад Ганзориг, Б бид гурвыг дуудахаар нь бид гурав очоогүй юм. Удалгүй Б. бид нарт хэлэхгүйгээр гараад явчихсан байсан. Тэгээд бид нар харих гээд баарнаас гараад явж байтал Өнгөт хорооллын зам дээр Б. нэг ахтай зодолдож байхаар нь очтол Б.ы дээр нь нэг ах гарчихсан хэдэн хүүхнүүд тэр хоёрыг тойроод зогсож байхаар нь бид нар тэр хоёрыг салгаад Б.ыг аваад явсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 252 тоот актын
1. “П.Г ийн биед 1 хавирганы хугарал, 1 хавирганы цууралт, нүүр, их бие, гарын зөөлөн эдийн цус хуралт, шарх, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 23 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд ХБ овогт О Б.ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******. нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хохирогч П.Г т 2.000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч П.Г нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул энэхүү тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *******. урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 68 дахь тал/.
Шүүгдэгч *******. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ХБ овогт О Б.ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар О Б.д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *******.д оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар *******.д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******.д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *******.д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******.д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******.д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР