| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/01114/И |
| Дугаар | 102/ШШ2020/01575 |
| Огноо | 2020-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2020/01575
| 2020 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2020/01575 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байр, 33 тоот хаягт оршин суух, Хас овогт Д-н А /РД: НФ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 49-43 тоотод оршин суух, Өвгөн гэлэн овогт Д-н Ц /РД: ЙГ/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 49-43 тоотод оршин суух, Унхан овогт Т-Б /РД: ЙЕ/ нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч болон хариуцагч Т.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.А нь 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Т.Б, Д.Ц нартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Хариуцагч нар гэрээгээр тохиролцсон хүүгээ 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл төлж байсан боловч үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 477 хоногийн алдангид 5,000,00 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Ань 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Т.Б, Д.Ц нартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн. Бид 2017 оны 6 дугаар сарын 3-нд 500,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 4-нд 500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 5-нд 500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 7-нд 500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-нд 500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-нд 500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-нд 500,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 5-нд 500,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 8-нд 500,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 14-нд 500,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 17-нд 500,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 19-нд 500,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-нд 500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 18-нд 500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-нд 650,000 төгрөгийг тус тус дансаар төлсөн, мөн 2018 оны 10 дугаар сард бэлнээр 1,000,000 төгрөгийг, нийт 8,650,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 4,350,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т.Б, Д.Ц нарт холбогдуулан зээлийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, алдангид 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Б, Д.Ц нар нь ... зээлийн гэрээний дагуу 8,650,000 төгрөгийг төлсөн, 4,350,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Ал нь хариуцагч Т.Б, Д.Ц нартай 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 6 сарын сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу 10,000,000 төгрөгийг хариуцагч Т.Б-н Хаан банкин дахь тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр шилжүүлсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.А нь үндсэн зээлд 10,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 477 хоногийн алдангид 5,000,000 төгрөг нэхэмжилжээ. Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагч Д.Ц-н Хаан банкин дахь тоод дансны хуулгаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 6 дугаар сарын 3-нд 500,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 4-нд 500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 5-нд 500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 7-нд 500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-нд 500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-нд 500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-нд 500,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 5-нд 500,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 8-нд 500,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 14-нд 500,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 17-нд 500,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 19-нд 500,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-нд 500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 18-нд 500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-нд 650,000 төгрөгийг, нийт 7,650,000 төгрөгийг дансаар төлсөн нь тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дууссан байх бөгөөд гэрээг сунгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул хариуцагч нараас 2017 оны 6 дугаар сарын 11 дүгээр сарын хооронд төлсөн 3,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны буюу 6 сарын хүүнд тооцох нь зүйтэй. Харин 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд төлсөн 4,650,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр буюу 10,000,000 төгрөгөөс хасч /10,000,000-4,650,000=5,350,000/ тооцох нь зүйтэй. Хариуцагч нар 2018 оны 11 дүгээр сараас хойш 477 хоногийн туршид 5,350,000 төгрөгийн үндсэн зээлийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байх ба дээрх хугацааны алданги /5,350,000:0,5=26,750 төгрөг, 26,750х477 хоног =12,759,750 төгрөг/ 12,759,750 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасантай нийцүүлж, алдангийн хэмжээг хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг болох 5,350,000 төгрөгийн 50 хувиар буюу 2,675,000 төгрөгөөр тооцож хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Т.Б, Д.Ц нараас үндсэн зээлд 5,350,000 төгрөг, алдангид 2,675,000 төгрөг, нийт 8,025,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,975,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч нар нь 2018 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Т.Б, Д.Ц нараас үндсэн зээлд 5,350,000 төгрөг, алдангид 2,675,000 төгрөг, нийт 8,025,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,975,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 143,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР