| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/02250/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2020/02048 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2020/02048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо 24 дүгээр байр 46 тоотод оршин суух, 1985 онд төрсөн 35 настай, Дайчин овогт Г.Н
Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 36 дугаар байр 26 тоотод оршин суух, 1985 онд төрсөн 35 настай, Монгол овогт Э.С
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргаж шүүх 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэргийг хэлэлцээд гэрлэлтийг цуцалсан. Бидний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү С.У төрсөн. Одоо 10 настай. Э.С нь мөнгө төгрөг өгч хүүхдээ харж хандана гэсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй. Иймд хүү С.У-д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Э.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 онд бид гэрлэлтээ цуцлуулсан. 2019 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл хүүхэд над дээр байсан. 09 дүгээр сараас хойш ээжтэйгээ хамт байгаа. Би мөнгө өгдөг байсан. Хүүхдийн нэр дээр хадгаламжид мөнгийг цаашдаа хийгээд явмаар байна. Эсвэл хүүгээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Э.С-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Г.Н, Э.С нар хамтран амьдарч 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү С.У-ийг төрүүлсэн болох нь тэдний гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
Зохигчид 2016 онд гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдарч байгаа, хүүхэд өнөөдрийг хүртэл эхийн асрамжид байгаа бөгөөд нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасанг хариуцагч зөвшөөрөөгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
Иймд 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү С.У нь Э.С-ын хүүхэд болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон тул Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Э.С-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Э.С нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү С.У 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.С-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.С-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА