Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2016/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0173/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б***, 
Шүүгдэгч К.Т*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Т***т холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, К.Т*** /РД:****/, 1979 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* төрсөн, ******* настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *****, **************  оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
-******* аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял, 
-******* аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял,
-******* аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял,
-********* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 
 
Шүүгдэгч К.Т*** нь 2016 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дугаар байрны ** дугаар орцны подвалд үйл ажиллагаа явуулах оёдлын цехээс эд зүйл хулгайлж бусдад нийт 2.826.000 /хоёр сая найман зуун хорин зургаан мянган/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

C:\Users\B.Goomaral\Desktop\G.G\Shiitgeh togtool-Tabisbek.docx
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч К.Т***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Өнгөрсөн 3 дугаар сард найз ****** тэйгөө хамт 13 дугаар байрны траншейнд унтаж байхад вокзалаар яваад байдаг арван долоон настай А*** гэдэг нүд муутай хүүхэд үүрийн 04 цагийн орчимд ‘Шуудайтай мах, индукцийн плетка хоёрыг зараад өг. Би эгчийнхээсээ авч ирсэн гэж хэлсэн. Манай найз өглөө 07 цаг болж байхад баталион явна гээд надаас жаахан мах авч явсан. Би 08 цагийн орчимд 13 дугаар байрны голын орцны жижүүр рүү орж плиткыг ажиллаж байна уу? гээд шалгачихаад зах дээр авчирч зарсан. 11 цагийн орчимд А*** оёдлын утас зарах гэж яваад надтай таарсан. Нөгөөдөхөө зарсан уу? гэхээр нь нийт 20,000 төгрөг болсон гэхэд 5 000 төгрөгийг нь өгөөд үлдсэнийг нь та аваад архи уу гэж хэлсэн. Өдөр 3 цагт 2 хамгаалагч намайг барьж аваад, Эрхэмзаяа байцаагч машинтай авч яваад подвал ухсан байна. Метал хайгч алга болсон байна гэж хэлсэн. Намайг эрүүлжүүлэхэд хийгээд маргааш нь “чи явчихаад нөгөөдөр ир” гэсэн. Намайг подвал ухаж 2,826,000 төгрөгийг хохирол учруулсан байна гэхээр нь “Та хулгайлсан хүнээ авч ирж мөрдөнд хийгээч” гэхэд “Тэр хэрэг даах чадваргүй. Чи энэ хэргийг даавал даа. Даахгүй бол буцаагаад мөрдөнд чинь хийнэ” гэж хэлсэн. Удахгүй 09 дүгээр сарын 01-ний өдөр хууль гарах гэж байгаа, энэ хэрэг чинь прокурор юм уу, шүүх рүү шилжээд хэрэгсэхгүй болно гэхээр нь “Би энэ хэргийг даая” гээд энэ хэргийг даасан. Миний гардаж хийсэн хэрэг биш. Энэ олон хувцсыг хаана аваачиж зарсан гэж хэлэхийн гэхэд “Модны ёроолд нуусан. Алга болсон байна” гээд хэлчих, өөр юм хэлээд яах юм гэж хэлсэн. Подвал руу орох замыг өөрөө зааж өгсөн. Би плитка, 7кг мах зарсан. Тэр хүүхэд ширхэгийг нь 500 төгрөгөөр өгмөөр байна гээд хайрцагтай оёдлын утастай явж байсан. Би мөрдөнд ороод “хулгай хийсэн хүнийг нь хорихгүй. Яагаад намайг хориод байгаа юм. Надад гэрч байгаа. Надтай хамт хонож байсан ******  гэрчилнэ” гэхэд Тэр ямар хамаатай юм. Хуульд өөрчлөлт орж байгаа чиний хэрэг хэрэгсэхгүй болно. Зүгээр гараад ирнэ гэж хэлсэн, би ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй” гэх мэдүүлэг, 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5 дахь тал/

Хохирогч Х.Б***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчим би Дархан сумын ** дүгээр баг төмөр замын ** дугаар байрны подвальд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цех дээрээ ирээд явсан юм. Ингээд маргааш нь 18 цагийн орчим манай нөхөр Э*** ажил дээр очоод над руу утсаар залгаад оёдлын цехид хулгай орсон байна гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би оёдлын цех дээрээ яваад очиход эд зүйлс эмх замбараагүй болсон байсан бөгөөд металь хайгчийн газар хэвтэж байхаар нь очоод үзэхэд дотор нь металь хайгч алга болсон байсан мөн өрөөний зүүн хойд буланд оёж бэлэн болгосон байсан бэлэн хувцаснууд алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийж байхад шатны доороос металь хайгч гарч ирсэн юм. 22 хос аялалын хувцас /эрээн өнгийн өмд, цамц/ нэг хос хувцас нь 110000 төгрөгийн үнэтэй саарал өнгийн ногоон оруулгатай зуны хувцас 2 хос /өмд, цамц/ нэг хос нь хувцас нь 28000 төгрөгийн үнэтэй, 60 ширхэг оёдлын утас нэг бүрийн үнэ 1500 төгрөгийн үнэтэй, хар өнгийн индукцэн плетка нэг жилийн өмнө 60000 төгрөгөөр худалдан авч байсан, мөн 20кг үхрийн мах /нэг кг 5000 төгрөг/, 10кг адууны мах /нэг кг нь 4000 төгрөг/, эсгий гутал зэрэг эд зүйл алдагдсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй ээ. Би гомдолтой байна. Би алдагдсан эд зүйлсээ нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/, 

Гэрч Л.М*** мөрдөн байцаалтанд өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчим Б*** манай гэрт их яарсан шинжтэй орж ирээд өвөртөө нэг зүйл хийсэн, гартаа цагаан шуудайтай махтай манайд орж ирсэн юм. Тэгээд өвөртөө хийсэн байсан зүйлээ гаргаад ирэхэд хар өнгийн индукцэн плитка байсан бөгөөд тэр хар өнгийн индукцэн плиткээ тогонд залгаж үзээд “өө энэ ажиллаж байна” гэж хэлээд их яарсан шинжтэй гараад явсан юм. Би К.Б***ийг гараад явахаас нь өмнө ахдаа наад плиткээ өгчих гэж гуйсан чинь К.Б*** үгүй ээ ахаа би плиткийг зарна гэж хэлээд гараад алга болсон юм.  К.Б*** надад хаанаас авсан талаар юу ч яриагүй. Нэг том шар тор дүүрэн мах авч явсан. К.Б*** 13 дугаар байрны хойд талын траншейнд амьдардаг хүн, манайхаас хааяа идэх уух юм гуйхаар нь өгдөг юм. К.Б*** траншейндаа ирж байгаа. Их шөнө ирээд үүрээр гараад явдаг юм.     Дөрвөлжин хар өнгийн, индукцен плитка байсан. Уг плитка бүрэн ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/

Гэрч П. Х***мөрдөн байцаалтанд өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 11-ний өглөө би ажлаа хийгээд байж байхад 09 цагийн орчим танихгүй залуу гаднаас орж орж ирээд 2кг 300г үхрийн мах авахуу 7,000 төгрөгөөр зарчихмаар байна гэрт мөнгө хэрэг болооод байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би 7,000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайн мах гэж мэдээгүй тэр залуу надад хэлэхдээ би гэрээсээ авч ирсэн мах гэж надад хэлсэн. Би өдөртөө зарсан, байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/, 

Гэрч Ж.Б*** мөрдөн байцаалтанд өгсөн: “…2016 оын 03 сарын 11-ний өглөө 09 цагийн орчим би лангуун дээрээ сууж байхад танихгүй эрэгтэй хүн хар өнгийн индукцен плитка худалдан авах уу гэж надаас асуусан юм. Тэгэхээр би авахгүй гэж хэлсэн тэгсэн та 15,000 төгрөгөөр авчих, гэрт идэж уух юм байхгүй болчихоод мөнгө  хэрэг болоод байна гэж надаас гуйгаад салахгүй болохоор нь би надад 10,000 төгрөг л байна илүү мөнгө алга гэж хэлсэн чинь тэр залуу за за та 10,000 төгрөгөөр авчих гээд надад 10,000 төгрөгөөр плиткээ зараад явсан яваад өгсөн юм. Тэр задуу надад хэлэхдээ манай гэрийн плитка, мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Гэртээ хэсэг хэрэглэж байгаад ажиллахаа болихоор нь гаргаад хаясан одоо байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дахь тал/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дахь тал/, 

Гэрч Б.Э***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчим би Дархан сумын ** дүгээр баг төмөр замын ** дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цех дээрээ ирээд гаднаас нь онгойлгоод дотогшоо ороход цехийн эд зүйлс эмх замбараагүй болсон байсан бөгөөд шалан дээр метал хайгчийн хайрцаг байхаар нь дотор талыг нь үзэхэд металь хайгч нь алга болсон байсан. Тэгэхээр нь би гайхаад эд зүйлсээ бүртгээд үзэхэд оёж бэлэн болгосон бэлэн хувцас хөргөгчин дотор байсан мах зэрэг зүйлс байхгүй болохоор нь цагдаа дуудсан юм. Цагдаа нарыг ирэх хооронд би хоёр орцны жижүүр М***тай уулзаж ярилцаад алдагдсан эд зүйлийнхээ талаар хэлэхэд М*** “манайд өглөө К.Б*** хар өнгийн индукцен плитка барьж орж ирээд ажиллаж байгаа эсэхийг нь шалгаад гараад явсан гэж хэлсэн юм.” Тэгээд би цагдаа нарыг ирхэд нь тэр талаар хэлсэн бөгөөд цагдаа нар ирээд үзлэг хийж байхад шатны доороос метал хайгч нь олдсон юм. Подвал руу орохдоо хулгайч гадна байсан цоожийг юмаар хөшиж онгойлгоод дотор талын хаалгыг түлхэж онгойлгосон байсан дотор талын хаалга нь замган түгжээтэй байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 71 дэх тал/, 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 73-74 дэх тал/,

Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны байдлаар 60,000 төгрөгийн үнэлгээтэй байна.” гэх 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 79-80 дахь тал/,
     
“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 3-ны байдлаар 2766000 төгрөгийн үнэлгээтэй байна.” гэх 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 16-17 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч К.Т*** нь 2016 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дугаар байрны 2 дугаар орцны подвалд үйл ажиллагаа явуулах оёдлын цехэд нэвтэрч нийт 2,826,000 /хоёр сая найман зуун хорин зургаан мянган/ төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна. 
Аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч К.Т***ийг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 2,826,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Хохирогч Х.Б*** 2,826,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн  хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар нотлогдож байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхээр утсаар залгахад шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хариу өгсөн боловч энэ талаараа нотлох баримтын шаардлага хангахуйц баримт ирүүлээгүй байх тул 2,826,000 төгрөгийг шүүгдэгч К.Т***ээс гаргуулж, хохирогч Х.Б*** олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч К.Т*** шүүхийн хэлэлцүүлэгт “…А*** гэдэг нүд муутай хүүхэд үүрийн 04 цагийн орчимд ‘Шуудайтай мах, индукцийн плитка хоёрыг зараад өг. Би эгчийнхээсээ авч ирсэн гэж хэлсэн, Э*** байцаагч машинтай авч яваад подваль ухсан байна. Метал хайгч алга болсон байна гэж хэлсэн. Намайг эрүүлжүүлэхэд хийгээд маргааш нь “чи явчихаад нөгөөдөр ир” гэсэн, миний гардаж хийсэн хэрэг биш. Энэ олон хувцсыг хаана аваачиж зарсан гэж хэлэхийн гэхэд “Модны ёроолд нуусан. Алга болсон байна” гээд хэлчих, өөр юм хэлээд яах юм гэж хэлсэн. Подваль руу орох замыг өөрөө зааж өгсөн. Би плитка, 7кг мах зарсан, хуульд өөрчлөлт орж байгаа чиний хэрэг хэрэгсэхгүй болно. Зүгээр гараад ирнэ гэж хэлсэн” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч П.Х***, Ж.Б***, Л.М*** нарын мэдүүлгээр шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч К.Т*** мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн хамт байцаалт өгөхдөө хэргээ хүлээн мэдүүлж байсан байх ба мөрдөн байцаагч дарамталсан, подвалийг өөрөө зааж өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ талаараа холбогдох байгууллагад гомдол гаргаж байгаагүй байна.

Шүүгдэгч К.Т*** нь урьд удаа дараа ял шийтгүүлж байсан байх ба хамгийн сүүлд Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу түүний “ялтай байдал” өршөөгдсөн байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

К.Т***ийн эрүүл мэндийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч К.Т*** нь энэ хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 9 /ес/ хоног, 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 27 /хорин долоо/ нийт 36 /гучин зургаа/  хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Т***эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч овогт К.Б***ийг орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 2,826,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч К.Т***т эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар /хоёр жил, зургаан сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар К.Т***эд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч К.Т***ийн энэ хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 9 /ес/ хоног, 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 27 /хорин долоо/ нийт 36 /гучин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч К.Т***ээс  2,826,000 /хоёр сая найман зуун хорин зургаан мянган/  төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Улиастайн ** тоотод оршин суух Х.Б /РД:****/-д олгосугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл К.Т***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Г.ГЭРЭЛТ-ОД