| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/00875/И |
| Дугаар | 102/ШШ2020/01611 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2020/01611
| 2020 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2020/01611 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 6а-87 тоотод бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоотын 1 дүгээр баг, 45-16 тоотод оршин суух, Наран овогт В-н Г /РД: ЙЮ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энгелсийн гудамж, 29/10 дугаар байрны 403 тоотод оршин байх, Л и ХХК /РД: /-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, Х.И, хариуцагчийн төлөөлөгч Т.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, Х.И нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч В.Г нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Л и ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 100 хувь бартераар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л т хотхоны А блокын 53 тоот 62.7 м/к талбай бүхий орон сууцыг худалдах авах, төлбөрт нь тухайн үед манай нөхрийн Э ХХК-ийн нэр дээрх Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах 2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Л и ХХК-д шилжүүлж өгсөн. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж орон сууцны гэрчилгээг одоо хүртэл гаргаж өгөөгүй байна. Манай нөхөр Э ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Б нь 2016 оны 5 дугаар сард өвчний улмаас нас барж, В.Г нь 7-11 насны 2 хүүхэдтэй, банкны их хэмжээний зээлтэй үлдсэн. В.Г нь үүнээс хойш Э.Л-тэй удаа дараа утсаар ярьж орон сууцны гэрчилгээ хэзээ гарах талаар асууж лавлахад удахгүй орон сууц ашиглалтад орно, таны бичиг баримт ямар ч асуудалгүй гарна гэх хариуг өгч байсан. Дарханы орон сууцыг 2016 оны 11 дүгээр сард улсын комисс ажиллуулж, хүлээлгэн өгсөн байсан ч манай гэрчилгээг гаргаж өгөөгүй. 2017 оны 6 дугаар сард В.Г нь өөрөөсөө мөнгө гарган паркетан шалыг хийлгэсэн. Бид орон сууцны төлбөр болох дээр дурдсан газрыг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын захирамжийн дагуу хариуцагчид шилжүүлсэн. Иймд В.Г-г Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л т хотхоны 144 айлын орон сууцны А блокын 2 дугаар орц, 5 давхарын 53 тоот, 62.7 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Тухайн орон сууцыг одоо нэхэмжлэгч эзэмшиж байгаа гэв.
Хариуцагч Л и ХХК-ийн төлөөлөгч Т.Ч-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны А блокын 53 тоот 2 өрөө орон сууцны Хан-Уу дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/01069 дүгээр шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19495 тоот эрх шилжүүлэх тухай албан тоотоор эрхийг М у ХХК-д шилжсэн. Тухайн орон сууцыг одоо нэхэмжлэгч эзэмшиж байгаа нь үнэн гэв.
Гуравдагч этгээд М-У ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М-У ХХК нь хариуцагч Л и ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр нийлүүлэгч буюу М-У ХХК нь 5 нэр төрлийн 41,464,476 төгрөгийн үнэ бүхий ханын цаас, цавууг нийлүүлэх, хариуцагч нь 3 хоногийн дотор төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. М-У ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж барааг нийлүүлсэн боловч Л и ХХК нь төлбөрөө төлөөгүй тул манай компани шүүхэд хандсанаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/01069 дугаар шийдвэрээр Л и ХХК-иас 67,779,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М-У ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Ажиллагааны явцад төлбөр төлөгч нь төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхгүй байсан бөгөөд маргаан бүхий орон сууцыг буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л т-144 айлын орон сууцны А блокийн 53 тоот 62.7 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м/к-ыг нь 1,001,750 төгрөгөөр тооцон төлбөртөө тооцуулахаар хүсэлт гаргасныг манай компани хүлээн авч, харилцан тохиролцоо хийж шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Манай компани орон сууцыг өр төлбөрт тооцон авах үед тус орон сууцны өмчлөх эрх хуулийн дагуу Л и ХХК-д байсан. Л и ХХК-ийн удирдлагуудын бусадтай хийсэн хэлцлийг манай компани мэдэхгүй. Тухайн орон сууцны өмчлөх эрх хуулийн дагуу манай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/01069 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19495 дугаар мэдэгдэлээр төлбөр авагч М-У ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Гэхдээ манай компани нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу М-У ХХК-д шилжүүлж өгнө үү гэх өргөдөл, түүнд хавсаргасан 24 хуудас материалыг Дархан-Уул аймгийн Бүртгэлийн хэлтэст гаргасан боловч тэдний ажилтны буруутайг үйл ажиллагааны улмаас бүртгэл одоог хүртэл шилжээгүй, 24 хуудас өргөдөл, материалыг маань үрэгдүүлсэн, энэ үйлдлээсээ болоод хариуцсан улсын бүртгэгч нь ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч Л и ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасны хариуцагч ... маргаан бүхий орон сууцыг буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л т хотхоны А блокийн 53 тоот 62.7 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу М-У ХХК-д шилжүүлсэн гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч В.Г, хариуцагч Л и ХХК нар нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л т хотхоны А блокны 53 тоот, 62.7 м/к талбай бүхий 2 өрөө, 84,645,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг барьж 2016 оны 10 дугаар сард захиалагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Гэрээний 2.5-д Гүйцэтгэгч нь барилга барихад шаардлагатай барилгын зураг төсөл, дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо хангамжийн техникийн нөхцлүүд зэрэг албан ёсны бүх бичиг баримтыг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар батлуулж бүрдүүлэн Барилгын норм ба дүрэм, стандарт, техникийн нөхцлийн дагуу чанартай барьж гүйцэтгэн 2016 оны 10 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгоно гэж заасны дагуу хариуцагч Л и ХХК нь орон сууцны барилгыг барьж дуусган 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 16/2016-II дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар орон сууцыг улсын комисс ашиглалтад авахаар тогтжээ. Гэрээний 2.1-д зааснаар захиалагч буюу В.Г нь захиалагчийн сонгон захиалсан байрны нийт үнэ 84,645,000 төгрөгийг болно., мөн гэрээний 1.2-т ... захиалагч тус байрны А блокны 2 дугаар орцны 5 давхарын 53 тоот 62.7 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар дээрх орон сууцны үнийг төлсөн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч В.Ганцэцэг нь 53 тоот 62.7 м/к талбай бүхий орон сууцны төлбөрт Э ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах үйлдвэрлэлийн зориулалт бүхий 20,000 м/к талбай бүхий газрыг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/146 дугаар захирамжаар Л и ХХК-д шилжүүлсэн нь тус захирамжийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн ... орон сууцны үнэд манай нөхрийн Р.Батмөнхийн Э ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг дэхь 2 га газрыг шилжүүлж өгсөн гэх тайлбар үндэслэлтэй, мөн зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт-1 84,645,000 төгрөгийг төлсөн-ээр нэхэмжлэгч В.Г нь орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэхээр байна.
Маргаан бүхий 53 тоот орон сууц нь одоо Ласти интернэшнл ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны 545 дугаар албан бичиг, мөн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 698 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000690785 тоот гэрчилгээний хуулбараар, мөн тухайн орон сууц нь одоо нэхэмжлэгч В.Г-н эзэмшилд байгаа болох нь зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй., мөн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, мөн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар гүйцэтгэгч буюу энэ хэргийн хариуцагч Л иХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л т хотхоны А блокны 53 тоот 62.7 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч буюу нэхэмжлэгч В.Ганцэцэгийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л т хотхоны А блокны 53 тоот 62.7 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч В.Г-н өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 102/ШЗ2020/05146 дугаар захирамжаар М-У ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд нь ... Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Л т хотхоны А блокны 53 тоот 62.7 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийг олж авсан гэх тайлбарыг гаргаж байх боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/01069 дүгээр шийдвэрээр Л и ХХК-иас гэрээний үүрэгт 62,190,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М-У ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Л и ХХК нь 53 тоот орон сууцыг төлбөртөө тооцож М-У ХХК-д шилжүүлэхээр тохиролцсоны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн орон сууцны өмчлөх эрхийг төлбөр авагч М-У ХХК-д шилжүүлэхээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19495 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч улсын ахлах бүртгэгч Ш.Ц Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт зөрчилтэй, холбогдох хуулийг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж зааснаар 53 тоот орон сууцыг М-У ХХК-ийн өмчлөлд бүртгэхээс татгалзаж, 24 хуудас баримтыг буцаажээ. Шүүхийн дээрх шийдвэр нь 53 тоот орон сууцны өмчлөх эрхийг М-У ХХК-д шилжүүлсэн шийдвэр биш байх бөгөөд гэрээний дагуу мөнгөн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн шийдвэр ба гуравдагч этгээдийн ... шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР