Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/01801

 

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/01801

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1б байр, 9 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Энхтайваны Мөнхсайхан /РД: МЛ84091619/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байр, 114 тоот хаягт оршин суух, Харцага овогт Дашзэвэгийн Олонбаяр /РД: ЧК78110811/-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүйн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ажлын төлбөр дуусгавар болгох тухай баталгаагаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Баталгааны дагуу 45,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Хариуцагч Д.Олонбаяр нэхэмжлэгчтэй тооцоо нийлж, эцсийн байдлаар 45,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй учраас Э.Мөнхсайханд 45,000,000 төгрөгийг өгнө гэх хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан баталгааны гэрээний үүрэг шаардаж байгаа. Талуудын хооронд 2014 онд хөшгийн хөндийд зуурмаг тээвэрлүүлэхээр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Тухайн онд Д.Олонбаяр үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангасан. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус нэхэмжлэгчийн Хаан банк дахь данс руу орж ирсэн. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж үлдэгдэл 45,000,000 төгрөг дээр маргаангүй болохоо баталж өгсөн. Тиймээс тус 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Ажлын төлбөр дуусгавар болгох баталгаагаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж хариуцагчаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.3-т заасны дагуу Баталгааны аргаар хангагдсан бие даасан шинжтэй гэрээ, гэрээний үүргийг хариуцагч Д.Олонбаяраас шаардаж байна.Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсантай маргаан байхгүй, ажил 2014 оны 4 дүгээр сард эхэлж, 7 дугаар сард дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Олонбаярын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, өмгөөлөгч С.Сансартуяа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Олонбаяр нь 2014 онд Премиум конкрит ХХК-тай гэрээ байгуулж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшиг-ийн хөндий дэх шинэ онгоцны буудлын буух зурвас цутгах бетон тээвэрлэлтийн ажил авсан. Тухайн тээвэрлэх ёстой бетон зуурмаг өндөр марктай өтгөн зуурмаг тул зуурмаг холигч машинаар бус задгай тэвштэй автомашинаар зөөх шаардлагатай болсон. Иймд өөрийн бус гадны машинтай гэрээ хийх шаардлагатай болсон. Нийт 2 жилийн хугацаанд 12 задгай тэвштэй самосвалтай гэрээ хийсэн. Үүнийг нэг самосвал нь Э.Мөнхсайханых бөгөөд түүнтэй амаар гэрээ байгуулсан. Манай үндсэн гүйцэтгэгч болох Премиум конкрит ХХК санхүүгийн алдагдалд орсон учир төлбөр болох 182,000,000 төгрөгийн төлбөр тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон, 45,000,000 төгрөгийн төлбөрт Lexus 470 маркийн машин авч үлдсэн ба 137,000,000 төгрөгийн төлбөр тооцоо үлдэж, тухайн төлбөрөө уг компани хоёр жилийн дараа цементээр тооцож өгсөн бөгөөд уг цементээ Түмэн наст зуурмагийн үйлдвэрт бүтээгдэхүүн болгож гаргаад дараа нь төлбөрийг нь өгнө гэсэн хэлцэлтэй байсан боловч одоо болтол төлбөрөө авч чадаагүй байгаа. Түмэн наст ХХК нь өөр төлбөр тооцооны асуудлаар үйлдвэрээ хаалгачихсан одоог хүртэл ажиллахгүй байгаа. Мөн машин бүрт эргэлтийн падаан олгогдсон бөгөөд тус хуудас бүрээр тооцоо бодогдох ёстой. Мөн тэнд байрласан байрны мөнгө болон өдрийн 3 хоолны мөнгө хасагдаж бодогдох ёстой. Уг нэхэмжлэгч төлбөр тооцоогоо барагдуулах үед 2 талаасаа бүх төлбөр тооцоог тулгаж эцсийн байдлаар үнийн дүн тохирон баримжаа үнэ 45,000,000 төгрөг гэж урьдчилан тохирч зээлийн хэлцэл хийж өгсөн болно.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох баталгаа байдаг. Харин баталгааны гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж заасан байдаг. Энэ нь ямар нэгэн гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээхтэй холбоотой харилцаа юм. Тиймээс үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй байдаг. 45,000,000 төгрөг хэрхэн яаж гарч ирж байгаа нь ойлгомжгүй, хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй тул уг нэхэмжлэлийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Мөнгө өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин хэдэн төгрөг өгөх ёстой талаар нэхэмжлэгч, хариуцагч тал аль аль баримт гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Мөнхсайхан нь хариуцагч Д.Олонбаярт холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Э.Мөнхсайхан, хариуцагч Д.Олонбаяр нар нь 2014 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшиг-ийн хөндий дэх шинэ нисэх буудлын онгоц буух зурвасыг цутгах бетоныг Э.Мөнхсайхан нь өөрийн самосвал загварын автомашинаар тээвэрлэх, хариуцагч Д.Олонбаяр нь хөлс төлөхөөр амаар харилцан тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д.Олонбаяр нь нэхэмжлэгч Э.Мөнхсайханд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн, мөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дээрх хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөгийг бусдаас авах авлага орж ирэхээр төлнө гэж баталгаа гаргасан талаар зохигчид маргаагүй.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг шүүхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар тайлбарлаж маргасан, хэдийгээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:, мөн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан боловч шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно. Учир нь зохигчид гэрээг амаар байгуулсан, зохигчдын тайлбараас үзэхэд талууд ажил гүйцэтгэх гэрээг тодорхой хугацаагүй байгуулсан, мөн нэхэмжлэгч ажлыг 2014 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн боловч хариуцагч Д.Олонбаяр нэхэмжлэгч Э.Мөнхсайханд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн зэргээс үзвэл төлбөр төлөх хугацаа буюу нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрх 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Д.Олонбаяр төлбөрийн талаар баталгаа гаргаж өгснөөр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., мөн 79.2-д Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар баталгааны гэрээний үүрэг шаардаж байна гэж тайлбарласан боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараас шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Баталгааны гэрээ нь үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргадаг ба хариуцагч Д.Олонбаярын өмнөөс гуравдагч этгээд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа гаргаагүй болно.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч Д.Олонбаяр нь 45,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь түүний 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бичсэн Ажлын төлбөр дуусгавар болгох баталгаа гэх баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Д.Олонбаяраас 45,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Мөнхсайханд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Олонбаяраас 45,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Мөнхсайханд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР