| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2026/0250/З |
| Дугаар | 221/МА2026/0437 |
| Огноо | 2026-06-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2026/0437
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч
Нэхэмжлэгч: Б.Г
Хариуцагч: Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0355 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0250/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г нь Дотоод Хэргийн Их Сургуулийн захиралд холбогдуулан “Монгол Улсын Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/527 дугаартай тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0355 дугаар шийдвэрээр: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.3, 13.361, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.3.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, 15.1.3-д тус тус заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, маргаан бүхий захирлын тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Иргэнээс Дотоод Хэргийн Их Сургуулийн захиралд хандаж “... миний охин Т.Гад хууль бус шаардлага тавьж, суралцах сургуулийн орчинд бэлгийн шинжтэй дарамт үзүүлсэн” гэх агуулгатай гомдол гаргасан. Дээрх гомдлын дагуу тус сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас хяналт, шалгалт явуулж, Дотоод хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/527 дугаар тушаалаар Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Б.Гэд “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулсан. Төрийн албанаас халах шийтгэл ногдуулахдаа Б.Гийн гаргасан хууль бус үйлдэл нь сонсогч, албан хаагчдын болон өөрийнх нь өгсөн тайлбар, нотлох баримтаар тогтоогдож сонсогч, албан хаагчдад бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, тэдэнд бие махбод, сэтгэл санааны хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл гаргасан нь бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, багш, албан хаагч, ажилтан, суралцагч, сонсогчдыг ажиллах, сурч боловсрох хүсэл эрмэлзэлгүй болгох, айж эмээх, бие, сэтгэл санааны дарамтад оруулах, байгууллагын соёл, эрхэмлэвэл зохих үнэт зүйл, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүй, дүг журмын хэм хэмжээ алдагдах, албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл бүрдсэн тул Төрийн албаны тухай хуульд заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан. Сонсогч Т.Гыг гэр бүлдээ хандтал нь, багш Б.Ц-г удирдах албан тушаалтандаа мэдэгдэх хэмжээнд хүртэл айдас, стресс, түгшүүрт автуулсан байгаа нь сэтгэл санааны дарамтад оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгчээс Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/527 дугаартай тушаалыг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу түүний ажилгүй байсан 4 сар, 3 хоногийн цалин хөлс 18,531,567.66 төгрөгийг нөхөн олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Гээс “Монгол Улсын Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/527 дугаартай тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дотоод Хэргийн Их Сургуулийн захиралд холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Д.Ч-с Дотоод Хэргийн Их Сургуулийн захиралд хандаж “... миний охин Т.Гад хууль бус шаардлага тавьж, суралцах сургуулийн орчинд бэлгийн шинжтэй дарамт үзүүлсэн” гэх агуулгатай гомдол гаргасан байна.
3.2. Дээрх гомдлын дагуу тус сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас хяналт, шалгалт явуулж, Дотоод хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/527 дугаар тушаалаар Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Б.Гэд “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулснаар энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэж тус тус заасан.
4.2. Анхан шатны шүүх “... Шалгагчаас Б.Гэд холбогдуулан гомдол гаргаагүй багш, ажилтнаас дуудаж тайлбар авсан үндэслэлээ “Хилийн албаны сургуулийн эмэгтэй багш, алба хаагчдаас авсан судалгаагаар 5 хүнээс багш Б.Гийн нэрийг нэрлэсэн” гэж тайлбарласнаар ... энэхүү судалгаанд үндэслэсэн шийтгэл оногдуулах ажиллагааг хууль ёсны гэж үзэхгүй. Шалгагч нь нэхэмжлэгчийн гаргасан гээд байгаа “бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ёс бусаар харьцсан” гэдэг нь ямар үйлдэл, “эрхшээлдээ байлгах” гэдэг нь аль үйлдэлд хамаарч, “ёс зүйн зөрчил”, “сахилгын зөрчил” гэдгийн ялгааг шүүхэд тайлбарлаж чадахгүй байгаа учраас түүний дүгнэлт үндэслэл бүхий гэдэг нь нотлогдоогүй. ...мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр дахин шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн, дүгнэлт өгөх боломжгүй үйл баримт байна” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
4.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн алба хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ”, 13 дугаар зүйлийн 13.3-д “Ёс зүйн дэд хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй” гээд 13.3.1-д “энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн бол тухайн хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.
4.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, 8 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн эсэхтэй холбоотой гомдлыг харьяалан шийдвэрлэж, ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох үйлдэлтэй холбоотой гомдлыг удирдлага буюу захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоогчоос тусад нь хуульчилжээ.
4.5. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/527 тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 39.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, тус сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Б.Гэд сахилгын шийтгэл оногдуулсан нь Ёс зүйн дэд хорооны шийдвэрлэх асуудалд хамаарахгүй.
4.6. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/42 дугаартай “... сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан нь Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй тул гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандана уу” гэсэн хариуг нэхэмжлэгч Б.Гэд өгсөн байгааг дурдах нь зүйтэй.
5. Хариуцагч Дотоод Хэргийн Их Сургуулиас Б.Гийг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус сургуулийн зарим албан хаагч, багш, сонсогчтой албан бус хувийн харилцаа тогтоох, бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ёс бусаар харьцаж, сэтгэл санааны дарамтад оруулах, эрхшээлдээ байлгах үйлдэл гаргасан гэж буруутгаж сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.3-д заасантай нийцсэн байна.
5.1. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн тус сургуулийн захиргаанд гомдол гаргагч Т.Гын тайлбар, мэдүүлэг, албан шалгалтын явцад тайлбар өгсөн багш Б.Ц, Б.Б нарын тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан баримт зэргээс үзвэл, маргаан бүхий Б/527 тушаалд дурдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч Б.Г үйлдээгүй гэж үзэхээргүй байна.
5.2. Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд орших бөгөөд төрийн албан хаагч нь “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” тангараг өргөдөг.
5.3. Тангараг өргөсөн этгээд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл оногдуулах эрхийг ажил олгогчид хуулиар олгосон.
5.4. Гэтэл цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хилийн цэргийн алба зэрэг Монгол Улсын ирээдүйн хууль сахиулагчдыг сургаж, бэлтгэдэг Дотоод Хэргийн Их Сургуулийн багш, төрийн тусгай албан хаагчийн хувьд ийнхүү хориглосон хэм хэмжээг зөрчсөн болох нь сургуулийн сонсогч, бусад эмэгтэй багш нараас гаргасан тайлбарууд болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа, энэ тохиолдолд түүнд оногдуулсан сахилгын шийтгэл нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.
5.5. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас “... албан шалгалтыг эрхгүй этгээд явуулсан, ганцхан хүн шалгалт явуулсан, Ёс зүйн дэд хороо шийдвэрлэх ёстой, дүгнэлтгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан” гэж тайлбарлан маргадаг болохоос нэхэмжлэгч Б.Г маргаан бүхий тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргаагүй гэж маргаагүй бөгөөд гэрч, гомдол гаргагч нарын тайлбар, мэдүүлгүүд нотлох баримтаар авагдсан нь нэхэмжлэгч Б.Гийг бодит байдалд дээрх үйлдлүүдийг хийснийг үгүйсгэхээргүй байна.
5.6. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... сонсогч Т.Гыг гэр бүлдээ хандтал нь, багш Б.Ц-г удирдах албан тушаалтандаа мэдэгдэх хэмжээнд хүртэл айдас, стресс, түгшүүрт автуулсан байгаа нь сэтгэл санааны дарамтад оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн тайлбар үндэслэлтэй.
5.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Гийн Дотоод Хэргийн Их Сургуулийн захиралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гээс Дотоод Хэргийн Их Сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/527 дугаартай тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан
өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ