Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/01931

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 16 дугаар хороо Орхон 2 дугаар гудамж 24 тоотод оршин суух, 1986 онд төрсөн 34 настай, Занги овогт Ө.Ц

Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 12 дугаар байр 9 тоотод оршин суух, 1975 онд төрсөн 45 настай, Боржигон овогт А.Н

            Гэрээний үүрэг 21.898.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй 2.500.000 төгрөг зээлсэн. 2.000.000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний 1 сарын хугацаа дуусахад хариуцагч үндсэн төлбөр, хүүг төлөөгүй тул түүний хүсэлтээр өмнөх гэрээний зээл, хүүнд нэмж 2.675.000 төгрөг зээлж 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгний 3 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж сарын 7 хувийн хүүтэй өдөр бүр 67.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон. Гэрээний хугацаанд 4.087.000 төгрөг төлж 2.613.000 төгрөг үлдсэн. Зээлийн гэрээ дуусахад төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй, үлдэгдэл 2.613.000 төгрөг дээр нэмж 8.500.000 төгрөгийг зээлдүүлж 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөгийг 100 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй өдрийн 134.000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. 8.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэрээний хугацаанд 1.273.000 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 12.127.000 төгрөг үлдсэн. Хариуцагч өдөр бүр төлбөр төлөхгүйгээр сард хүүгийн төлбөр төлье гэснээр 33 сарын хугацаанд 12.000.000 төгрөг төлсөн. Зээлдэгчийн төлөх ёстой хүү 24.640.000 төгрөг үүнээс 12.937.000 төгрөг төлж үлдэх хүүг төлөөгүй. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 6 сарын хугацаатай 11.000.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан. Энэ нь өмнөх гэрээнүүдийн үлдэгдэл төлөх ёстой мөнгийг тооцож гэрээ байгуулсан. Хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 2018 оны 02 дугаар сарын 22-ныг хүртэл 5 сарын хугацаанд зээлийн төлбөрт 4.073.000 төгрөг төлсөн. 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс хойш хариуцагч нийт 5.592.000 төгрөг төлсөн гэж байгаа боловч минийх арай өөр дүн гарч бгаа тул дүнг хэлмээргүй байна. 2.646.000 төгрөгний 1 сарын хүү 185.200 бөгөөд 3 сарын хүү 555.600 төгрөг болно. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч банкинд хадгалуулсан бол хүүг авах ёстой байсан тул бүх саруудад хүү тооцсон. Иймд хариуцагч А.Н-ээс үндсэн зээл 11.000.000 төгрөг, хүү 10.898.000 төгрөг нийт 21.898.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 21.898.000 төгрөг нэхэмжилсэнг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд энэ өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлдүүлэгчээс зээлдэгчид 11.000.000 төгрөгийг шилжүүлээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зээлийн гэрээгээр эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор заасан. Энэ 11.000.000 төгрөгний зээлийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй. Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2.500.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан ч энэ өдөр зээлдүүлэгч 2.000.000 төгрөг шилжүүлсэн тул 2.000.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан. 500.000 төгрөг бэлнээр аваагүй. 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөгний үнийн дүнтэй гэрээ байгуулагдаж бодитоор 2.646.000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч 2017 оны 07 дугаар сарын 17-ноос 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд өдрийн 67.000, 134.000, 201.000 төгрөгөөр нийт 4.020.000 төгрөг шилжүүлсэн. Талуудын хооронд дахин 2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 2018 оны 02 дугаар сарын 22-ныг хүртэл 100 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч 8.500.000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны хугацаанд 5.592.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 22-ны хугацаанд 4.073.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Одоо бидний тооцоогоор эхний гэрээний хүү 140.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний хүү 555.660 төгрөг, 3 дахь гэрээний хүү 2.975.000 төгрөгийг төлнө. Ингээд нийт 6.165.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.Ц нь хариуцагч А.Н-д холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 21.898.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Ө.Ц, хариуцагч А.Н нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлдэгчээс 2.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлдэгчээс 2.646.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөгийг 100 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 8.500.000 төгрөгийг тус тус шилжүүлж, эдгээр 3 гэрээний үлдэгдэл зээл, хүүг нэмж 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 11.000.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар, дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан боловч тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн, 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заажээ.

            Дээрх 3 гэрээгээр хариуцагч нийт 13.146.000 төгрөг дансаар хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 09 дүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд 4.073.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 29-нөөс хойш 6.578.660 төгрөг нийт 10.651.660 төгрөг төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, түүний дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

            Шүүх хуралдаанд хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зээл 2.000.000 төгрөгний хүү 140.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн_ зээл 2.646.000 төгрөгний хүү 555.660 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээл 8.500.000 төгрөгний хүү 2.975.000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн тул 3 гэрээний нийт зээл 13.146.000 төгрөгт хариуцагчийн зөвшөөрсөн хүү 3.670.660 төгрөгийг нэмж нийт 16.816.660 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

            Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 10.651.660 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон тул 16.816.660 төгрөгнөөс түүний төлсөн 10.651.660 төгрөгийг хасч үлдэх 6.165.000 төгрөгийг хариуцагч А.Н-ээс гаргуулж нэхэмжлэгч Ө.Ц-д олгож, үлдэх 15.733.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч А.Н-ээс 6.165.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ц-д олгож, үлдэх 15.733.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.880 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Н-ээс 113.590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ц-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА