| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/01097/И |
| Дугаар | 102/ШШ2020/01766 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2020/01766
| 2020 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2020/01766 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс-2, өөрийн байранд байрлах, Харанга хийц ХХК /РД: 5527651/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Дөрвөн улирал хотхон, 53байр, 703 тоот хаягт байрлах, Нэмүүн капитал ХХК /РД: 5870232/-д холбогдох,
2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 49,351,080 төгрөг, алданги 24,675,540 төгрөг, үрэгдүүлсэн эд хөрөнгийн үнэ болох 1,741,000 төгрөг, засварын зардалд 2,934,000 төгрөг, тээврийн зардалд 240,000 төгрөг, нийт 78,941,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн төлөөлөгч Э.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хатанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Харанга хийц ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Нэмүүн капитал ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээний дагуу нэхэмжлэгч Харанга хийц ХХК-иас 1 ширхэг нь 45,000 төгрөгийн үнэ бүхий V6 төрлийн сапуд /тулгуур/ 425 ширхэгийг 30 хоног тутамд 3,825,000 төгрөгөөр, мөн 1 ширхэг нь 40,000 төгрөгийн үнэ бүхий V5 төрлийн сапуд 435 ширхэгийг 30 хоног тутамд 3,906,000 төгрөг, 1 ширхэг нь 60,000 төгрөгийн үнэ бүхий 5012 төрлийн 180 ширхэг пумыг 30 хоног тутамд 1,350,000 төгрөгөөр, 1 ширхэг нь 50,000 төгрөгийн үнэ бүхий 2012 төрлийн пум 10 ширхэгийг 30 тутамд 75,000 төгрөгөөр, 1 ширхэг нь 30,000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр гадна багана 120 ширхэгийг 30 хоног тутамд 594,000 төгрөгөөр тус тус түрээсэлсэн болно. Хариуцагч Нэмүүн капитал ХХК нь эдгээр барилга угсралтын хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл эзэмшиж ашигласан бөгөөд түрээсийн төлбөрт 67,365,305 төгрөгийг төлөх ёстой байсан боловч хариуцагч нь 23,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 44,365,305 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх түрээсийн гэрээг дүгнэж, хариуцагч гэрээг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин пум, сапуд, дотор булан зэргийг 6,585,775 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон, төлбөрт нь хариуцагч 1,600,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 4,985,775 төгрөгийг төлөөгүй байна.
Нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн барилга угсралтын хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хүлээлгэн өгөх тээврийн зардлыг хариуцагч хариуцах ёстой. Гэвч хариуцагч нь пумны панерыг их хэмжээгээр цөмөлснийг засварлахад 2,974,000 төгрөг, тээврийн зардал 160,000 төгрөг, V5 загварын 1 ширхэг нь 40,000 төгрөгийн үнэтэй 33 ширхэг буюу нийт 1,320,000 төгрөгийн сапудыг, мөн 1 ширхэг нь 35,000 төгрөгийн үнэтэй 11 ширхэг буюу нийт 385,000 төгрөгийн сапудыг, 1 ширхэг нь 36,000 төгрөгийн үнэтэй 100х200 хэмжээтэй 1 ширхэг дотор булан зэргийг үрэгдүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс засварын зардалд 40,000 төгрөгийг зарцуулсан. Иймд хариуцагч Нэмүүн капитал ХХК-иас барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүрэгт 49,351,080 төгрөг, алдангид 24,675,540 төгрөг, үрэгдүүлсэн эд хөрөнгийн үнэ 1,741,000 төгрөг, засварын зардалд 2,934,000 төгрөг, тээврийн зардал 240,000 төгрөг, нийт 78,941,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Нэмүүн капитал ХХК-ийн төлөөлөгч Э.Пүрэвсүрэн, өмгөөлөгч Д.Хатанбат нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээг дүгнэж, акт үйлдсэн. н.Бат-Ирээдүй нь 38,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрт төлөх ёстой. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн пум түрээслэж авсан. Харин сапудыг түрээслэж аваагүй. Нэхэмжлэгч Харанга хийц ХХК болон Нэмүүн капитал ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулсан. Д.Бат-Ирээдүй нь Нэмүүн капитал ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Тухайн үед энэ талаар талууд мэдэж байсан. Гэтэл Харанга хийц ХХК нь андуурч ойлгож гэрээ байгуулж өөр хүнд өгсөн материалынхаа түрээсийн төлбөрийг Нэмүүн капитал ХХК-иас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Бараа бүтээгдэхүүнийг хүлээлцэж авсан талаар баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаадлага хангагдах боломжгүй юм. Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг дүгнэсэн акт байгаа. Уг актаар тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрөө 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар гэрээг хаасан. Уг актыг Д.Бат-Ирээдүйтэй хийсэн байдаг ба нэхэмжлэгч хоёулантай акт хийгээд яваад байсан байдаг. Шүүхэд Нэмүүн капитал ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа хэдий ч Д.Бат-Ирээдүй болон Нэмүүн капитал ХХК-тай хоёулантай нь давхар хийж байсан. Мөн тооцоо нийлсэн актад алдангийн асуудлыг тохироогүй байдаг. Тиймээс алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Харанга хийц ХХК нь хариуцагч Нэмүүн капитал ХХК-д холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,351,080 төгрөг, алданги 24,675,540 төгрөг, үрэгдүүлсэн эд хөрөнгийн үнэ болох 1,741,000 төгрөг, засварын зардалд 2,934,000 төгрөг, тээврийн зардалд 240,000 төгрөг, нийт 78,941,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Нэмүүн капитал ХХК нь шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Э.Пүрэвсүрэн татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэлд дурдсан бүх барилгын хэрэгслийг бүгдийг аваагүй, Д.Бат-Ирээдүй нь сүүлд хувиараа зарим нэг хэрэгслийг авсан байсан ба үүний төлбөрийг манайх хариуцахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 14,209,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө гэж тус тус тайлбарлан маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Харанга хийц ХХК, хариуцагч Нэмүүн капитал ХХК нар нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г байгуулан V6 төрлийн сапуд /тулгуур/ 425 ширхэгийг 30 хоног тутамд 3,825,000 төгрөгөөр, V5 төрлийн сапуд 435 ширхэгийг 30 хоног тутамд 3,906,000 төгрөгөөр, 5012 төрлийн 180 ширхэг пумыг 30 хоног тутамд 1,350,000 төгрөгөөр, 2012 төрлийн пум 10 ширхэгийг 30 тутамд 75,000 төгрөгөөр, 1.2 метр гадна багана 120 ширхэгийг 30 хоног тутамд 594,000 төгрөгөөр, дотор булан зэргийг түрээслүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгт 23,000,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй, харин хариуцагч зарим материалыг манай компани бүгдийг аваагүй, заримыг Д.Бат-Ирээдүй авч хувиараа ашигласан гэж маргасан боловч нэхэмжлэлд дурдсан V6 төрлийн сапуд /тулгуур/ 425 ширхэг, V5 төрлийн сапуд 435 ширхэг, 5012 төрлийн 180 ширхэг пум, 2012 төрлийн пум 10 ширхэг, 1.2 метр гадна багана 120 ширхэг, дотор булан зэргийг хүлээж авсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн түрээсийн гэрээ, түүний хавсралт №1, 2, 3, мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, түүний хавсралт, тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбараас үзвэл талууд V6 төрлийн сапуд /тулгуур/ 425 ширхэгийг 30 хоног тутамд 3,825,000 төгрөгөөр, V5 төрлийн сапуд 435 ширхэгийг 30 хоног тутамд 3,906,000 төгрөгөөр, 5012 төрлийн 180 ширхэг пумыг 30 хоног тутамд 1,350,000 төгрөгөөр, 2012 төрлийн пум 10 ширхэгийг 30 тутамд 75,000 төгрөгөөр, 1.2 метр гадна багана 120 ширхэгийг 30 хоног тутамд 594,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон ба 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөр 47,223,305 төгрөгийг төлөх үүрэгтэйг харилцан тооцоо нийлж акт үйлдсэн тул түрээсийн төлбөрт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 49,351,080 төгрөгийн шаардлагаас 2,127,775 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, мөн түрээсийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан, хариуцагч түрээсийн зүйлийг 2020 оны 2 дугаар сард нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн байна.
Түрээсийн гэрээ, тооцоо нийлсэн актад алдангийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс төлөгдөөгүй дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон, нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэл гаргасан, энэ хугацааны буюу 100 хоногийн алдангид /47,223,305 : 0.5 хувь = 236,116.5 төгрөг, х 100 хоног = 23,611,652.5 төгрөг/ 23,611,652.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагаас буюу алдангид 24,675,540 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас 1,063,887.5 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч засварын үнэ 2,934,000 төгрөг, үрэгдүүлсэн материалын үнэ 1,741,000 төгрөг, тээврийн зардал 240,000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагынхаа энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын засварын үнэ, үрэгдүүлсэн материалын үнэ, тээврийн зардалд нийт 4,915,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Нэмүүн капитал ХХК нь зарим материалыг Д.Бат-Ирээдүй хувиараа авч ашигласан гэх боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй болно.
Иймд хариуцагч Нэмүүн капитал ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөрт 47,223,305 төгрөг, алдангид 23,611,652.5 төгрөг, нийт 70,834,957.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,106,662.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Нэмүүн капитал ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөрт 47,223,305 төгрөг, алдангид 23,611,652.5 төгрөг, нийт 70,834,957.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,106,662.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 553,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР