Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2016/ШЦТ/173

 


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0186/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч Г.Б***,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ту***,  
Шүүгдэгч Э.С***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С***д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.С***, **** төрсөн, *** настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *****ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар хэсгийн *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

Шүүгдэгч Э.С***нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 
     
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Э.С***нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар хэсэг ** дүгээр гудамжинд ** ДАР улсын дугаартай Toyota Corolla Fielder маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож иргэн Г.Б***гийн жолоодон явсан **ДАХ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 "Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө", мөн дүрмийн 2.5-ийн Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүргийг хүлээнэ: "а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх", "б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй" гэсэн заалт, мөн дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: "1/.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, ослын улмаас иргэн Г.Б***гийн бие махбодид хөнгөн гэмтэл учирч 257 150 төгрөгийн, түүний жолоодож явсан Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд 2 110 000 төгрөгийн эвдрэл, иргэн Ц.Б*** тээврийн хэрэгсэлд 517 000 төгрөгийн эвдрэл учруулсан болох нь 

               Шүүгдэгч Э.С***гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр найзуудтайгаа гол явсан тэгээд ажилдаа явах гэж байхад гээд би уурлаад уурандаа 0.5 литрийн Модун нэртэй архи ганцаараа уусан гэхдээ тэр архи 18 градустай байсан тэгээд би эхнэрээ очиж авах санаатай эхнэрийн талын хамаатан Б*** ахын машиныг авах гээд Б*** ахын гэрт очиход Б*** ах гэртээ орон дээрээ унтаж байсан бөгөөд би эхнэрээ голоос авах гэсэн талаараа хэлээд машиных нь түлхүүрийг авсан. Тэгээд Б*** ахын хашаанаас машиныг нь аваад доошоо замаар уруудаад явж байсан чинь ертөнцийн зүгээр баруун талаас нэг Приус маркийн машин гудамжнаас гараад ирсэн бөгөөд би тэр машиныг очоод мөргөчихсөн юм. Хүний машин барьж яваад осол гаргачихсан болохоор айгаад машинаасаа буулгүй яваад өгчихсөн. Тэгээд тэр чигээрээ машинаа бариад гэрийнхээ гараашид оруулчихсан тэгээд буцаж очих гэснээ би хөдөө ажилладаг болохоор тэр өдөр Олон улсын худалдааны төвөөс сууж ажилдаа явах байсан машиныхаа жолоочид очиж би явж чадахгүй болчихлоо гэж хэлчихээд буцаад осол болсон газар ойролцоогоор 30-40 минутын дараа очсон. Намайг очиход цагдаа нар ирээд явчихсан гээд нөгөө Приус машин байж байсан. Би жолооч болох Б*** уулзаад машиныг чинь танд янзлуулж өгнө өө гэж хэлсэн. Тэгээд Б*** ахын машиныг журмын хашаанд хийгээд замын цагдаа руу явсан. Би хохирогч Б***ын машиныг засуулж өгсөн, хохирогч Г.Б***д машины эвдрэлийн мөнгө болон эмчилгээний зардалд 2 417 000 төгрөг өгч хохирогч нарт учруулсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,       
                                                                                                                                                                
Хохирогч Г.Б***гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байгаад орой 19:30 цагийн үед Дархан-50 төв рүү орох гээд машинтайгаа хүүхдүүдээ суулгаад гэрээсээ хөдөлсөн. Мөнгөө гэртээ мартчихаад буцаад гэрлүүгээ явж байсан чинь ертөнцийн зүгээр баруун талын гудамжнаас хойноос урагшаа уруудсан замруу орох гээд хашааны булангийн үзүүр дээр зогсоод хойшоо хараад байж байтал хойноос нэг саарал өнгийн машин ирээд миний машиныг мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад тэр машин барьж байсан залууг “чи замаа харж яваачээ аваар гаргачихлаа гэж хэлсэн” тэгсэн тэр залуу намайг “замаа харж яв” гэснээ машинаа бариад яваад өгсөн. Угаасаа машинаасаа буугаагүй байсан. Тэгээд би  Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагаас хүмүүс ирээд үзлэг хийгээд дуусаад явсаны дараа осол гаргасан залуу алхаж ирээд ”осол гаргасандаа айгаад архи уучихлаа" гээд согтуу байсан тэгээд надтай ярих ч завгүй утсаар яриад байсан тэгсэнээ уруудаад явахаар нь цагдаа руу ярьж хэлсэн. Би эмнэлэгт нэг удаа хэвтэж эмчилгээ хийлгэсэн гэхдээ намайг Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Осолд орсноос болоод миний нуруу өвддөг болсон. С*** нарийн оношилгоонд оруулаад өгөөчээ гэхэд одоог хүртэл үзүүлээгүй байгаа. Би шинжилгээ өгөх шаардлагатай байгаа. Өнөөдрийн шүүх хуралдааны өмнө шүүгдэгчээс 2 242 000 төгрөг, цагдаагийн байгууллагад байхдаа 175 000 төгрөг авсан гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Б***ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ хоолоо идчихээд хэвтэж байсан. Гаднаас Э.С*** орж ирээд агаа машиныхаа түлхүүрийг өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь эхнэр лүүгээ явчихаад ирье гэж хэлсэн тухайн үед би Э.С***г архи уусан гэж бодоогүй машины түлхүүр машин дотроо байгаа гэж хэлсэн. Э.С*** утсаар залгаад машин шүргэчихлээ гэхээр нь би гэрээсээ гараад доошоо зам дагаад уруудаж байсан чинь нэг Приус машин мөргүүлсэн байдалтай зогсож байхаар нь хажуу талд нь зогсож байсан эмэгтэйгээс таны машиныг ямар машинтай хүн мөргөчихвөө гэсэн чинь ** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машин ирээд мөргөчихлөө гэж хэлэхээр нь би уруудаад явган алхаад Э.С***гийн гэр лүү очсон.Тэгээд чи машин яачихваа яагаад ийм болгочихвоо гэхэд зүгээрээ зүгээр 2-3 хоногийн дараа янзлуулаад өгнө, засвар дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд би осол болсон газар луу очиход замын цагдаа нар ирчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,  

Гэрч Б.Д*** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би Э.С*** ахын гэрт байсан эхнэр Болороо нь гол руу найзуудтайгаа явсан байсан. Тэгээд эхнэр нь ирээгүй болохоор жоохон бухимдалтай байсан. Тэгээд дэлгүүрээс 0.5 литрийн Моду нэртэй архи аваад талаас доогуур болтол нь уусан. Тэгээд намайг эхнэр рүүгээ хамт гол явъя гэхээр нь би хамт явахаар болоод гэрээс нь гараад хойшоо нэг айл руу явсан хэнийх гэдгийг нь сайн мэдэхгүй байна тэгээд ороод нэг их удаагүй гарч ирээд хашаан дотор байсан машинд суучих гээд би урд нь суусан байсан. Тэгээд хашаанаас гараад хөдлөөд доошоо уруудаад замаар явж байсан чинь ертөнцийн зүгээр баруун талаас нэг приус машин гудамжнаас гараад ирсэн чинь тэр машиныг Э.С*** ах жолоодож явсан машинаараа мөргөчихсөн гэх мэдүүлэг  /хх-ийн 22-р хуудас/, 

Насанд хүрээгүй гэрч М.Х*** мөрдөн байцаалтад өгсөн: ...гудамж руугаа орохын өмнө зам руу орох гээд ээж машинаа хашааны буланд зогсоогоод дээрээс зам уруудаад машин ирэхийг харж байсан чинь нэг машин хурдан гарч ирээд бид нарын сууж явсан машиныг мөргөчихсөн. ...машиныг мөргөсөн жолооч нь замаа харж яваачээ гэж орилсоноо яваад өгсөн машинаасаа бууж ирээгүй. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай ослын дүгнэлт: 
1.Э*** Э.С*** нь ** ДАХ улсын дугаартай Т.Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 "Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө", мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүргийг хүлээнэ: "а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх", "б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", "в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй" гэсэн заалт, мөн дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: "1/.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.
2.Г.Б*** нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй.
3.Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь жолооч Э.С***нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс шалтгаалсан.
4.Э.С***нь ВС ангиллын **** дугаартай жолооны үнэмлэхтэй.
5.Г.Б*** нь В ангиллын **** дугаартай жолооны үнэмлэхтэй. 
6. Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй гэжээ /хх-ийн 25-р хуудас/, 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6-р сарын 27-ний өдрийн 732 тоот дүгнэлт: 1.Г.Б***гийн биед тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ /хх-ийн 68-р хуудас/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3, 14-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5-р хуудас/, 2016.7.27-ний 031 тоот тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт /хх-н 29-34, 37-42-р хуудас/, эд зүйлд үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 46, 57-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Э.С***нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 104-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ц.Б***ын машинд 517 000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Б***гийн машинд 2 110 000 төгрөгийн хохирол, гэмт хэргийн улмаас Г.Б***гийн бие махбодид "тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал" бүхий гэмтэл учирсны улмаас 257 150 төгрөгийн эмчилгээ хийлгэснээс хохирогч Ц.Б***ын шүүхэд ирүүлсэн "миний машины 517 000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж машинаа бүрэн болгож авсан тул гомдол саналгүй" гэх тайлбар, хохирогч Г.Б***гийн шүүх хуралдаанд өгсөн "гарсан зам тээврийн ослын улмаас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн эвдрэл болон эмчилгээний зардалд нийт 2 417 000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй" гэх тайлбараар шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Э.С***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд хорих ял оногдуулж дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч Г.Б*** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Э.С***г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С***г 1 /нэг/ жил 6 /зургаа/  сар хорих ялаар шийтгэсүгэй.
                                                                                                                     
            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С***д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С***д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б*** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ