| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0307/И |
| Дугаар | 312 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК-д /холбогдох 2019 оны 09 сараас 2020 оны 07 сарыг дуустал хугацааны цэвэр, бохир усны төлбөрийн үлдэгдэл 2,311,796.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь дулааны эрчим хүч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах аж, ахуйн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2019 оны 09 сараас хойш хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө бүрэн төлөөгүйн улмаас 2020 оны 07 сарын байдлаар 2,311,796.59 төгрөгийн өртэй байна. Төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа тул 2,311,796.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Т ХХК нь нь манай компанитай 2019 оны 10 сарын 01-ны өдөр дулааны эрчим хүч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах аж, ахуйн гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан. Аж, ахуйн нэгж, айлын өрхүүдийн усны тоолуурын заалтыг борлуулалтын байцаагч очиж аваад, нягтлан бодогчид тоолуурын заалтаа хүлээлгэн өгч, нягтлан нэхэмжлэхээ гаргадаг юм. Эдний байгууллагын нэхэмжлэхийг 5 сард Б гэж хүн, 6 сард Б-д өөрт нь өгсөн байдаг. Ингээд 2019 оны 09 сараас хойших үлдэгдэл дээр дараагийн саруудын тооцоо нэмэгдэж, төлөгдсөн дүнг хасч үзэхэд шүүхэд нэхэмжлэл өгөх үеийн байдлаар 2,311,796.59 төгрөг төлөгдөөгүй байсан. Хариуцагч талын төлөхгүй байгаа 5, 6 сард усны төлбөр өндөр гарсан, энэ талаар манай байгууллагатай очиж уулз гэж зөндөө хэлж сануулсан байдаг, тухайн үед нь очиж уулзаад хагас жилийн тайлан мэдээ гарахаас өмнө айл өрхөөр төлөх үү, багасгах уу гэдгээ шийдвэрлүүлсэн бол боломж байсан, одоо хагас жилээр энэ байгууллагаас авлагатай гээд яг төлөөгүй дүнгээр тусгагдсан, аудитын шалгалтууд орох учраас хөнгөлөх боломжгүй болчхоод байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хууль батлагдсан байдаг. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бол та шүүхэд гомдоллох эрхтэй гэж байгаа. Мөн 16 дугаар зүйлд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаа нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан авч болно гэж байгаа. 16.2 дугаар зүйлд хэрвээ дайчилсан бол тухайн хөрөнгийн урсгал, эсхүл үйл ажиллагааны зардлын хэмжээгээр нөхөх олговрыг олгоно гэсэн байгаа. Таны хувьд энэ хуулийн заалтын дагуу нөхөн олговор авсан л байгаа байх. Ийм учраас бид гэрээгээр хүлээсэн үүргийг шаардаж байгаа тул 2019 оны 09 сараас 2020 оны 07 сарыг дуустал хугацааны төлбөрийн үлдэгдэл 2,311,796.59 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компанийн хувьд цар тахлын үед авсан хөнгөлөлт бол аж, ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийг алдангиас чөлөөлөх арга хэмжээ авсан байдаг юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбартаа: Ковид-19 өвчний үед аж, ахуйн нэгжийг дайчлан, гаднаас ирж байгаа иргэдийг тусгаарласан. 5, 6 дугаар сарыг дамжин байна буудал хүмүүс байрласан, энэ үед бид дотогшоо нэвтрэх ямар ч боломжгүй байсан, тэнд тусгаарлагдсан хүмүүс хариуцлагагүй муухай сэтгэлээр хандаж усыг гоожуулсан байсан учраас усны үнэ өндөр гарсан 5, 6 сарыг буюу 2,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа юм. Надад тухайн үед Ч компаниас усны заалт их гарсан байна, ирж уулз гэж хэлүүлсэн, гэхдээ би очиж уулзаагүй, ер нь бол онцгой байдлыг үед учраас хөнгөлөлт байна байх гэж бодсон. Энэ их гарсан усыг айл өрхийн тооцоогоор бодож төлмөөр байна. Байгууллага 1 м3 ус 6,350 төгрөг, айл өрх 1,100 төгрөгөөр тооцогддог. Бид Замын-Үүд сумын онцгой комисстой гэрээ байгуулсан, 5 сая төгрөгийн нөхөн олговор авсан, усны мөнгө их хэмжээтэй гарсан байдлаа ч танилцуулсан. Иймд 5, 6 сарын өндөр гарсан төлбөрийг зөвшөөрөхгүй байна, айл өрхөөр бодож төлмөөр байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Т ХХК-д /холбогдох 2019 оны 09 сараас хойш 2020 оны 07 сарыг дуустал хугацааны цэвэр, бохир усны төлбөрийн үлдэгдэл 2,311,796.59 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2019 оны 10 сарын 01-ны өдөр дулааны эрчим хүч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах аж, ахуйн гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан болох нь зохигчдын төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбар, харилцагчийн гүйлгээ, усны картны хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч ХХК нь хот суурины дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий компани байх бөгөөд дээрх үйл ажиллагааныхаа хүрээнд 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан үйлчилгээ үзүүлсэн байгаатай зохигчид маргаагүй болно. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11-д “хэрэглэгч нь сар бүрийн 25-ны өдрийн дотор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу тухайн сарын сарын хэрэглээний төлбөрийг төлөх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах аж, ахуйн харилцааны дүрэмд заасны дагуу төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тооцож төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нь хариуцагчийг энэ үүргээ хэрэгжүүлэхийг буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Б нь ковид-19 өвчин гарсантай холбоотойгоор Замын-Үүд сумын онцгой комисстой гэрээ байгуулж, гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах үед гарсан буюу 2020 оны 05, 06 сарын усны төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлөхгүй, айл өрхийн тарифаар төлнө гэсэн агуулгаар маргаж байгаа боловч энэ нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоогүй байна.
Хэдийгээр дээрх цаг хугацаанд хариуцагч Т ХХК-ны эрхлэн явуулдаг А зочид буудалд өндөржүүлсэн бэлэн байдлаас шалтгаалан гаднаас ирсэн иргэдийг тусгаарласан талаар талууд маргадаггүй боловч хариуцагч нь усны хэрэглээний төлбөр их гарсан тухайн үед нэхэмжлэгч талтай уулзаж, тохиролцсон бол хөнгөлөлт эдлэх боломжтой байсан, одоо хагас жилийн тайланд авлага үүссэн тул боломжгүй гэсэн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болно.
2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж, ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан авч болно” 16.2-д “ иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө барилга байгууламжийг дайчилсан тохиолдолд тухайн хөрөнгийн урсгал, эсхүл үйл ажиллагааны зардлын хэмжээгээр нөхөх олговор олгоно” гэж зааснаас өөрөөр эд хөрөнгөө дайчлуулсан этгээдэд бусадтай байгуулсан гэрээний үүрэг болон түүнд учирсан хохирлыг хариуцах, хөнгөлөх зохицуулалт хуульчлагдаагүй байна.
Иймд хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байх тул 2019 оны 09 сараас хойш 2020 оны 07 сарыг дуустал хугацааны цэвэр, бохир усны төлбөрт 2,311,796.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 2019 оны 09 сараас хойш 2020 оны 07 сарыг дуустал хугацааны цэвэр, бохир усны төлбөрт 2,311,796.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,940 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Т ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц