Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

 2020            05             14                                         2020/ДШМ/612                        

                                       

 Т.С-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж зах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор М.Сансарсайхан,

            шүүгдэгч Т.С-гийн өмгөөлөгч Б.Баттулга,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулах тухай прокурор М.Сансарсайханы бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр Т.С-д холбогдох эрүүгийн 1808014410585, 1808047681565 дугаартай хэргүүдийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Т-ийн С, Хэнтий аймагт 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 0-0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

Т.С- нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 39 дүгээр задгай тоотод Б.Энхмандахын банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,582,989 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.С-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг хоёр сарын хугацаанд арилгах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сансарсайхан бичсэн дүгнэлтдээ: “... Т.С- нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 39-ийн задгай тоотод Б.Энхмандахын банкны картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,582,989 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагч Т.С-г Г.Баяржаргал, Б.Хаш-Эрдэнэ нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баяржаргалын гар утас, түрийвч, 50,000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан, уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байх тул 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1191 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.С-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 3 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн билээ.

Уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 117 дугаар магадлалаар шүүгдэгч Т.С-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж, дээрэмдэх гэмт хэрэгтэй нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэхээс өөр хууль зүйн гарцгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

Шүүгдэгч Т.С-гийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын дүгнэлттэй байр суурь ижил байна. Өөр тайлбаргүй ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 1808014410585 дугаартай хэргээс үзэхэд, Т.С- нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагджээ.

Т.С-гийн 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авахаар довтолж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх 937 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа илэрч мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл нь шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдлууд байна.

Шүүгдэгч Т.С- нь шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй, гагцхүү уг шийдвэр гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь илэрч гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болж, хоёр өөр шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагуудыг хуулийн ямар зохицуулалтаар нэгтгэх нь ойлгомжгүй болжээ.

Нөгөө талаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр хоёр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан тэнсэхийг хориглосон зохицуулалттай зөрчилдөж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас ... хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзнэ. 

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.С-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.С-д холбогдох эрүүгийн 1808014410585, 1808047681565 дугаар хэргүүдийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 1808027270737 дугаартай хэргээс үзэхэд Ж.Түвшинжаргал нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Олон үндэстний зоог” нэртэй хоолны газарт хамт ажилладаг Б.Долгорыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч “Samsung S-6” загварын гар утсыг нь залилан авсан гэмт хэрэг үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Тэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Энхболдын гар утсыг, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Д.Бат-Оршихын гар утсыг өмнөх аргаараа залилан авсан үйлдлүүд нь 704 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш мэдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл нь шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан.

Гэтэл Ж.Түвшинжаргалд холбогдох хэргүүдэд тус тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсны улмаас тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үндэслэл үүсээгүй байхад уг шийдвэрийг хөндөж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх нөхцөл байдлыг үүсгэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас ... хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзнэ.  

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Түвшинжаргалд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 1808027270737, 1811016830035 дугаартай хэргүүдийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

 

            ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН