Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 68

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

хэргийн индекс:171/2017/0090/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Хохирогч Д.Нацагдорж, Шүүгдэгч Н.Бямбацэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар Бэсүд Нанжидын Бямбацэрэнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000434 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Бэсүд Нанжидын Бямбацэрэн, 1967 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг 6-р хорооллын 14-р байрны 34 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, одоо ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны 17 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТД67062514 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Бямбацэрэн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадасын 9-64 тоотод оршин суух өөрийн төрсөн ах Н.Мягмарын гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, танхайрах явцдаа иргэн Н.Мягмарын эзэмшлийн LG загварын гар утас, Д.Нацагдоржийн эзэмшлийн Samsung загварын гар утсыг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Н.Бямбацэрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний төрсөн ах Мягмарынх Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадасын 9-64 тоотод амьдардаг. 2016 оны 7 дугаар сарын 28-ны шөнө ах Мягмарын гэрт 1 шил архи бариад очсон. Тэр үед Мягмар ах, бэр эгч Оюунгэрэл, бэр эгчийн төрсөн дүү Оюунчимэг, Мягмар ахын найз Нацагдорж нар унтаагүй сэрүүн байцгаасан. Харин Нацагдорж орон дээрээ хэвтэж байсан. Би өмнө нь мал үнэт эдлэл өгч байсан бөгөөд тэр үедээ би Мягмар ахад өгсөн эд зүйлийнхээ өртгийг буцааж авна шүү гэж хэлж байсан. Тухайн өдөр би Мягмар ахаас мөнгө авъя гэж очиход тэрээр надад -битгий солиор, чамд өгөх мөнгө байхгүй гээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би түүнийг намайг заамдаад авахаар нь цааш нь түлхсэн чинь тэрээр намайг чамайг цагдаад өгнө гээд тавиур дээрээ байсан утсаа авах гэхээр нь би утсыг нь түүнээс булааж аваад орлуу шидчихсэн. Тэр үед Мягмар ах намайг заамдаж авахад миний гар утас шалан дээр уначихсан байхаар нь би гар утсаа аваад Мягмар ахын гэрээс гараад явсан гэх мэдүүлэг, Хохирогч Д.Нацагдоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө байсан санагдаж байна. Би тухайн өдөр найз Мягмарын гэрт Улаанбаатар хотоос ирээд унтаж амарч байхад шөнийн 00 цагийн орчим гаднаас Мягмарын төрсөн дүү Бямбацэрэн согтуу орж ирээд гэрт унтаж амарч байсан хүмүүсийг сэрээгээд намайг унтаж байхад миний хөнжлийг татаад намайг архи уу архи уухгүй бол ам руу чинь архи цутгана эсвэл архи дээрээс чинь асгана гэсэн. Тэгээд Бямбацэрэн миний дээрээс архи асгаж байгаад Мягмар руу очоод Мягмарыг архи уу гэхэд Мягмар архи уухгүй гэхэд тэрээр Мягмарыг барьж авч зодсон тэр хооронд би хувцасаа өмсөж авсан. Тэгээд Мягмар намайг цагдаа дууд гэхэд Бямбацэрэн гэрээс гарсан болон цагдаа дуудсан хүмүүсийг ална гэсэн. Тэгээд Бямбацэрэн өөрийн төрсөн ах Мягмарыг зодож байхдаа миний шалан дээр байсан Samsung маркийн гар утсыг хөлөөрөө гишгээд шилийг нь хагалчихсан байсан. Би гар утасаа нэхэмжлэхгүй, өөр утастай болчихсон, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. Хохирогч Н.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө байсан санагдаж байна. Би тухайн өдөр Улаанбаатар хотоос ирсэн найз Нацагдорж, эхнэр Оюунгэрэл, эхнэрийн төрсөн эгч Оюунцэцэг нарын хамт гэртээ унтаж байхад 00 цагийн орчимд байсан санагдаж байна. Миний төрсөн дүү Бямбацэрэн манай хашааг давж орж ирээд байшингийн цонх нүдээд байхаар нь манай эхнэр түүнд байшингийн хаалга онгойлгож өгсөн. Тэгээд Бямбацэрэн манай гэрт 1 шил архи бариад -миний ах байна уу гээд намайг харангуутаа чи амьд байна уу үхээгүй байна уу гээд авчирсан архинаасаа уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд наадах хорыг чинь уухгүй, би амармаар байна гэсэн. Тэгсэн чинь Бямбацэрэн манай найз Нацагдоржийн унтаж байсан хөнжлийг сөхөөд түүнд энэ архийг уухгүй бол дээрээс чинь архи асгалаа гээд Нацагдорж босож ирээд зогссон. Тэгээд манай гэрт унтаж байсан дээрхи хүмүүс бүгд босоод ирсэн. Тэгээд би дүүдээ -чи намайг насаараа дээрэлхэж яваа, чиний энэ үйлдэл чинь олон удаа болж байгаа, би амгалан тайван үлдсэн насаа өнгөрөөмөөр байна гэж хэлсэн. Тэгсэн тэрээр надад тэгдэггүй юм новшоо гээд Бямба ямар байдгийг харуулна гээд намайг заамдаж аваад миний өмсөж байсан футболкийг ураад намайг цохиж зодоод байхаар нь манай гэрт байсан хүмүүс цагдаа дуудах гээд гэрт байсан утсаа авсан чинь -утсаа аваад цагдаа дуудсан буюу гэрээс гарсан бүгдийг чинь ална гээд намайг зодож цохисон. Тэгээд гараараа миний хамар луу цохиод миний хамарнаас гарсан цус тогтоогүй, тэгээд миний LG маркийн гар утсыг надаас булааж аваад -чи яасан их цагдаа дууддаг юм гэж хэлээд гэрийн тавиур дээр байсан миний гар утсыг аваад хана руу шидээд эвдчихсэн. Мөн намайг зодож байхдаа манай найз Нацагдоржийн гар утсыг хөлөөрөө гишгээд эвдчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10/, Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө байсан санагдаж байна тухайн өдөр Улаанбаатар хотоос манай нөхөр Мягмарын найз Нацагдорж, мөн Дарханд байдаг миний төрсөн эгч Оюунчимэг бид нар унтаж байхад гаднаас манай нөхөр Мягмарын төрсөн дүү Бямбацэрэн архи уучихсан согтсон байдалтай, гартаа 1 шил 0.75 литрийн архи бариад манай хашааг давж орж ирээд, миний ах хаана байна гээд манай нөхрийг унтаж байхад толгой дээр нь ирээд чи үхээгүй байгаа юм уу амьд байгаа юм уу хоёулаа архи ууя босоод ир гэсэн. Тэгсэн чинь манай нөхөр түүнд хандаж -би амарч байна, архиа аваад манай гэрээс гар, маргааш би ажилтай надад архи уух сонирхол алга гэсэн. Тэгээд Бямбацэрэн манай нөхрийн гараас татаад зүгээр байлгахгүй байхаар нь манай нөхөр түүнд уурлаад цагдаа дуудлаа гээд орны хажууд тавиур дээр байсан гар утсаа аваад цагдаа руу залгах гэтэл Бямбацэрэн манай нөхрийн гар утсыг нь булааж аваад хана руу шидээд утсыг нь хагалчихсан. Тэгээд манай нөхөр Бямбацэрэнгийн хана руу шидсэн утсыг аваад цагдаа руу залгах гэсэн чинь дахин Бямбацэрэн манай нөхрийн гар утсыг булааж аваад паар луу шидээд эвдчихсэн. Мөн Нацагдоржийг унтаж байхад хөнжлийг нь татаж сэрээгээд архи уу, архи уухгүй бол архиа дээрээс чинь асгалаа гээд Нацагдоржийн дээрээс нь архи асгахаар нь Нацагдорж босоод ирсэн. Тэр үед манай нөхөр гэрээсээ гарч цагдаа дуудах гэтэл манай нөхрийг барьж аваад Бямбацэрэн зодсон. Тэгээд Бяибацэрэн манай нөхрийг зодож байхдаа шалан дээр байсан Нацагдоржийн гар утсыг хөлөөрөө гишгээд эвдэлчихсэн. Тэгээд манай нөхөр арай хийж гэрээс гарч зугтаагаад Бямбацэрэн манай гэрээс явсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Гэрч Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байсан би тухайн өдөр төрсөн дүү Оюунгэрэлийн зээ хүүгийн хувцасыг хүргэж өгөөд хүргэн Мягмарын гэрт хоносон. Тухайн өдөр Мягмарын гэрт Мягмарын найз Нацагдорж гэж хүн Улаанбаатар хотоос ирсэн байсан тэгээд би дүүгийнхээ гэрт хонохоор болоод шөнө унтаж байхад гаднаас Мягмарын төрсөн дүү Бямбацэрэн согтуу орж ирээд гартаа 1 шил 0.75 литрийн архи барьж орж ирээд ахыгаа архи уу гээд байсан тэгээд Мягмар архи уухгүй гээд эсэргүүцээд цагдаа дуудлаа гэсэн чинь Бямбацэрэн Мягмарын гар утсыг булааж аваад хана руу болон паарлуу шидээд эвдэлчихсэн. Тэгээд Мягмарын найз Нацагдоржийг унтаж байхад Бямбацэрэн түүн дээр очоод унтаж байхад нь хөнжлийг нь татаж сэрээгээд архи уу гээд архи уухгүй бол дээрээс чинь архи асгалаа шүү гээд Нацагдоржийн дээрээс архи асгахаар Нацагдорж сэрээд хувцасаа өмссөн. Тэгээд Мягмар гэрээсээ гарч цагдаа дуудлаа шүү гэсэн чинь Бямбацэрэн Мягмарыг барьж аваад зодсон. Дараа нь Мягмар арай хийж гараад зугтаасан гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, “Капитал зууч” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 16, 19/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 829 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг болно. Шүүгдэгч Н.Бямбацэрэн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадасын 9-64 тоотод оршин суух өөрийн төрсөн ах Н.Мягмарын гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, танхайрах явцдаа иргэн Н.Мягмарын эзэмшлийн 100 000 төгрөгийн үнэ бүхий LG загварын гар утасны нүүрийг хагалсан, Д.Нацагдоржийн эзэмшлийн 80 000 төгрөгийн үнэ бүхий Samsung загварын гар утасны нүүрийг хагалж гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Н.Бямбацэрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчид хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бэсүд Нанжидын Бямбацэрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Н.Бямбацэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан шүүгдэгч Н.Бямбацэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялд бүгдийг багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Н.Бямбацэрэнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Бямбацэрэнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.Бямбацэрэн нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бямбацэрэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.БАТЖАРГАЛ